| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00244/И |
| Дугаар | 157/ШШ2025/00229 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 157/ШШ2025/00229
2025 07 23 157/ШШ2025/00229
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Х аймгийн Б сум, Х банк ХХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Хайрхан 4-18 тоотод оршин суух, Ш овогт У-ын Б-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 18,932,318.90 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Х аймгийн Б тооцооны төвийн захирал Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Иргэн У овогтой У.Б нь ХасБанкны Б тооцооны төвөөс 2024 оны 11 сарын 27-ны өдөр Х банкны аппликейшнаар дамжуулан 1430090899 дугаартай зээлийн гэрээг байгуулж 21,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 11 сарын 27-ны өдөр зээлдэгч У.Б-ийнХасБанк дахь 5002583532 тоот дансанд 21,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 2,800,000 төгрөг, зээлийн хүү 1,331,802.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,242.74 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1430090899 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 05 сарын 10-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 51 хоног хугацаа хэтрүүлээд байна.
ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч нь зээлийн хяналтын явцад Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар өр орлогийн харьцаа хэтрүүлэн зээл авсан нийт 40,3 сая төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байх ба Хас банкны зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
1/Иргэн хуулийн 453 дугаар зүйлийн 453,1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24,3 дахь заалт болон 1430090899 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 18,932,318.90 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдрийн байдлаарх хүү 727,347.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,970.96 нийт 18,932,318.90 төгрөгийг зээлдэгч У.Бэс гаргуулах,
2/Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхийл ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү,
Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ.
Хариуцагч У.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хас банкны нэхэмжилсэн 18,932,318.90 төгрөгийг төлөхөд маргах зүйл байхгүй. Аав гэнэтийн явдлаас болж нас барж, ээж дунд чөмгөө хугалж ар гэрийн асуудлаар зээлээ хугацаанд нь төлж чадсангүй. Цаашид төлөхөд асуудалгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Б тооцооны төв нь хариуцагч У.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,932,318.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч У.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Хас банкны нэхэмжилсэн 18,932,318.90 төгрөгийг төлөхөд маргах зүйл байхгүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч У.Б-ийннэхэмжлэлийн шаардлага болох 18,932,318.90 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,612 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 252,612 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч У.Бэс улсын тэмдэгтийн хураамжид 126,306 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 126,306 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч У.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,932,318,90 (арван найман сая есөн зуун гучин хоёр мянга гурван зуун арван найман төгрөг, ерэн мөнгө) гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,612 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч У.Бэс улсын тэмдэгтийн хураамж 126,306 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 126,306 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Б тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч У.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ