| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2018/00033/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2018-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 36
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Хохирогч А.М ,
Шүүгдэгч Э.Б , түүний өмгөөлөгч Б.Хандмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бэгсүүр овогт Э.Б д холбогдох эрүүгийн 1826000100031 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Бэгсүүр овгийн Э.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23 цаг 40 минутын орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стар” гэх бааранд иргэн А.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 900000 төгрөг төлсөн гэв.
Хохирогч А.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн үйл ажиллагаа болсон. Тухайн үед Б нь манай байгууллагын шинэ жилийн зохион байгуулах бүрэлдэхүүнд байсан. Тэгээд үйл ажиллагаа дуусах болоход би Б гаас дахин хэдэн ая тавих боломж байна уу? Чи зохион байгуулах коммист байгаа биз дээ гэхэд намайг цохих гэж байгаа юм шиг далайхаар нь би цочсондоо нэг удаа шанаан тус газар нь цохьсон. Тэгтэл Б эргүүлээд намайг цохьсон. Миний нүд болон хацарнаас цус гарч эхэлсэн. Хохирол төлбөрт 900000 төгрөг авсан. Одоо бид хоорондоо эвлэрсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хохирогчийн А.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хамт ажилладаг Б гэх залууд нүүрэн тус газраа цохиулж зүүн талын нүднийхээ доод хэсэгт зүсэгдсэн гэмтэл шарх авсан байгаа. Өөрөөр ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй гэж үзэж байгаа. ...Би Улаанбаатар хотод Сондра гэх нэртэй нүдний хувийн эмнэлэгт 3 төрлийн шинжилгээ өгсөн ба үүнд нүдний угт болон хараанд өөрчлөлт орсон эсэх талаар шинжилгээ хийлгэсэн. Уг эмчилгээ болон шинжилгээгээр хэвийн нүдний уг болон хараанд өөрчлөлтгүй гэж гарсан байгаа. Мөн Перпект гээд гоо сайхны эмнэлэгт үзүүлж цаашид ямар эмчилгээ хийлгэх талаар зөвлөгөө авсан байгаа. Тиймээс би нэмэлт шинжилгээ хийлгэхгүй, өмнө нь гарсан дүгнэлтээ хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Б надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Мөн хоорондоо эвлэрсэн байгаа гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/,
Хохирогч А.М-н мөрдөн байцаалтанд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дахин өгсөн: “...2008 онд хамартаа гэмтэл авч байсан. 10 жилд бөмбөг тоглож байгаад гэмтээсэн. Тухайн үед хамар хавдчихсан байсан. Эмнэлэгт үзүүлж байгаагүй. Хамрын ясанд гэмтэл учраагүй. Б гийн цохилтоос болж хамрын ясандаа гэмтэл авсан. Өөр хүнд цохиулж зодуулж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/,
Гэрч А.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай албан байгууллага буюу Мэргэжлийн хяналтын газрын шинэ жилийн арга хэмжээ болсон юм. Тэгээд оройн 23 цаг 30 минутын үед арга хэмжээ өндөрлөөд тарах гэж байсан. Б тай хамт баарны баруун хойд талын булан хэсэгт хашлаганы хажууд зогсож байтал манай ажлын газрын Соёлын хяналтын улсын байцаагч А.М хүрч ирээд Б д хандаж цагаа сунгачихаач, чи зохион байгуулж байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгсэн Б цагдаа нар нь хаа гээд байна, хэдүүлээ өнөөдөр боллоо, одоо явцгаая гэхэд М “тэр цагдаа нар чинь ямар хамаатай юм бэ, би бол улсын байцаагч хүн гэсэн”. Тэгсэн үүний хариуд Б “өөр арга байхгүй сунгахгүй байх, цагдаа нар сая ирээд гарсныг чи харсан биз дээ” гэхэд М Б гийн нүүрэн хэсэгт нь цохьсон. Тэгсэн Б эргүүлээд М-н мөн адил нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгаад холдуулсан. Энэ үед Б гийн араас Дэлгэрмандах гээд манай ажлын газрын харилцаа геодиз зураг зүйн улсын байцаагч толгойн хэсэгт ар дагз руу нь нэг удаа гараараа цохих шиг болсон. Тэгээд Б М хоёрыг хоёр тийш нь салгаад аваад явсан байгаа. ...Баарны ажиллах хугацааг М сунгах талаар Б д хэлээд нөгөөдөх нь боломжгүй гэдэг байдлаар хариулт өгсөн. Энэ байдлаас болоод тэр хоёр хоорондоо маргалдаж нэгнийгээ цохиж гэмтээсэн. ...Намайг харж байхад бол М эхлээд Б гийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохьсон. Харин эргүүлээд Б М-н нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж гэмтээсэн. Үүний дараа М-н зүүн талын нүд орчмоос нь цус гарж байсан. Харин Б гийн нүүрэнд нь ил харагдах шарх гэмтэл бэртэл байгаагүй. ...Би бол тухайн үед овоо халчихсан байсан, М мөн адил их согтчихсон байсан. Б гийн хувьд бол арга хэмжээг зохион байгуулж байсан учир эрүүл байсан. Би бол архи хэрэглээгүй байх гэж бодож байна. ...Надаас гадна М , Б , Дэлгэрмандах гэж хүн байсан, гэхдээ сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 хуудас/,
Гэрч С.Ж-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай албан байгууллага буюу Мэргэжлийн хяналтын газрын шинэ жилийн арга хэмжээ болсон юм. Уг үйл ажиллагааны зохион байгуулах комисст нь Б , С, мөн миний бие, Удвал гэх хүмүүс байсан. Тухайн үед Б хөтлөгч хийж байсан ба М арга хэмжээ болж байхад Б г сулхан дуугараад байна гэх мэтээр элдвээр хоргоогоод байх шиг надад санагдаж байсан. Тэгээд арга хэмжээ тарах үеэр би гарчихаад эргээд ороод ирэхэд М-н нүд юм уу хацар хэсгээс нь цус гоожсон юм шиг гараараа тэр хэсгээ дараад зөрөөд гарсан. Тэгэхээр нь ороод юу болсон талаар асуухад М болон Б нар нь хоорондоо маргалдаад зодолдсон талаар хүмүүс ярьж байсан. Тэгээд арга хэмжээ тараад хүмүүс гэр гэртээ харьсан. ...М цаг дуусчихсан хаах цаг болчихсон байхад дахиж хөгжим тавьж бүжиглэх гээд байсан үүнээс болоод тэр хоёр хоорондоо маргалдсан юм. ...Яг зодоон болж байхад бол би дотор байгаагүй, гараад явчихсан байсан. Эргээд ороод ирэхэд уг үйл явдал болчихсон байсан. ...Б гийн хувьд бол арга хэмжээг зохион байгуулж хөтөлж байсан учир эрүүл байсан. Харин М их согтсон байх шиг байсан. Би бол тухайн үед өвлийн өвгөн болсон байсан учир ширээ дамжиж яваад согтчихсон байсан. Гэхдээ тухайн үед болсон явдлын талаар бол санаж байгаа. ...Үүний дараа Б г аваад машинд байсан хагас шил архийг хувааж уучихаад гэрт нь хүргэж өгчихөөд явсан. ...Баруун талын гар нь урд хэсэгтээ зүсэгдчихсэн байх шиг байсан. Өөр ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй. Мөн өөр ямар нэгэн хүмүүстэй маргалдаж зодолдоогүй. Зүгээр гэртээ харьсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 хуудас/,
Гэрч Н.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгууллагын шинэ жил Стар бааранд болсон. Шинэ жилийн үйл ажиллагаа дуусч байхад хувцас солих өрөөнд хувцсаа солиод гараад иртэл Стар баарны шалан дээр цус туначихсан, манай ажлын М-н нүүр, өмсөж явсан цагаан цамц нь нилдээ цус болчихсон байхаар нь тэнд байсан ажлынхнаас юу болов гэхэд Б нь Мөнх-Эрдэнийг цохичихсон гэхээр нь би Б 00-ийн ойролцоо явж байхаар нь чи нэгнийгээ яаж байгаа юм бэ гэхэд Б рефлексээрээ цохичихлоо гэж хэлсэн. Би Б д юу гэсэн үг юм бэ рефлексээрээ цохичихлоо гэж хэлээд ахиаж юм яриагүй тэгээд л гарсан. ...Би хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52 хуудас/,
Гэрч Г.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгууллагын шинэ жил болж байсан. Цагийг сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор 23 цаг өнгөрч байсан. Би ажлынхаа Ц юм яриад сууж байтал хажуу талд чанга дуу, чимээ гарахаар нь эргээд харахад М-г Б цохиж зодоод М-н нүүр хэсэг нь битүү цус болчихсон байхаар нь олон жил ажилласан хүний хувьд Б г яаж байгаа юм бэ болиоч гээд Б гийн нуруу хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Мөн ойролцоо байсан манай ажлын Хишигт, Э нар болиоч, залуу хүмүүс байж биенийгээ алах гэлээ гээд Б г загнасан. ...Намайг эргээд харахад л Б нь Мөнх-Эрдэнийг цохьчихсон байсан. Яг хаана цохисныг хараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 хуудас/,
Гэрч Ч.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би уг хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан ба тухайн хэрэг учрал болсон өдрийн маргааш өдөр нь Стар бааранд очиж хяналтын камерын бичлэгийг нь өөрийн “Самсунг жи-5” маркийн гар утсан дээрээ бичиж авсан юм. Тэгээд уг бичлэгээ CD дээр хуулбарлан буулгаж танд өөрт чинь хэргийн материалтай хамт хүлээлгэн өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 хуудас/,
Шинжээч Э.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Э.Б гийн биеийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үзэхэд тархи доргилтын шинж байсан. Тийм учраас биеийн бодит үзлэгээр хөнгөн зэргийн гэмтэлтэй гэж дүгнэлт гаргасан. Тархины доргилт гэмтэл гараар цохих, унах үед алинд ч үүсэх боломжтой. 1 ба түүнээс дээш хүчний үйлчлэлд толгой тус газар үйлчилсэн үед тархи доргилт гэмтэл үүсэх боломжтой. ...Толгой өвдөнө, бөөлжинө, огино, дотор муухай оргих гэх шинжээр илэрч болно. Мөн биеийн бодит үзлэгээр тогтоож болно. ...Хавтаст хэрэгт авагдсан Э.Б гийн мэдүүлгээс үзэхэд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр угаадас мөсөн дээр халтирч унасан гэж мэдүүлсэн байна. Шинжээч эмч миний бие 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Э.Б гийн гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийсэн. Тархи доргилт гэмтэл нь цохих, унах аль ч үед үүсэх боломжтой бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Э.Б гийн мэдүүлгээс үзэхэд унах үед үүссэн байх боломжтой байна. Унах цохигдох үйлчлэлийн аль хүчтэй үйлчилсэн хүчнээс нь тархи доргилт үүсэх боломжтой юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73 хуудас/,
Шүүгдэгч Э.Б гийн яллагдагчаар өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээг би зохион байгуулж хөтөлсөн. 23 цаг 30 минутын үед Стар баарны зохион байгуулагч нь баарны хөгжмийг зогсоож үйл ажиллагаа өндөрлүүлэхийг мэдэгдсэн. Тус өдөр манай байгууллагын шагнал гардуулах ёслол сунжирснаас болж хүмүүс бүжиглэх цаг хомс байсан тул би Стар баарны зохион байгуулагчтай уулзаж баарны үйл ажиллагааг 10 минут сунгахыг гуйсан. 10 минут сунгасан. Цаг сунгаад байж байтал гаднаас эргүүлийн 2 цагдаа орж ирээд 00 цаг болоход баарны үйл ажиллагааг зонгсоох талаар баарны зохион байгуулагч надад мэдэгдсэн. Манай байгууллагын сунгасан цаг дуусаад ажлынхандаа баар хаах цаг болсон талаар хэлээд би нягтлан бодогч Эрдэнэбилэгтэй юм яриад зогсож байтал манай ажлын М ирээд баарны цагаа сунгаж болох уу, бүжиглэх гэсэн юм гэхээр нь би баарны үйл ажиллагааг сунгах боломжгүй гэж хэлсэн. Тэгсэн М чи шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм чинь баарны хаах цагийг сунгаж чадахгүй байна уу гэхэд сая гаднаас цагдаа орж ирээд гарлаа, 00 цаг гэхэд баарны үйл ажиллагааг зогсоо гэж хэлээд гарлаа гэснийг М д тайлбарлаж хэлсэн. М би улсын байцаагч хүн, би том артай, цагдаа нар чинь юу юм гээд над руу үгээр дайрсан.М над руу хараалын үг хэлээд дайрч давшлахаар нь М-н урдаас тийм юм байдаггүй юм гэж хэлээд урдаас нь салаавч гаргахад М баруун гараараа миний зүүн нүдний орчим чамархай хэсэгт нэг удаа цохихоор нь хойшоо гэдийгээд М рүү харахад М намайг ахиад цохих гэхээр нь Мөнх-Эрдэнийг би баруун гараараа зүүн нүд шанаа орчим нүдний шилтэй байхад нэг удаа цохьсон. Миний толгойн ар дагз хэсэг рүү манай ажлын дэлгэрмандах нэг удаа цохьсон. Өш хонзонгийн маргаан байхгүй. М надтай хэрэлдэж маргаан үүсгэж, намайг цохихоор нь би биеэ хамгаалах үйлдэл хийхдээ Мөнх-Эрдэнийг цохьсон. М д 900000 төгрөг төлсөн. М , Дэлгэрмандах нарт бааранд толгой руугаа цохиулснаас болж тэр орой болон өглөө толгой өвдөхгүй байсан. Харни гудамжинд явж байгаад угаадсан дээр унаснаас хйош толгой өвдөөд эхэлсэн.М д гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-83 хуудас/
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн: “...1. А.М-н биед тархи доргилт, зүүн нүдний дотор хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх үүссэн шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Уг гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюул учруулахгүй.
5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.
6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 63 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн нэмэлт шинжээчийн: “...1. А.М-н биед тархи доргилт, хамар ясны зүүн ханын цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь үүсгэсэн цаг хугацаандаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
2. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
3. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 133 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн химийн шинжээчийн 755 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн “ӨВ. Арвайхээр Э.Б /УХ92042476/” гэсэн хаягтай цусанд 1.3 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1.3 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. 2. “ӨВ. Арвайхээр Амгалангийн М /ЙЮ93041130/” гэсэн хаягтай цусанд 3.1 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3.1 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 69 хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-5/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-34/,
Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-35/,
Хохирлын мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл /хх-110/,
Шүүгдэгч Э.Б гийн хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-97/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-99/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-101/, №D201524632 дугаартай бакалаврын дипломын хуулбар /хх-102-103/, хүү Б.Чингүний төрсний гэрчилгээний хуулбар /хх-104/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-105/, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын тодорхойлолт /хх-106/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-107/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23 цаг 40 минутын орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стар” гэх бааранд иргэн А.М-г зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний дотор хэсэгт шарх, хамар ясны зүүн ханын цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд хохирогч А.М-н “шүүгдэгч Э.Б д зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан” талаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч А.Э, С.Ж, Н.Х, Г.Д нарын “Э.Б нь хохирогч А.М-г зодсон” талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-48-49, 50-51, 52, 53 хуудас/, хохирогч А.М-н эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний дотор хэсэгт шарх, хамар ясны зүүн ханын цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-63 хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-133/, шинжээч Э.Хүрэлсүхийн мэдүүлэг /хх-72-73 хуудас/, гэрч Ч.Ц-н мэдүүлэг /хх-54 хуудас/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах” тухай тогтоол /хх-79 хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2 хуудас/, хохирогч А.М-н эмнэлгийн карт /хх-6-22 хуудас/, камерын бичлэг, шүүгдэгч Э.Б гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Бэгсүүр овогт Э.Б д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 900000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирол төлсөн баримт /хх-110/, хохирогчийн мөрдөн байцаалтанд гаргаж өгсөн хүсэлт /хх-130/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзэн, прокурорын саналын хүрээнд ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Б гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаас гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Б д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Б нь Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт лаборантаар ажилладаг болох нь гэрч Г.Д, Н.Х, А.Э, С.Ж, хохирогч А.М нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/68 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх тул шүүгдэгч Э.Б д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр 125000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.М д 900000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгтэй CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,
Шүүгдэгч Э.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэгсүүр овогт Э.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бэгсүүр овогт Э.Б г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр 125000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.М д 900000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгтэй CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ