Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01658

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01658

 

О О-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2021/01868 дугаар шийдвэртэй

О О-ын нэхэмжлэлтэй хариуцагч Э.Б, Д.Б, Д.Д нарт холбогдох

Хохиролд 45 103 336 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, хариуцагч Э.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Удаанжаргал, түүний өмгөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч О О-ын төлөөлөгч Ч.Мэндбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ын цахилгаанчин Д.Д, Д.Б нар нь ахлах инженер Э.Бээс өгсөн үүргийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны цахилгааны щитийг шилжүүлэн зөөх явцдаа цахилгааны холболтыг буруу хийсний улмаас цахилгаан шат унаж Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Г.Х-ийн нурууны L5-үе хугарч L2.L3.L4.L5 дугаар үе диск дарагдан бяцарсан гэмтэл учирсан бөгөөд гэм хорын хохиролд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2020/00847 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1524 дугаар магадлалд зааснаар О-аас 44 721 778 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 381 558 төгрөг нийт 45 103 336 төгрөгийг гаргуулахаар тогтоосон юм. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2, Хөдөлмөрийн гэрээний 1.9.1 дэх заалтуудыг тус тус үндэслэл болгож байгууллагад учирсан эд хөрөнгийн хохирол тус газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ын ахлах инженер Э.Б, цахилгаанчин Д.Д, цахилгаанчин Д.Б нараар төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг бол О-т хамааралгүй. Э.Б гэдэг хүний үйлдлээс болж энэ хоёр хүмүүс ингэсэн тэгсэн гэсэн асуудал ярьсан. Эрүүгийн хэргийн материалыг Чингэлтэй дүүргийн шүүх бол татсан байсан. Яг тэр байдлаар энэ хоёрыг хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчсөн байна гээд шийдсэн. Сүүлд энэ талаар тодруулаад манай О- аас Э.Б нь буруутай байна. Гэмт хэргийн шинжтэй байна гээд Сонгинохайрхан дүүргийн цагдаа, прокурор гээд газруудад гомдлуудаа гаргасан. Цагдаагийн, прокурорын тогтоолоор хэрэг үүсээд хаасан байсан. Хавтаст хэрэгт хоёр хөдөлмөрийн гэрээ авагдсан байдаг. Хөдөлмөрийн гэрээ дээр Э.Б, Д.Д, Д.Б нар нь өөрсдөө танилцаад гарын үсэг зурсан байгаа. Хөдөлмөрийн гэрээ дээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх талаар мөн тодорхой заасан байгаа. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Д.Д, Д.Б хоёр чинь хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчсөн байна гээд шийдвэрээ гаргасан. Иймд Э.Б, Цахилгаанчин Д.Д, Цахилгаанчин Д.Б нараас 45 103 336 төгрөгийг хариуцагч гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба энэ шаардлагаа тодруулан хариуцагч нараас энэ хохирол төлбөрийг 3 тэнцүү хувааж гаргуулах хүсэлтэй байна. Д.Д, Д.Б нараас тус тус 15 000 000 төгрөгийг, үлдсэн 15 103 336 төгрөгийг Э.Бээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д.Д би 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ОСНААУГ харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ын ахлах инженер Э.Бийн үүрэг даалгавар өгсний дагуу Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 8 дугаар байрны 9 дүгээр орцны ерөнхий щитийг зөөхөөр очсон. Цахилгаан щитний холболтыг таслах эрх надад байхгүй тул би татгалзсан боловч ахлах инженер удаа дараа үүрэг өгч загнаад байсан тул арга буюу би цахилгаанчин Д.Бтой хамт очиж щитний тогыг тасалж цахилгааны щитийг зөөж өөр өрөөнд байрлуулсан нь үнэн. Гэтэл цахилгаан шат тухайн үед унасан, н.Х гэгч хүн гэмтэл авсан талаар сүүлд яригдсан. Уг цахилгаан шат унасан талаар ямар нэгэн акт гараагүй. Гэтэл н.Х гэх хүнд гэм хорын хохиролд 45 103 336 төгрөгийг манай байгууллагын зүгээс төлөх шийдвэр гарсан гээд одоо надаас болон цахилгаанчин Д.Б, ахлах инженер Э.Б нараас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд надаас нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Б намайг Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ын цахилгаанчнаар ажиллах явцад ОСНААУГ-ОНӨААТГ-т гэм хорын хохирол учруулсан гэж 45 103 336 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний зүгээс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ахлах инженер Э.Бээс өгсөн үүргийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 8 дугаар байранд цахилгаанчин Д.Дий хамт очиж цахилгаан щитийг шилжүүлэн зөөх явцад цахилгааны холболтыг буруу хийсний улмаас цахилгаан шат унаж иргэн Г.Х-ийн биед гэмтэл учруулсан гэж буруутгаж түүний гэм хорын хохирол төлөх 45 103 336 төгрөгийг Э.Б, Д.Д нартай хувь тэнцүүлэн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагад би буруугүй болно. Би ямар нэг цахилгааны холболтыг биечлэн хийгээгүй. Цахилгаанчин Д.Д 24 цаг ээлжинд ажилласан хүнийг Ахлах инженер Э.Б өдрөөр албадан хүчээр ажилуулсан буруутай. Иймд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өглөө ажил эхэлсний дараагаар ахлах инженер Э.Б намайг өрөөндөө дуудсан. Намайг орох үед цахилгаанчин Д.Д сууж байсан. Д.Д бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны 9 дүгээр орцонд байрлах ерөнхий цахилгааны щитийг зөө гэсэн үүрэг даалгаврыг авсан. Ямар нэг бичгээр бол өгөөгүй. Амаар тушаал, шийдвэр өгсөн. Д.Д бид хоёр тэр байранд нь очоод цахилгааны щитийг зөөх явцад цахилгаанчин Д.Д нь тогыг салгаж нэг цагдаа лифтэнд гацсан тухай гадаа байсан цагдаагаас сонссон. Манай нэг цагдаа лифтэнд гацчихлаа гэж надад хэлсэн. Би Д.Дд утсаар хэлээд өөрөө тэр лифтчинг нь дуудахаар явсан. Намайг лифтчинг дуудаад ирэх үед тэр цагдаа лифтнээс гарсан байсан. Байгууллагадаа болсон явдлын талаар хэлэхэд та нар дуугай байж бай, бид өөрсдөө болгоно. Эхлээд мэдүүлгээ өгөхдөө ингээд өгчих гэхээр нь өгсөн. Гал хамгаалагч солино гэж оруулсан гэж хэлсэн. Надаар тайлбар ч хэлүүлээгүй, баримт гаргаж өгөх гэхээр бидэнд боломж олдоогүй. Энэ хэрэг цааш явсаар байгаад сүүлдээ нэхэмжлэгч талаас 45 000 000 төгрөг нэхсэн. Би үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед би тэнд байсан боловч тогийг гардаж салгаагүй. Тог тасарсан үгүйг нь шалгаад явж байсан. Хэргийн материалтай танилцаж байх үед н.Загдсүрэн гэх хүн үүрэг өгсөн гэж бичсэн байсан. Ахлах инженер өөрөө ингэж нөхөн бичилт хийлгэсэн байсан. Бид хоёр н.Загдсүрэн гэдэг хүнээс үүрэг даалгавар аваагүй. Ахлах инженер Э.Бээс өөрөөс нь авсан. Би ямар нэг өр төлбөр, мөнгийг төлөхгүй. Тэр цахилгаанчны группийн зэргийг бол бид нар өөрсдөө шууд авчихдаггүй. Манай удирдах газраас нэгдсэн журмаар сургалт, семинар зохион байгуулаад, сургалт семинартаа суугаад, тэр талаараа шалгалт аваад эцэст нь группийн зэрэг олгодог. Тухайн үед бид нарт ямар ч группийн зэрэг байгаагүй. Щитийг зөөх, тогыг таслах эрх бол байгаагүй. Ахлах инженерийн заавраар щитийг зөөсөн. Жижүүрийн тэмдэглэл дээр гал хамгаалагч гупер шатсан гээд бичсэн байсан. Ямар ч тийм юм болоогүй. Щитийг 8 хоногийн дараа зөөсөн. Нотлох баримтаар нотлогдоно. Лифтны хажуу талын жижигхэн өрөө рүү оруулж зөөгөөд щит байсан өрөөг нь тохижуулаад хүн амьдрахаар болгосон байгаа. Зөөх гээд дөнгөж салгаад тийм асуудал болсон гэжээ.

Хариуцагч Э.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Удаанжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б нь ажиллаж байх хугацаандаа О О-тай байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №2 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хууль, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хөдөлмөрийн дотоод журамд заасныг чандлан мөрдөж, ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Б нь хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн аль үүргийг гүйцэтгэх явцдаа ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, учирсан гэм хорын хариуцлагатай ямар шалтгаант холбоогоор холбогдож байгаа нь ойлгомжгүй байна. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135.1.2-т тус тус зааснаар хариуцагч Э.Б нь өөрийн ямар буруутай үйлдлээр байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзээд буй нь огт үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4 дэх хэсэгт тус тус зааснаар О О нь ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулаагүй, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх талаар шийдвэр гаргаж, нэг ч мэдэгдэж, шийдвэрийг танилцуулж байгаагүй болно. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Э.Б нь өгсөн үүрэг даалгавар байхгүй. Г.Х-ийн нэхэмжлэлтэй О О-т холбогдох иргэний хэрэгт тус газар нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны 8 дугаар байрны Сууц өмчлөгчдийн холбоо-ны дарга Д.Ядгайчойнд болон тус газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ын дарга Э.Бат-Эрдэнэ нар хууль бусаар цахилгааны ерөнхий щит өөр газар байрлуулан зөөлгөх шийдвэр гаргасан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны ... дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор хариуцагч Д.Д, Л.Б нарт 9 дүгээр орцны ерөнхий самбарын гал хамгаалагч халсан байгааг солих үүргийг Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ын цахилгааны инженер Д.Загдсүрэн өгсөн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 1524 дугаар магадлалын дүгнэлтээр Д.Д, Д.Б нар ...ажлын байрны тодорхойлолтод заасан үндэслэл үйл ажиллагааны хүрээнд Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хорооны 8 дугаар байрны шитийг шилжүүлэн зөөх ажлыг хийх явцдаа цахилгааны холболтыг салгасан үйлдлийн улмаас нэхэмжлэгч Г.Х-ийн эрүүл мэндэд гэм хорын хохирол болгоомжгүйгээр учруулсан... гэж заасан. Түүнчлэн О О нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн тайлбартаа Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ны ажилчид хувийн ажил хийж байгаад бусдад гэм хор учруулсан гэж тайлбарласан байх боловч тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 00847 дугаар шийдвэрээр дээрх нөхцөл байдлыг хариуцагч баримтаар нотлоогүй байна хэмээн дүгнэсэн. Хариуцагч Э.Б нь Г.Х-ийн гомдолтой эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд огт оролцоогүй бөгөөд дээрх шүүхийн шийдвэр, магадлалд зааснаар Э.Б нь бусдад гэм хорын хохирол учруулаагүй болох нь харагдана. Нэхэмжлэгч нь хариуцагчаар Э.Б, хамтран хариуцагчаар Д.Д, Д.Б нарыг тодорхойлсон байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт зааснаар хохирлын хэмжээг хариуцагч тус бүрээр тодорхойлоогүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ахлах менежер Э.Бээс цахилгаанчин Д.Д, Д.Б нарт үүрэг даалгавар өгсөн ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтыг хавсаргаагүй, түүнийг гэрээ болон журамд заасан ямар үүргийг зөрчсөнөөс хохирол учруулсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381 558 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг, хариуцагч Э.Б нь бусдад гэм хор учруулаагүй тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцан төлөх үндэслэлгүй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Тухайн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цахилгааны щитийг зөөхдөө цахилгааны холболтыг буруу хийгээд хүний биед хохирол учруулсан асуудал яригдаад байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараас тухайн цахилгааны щитийг Д.Д болон Д.Б нар зөөсөн гэдэг нь тодорхой байна. Э.Бийн зүгээс үүрэг даалгавар өгсөн гэж ярьж байгаа ч энэ талаараа нотолсон баримт огт байхгүй байна. Энэ цахилгааны асуудалтай холбоотой эрүүгийн болон иргэний маргаанууд өмнө нь шийдэгдсэн. Тэгэхээр нэгэнт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоод чиглэл үүрэг даалгавар өгсөн хүнээ н.Загдсүрэн болохыг үндэслэх хэсэгтээ бичсэн байна. Энэ нэхэмжлээд байгаа 45 000 000 төгрөгийн хохирлыг Э.Бээс шаардаж авахын тулд хэд, хэдэн урьдчилсан нөхцлүүд байх ёстой. Энэ юу вэ гэвэл эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг хүлээлгэхийн тулд тухайн ажилтан нь өөрөө хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргасан байх ёстой. Хууль бус үйлдэл, эс үйлдэл гаргасан болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон байх ёстой. Гэтэл Э.Бийг ийм хууль бус чиглэл өгсөн, хууль бус үйлдэл гаргаж ажил олгогчийн эд хөрөнгөд хохирол учруулсан, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан талаарх шүүхийн шийдвэр байхгүй байна гэдгийг хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдана. Мөн тухайн ажилтны буруутай үйлдэл нь ажил олгогчид хохирол учруулсантай шалтгаант холбоотой байх ёстой. Гэтэл энэ урьдчилсан нөхцөл хангагдаагүй байна. Хариуцагч нар Э.Б үүрэг даалгавар өгсөн учраас бид нар хийсэн гэсэн. Гэтэл энэ хүмүүс өөрсдөө нас биед хүрсэн, бие дааж, шийдвэр гаргах чадвартай хүмүүс байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.1-т ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх үүрэгтэй гэж заасан байдаг. Энэ хүмүүс маань өөрсдөө ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж явдаг. Бусдын эрүүл мэндэд хохирол учруулахаар байна уу гэдгийг нарийвчлан тогтоох ёстой. Лифт дотор зорчигч байгаа эсэхийг өөрсдөө тогтоох ёстой. Мөн Э.Бээс үүрэг даалгавар өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна. н.Загдсүрэн гэдэг хүнээс үүрэг даалгавар өгсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа дэвтэр дээр бичигдсэн байгаа. Иймд дээрх үндэслэлүүдээс Э.Б үүрэг даалгавар өгсөн гэдэг нь тогтоогдохгүй байгаа учраас Э.Бт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Дий итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Д.Бийн өмгөөлөгч С.Төмөрбаатар хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Д.Д нь 2009 оны 3 дугаар сараас эхлэн тус О О-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-д цахилгаанчнаар ажилд орсон. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өглөө Д.Д 24 цагаар ээлжинд гарсан. н.Пүрэвжаргал болон н.Батсайхан гэдэг хоёр хүмүүстэй хамт 24 цагийн ээлжинд гараад 2017 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 09 цагт ажлаасаа буусан. Ажлаасаа буугаад байж байх үед нь тухайн Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15 салбарын ахлах инженер Э.Б дуудаж Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны 9 дүгээр орцонд байгаа 00 тоот өрөөний цахилгааны щитийг салгаад, зөөж байрлуул гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Энэ үед өдрийн дуудлагын цахилгаанчин Д.Бийг мөн дуудаж ирүүлээд энэ хоёр хүнийг тус цахилгааны щитийг салгаад, зөөж байрлуул гэж үүрэг даалгавар өгсөн. Түүнийх нь дагуу энэ хоёр хүн тус газарт очиж Д.Д нь тухайн 8 дугаар байрны 9 дүгээр орцонд байгаа 00 тоот өрөөний цахилгааны ерөнхий щитийг салгасан. Д.Д салгасан. Салгахдаа Д.Бийг чи энэ 9,10,11,12 гэсэн дөрвөн орцны лифт, цахилгаанууд салж уу, үгүй юу гэдгийг шалгаад ир гэж явуулаад өөрөө энийгээ салгасан байдаг. Гэтэл 8 дугаар байрны 12 дугаар орцонд лифт гацаад гэмтэл гарсан гэсэн асуудал бий болж ингээд энэ ажил зогссон. Тухайн үед щитээ зөөж чадаагүй. Энэ үеэс хойш Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж эхэлсэн. Цахилгаанчин Д.Д болон Д.Б нар цагдаагийн байгууллагаар шалгагдсан. Хэн ийм үүрэг өгсөн бэ гэсэн асуудал яах аргагүй яригдах ёстой. Хэргийн материалтай танилцахад н.Загдсүрэн гэдэг цахилгааны инженер үүрэг өгч 8 дугаар байрны 9 дүгээр орцны 00 тоот өрөөний цахилгааны щитийг зөөх үүрэг өгсөн гэж яригддаг. Д.Д болон Д.Б нар ярихдаа цахилгааны инженер н.Загдсүрэн гэдэг хүнээс үүрэг аваагүй. Ахлах инженер Э.Б гэдэг хүнээс үүрэг авсан гэж тайлбарладаг. Ажлын байрны тодорхойлолтоор цахилгаанчид нь Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ын захирал, ахлах инженерт ажил үүргийнхээ хуваариараа хамаарагдаж, өгсөн үүрэг даалгаврынх нь дагуу ажлыг гүйцэтгэдэг. Эндээс харахад цахилгааны инженер бол ийм ажил үүрэг өгдөг хүн биш байна. Ингээд цахилгааны щит тасалснаас болж 12 дугаар орцны лифт дотор байсан хүнд гэмтэл учирч хохирол, эмчилгээний зардалд 45 000 000 төгрөг гарсан. Энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлээд 45 103 336 төгрөгийг О О-аас гаргуулахаар болсон байна. Д.Дий буруутай үйлдлийн улмаас ийм асуудал болоогүй гэж үзэж байна. н.Загдсүрэн гэдэг инженер бол өөрийнх нь нийт дуудлагын цахилгаанчдыг удирдаж хуваарилдаг. 1 дүгээр хорооллын бүх орон сууцнуудыг щитүүдийг хуваарилсан байсан. Яг энэ 8 дугаар байр бол Д.Б болон Д.Д нарын харьяалагдах щит биш юм. Энэ байр бол н.Ганбаяр гээд цахилгаанчинд харьяалагддаг. Гуравдугаарт Түлш, эрчим хүчний сайдын 2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 104 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт гэж байдаг. Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм гэж бий. Энэ дүрмийн 1.2.5-д зааснаар гэрээгээр цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт хариуцдаг болон техникийн үйлчилгээ, угсралт, засвар, тохируулга зүгшрүүлэлт, туршилт, хэмжилт хийдэг аж ахуйн нэгжийн хүмүүс нь тогтоосон журмын дагуу мэдлэгийн шалгалт өгч, цахилгааны аюулгүй ажиллагааны групп авсан байна гэж заасан байна. Өөрөөр хэлбэл заавал сургалтад хамрагдаж мэргэжлийн үнэмлэх авсан байх ёстой. Мөн 1.2.7-д зааснаар цахилгааны аж ахуй хариуцагч болон түүний орлогчийг мэргэжлийн шалгалт өгч, цахилгааны аюулгүй ажиллагааны зохих групп авсны дараа томилно гэсэн байна. Энэ хариуцагч нарын хувьд ийм шалгалт огт өгч үзээгүй. Ямар ч үнэмлэх байхгүй. Зөвхөн саяхан 2020 оны 9 дүгээр сард тэр мэргэжлийн шалгалтаа өгч эрхээ авсан. Тэгэхээр групп аваагүй хүмүүсээр энэ ажлыг хийлгүүлсэн болж таарч байгаа юм. Мөн О О-аас өөрсдийнх нь гаргасан Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ын Үйлчилгээ, үйл ажиллагааны стандарт гэж байдаг. Энэ стандарт дотор орон сууц цахилгааны удирдах төвийн удирдах, үйл ажиллагааны заавар гэж байдаг. Тэр зааврын 6-д зааснаар 1000 вольтын цахилгааны байгууламжид ганцаараа үйлчлэх хүн 3 дугаар групптэй байх ёстой гэж өөрсдөө журам дээрээ заагаад өгчихсөн. Гэсэн хэрнээ огт групп аваагүй хүмүүсийг өөрсдийнх нь ажлын бус газар нь үүрэг өгч ажиллуулсан байна. Тухайн үедээ энэ 00 тоотын өрөө нь Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ийн ажилчдынх нь хувцасны өрөө байсан. Тэр дотор ерөнхий щит байдаг. Гэтэл яг энэ хэрэг гарснаас хойш 4 хоногийн дараа Э.Бийн төрсөн дүү Э.Эрдэнэбулганд энэ байрыг шилжүүлээд, энэ байрыг эзэмшигч нь болсон. Тэр 2017 оны 10 дугаар сарын 20-ны өглөө бол Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-д ямар нэгэн дуудлага ирээгүй. Дуудлага ирээгүй байтал тэр дуудлагын дэвтэр дээр н.Энхчимэг гэх инженер гал хамгаалагч шатсан, солих шаардлагатай гэсэн зааварчилгааг өгч энэ хоёр цахилгаанчдыг авч ажиллуулсан тухай маргааш өдөр нь буюу 2017 оны 10 дугаар сарын 21-ний өглөө н.Загдсүрэн гэх инженерийн өгсөн үүргийн дагуу нөхөж бичиж өгсөн байдаг. Тэрнээс биш 20-ны өдөр ямар ч дуудлага ирээгүй. Тэр чинь ажилчдынх нь хувцас сольдог өрөө болохоос биш байр биш юм. Тэгэхээр дуудлага ч ирээгүй. Ийм нөхцөл байдлуудаас болж Д.Д ажилласан байдаг. Тэгэхээр энэ байгууллага болон ахлах инженерийн буруу учраас энэ асуудлыг Д.Д хариуцахгүй гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Т.Сайнзаяа шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч тал хэн буруутай талаар дүгнэлт гараагүй байхад бид нар ингээд төлсөн, 2 жил мэдээгүй байж байгаад мэдсэн гээд байдаг. Дээд удирдлагадаа мэдэгдэх үед нь тэр ахлах инженер Э.Б нь нуун дарагдуулсан юм шиг яриад байгаа юм. Тэгэхээр би тэр Э.Б болон нэхэмжлэгч талыг буруутай гэж үзэж байна гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар нэхэмжлэгч О О-ын хариуцагч Д.Д, Д.Б, Э.Б нараас гэм хорын хохиролд 45 103 336 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 383 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Мэндбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгч нь Э.Б, Д.Д, Д.Б нарын тухайн үөийн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00847 дугаар шийдвэрт ...Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 65 дугаар прокурорын тогтоолоор Д.Д, Д.Б нар 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 12 дугаар орцны цахилгаан щитэнд засвар үйлчилгээ хийхээр цахилгаан эрчим хүчийг таслахдаа тухайн орцны лифтчинд цахилгаан таслах талаар мэдэгдэж хамт байлцуулаагүй, тэнд зорчигч байгаа эсэхийг шалгаж үзээгүй лифтний хүчдэлийг шууд тасалсан ба хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Г.Х-ийн эрүүл мэндэд бүсэлхийн 5-р нугаламын үеийн хоорондох хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь хэрэгт авагдсан эрүүгийн шинжээчийн дүгнэлт, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 65 дугаар тогтоол, 2018 оны 60 дугаар тогтоол, 2019 оны 5 дугаар тогтоол, зохигчдын хуулбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна. Өөрөөр хэлбэл ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэжээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1524 дугаар магадлалд ...Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч Г.Х нь албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас осолд орж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан, энэхүү гэм хорын хариуцлагыг гэм хор учруулсан этгээд болох Д.Д, Д.Б нарын ажил олгогч Орон сууц нийтийн аж ахуйн газар О хариуцах талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна гэжээ. Үүнээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Тухайлбал Д.Д, Д.Б нар бусдад гэмтэл учруулсан нь тогтоогдсон ба тухайн үед үүрэг өгч ажиллуулсан, щит байрласан өрөөг төрсөн дүүдээ авч өгсөн албан тушаалтан нь Э.Б тодорхой тайлбар мэдүүлэг баримтаар тогтоосон байхад нэхэмжлэлийн шаардлагаа нотлохгүй байна гэсэн дүгнэлтээр нэхэмжлэл хэрэгсэхгүй болгож шийдвэр гаргасныг зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч О О нь хариуцагч Э.Б, Д.Б, Д.Д нарт холбогдуулан байгууллагад учирсан хохиролд 45 103 336 төгрөгийг хариуцагч Д.Д, Д.Б нараас тус бүр 15 000 000 төгрөг, хариуцагч Э.Бээс 15 103 336 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид гэм хорыг арилгасан байгууллагад учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс гаргуулах асуудлаар маргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...ажил олгогч байгууллага хариуцагч Д.Д, Д.Б, Э.Б нарын буруутай үйл ажиллагааны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу хохирогч Г.Х-ийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг төлж барагдуулсан тул хөдөлмөрийн гэрээний дагуу байгууллагад учирсан хохирлыг тус газрын ахлах инженер Э.Б, цахилгаанчин Д.Д, Д.Б нараас гаргуулна гэж,

хариуцагч Д.Д, Д.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...бид ахлах инженер Э.Бийн амаар өгсөн үүрэг даалгаврын дагуу цахилгааны щитийг зөөхөөр тогийг тасалсан гэж, хариуцагч Э.Б ...хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхдаа ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, учирсан гэм хорын хариуцлагатай ямар шалтгаант холбоотой болох нь ойлгомжгүй, хариуцагч Д.Д, Д.Б нарт өгсөн үүрэг даалгавар байхгүй гэж тус тус маргасан байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.

Хариуцагч Д.Д, Д.Б нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 тоот тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж талууд тайлбарлажээ.

Хэрэгт О О-ын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1/285 тоот албан бичгээр Э.Бийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст шалгуулах тухай өргөдөл гаргасан, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 786 тоот тогтоолоор цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгаас 2021оны 5 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн эрүүгийн 210800836 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хаасан гэсэн бичгийн баримтууд авагдсан байна. /хх.103, 182-183/

Дээрх тогтоолд ...хариуцагч Э.Б, Д.Б, Д.Д нарт холбогдох гэм хорын хохиролд 44 721 778 төгрөг гаргах иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, Э.Б хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан биш болох нь түүний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдсон байна гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн байна. Уг тогтоолоор О О-ын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1/285 тоот албан бичгээр Э.Бийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй байж болзошгүйг шалгуулахаар явуулсан агуулгыг тодруулсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Э.Б, Д.Д, Д.Б нарын ямар буруутай үйл ажиллагааны улмаас хохирогч Г.Хд гэм хор учирсан гэдгийг тодруулаагүй байна. Тухайлбал, шүүх О О-т холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт энэ хэргийн хариуцагч Э.Бийн ямар гэм буруутай үйлдэл болон эс үйлдлээр бусдад хохирол учирсан талаар дүгнээгүй байна. Өмнө нь нэхэмжлэгч байгууллагаас бусдад учруулсан хохирол төлөх тухай шүүхийн шийдвэрийг Э.Бт холбогдуулан гаргаагүй иргэний хэргийн шийдвэрийн энэ маргаанд хамааруулан дүгнэсэн нь буруу болжээ.

Шүүх зохигчдын талуудын маргааны үйл баримт, эрх зүйн харилцааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг оновчтой, зөв хэрэглэж, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, шүүх хурлаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан эрх зүйн үнэлэлт дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэдэг.

Талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг шүүх тодруулаагүй, хууль хэрэглээний асуудлаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй учраас давж заалдах шатны шүүхээс хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2021/01868 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талын төлсөн 383 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Ц.ИЧИНХОРЛОО