Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 215/МА2021/00021

 


Б.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2021/00152 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан багт оршин суух, И овогт Б.Б-ийн /РД: УК.........../ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Д сумын ЗД-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Говь-Алтай аймгийн Д сумын харьяат Б овогтой Б би 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/167 дугаартай Д сумын Засаг даргын захирамжаар сумын төвлөрсөн халаалтын ашиглалтын өмнөх захиргааны менежерээр томилогдож ажилласан юм. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Д сумын Засаг даргын Б/01 тоот захирамжаар ажлын алдаа дутагдал зөрчил гаргаагүй байхад хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Б.Б намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговортой тэнцэх хэмжээний цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Намайг ажил хүлээж авахад Д сумын төвлөрсөн халаалтын уурын зуух ашиглалтад орсон байсан. Энэ үйл ажиллагаа бол Засгийн газрын 2014 оны шийдвэрээр Д сумын төвийн шинэчлэл гэдэг төсөл хэрэгжсэн. 6 жил баригдаад зөвхөн уурын зуухыг хэсэгчлэн ажилд оруулсан гэдэг байдлаар 10 дугаар сарын 01-ний өдрөөс туршилтын журмаар ажиллаж байсан. Жилийн эцэс болоод байгууллагын үйл ажиллагаатай танилцахад ямар ч байгууллага байгуулах хууль, эрх зүйн акт байхгүй, улсын комисс хүлээж аваагүй байсан. Зөвхөн өмнөх Засаг дарга гүйцэтгэгч “МГ” ХХК-тай аман гэрээ байдлаар туршилтаар ажиллуулах захирамж гарсан байгаа. Нэхэмжлэгч өөр А/167 гэж өөр дугаартай захирамж яриад байгаа. Би судалж үзэхэд сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/98 дугаартай захирамж байсан. Энэ захирамж дээр дулааны шугам сүлжээ, төвлөрсөн халаалтын ашиглалтын өмнөх захиргаа байгуулах тухай гэсэн захирамж байгаа. Энэ захирамжийг би судалж үзэхэд тухайн захирамж маань хүчин төгөлдөр бус захирамж байсан. Орон нутагт төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах хуулийн зохицуулалт байгаа. Орон нутагт шинээр үйлдвэрийн газар байгуулахад сумын иргэдийн хурлын тэргүүлэгчид байгуулах болохоос биш сумын Засаг даргад ийм эрх хэмжээ олгогдоогүй байгаа. Орон нутгийн төрийн өмчит үйлдвэрийн газрын барилга байгууламж улсын комисс хүлээж авсны дараа байгуулдаг хуулийн зохицуулалт байгаа. Миний өнөөдрийн олж үзсэн байгаагаар ашиглалтын өмнөх захиргаа байгуулах зүйл байхгүй байсан. Тэгэхээр энэ хүн өмнөх Засаг даргатай ямар ч хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байсан. Захирамж ч гэсэн өөрөө хүчин төгөлдөр бус. Тухайн хүнийг ажилд авах байсан бол ямар нэгэн хуулийн үндэслэл бариад захирамж гаргах ёстой. Тэр захирамжид ямар нэгэн тийм үндэслэл байхгүй. Захирамж дээр ашиглалтын өмнөх захиргааны менежер, нягтлан бодогч гэсэн 2 хүн дээр цалин тавьсан хууль бус, хүчин төгөлдөр бус захирамжаар томилогдсон байсан. Энэ өвөл манай аймагт цаг агаар харьцангуй хүйтэн өвөл болсон. Мөн Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс эрчим хүч, дулааны төлбөрийн хөнгөлөлт эдлүүлсэнтэй холбоотойгоор эрчим хүчний дутагдалд орж өдөр бүр уурын зуух хөлдөх боломжтой нөхцөл байдалд байсан. Мөн улс оронд ковид-19 гараад бүх нийтийн бэлэн байдалд ажиллаж байсан. Сумын халаалтын захиргаа бол онцгой объект. Сумын албан газруудыг бүгдийг нь халаалтаар хангаж байдаг. Энэ байгууллагыг удирдаж байсан хүн маань өөрийн хариуцлагагүй байдлаас болоод 2021 оны 01 дүгээр сарын 07-нд архи ууж, өөрийн эрхтнээ хөлдөөж эмнэлэгт хэвтсэн. Тэгээд би эмчээс тодруулж асуухад удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлэх шаардлагатай болсон гэсэн. Энэ уурын зуух хөлдөх юм бол дор хаяж 5 тэрбум төгрөг улсын төсвөөс, “МГ” ХХК өөрөөсөө 10 тэрбум төгрөг гаргасан том бүтээн байгуулалт байсан. Үүнийг хөлдөөх юм бол асар их хохирол учрах аюултай байсан учраас би эзэнгүй байлгахгүй гэсэн үүднээс түр нэг хүнийг ажиллуулж байгаа. Би энэ хугацаанд энэ байгууллагыг байгуулахын тулд удаа дараа аймгийн Засаг дарга, орон нутгийн өмчийн газарт хүсэлтээ гаргаад явж байгаа. Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр манай тавьсан санал аймгийн Засаг даргын зөвлөлөөр орж хэлэлцэгдээд улсын комисс хүлээж аваагүй барилга байгууламжийг хүлээж авсан сумын шийдвэр буруу байна гэдэг чиглэл өгсөн. Би өөрөө тэр хуралд нь ирж оролцсон. Танайд ямар хэмжээний байгууламж баригдсан тэр талаараа холбогдох материалаа олж ир гэсний дагуу “МГ” ХХК-иас материалын жагсаалтыг нь авсан. Гэтэл танай энэ чинь буруу байгаа учир энэ байгуулагдах үндэслэлгүй байна. Ажиллаж байсан хүмүүсийг нь бүгдийг нь буцаагаад байгууллагад нь харьяалуулаад тэндээс нь цалин хөлсийг нь ав гэсэн. Байгууллага байгуулагдаагүй, эрх зүй үүсээгүй учир түүний төсөв гэж батлагдаагүй. Галч нарыг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, Тамгын газар гэсэн 5 байгууллагаас авч ажиллуулж байсан. Менежер, нягтлан бодогч нар бол ямар ч байгууллагад харьяалал байхгүй байсан. Би “МГ” ХХК-ий хүмүүс гэж бодоод бичгээр хандаж байсан. Аймгийн Засаг даргын зөвлөлийн шийдвэр гарлаа. Энэ байгууллага байгуулагдах боломжгүй учир энэ хүмүүсээ ажилд нь аваад цалинг нь тооцож өгнө үү? гэж хүсэлт тавьсан. “МГ” ХХК-ий гүйцэтгэх захирал манайд энэ хүмүүс хамааралгүй. Манайх цалин өгдөггүй юм гэсэн. Тэгээд би Б.Б-ээс та нар яаж цалингаа авдаг байсан бэ? Цалин авч байсан баримт чинь хаана байдаг юм бэ? гэж асуумаар байна. Би сумынхаа санхүүгийн бичиг баримтыг үзээд одоогоор тийм бичиг баримт олж үзээгүй байна. Би олж үзээгүй байж болно. Эргээд галчуудыг нь байгууллагуудад нь харьяалуулаад цалинг нь нөхөж олгоод нийгмийн даатгалыг нь нөхөн төлүүлэхээр нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт тавиад явж байгаа. Менежер, нягтлан бологч нар бол харьяалах байгууллага байхгүй. Он гарснаас хойш цалингаа авч чадахгүй явж байгаа хүмүүс байгаа юм. Одоо хэрвээ Б.Б-ий нэхэмжлэлийг хангах юм бол ямар байгууллагад ороод хаанаас цалин авахыг би мэдэхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан И овогт Б.Б /РД: УК............../-ийг Говь-Алтай аймгийн Д сумын төвлөрсөн халаалтын зуухны Ашиглалтын өмнөх захиргааны менежерийн ажилд  эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 2 сар, 15 хоногийн олговорт 2.023.000 /хоёр сая хорин гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 2.023.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 47,318 /дөчин долоон мянга гурван зуун арван найм/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид нийт 117.518 /нэг зуун арван долоон мянга таван зуун арван найм/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Д сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан улсын орлогод оруулахаар ..... шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Б-ийн өмгөөлөгч Ж.Д миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2021/00152 дугаар бүхий шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгч Б.Б-ийг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын төвлөрсөн халаалтын зуухны ашиглалтын өмнөх захиргааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны олговор гаргаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. 
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д сумын Засаг дарга ажилтай А овогт Г.Б миний бие хариуцагчаар оролцсон, тус сумын Баянсан багийн иргэн Б.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны шийдвэр нь хэргийн бодит байдал, Монгол улсад одоо мөрдөгдөж байгаа хууль, журмын зохих заалтыг харгалзан үзээгүй, хэрэгжүүлэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн дараах хууль зөрчсөн үйлдлүүдийг давж заалдах шатны шүүхээр хянуулан, үнэн бодит шийдвэрийг гаргуулахаар хариуцагч миний бие давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Тус суманд “Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд шинээр баригдсан халаалтын зуухыг улсын комисс хүлээж аваагүй байхад өмнөх Засаг дарга С.У нь уг төслийн гүйцэтгэгч “Мандал голомт” ХХК-ий удирдлагатай ямар нэгэн гэрээ байгуулалгүй, амаар харилцан тохиролцож, халаалтын зуухыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс туршилтын журмаар ажиллуулах шийдвэр гарган, Б.Б-ийг менежерээр томилж, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгуулахыг даалгасан боловч Орон нутгийн өмчийн аж ахуйн нэгж байгуулах хууль эрх зүйн нөхцөл бүрдээгүй, мөн Б.Б нь албан ёсоор цалин хөлс авсан ямар ч баримт нотолгоогүй байхад түүний амаар хэлсэн мэдүүлгийг үндэслэн гаргасан анхан шатны шүүх хуралдааны шийдвэр нь дараах хуулиудын заалтыг зөрчсөн бөгөөд бодит нөхцөл байдалд гарсан шийдвэрийг биелүүлэх боломжгүй байна.
1. Монгол улсын Засгийн газраас тус суманд хэрэгжүүлэхээр 2014 онд эхлүүлсэн “Сумын төвийн шинэчлэл” төсөл нь тосгоны нэгдсэн халаалтын зуух, халаалтын болон цэвэр усан хангамжийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, бохирын шугам, гэрэлтүүлэг, үерийн хамгаалалтын далан зэрэг ажлыг хийж гүйцэтгэн, сумын төвийн дэд бүтцийн асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх зориулалтын 5,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй томоохон бүтээн байгуулалтын ажил боловч одоо хүртэл бүрэн хэрэгжихгүй удаашралтай явагдаж байгаа ба 2020 онд зөвхөн халаалтын зуух, шугам сүлжээг улсын комисст хэсэгчлэн хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргасан боловч, улсын комисс хүлээж аваагүй байхад барилга объектыг туршилтын журмаар ажиллуулсан нь Монгол улсын Барилгын тухай хууль, Барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авах дүрмийг ноцтой зөрчсөн үйлдэл болно.
2. Мөн барилга объектыг улсын комисс хүлээж аваагүй байхад Орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгуулах хууль бус шийдвэр гаргаж, бүтэц, орон тоо, цалингийн сан нь батлагдаагүй төвлөрсөн халаалтын ашиглалтын өмнөх захиргааны менежер, нягтлан бодогч гэсэн 2 ажлын байрыг бий болгож, хууль бус томилгоог хийсэн.
3. Сумд шинээр Орон нутгийн өмчийн аж ахуйн нэгж байгуулах, бүтэц орон тоо, цалингийн санг тогтоох нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудал тул сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/98 дугаар захирамж нь хууль бус захиргааны акт болно.

4. Халаалтын зуухыг туршилтын журмаар ажиллуулж байгаа болон ашиглалтын өмнөх захиргааны менежер Б.Б, нягтлан бодогч Б.Т нар нь баталгаажсан ажлын байр, цалингийн сан байхгүй учир албан ёсоор цалин авч, нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлдэггүй, сумын түлш халаалтын зардлаас бэлнээр урамшуулал авдаг болохоо анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээний явцад өөрсдөө мэдүүлсэн нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулан завшсан хууль бус үйлдэл болохыг нотолж байгаа юм. 
5. Төсвийн байгууллагуудын халаалтын улирлын эхлэх дуусах хугацааг тогтоосон Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон, төвлөрсөн халаалтын зуухны үйл ажиллагааг зогсоож, халаалтын зуух, шугам сүлжээг төслийн гүйцэтгэгч “Мандал голомт” ХХК-д буцаан хүлээлгэж өгсөн учир Б.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны шийдвэрийг хүлээн авч, хэрэгжүүлэх боломжгүй дараах нөхцөлүүд үүсээд байгаа юм. Үүнд:
1. Барилга объектыг улсын комисс хүлээж аваагүй учир хуулийн этгээд байгуулан, үйл ажиллагаа явуулах хууль, эрх зүйн орчин бүрдээгүй.
2. Сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог Засгийн газраас тогтоосон хязгаарт багтаан аймгийн Засаг дарга баталдаг тул Б.Б нь Тамгын газраас цалин авах эрх үүсээгүй учраас түүний ажилгүй байсан хугацааны цалинг Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь холбогдох хууль, журмыг зөрчиж байгаа.
3. Төсвийн байгууллагуудын халаалтын улирлын эхлэх, дуусах хугацааг тогтоосон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн, сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/67 дугаар захирамжаар халаалтын зуухны үйл ажиллагааг зогсоож, Засаг даргын 2021 оны А/02 тоот захирамжийг хүчингүй болгосон тул түр ажлын байр үгүй болж, Б.Б-ийг халаалтын зуухны менежерээр буцаан томилох боломж байхгүй /анхнаасаа туршилтын журмаар түр ажиллаж байсан/ зэргийг хянан үзэж, холбогдох хуулиудын заалтад нийцүүлэн, Б.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны шийдвэрийг хэрэгсэхгүй болгон, гомдлыг барагдуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б нь Говь-Алтай аймгийн Д сумын төвлөрсөн халаалтын ашиглалтын өмнөх захиргааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговортой тэнцэх хэмжээний цалин гаргуулах тухай шаардлагыг Дэлгэр сумын Засаг даргад холбогдуулан гаргажээ.
Хариуцагч Дэлгэр сумын Засаг дарга нь тус сумын төвлөрсөн халаалтын ашиглалтын өмнөх захиргааны менежерээр ажиллаж байсан Б.Б-ийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7 дахь хэсгийг тус тус үндэслэн түүнийг ажлаас чөлөөлжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ажлаас чөлөөлсөн тушаалынхаа үндэслэлийг төсвийн ерөнхийлөн захирагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ... улирлын тайлан ирүүлээгүй, орон тоо, жилийн ажлын төлөвлөгөөгөө хуулийн хугацаанд батлуулаагүй, удаа дараа архидан согтуурч ажлын хариуцлага алдсан гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Б.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс “Дулааны эх үүсвэр, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа байгуулах тухай” сумын Засаг даргын А/167 дугаар захирамжийн дагуу ажилд томилогдсоноос хойш ажлын алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагчийн ажлаас чөлөөлөх болсон үндэслэл гэж заасан “...2020 оны 4 дүгээр улирлын тайлан ирүүлээгүй, 2021 оны бүтэц орон тоо, жилийн ажлын төлөвлөгөөгөө хуулийн хугацаанд батлуулаагүй, удаа дараа архидан согтуурч ажлын хариуцлага алдсан...” гэсэн үндэслэл тайлбараа хариуцагч нь шүүхэд баримтаар нотлоогүй байна. 

Сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дээрх захирамжийн дагуу Б.Б-ийг Ашиглалтын өмнөх захиргааны менежерээр ажиллуулж, цалинжуулсан нь зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байгааг нотолж байгаа бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн Б.Б-ийг өмнөх Засаг даргатай ямар ч хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, тухайн захирамжийг хүчин төгөлдөр бус, төсвийн ерөнхийлөн захирагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэйг Хөдөлмөрийн тухай хуулинд зааж, ийнхүү ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон байгааг хэрэгжүүлээгүй нь ажил олгогчийн буруу байна.

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Дулааны эх үүсвэр шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа гэдэг байгууллага бодитойгоор татан буугдсан гэх үйл баримт тогтоогдоогүй, уг байгууллагад нэхэмжлэгч Б.Б-ий ажиллаж байсан ажил албан тушаалд хариуцагч нь Д.Д-г томилон ажиллуулж байгаа нь тогтоогдсон байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлаж байгаа тохиолдолд ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн шийдвэртээ Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлах шаардлагатай боловч Б.Б-ийг ажлаас чөлөөлсөн Дэлгэр сумын Засаг даргын захирамж энэ шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2021/00152 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.Э

                  ШҮҮГЧИД                          Ш.Б

                                                                    Т.Ж