Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/535

 

 

 

 

 

     2024         05            08                                       2024/ДШМ/535

                                                       

Г.Ц-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

хохирогч Г.О-ийн өмгөөлөгч Н.Түмэнбаяр,

цагаатгагдсан этгээд Г.Ц-, түүний өмгөөлөгч П.Гансүх, В.Оюун-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/265 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Билгүүжингийн бичсэн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 40 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Г.Ц-т холбогдох эрүүгийн 2302005530334 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц-,

Г.Ц- нь Сонгинохайрхан дүүргийн ...... буюу хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн **** дугаартай хэрэгт холбогдуулан шалгавал зохих Г.О-ийн эзэмшлийн 650.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung S-10 5j” загварын гар утсыг хураан авч, улмаар Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Эд зүйл, тээврийн хэрэгсэл, баримт бичиг түр хураан авах” 217 дугаар дугаар журам болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын хадгалалт, хамгаалалтыг хариуцна” гэж заасныг тус тус зөрчиж, албан тушаалтны хувьд үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц-т холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Г.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг хүчингүйд тооцож, 2302005530334 дугаар хэргийг хэрэг бүртгэлд буцааж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Г.Билгүүжин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн мөрдөгч Ж.Мөнх-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хэрэг бүртгэлтийн **** дугаар хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Г.О-ийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн **** Б.Б, Б.Б нарт хүлээлгэн өгч, улмаар Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч Б.Б, Б.Б нар нь эрэн сурвалжлагдаж байсан Г.О-ийг тус тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч Г.Ц-т хүлээлгэн өгсөн байна. Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч Г.Ц- нь Г.О-ээс 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сэжигтнээр мэдүүлэг авч, шүүхийн зөвшөөрөлгүй хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаагаар цагдан хорих 461 дүгээр ангид баривчилсан болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Ийнхүү шүүхийн зөвшөөрөлгүй баривчлахдаа сэжигтэн Г.О-ийн эзэмшлийн “Samsung S-10 5j” загварын гар утсыг үзлэг хийнэ гэж хураан авсан бөгөөд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны "Эд зүйл, тээврийн хэрэгсэл, баримт бичиг түр хураан авах" 217 дугаар журам болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын хадгалалт, хамгаалалтыг хариуцна" гэснийг хэрэгжүүлж ажиллаагүй буюу хохирогч Г.О-ийн дээрх гар утсыг үрэгдүүлсэн байтал анхан шатны шүүхээс хэрэг авагдсан нотлох баримтуудаас зөрүүтэй дүгнэлт хийж цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг "Шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын хадгалалт, хамгаалалтыг хариуцна", 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргах, давж заалдах хугацаа дуустал хураан авсан эд хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг тусгай байранд хадгалж, энэ тухай баримтыг хавтас хэрэгт хавсаргана” гэх заалтуудын дагуу Г.Ц- нь хураан авсан эд хөрөнгийг хадгалах,  хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан болох нь тогтоогдсон ба дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч Г.О-ийн гар утсыг үрэгдүүлсэн. Мөн анхан шатны шүүх Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу албаны шалгалт хийсэн эсэх талаар дүгнэсэн ба албаны шалгалт нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжид нөлөөлөх нөхцөл байдалд хамаарахгүй, тухайн ажиллагаа нь нотолгооны хувьд ач холбогдолгүй, хэргийн үйл баримтад нөлөөлөхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Хохирогч Г.О-ийн өмгөөлөгч Н.Түмэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэргийн 55-63 дугаар талд авагдсан баримтаас үзвэл 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Г.О-ийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилсан байдаг. ...Г.О- нь Хэнтий аймгийн харьяат Улаанбаатар хотод оршин суудаг, тогтвортой ажил эрхэлдэггүй, шүүхээс залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон. Түүний гар утас нь гэмт хэргийг үйлдсэн ганцхан хэрэгсэл. Г.О-т суурин компьютер байхгүй, зөвхөн гар утас ашигладаг. Мөрдөгч энэ хэрэг гарснаас хойш хорих 461 дүгээр ангид ямар нэг зөвшөөрөлгүйгээр очиж Г.О-тэй уулзаж, түүнд нөлөөлөх гэж оролдсон . Түүнийг 6 сар гаруй хорих 461 дүгээр ангид хорьсон. ...Мөрдөгч Г.Ц- нь хуульд заасан эд хөрөнгө хадгалах, хамгаалах, хяналт тавих эрх бүхий албан тушаалтан мөн бөгөөд тус үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хураан авсан эд хөрөнгийг үрэгдүүлсэн. Ц- гэм буруутай гэдэг нь гар утсыг үрэгдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд болон хохирогчийн ар гэрийн хүнд гар утасны хохирол барагдуулахын тулд мөнгө өгсөн үйл баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэргийн талаар өмгөөлөгч нар ярьдаг. “Хайнга хандах” гэмт хэрэг нь албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Мөрдөгч эс үйлдэхүйн улмаас хохирогчид их хэмжээний хохирол учруулаагүй тул “Хайнга хандах” гэмт хэргээр зүйлчлэх боломжгүй. Иймд хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй, яллах дүгнэлт үндэслэлтэй. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.Ц-ын өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Прокуророос эд зүйл, тээврийн хэрэгсэл түр хураан авах 217 дугаар журмыг байнга ярьдаг. Гэвч тухайн журмын 217.3.9 дэх хэсэгт хэрэгт ач холбогдол бүхий баримтыг хураан авч, 2 хувь тэмдэглэл үйлдэж нэг хувийг эд зүйлээ хураалгасан этгээдэд өгсөн байхыг шаардсан. Хэргийн баримтаас үзвэл прокурор болон хохирогчийн өмгөөлөгч нарын ярьж буй “165 үйлдэл гэж мэдүүлдэг боловч 130 үйлдэл болсон байсан” гэх асуудал нь Г.Ц-т хамааралгүй. Г.Ц- нь хохирогчоос анхны мэдүүлгийг аваагүй. Хэрэв хохирогчийн утас тухайн хэрэгт ач холбогдолтой байсан бол хэрэгт хураан авч, тэмдэглэл үйлдэх байсан болов уу гэж бодож байна. Мөн мөрдөгч н.М, н.Б-э нар хэргийг Г.Ц-т хүлээлгэн өгөхдөө 217 журмыг баримталж эд зүйлийг нь хураан авсан тухай тэмдэглэл үйлдсэн зүйл байдаггүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль буруу хэрэглэсэн, хуулийн ноцтой зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Г.Ц-ын өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дэмжиж байна. Шүүхийн цагаатгах тогтоолд Г.Ц-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгасан. Г.Ц-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив болон субъектив шинжийг хангаагүй. Тус зүйлд битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэж заасан. Гар утас нь битүүмжилж авсан эд хөрөнгө эсэх нь эргэлзээтэй. Улсын дээд шүүхийн тайлбарт үрэгдүүлэх гэдгийг гэмт этгээдийн итгэмжлэн өгсөн өмч хөрөнгийг хууль бусаар, төлбөргүйгээр ашиглах, бусдад худалдах, бэлэглэх, үгүй хийх, шилжүүлэх гэх зэргээр ойлгоно гэсэн. Өөрөөр хэлбэл, үрэгдүүлэх гэдэг нь битүүмжилсэн, хурааж авсан эд зүйлийг өөрийн хувийн хэрэгцээнд хэрэглэхийг ойлгож байна. Завших үйлдлийн хувьд хууль бусаар олж авч өөрийн үзэмжээр захиран зарцуулахыг хэлнэ. Г.Ц-ын үйлдэл нь завших, үрэгдүүлэх гэмт хэргийн шинжийг хангаагүй учир анхан шатны шүүх түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж цагаатгасан гэж үзэж байна. Хохирлын талаар дурдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан. Г.Ц- нь хохирол, төлбөрийг тохиролцож 500.000 төгрөг төлж, хохирогчоос хохиролгүй гэсэн бичиг авсан. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Г.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Ц-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд Г.Ц-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Прокуророос Г.Ц-ыг Сонгинохайрхан дүүргийн **** буюу хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн **** дугаартай хэрэгт холбогдуулан шалгавал зохих Г.О-ийн эзэмшлийн 650.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung S-10 5j” загварын гар утсыг хураан авч, улмаар Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Эд зүйл, тээврийн хэрэгсэл, баримт бичиг түр хураан авах” 217 дугаар дугаар журам болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын хадгалалт, хамгаалалтыг хариуцна” гэж заасныг тус тус зөрчиж, албан тушаалтны хувьд үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үрэгдүүлсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийн хянан хэлэлцээд, “...Г.Ц- нь албан тушаалын хувьд мөрдөгч болох нь тогтоогдсон байх боловч дээрх хуульд заасны дагуу Г.О-т холбогдох хэрэгт дангаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхтэй этгээд болох нь тогтоогдохгүй байна. ...Хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан мөн эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгч -д ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн үндэслэлийг бий болгож байна. ...” гэх үндэслэлээр Г.Ц-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

 

Ийнхүү анхан шатны шүүх “...Г.Ц- нь албан тушаалын хувьд мөрдөгч болох нь тогтоогдсон байх боловч дээрх хуульд заасны дагуу Г.О-т холбогдох хэрэгт дангаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхтэй этгээд болох нь тогтоогдохгүй байна.. ...” гэх дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан Г.Ц-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ хохирогч Г.О-ийн “...Ц- мөрдөгч надаас мэдүүлэг авч дуусаад гар утасныхаа кодыг гаргаад өгчих үзлэг хийчихээд ар гэрийнхэнд чинь өгнө гэхээр нь зурган кодоо тайлж өгөөд цагдан хоригдсон. 11 сард мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар явж байгаад Ц- мөрдөгчтэй уулзаж миний гар утсыг яасан талаар нь асуухад “ах нь нөгөөдөр ар гэрийнхэнд нь өгнө” гэж хэлсэн. 2023 оны 02 сард Буяндэлгэр эгчээс асуухад гар утсыг чинь өгөөгүй, нотлох баримт үйлдэнэ гэж хэлсэн. ... 4 сард Ц- мөрдөгч 461 дүгээр хорих ангид ирж уулзахдаа гар утас чинь сейфнээс алга болсон байна, манай ажлын хэд авчихсан юм шиг байна, гар утасны хохирлыг нь барагдуулъя гэхээр нь гар утсаа авмаар байна гэж хэлсэн. ...” /1хх 8-9/, гэрч О.Б-ийн “...“Та Г.Ц- мөрдөгчийн хэлснээр бичгийг нь бичээд өгчихөөрэй” гэж О- хэлсэн. ...мөрдөгч Г.Ц- “дүү Г.О-ийн ...гар утсыг хүлээн авсан.” гэх утгаар бичгийг засуулж бичүүлсэн. ...” /1хх 25-27/, гэрч Ж.М-ийн “...О-ийг баривчлах үед хар өнгийн “Samsung S-10 5j” загварын гар утас байсан санагдаж байна. ...”/1хх 30-32/, Г.Ц-ын яллагдагчаар өгсөн “...О-ийн өөрт нь байсан гар утас, өмдний тэлээ, гутлын үдээс зэргийг нь авч үлдээд, ...хайнга байдлаасаа болж гар утсыг өөрийн албан өрөөнөөсөө үрэгдүүлсэн. ...би гар утсыг олоогүй тул О-тэй хохирлыг барагдуулах талаар тохиролцож, ...Б уулзаж 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Б “Г.О-ийн гар утсыг хүлээн авлаа” гэсэн утгатай хүсэлт бичүүлсэн. ...” /1хх 247-248/ гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй, өөрөөр хэлбэл цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийг бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг хангаагүй байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын хадгалалт, хамгаалалтыг хариуцна.”, Цагдаагийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ үүрэн холбооны хэрэгсэл, бусад шаардлагатай эд зүйл, тээврийн хэрэгсэл, цахим төхөөрөмж, баримт бичгийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр түр хураан авч болно.”, 30.3 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагч хураан авсан эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо ширхгийг тусгасан жагсаалт үйлдэнэ.”, 30.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 30.3-т заасан жагсаалтыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, эсхүл ажиллагаанд байлцсан хүний гарын үсэг, эсхүл хурууны хээгээр баталгаажуулж, хувийг эд зүйлийн эзэмшигч, эсхүл түүний өмгөөлөгчид даруй гардуулна.”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Цагдаагийн тангараг өргөж, цагдаагийн аль нэг байгууллагад томилогдон ажиллаж байгаа цагдаагийн цолтой иргэнийг цагдаагийн алба хаагч гэнэ.” гэж тус тус хуульчилсан ба хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан гэж “албан үүргийн хувьд тухайн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцах үүрэг хүлээсэн ...мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан”-ыг ойлгохоор заажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтууд хавтас хэрэгт цугларсан нь шүүгдэгчийн гэм бурууд эргэлзэх үндэслэлийг бий болгох боловч энэхүү нөхцөл байдал нь шүүхээс тэдгээр нотлох баримтын агуулга, тухайн хэрэгт хамааралтай болон хууль ёсны байдлын шаардлага, нотломжийн түвшин, бодит байдлыг илэрхийлж буй ач холбогдол зэргийг үнэлж, дүгнэхгүйгээр шууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх зарчим нь тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутайд эргэлзэх үндэслэл бий болохыг ойлгохоос бус хангалттай нотлох баримтыг цуглуулж чадаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэл хамаарахгүй болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар үүссэн эргэлзээтэй байдлыг арилгах үүднээс мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг зөвтгүүлэх, хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход шаардагдах нотлох баримтын хүрэлцээт байдлыг хангуулах, эсхүл шүүхийн шатанд нөхөн гүйцэтгүүлэх боломжтой гэж үзвэл шүүх энэ талаар хуульд заасан бүхий л арга хэмжээг хэрэгжүүлэн талуудын эрх тэгш мэтгэлцэх боломжийг хангах үүрэгтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Г.Билгүүжингийн бичсэн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 40 дүгээр эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/265 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Г.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БОЛОРТУЯА

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН