| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2017/00026/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2018-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 31
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Б.Мөнгөншагай,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бямбасүрэн,
Шүүгдэгч: М.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бээс овогт М.Ч ад холбогдох 1826000110032 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Бээс овогт М.Ч
Шүүгдэгч М.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах уурын зууханд иргэн Ц.Б-н нүүрэн тус газар нь гараар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ Ц.Б той маргалдаж түүний шанаан тус газар нь 2 удаа цохиж хөнгөн гэмтэл учруулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж ухаарсан гэв.
Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багт байрлах уурын зууханд галчаар ажилладаг. Нэг ээлжинд гарахдаа У гэх хүнтэй хамт гардаг. Тухайн өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр М.Ч гэх хүнээс ээлж хүлээж авч байтал У М.Ч ад үнс чинь их байна, энэ үнсээ ав гэхэд М.Ч нь Б та хоёр нийлж дээрэлхээд байна уу? битгий хавчаад гадуурхаад байгаарай гэж хэлсэн. Намайг үнс аваад зогсож байтал М.Ч У ын толгойн тул газар нь төмрөөр цохиод авсан. Дараа нь шууд над руу ирээд миний зүүн талын шанаа хэсэг болон шүд рүү гараараа 2-3 удаа цохиж гэмтээсэн. Энэ үед миний дээд доод эрүүний шүд хөдөлсөн байсан. /хх-ийн 12-16 хуудас/,
Хохирогч Г.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 12 дугаар сарын 25-ны өглөө ажил дээрээ ирээд М.Ч гэх хүнээс ээлжээ хүлээж авахдаа зуухны үнс их байна, та үнсээ авчих гэж М.Ч ахад хэлэхэд үнсээ аваагүй явчихсан байсан. Тэгээд хамт ээлжинд гардаг Б гэх хүнтэй зуухны үнсээ аваад зогсож байтал Ч эргэж бид 2 дээр ирээд хүний муу үзээд гээд уурлаад намайг зуухан дотор байсан жижигхэн тохой орчим урттай төмрөөр 1 удаа толгойны ар дагз руу цохиод гараараа 1 удаа цохисон. Б гэх хүнийг бас цохисон. Бид нар согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тэгээд би утсаараа цагдаа дуудсан. /хх-ийн 8 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №31 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Г.У ын биед дагз хэсэгт хавдар, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 30 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №32 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Ц.Б -ын биед дээд эрүүнд зүүн 1, 3-р шүд, баруун дээд 1-р шүдний сулрал, завьж, уруул хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 34 хуудас/,
Шүүгдэгч М.Ч ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Богд сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 51-52 хуудас/,
Шүүгдэгч М.Ч ын урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч М.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах уурын зууханд хохирогч Ц.Б той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж хохирогч Ц.Б ын эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ч ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.Б , Г.У нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №32 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон, хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Хавтаст хэрэгт Г.У ын /зөрчлийн хэргийн/ хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг авагдсан боловч түүний бие махбодид учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №31 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгааг дурьдав.
Шүүгдэгч М.Ч ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Ч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлуудыг болон шүүгдэгч М.Ч ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.
Шүүгдэгч М.Ч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Мөн шүүгдэгч М.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Б од 250000 төгрөг, Г.У т 98000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ч ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 4, 5, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бээс овогт М.Ч ыг хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Ч ад 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Ч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мөн шүүгдэгч М.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Б од 250000 төгрөг, Г.У т 98000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ч ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ч ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ