Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/542

 

 

 

 

 

2024              05            09                                       2024/ДШМ/542            

 

М.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д-,

шүүгдэгч М.А-, түүний өмгөөлөгч Т.Золбаяр, М.Билгүтэй,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2308000001993 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А

 

Шүүгдэгч М.А- нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт М.Б-тэй “таксинд сууна, суухгүй” гэсэн шалтгааны улмаас маргалдан түүний хөл рүү нь өшиглөж, заамдаж зам дээр өргөж шидсэний улмаас эрүүл мэндэд нь “зүүн чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, суурь ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх, баруун тал бөмбөлгийн чамархайн суурийн хатуу хальс доорх цусан хураа, баруун чамархай, духны дэлбэнгийн эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулж, М.Б- нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн үед гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, М.А-ийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч М.А- нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч М.А- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие ид ажиллах хөдөлмөрлөх насан дээрээ өөрийн буруутай үйлдлээс болж бусдыг хохироож, гэр бүл, эхнэр, охин, ээж, дүү нараа хүнд байдалд оруулсан. Би 7 настайдаа аавыгаа алдаж, ээждээ нөмөр түшиг болж ирсэн. Би ажил хөдөлмөр эрхэлж амьжиргааны эх үүсвэрээ залгуулж банкны зээл 60.000.000 төгрөгийг өдийг хүртэл төлж байгаа. Эхнэр маань бага насны хүүхдээ асардаг, ээж маань харааны бэрхшээлтэй /өрөөсөн нүд нь хардаггүй/ эмчийн хяналтад байдаг. Ээж маань хар залуугаасаа амьдралаа ганцаараа үүрч, зовлон зүдгүүр дундуур ганцаараа туулж явахад нь би гэмт хэрэгт холбогдож бусдын болон гэр бүлээ хүнд байдалд оруулсандаа маш их гэмшиж, харуусаж байна. Би цаашдаа хохирогчийн ар гэрт чадах чинээгээрээ тусалж, байнгын холбоотой амьдарна. Хэрэгт хүндрэл учруулаагүй, хэргээ нуун дарагдуулаагүй үнэн зөвөөр хүлээж, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгааг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.   

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...миний бие гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж байна. Харин М.А-ийн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч М.А-ийн өмгөөлөгч Т.Золбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. М.А- нь анхнаасаа хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч М.А-ийн өмгөөлөгч М.Билгүтэй тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч М.А- нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдлоосоо татгалзаж, шүүгдэгчийн өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж байна. Анхан шатны шүүх хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Монгол Улсын Үндсэн хууль болон Хүний эрхийн түгээмэл тунхаглал бусад Иргэний болон Улс төрийн эрхийн фактад хүн амьд явах эрхтэй гэж заасан. Хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй гэж байгаа боловч хүний алтан амь хохирсон.  Монгол Улсын Үндсэн хуульд зөрчигдсөн эрхийг сэргээх үүргийг төр иргэнийхээ өмнө хүлээхээр заасан. Нас барсан хүний амьд явах эрхийг сэргээн эдлүүлэхийг шүүхийн байгууллагаас шийдвэрлэх бөгөөд хор уршигт нийцсэн хууль зүйн дүгнэлтийг хийж шүүгдэгч М.А-д 6 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч М.А- нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт М.Б-тэй “таксинд сууна, суухгүй” гэсэн шалтгааны улмаас маргалдан түүний хөл рүү нь өшиглөж, заамдаж зам дээр өргөж шидсэний улмаас эрүүл мэндэд нь “зүүн чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, суурь ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх, баруун тал бөмбөлгийн чамархайн суурийн хатуу хальс доорх цусан хураа, баруун чамархай, духны дэлбэнгийн эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулж, М.Б- нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн үед гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан буюу хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д-н “...талийгаач дүү маань хүү охин хоёртой, хүү нь16 настай, охин нь 7 дугаар ангид суралцдаг. Эхнэр нь сумын төв дээр сувилагч хийдэг бөгөөд талийгаач малаа маллан ирэн очин байдаг байсан. Харин 2023 оны 08 дугаар сараас эхлэн гэр бүлийн харилцаанд тогтворгүй байдал үүсэж эхнэртэйгээ хоёр талд амьдарч эхэлсэн. ...Дүү маань хотод ирээд мах, шуудайны үйлдвэрт ажиллаж байсан. Болсон үйл явдлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” /1хх 34-39/,

 

гэрч Д.Б-ын “...шөнийн 01 цагийн үед 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр машинаа нормалдчихаад суудлаа хойш налаад хэсэг унтаад өгсөн байсан. Нэг сэрээд харахад  ах Б- гадаа хэвтэж байсан ба хажууд нь нэг залуу зогссон “энэ ахыгаа ав” гэхээр нь би ахыг аваад машиндаа суулгасан. Юу болсон талаар тэр танихгүй залуугаас асуухад “танай ах чинь миний нүд рүү цохичихлоо” гээд уурлаад надтай маргаан хийх гээд байсан. Тэгэхэд ах “явъя, явъя наадахаа хая” гэхээр нь хөдлөөд явсан.  ...би машин засуулах ажилтай байсан учир машиндаа суулгаад аваад явсан. Драгоны тэнд байдаг Номингийн засвар дээр ирээд тормазны наклад солиулсан, тэр үед ах Б- унтаж байсан. Засварын газар очиход 11 цаг болж байсан  засварын газраас огт хөдлөөгүй. Би пүршээ агшаалгаад ирэхэд ах машин дотор сонин царайлчихсан байсан. Тухайн үед 14 цаг өнгөрч байсан. Ингээд би 15 цаг 16 минутад түргэн дуудахад 20-30 минутын дараа ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Ах зодоон хийсний дараагаар толгойн зүүн талд нь бага зэрэг хагарч цус гарсан байсан. Өөрөөр гэмтэл шарх байгаагүй. Намайг харахад зам дээр дээшээ харсан байдалтай уначихсан байсан. Тэгээд татаж босгоод машиндаа оруулсан. ...” /1хх 60-62/,

гэрч Ч.Д-ийн “... удалгүй миний байгаа газар А- ирсэн, зүүн нүд нь бага зэрэг улайж хавдсан юм шиг харагдсан. Нүдээ яасан талаар асуухад автобусны буудал дээр хоёр хүнтэй муудалцаад нэг нь миний нүд рүү цохисон гэж хэлсэн. ...” /1хх 65-67/,

М.А-ийн сэжигтнээр өгсөн “...Би эхлээд хөл хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Намайг цохиход зөрүүлээд нэг удаа цохиж улмаар зууралдсан байх үедээ түүнийг өргөж шидэхэд газар толгойгоороо унасан. ...” /1хх 82-84/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Талийгаачид зүүн чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, суурь ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрх, баруун тал бөмбөлгийн чамархайн суурийн хатуу хальс доорх цусан хураа, баруун чамархай, духны дэлбэнгийн эдийн няцрал, хэвлий, баруун гуянд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдож, ...гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2997 дугаар дүгнэлт /2хх 8-12/

 

хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-13/, таньж олох ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 17-20/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 26-32/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1010 дугаар дүгнэлт /2хх 52-54/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч М.А- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч М.А- нь амь хохирогч М.Б-тэй тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн өдрийн өглөө 05 цагийн үед таарч “таксинд сууна, суухгүй” гэсэн шалтгааны улмаас үг зөрж, харилцааны зөрчил үүсгэн маргалдах үедээ хөл рүү нь өшиглөж, өргөж шидсэний улмаас эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулж амь хохирогч нь тухайн өдрийнхөө 15 цагийн үед гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Өөрөөр хэлбэл, тэрээр хохирогчийн амь насыг хохироох санаа зорилго агуулаагүй хэдий ч хүнд гэмтэл санаатай учруулсан болохыг анхан шатны шүүх бодитойгоор дүгнэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл ангид зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

 

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.А-ийн “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч М.А-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 79 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д- нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “давж заалдах гомдлоосоо татгалзаж байна.” гэсэн тайлбар гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.5 дахь хэсэгт зааснаар  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 79 /далан ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН