| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2018/0047/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2018-04-17 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,
Улсын яллагч А.Амгалан,
Шүүгдэгч И.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Год холбогдох эрүүгийн 1829000790038 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч И.Г нь 2018 оны 030 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлах Гашуун сухайт дахь Авто замын шалган нэвтрүүлэх боомтын гаалийн хилээр хязгаарласан эд зүйл буюу ямааны 133,9 кг жинтэй, 468 650 төгрөгний үнэлгээ бүхий махыг “Эм Жи ӨҮ Транс” ХХК-ийн эзэмшлийн Фотон маркийн 36-86 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 14-64 БЧ улсын дугаартай чиргүүлийн доод рамны завсарт нууж нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Г мэдүүлэхдээ: “2018 оны 03 сарын 28-ны өдөр гаалийн хилээр ямааны мах авч гарах гэж байгаад саатуулагдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/
- Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргын 103 дугаар албан бичиг /хх-ийн 7-р хуудас/,
- Зөрчил шилжүүлэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9-р хуудас/,
- Гашуун сухайт боомт дахь Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагчийн тодорхойлолт /хх-ийн 10-р хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13-р хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 16-р хуудас/,
- Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шийдвэрлэх тухай 2018/ШЗ/56 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 19-р хуудас/,
- Эд мөрийн баримт устгасан тухай акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-27-р хуудас/,
“Махны төрөл тодорхойлох тухай” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43-р хуудас/
“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ний №54/01 дугаартай эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Мөнхцэцэгийн өгсөн мэдүүлэг: ”...Би 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Гашуун сухайт хилийн боомтын нүүрсний гарах чиглэл дээр хяналт шалгалтаар ажиллаж байхад 10 цагийн үед 36-86 УНЭ улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгслийг шалгахад уг автомашины 14-64 БЧ дугаарын чиргүүлийн доод талын голд төмөр дээр тавиад уг төмрийн дээд талд хар өнгийн гялгар уутанд хийсэн 11 хэсэг нийтдээ 133,9 кг мах байсныг гаргаж үзлэг хийхэд шинэ ямааны мах байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. ...Надад санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, ...Шүүх хуралд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Туваандоржийн өгсөн мэдүүлэг: “...Манай “Эм Жи ӨҮ” компаний тээврийн хэрэгслийг хилээр мах нууж гаргахдаа ашигласан гэдгийг мэдсэн. Энэ хэрэгт холбогдон шалгагагдаж байгаа тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Энэ хүн манай компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилчин биш юм. Ямааны мах нуусан асуудлыг бид мэдээгүй. Манай зүгээс энэ явдалд оролцсон зүйл байхгүй. Ер нь хяналтыг бид өөрсдийн боломжоор тавьдаг. Гэхдээ бүрэн хянахад хүндрэлтэй байдаг. Өөр надад хэлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №31 дүгээр махны төрөл тодорхойлох тухай дүгнэлтэд:
1. Хураагдсан мах нь малын мах мөн байна.
2. Мэдрэхүйн эрхтний үзлэгээр ясны бүтэц, өөхөн бүрхүүлийн тогтоцоос хархад мах нь 133,9 кг ямааны шулсан цул мах мөн байна.
3. Мэдрэхүйн эрхтний үзлэгээр дээрх мах нь гадны зүйлээр бохирлогдсон, өмхий үнэр орсон мал эмнэлгийн ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээ байхгүй, гадны вакцин туулгалтанд хамрагдсан хугацааны талаарх мэдээлэл байхгүй учир хүнсэнд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна гэсэн дүгнэлт /хх-ийн 42-43-р хуудас/,
- “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №54/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч И.Г нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Гашуунсухайт” хилийн боомтоор буюу гаалийн хилээр фотон маркийн 36-86 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 14-64 БЧ улсын дугаартай чиргүүлийн доод рамны засварт 468 650 / Дөрвөн зуун жаран найман мянга зургаан зуун тавь / төгрөгийн үнэлгээтэй 133,9 кг ямааны махыг нууж нэвтрүүлсэн болох нь:
- Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргын 103 дугаар албан бичиг /хх-ийн 7-р хуудас/,
- Зөрчил шилжүүлэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9-р хуудас/,
- Гашуун сухайт боомт дахь Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагчийн тодорхойлолт /хх-ийн 10-р хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13-р хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 16-р хуудас/,
- Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шийдвэрлэх тухай 2018/ШЗ/56 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 19-р хуудас/,
- Эд мөрийн баримт устгасан тухай акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-27-р хуудас/,
“Махны төрөл тодорхойлох тухай” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43-р хуудас/
“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ний №54/01 дугаартай эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/ болон
- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд энэхүү үйлдэл нь Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.1.2. “экспортлогч улсын хорио цээрийн хяналт, баталгаажуулалтын эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээтэй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг хорио цээрийн үзлэг, шалгалтанд оруулах;” гэснийг зөрчиж, Монгол улсын хилээр, гаалийн хилээр хязгаарлалт тогтоосон барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч И.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Хохирогч Ж.Мөнхцэцэг нь “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 96-рхуудас/ гэсэн тул шүүгдэгч И.Г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Гын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл үзэв.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял шийтгэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд шүүгдэгч И.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдвал зохино.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл И.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Галдан бошигт овогт Ишээгийн Гыг хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Гыг 600 /зургаан зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Год оногдуулсан 600 /зургаан зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд төлөхийг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч И.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА