| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00442/И |
| Дугаар | 137/ШШ2025/00348 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 137/ШШ2025/00348
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Г-т холбогдох 9,531,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Б дүүрэг, 00-р хороо, 00-р хороолол, 00-00 тоотод оршин суух, Х овогт Ц-ын Б /РД:, утас: 99000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 10 сарын 12-нд манайхаас бараа худалдан авагч С аймгийн Б сумын иргэн Т.Т (утас: 99000000, 89000000) нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суудаг Б.Г гэгчийг дагуулан ирэн "Миний дүү юм" хэмээн танилцуулан манайхаас 8,531,500 төгрөгийн барааг зээлээр авч явсан юм. Энэ хүн барааныхаа үнийг удахгүй цувуулан өгнө гэсэн боловч одоогийн байдлаар нэг ч төгрөг өгөөгүй байна. Барааныхаа үнийг өгөхгүй 2 жил 11 сар зарцуулагдахад "өгнө, өгнө" гэж удаа дараалан худал хэлэн залилан хийж яваа нь тодорхой болсон тул би аавтайгаа машинаараа Замын-Үүд очиж сураглахад хот явсан гээд байхгүй байсан тул Замын-Үүдийн цагдаагийн газар өргөдөл өгөөд ирсэн. Мөн Замын-Үүдийн цагдаа Б.Г-тэй утсаар ярихад "Би бараа авсан нь үнэн. Би хотод яваа" гэж ярьсан нь бидэнд сонсогдсон. Үүний дагуу бид Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст 2 удаа өргөдөл бичсэн боловч үр дүн муутай байсан тул Баянзүрх дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд хандахад хэрэг үүсгэж хаяг байршлыг тогтоон өгч байршил, утасны дугаар нь тодорхой болсон тул танай шүүхэд хандаж байна. Иймд материалуудыг үндэс болгож, зальтан Б.Г-ээс барааны үнэ 8,531,500 төгрөг, Замын-Үүдэд очиж ирсний зардал 1,000,000 төгрөг нийт 9,531,500 төгрөг, мөн тэмдэгтийн хураамж зэргийг гаргуулан өгч иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 0-р баг, Х гудамж 0-0 тоотод оршин суух, Д овогт Б-ы Г /РД: , утас:99000000/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б-ы Г миний бие нэхэмжлэгч Ц.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Б-ы Г миний дэлгүүр ажиллуулж санхүүгийн эрсдэлд орж дампуурч мөнгийг нь төлж чадаагүй нь үнэн. Ц.Б-ийн нэхэмжилсэн 9,531,500 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Б.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 9,531,500 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г нь зээлийн гэрээний үүрэгт 9,531,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Г-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 9,531,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Г нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,454 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 83,727 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 83,727 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч Б.Г нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б