Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 121/ШШ2025/0015

 

 

   2025          11              06                                               121/ШШ2025/0015

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Л.Галбадрахын дүгнэлттэй, Өвөрхангай аймгийн Тарагт сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ****-д холбогдох “Эрх бүхий албан тушаалтан, Өвөрхангай аймгийн Тарагт сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч *****гийн шийтгэл оногдуулсан 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай  шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч *****гаас 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Өвөрхангай аймгийн Тарагт сумын ЗДТГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч ***** би Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Л.Галбадрахын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай 2025 оны 09 дүгээр сарын 23-ний өдөр №***** дугаартай шийтгэлийн хуудсаар *****-д оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай Өвөрхангай аймгийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлттэй танилцлаа.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэрт **** нь зохих зөвшөөрлийн бичиггүйгээр 5 ногтруу шувуу тээвэрлэж явсныг илрүүлэн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ***** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т зааснаар “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн заалтыг андууран 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэсэн байна.

Тус заалтыг анзааралгүй шийтгэлийн хуудас бичсэн тул Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Л.Галбадрахын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай "Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай" Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Л.ГалбадрахаасЭрх бүхий албан тушаалтан, Өвөрхангай аймгийн Тарагт сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч *****гийн шийтгэл оногдуулсан 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”  тухай 06 дугаартай дүгнэлтийг тус шүүхэд гаргажээ.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ***** нь иргэн П-ийг Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт зөвшөөрөлгүй 5 ногтруу шувуу тээвэрлэсэн зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,00,000 /гурван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр эсхүл гэрээ зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан бол зөрчил үйлдэгдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Харин Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Агнуурийн бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэгдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Хариуцагч нь дээрх зөрчилд шийтгэлийн хуудас бичихдээ хуулийн заалтыг андууран буруу заалт үндэслэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь Эрх бүхий албан тушаалтан, Өвөрхангай аймгийн Тарагт сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч *****гийн шийтгэл оногдуулсан 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Л.ГалбадрахынЭрх бүхий албан тушаалтан, Өвөрхангай аймгийн Тарагт сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч *****гийн шийтгэл оногдуулсан 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ***** нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Л.Галбадрах нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.НЭРГҮЙ