Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/543

 

 

 

 

 

2024              05            09                                       2024/ДШМ/543            

 

Н.У-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогч Д.Э-гийн өмгөөлөгч Ж.Должинсүрэн, П.Одонтунгалаг,

шүүгдэгч Н.У-а, түүний өмгөөлөгч Б.Ургамалцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/156 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Э-, түүний өмгөөлөгч Ж.Должинсүрэн нарын хамтран гаргасан болон шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч Б.Ургамалцэцэгийн гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.У-ад холбогдох 2205011981977 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

У,

Шүүгдэгч Н.У-а нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жагаас” лоунжид Д.Э-тай маргалдаж, толгой хэсэгт нь цохих, үсдэх, дарж унах зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч У-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өөрийн байнга оршин суудаг газар болон тодорхой ажиг хөдөлмөр эрхэлдэг газраас өөр газар зорчихыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.У-аас нийт 1.531.959 /нэг сая таван зуун гучин нэгэн мянга есөн зуун тавин ес/ төгрөг гаргуулан хохирогч Д.Э-д олгож, хохирогч Д.Э- гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.У-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Э-гийн өмгөөлөгч Ж.Должинсүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.У-ын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар дүгнэлт хийхдээ..., Н.У-а тухайн үед Д.Э-гийн гутлын өсгийг модон шалны засвар гацсан гэдгийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бөгөөд Н.У-а түүнтэй зууралдах явцад Д.Э-гийн дээр давхралдан унасны улмаас болгоомжгүйгээр эрүүл мэндэд нь баруун шилбэ, тавхайн цус хуралт болон тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулжээ гэж үзсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Н.У-а болон хохирогч Д.Э- нар зууралдах явцдаа давхралдан унасан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй. Хэрэг учрал болсон газар болон цаг хугацаанд шүүгдэгч Н.У-а болон түүний нөхөр гэрч Т.Т-, Д.О-, хохирогч Д.Э- гэсэн 4 хүнээс өөр хүн байгаагүй бөгөөд уг 2 гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэгт зууралдаж унасан талаар огт байдаггүй. Шүүгдэгч Н.У-а болон түүний нөхөр гэрч Т.Т- нар “Жагаас” лоунжийн гадна шүүгдэгч, хохирогч хоёрыг давхралдан унаагүй гэж удаа дараа мэдүүлдэг. Харин гэрч Д.О- “...Тэгсэн гэнэт У-а эгч чи миний хүүхдүүдийг хараадаг хэн бэ гэж орилсон. Намайг эргэж харахад У-а эгч Э-гийн дээр хувцасны хэсгээс нь зүүн гараараа заамдаад баруун гараараа зүүн чихний арын үснээс татаад дээр нь дарж унасан талаар...” гэж харсан зүйлээ маш тодорхой хэлсэн байгаа нь Д.У-а гэнэт хохирогч руу дайрч заамдаж, үсдэж дарж унагаасан нь шууд санаатай үйлдэл болохыг нотолдог. Энэ үйл баримт нь улсын яллагчийн яллах дүгнэлттэй тохирдог. Гэрч Д.О-, хохирогч Д.Э- нарын удаа дараагийн тогтвортой мэдүүлэгт Н.У-атай зууралдсан талаар огт байдаггүй. Анхан шатны шүүхээс зууралдсан үйл баримтыг ямар нотлох баримтыг үндэслэн тогтоогдсон гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Анхан шатны шүүхээс зууралдаж унасан гэж үзэж байгаа бол гэрч Д.О- болон хохирогч Д.Э- нарын тодорхой өгсөн мэдүүлгийг няцааж үгүйсгэсэн үндэслэлээ заасангүй. Эцэст нь зууралдах гэдэг хүний хүчний үйлдэл бөгөөд хүний эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг халдаж байгаа үйлдэл. Тэгвэл хэн түрүүлж зууралдсан бэ гэвэл шүүгдэгч эхэлж хохирогчийн биед халдаж өөрийн идэвхтэй, санаатай үйлдлээ үргэлжлүүлэн хөнгөн, хүндэвтэр гэмтлүүдийг учруулсан. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д хохирогч Д.Э-д 1.531.959 төгрөг гаргуулахаар шийдсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх тухай заагаагүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар хуулийг ноцтой зөрчсөн. Н.У-а нь хохирогчийн биед халдан эрүүл мэндэд хохирол учруулаагүй бол түүнд өмгөөлөгч авч, хөлс төлөх ямар ч шаардлага байгаагүй. Хохирогч өмгөөлөгчдөө 1.500.000 төгрөг өгсөн болох баримтаа өгсөөр байхад нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хохирогчийн өмгөөлөгчид төлөх зардал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахаар заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэм буруутай болохыг шүүх тогтоовол зардлыг түүнээс гаргуулахаар, зардал гарсан нь тогтоогдсон тул өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөгийг гаргуулах нь хуульд нийцэж байна. Иймд шүүгдэгч Н.У-а нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд бөгөөд гэмт үйлдэлдээ идэвхтэй, ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Д.Э-гийн өмгөөлөгч Ж.Должинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.У-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан талаар дүгнэлт хийхдээ Н.У-а тухайн үед Д.Э-гийн гутлын өсгий модон шалны завсар гацсан гэдгийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бөгөөд зууралдах явцдаа Д.Э-гийн дээр давхралдаж унасны улмаас болгоомжгүйгээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч Н.У-а болон хохирогч Д.Э- нар зууралдах явцдаа давхралдан унасан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй. Хэрэг учрал болсон газар болон цаг хугацаанд шүүгдэгч Н.У-а болон түүний нөхөр гэрч Т-, О-, хохирогч Э- гэх 4 хүнээс өөр хүн байгаагүй. Уг хоёр гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэгт зууралдаж унасан талаар үг, өгүүлбэр хэлээгүй байдаг. ...Н.У-а гэнэт хохирогч руу дайрч, үсдэж, дарж унагаасан үйлдэл нь санаатай болохыг хангалттай нотолдог. Энэ үйл баримтыг прокурор яллах дүгнэлтдээ дурдсан. Хэрвээ шүүхээс зууралдсан гэдэг нь нотлогдож байна гэж байгаа бол Э-, О- нарын мэдүүлгийг хэрхэн яаж үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байдаг. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад шүүгдэгчээс 1.531.959 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд барагдуулахыг заагаагүй. Мөн өмгөөлөгчтэйгөө байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон 1.500.000 төгрөгийг төлсөн баримтаа өгсөөр байтал шүүх нотлох баримтаа бүрдүүлээд жич нэхэмжлэх эрхтэй байдлаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

Шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч Б.Ургамалцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх Н.У-ад холбогдох хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бодитоор дүгнэж чадаагүй, прокурорын зүгээс түүнийг буруутгасан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох...” Хэргийн бодит байдлыг нотлохын тулд ... хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох...” зэрэг зарчимд нийцээгүй байхад тэдгээрийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14, 16.15 дугаар зүйлд нийцээгүй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд Нотолбол зохих байдалтай холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд тус зүйлийн 1.1 дэх заалтад “...гэмт хэрэг гаргасан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/...”-г нотолсон байхыг шаардсан. Энэ хэргийн тухайд хэрэг “хаана”, “яаж” үйлдэгдсэн байдлыг тогтоож чадаагүй. Тодруулбал, хохирогч Д.Э- шүүгдэгч Н.У-атай барьцалдаж, давхралдан унах үед гарсан гэж мэдүүлдэг. Давхралдан унасан гэх үйл явдал хаана болсныг тогтоох нь хохирогчид учирсан гэмтэл ийнхүү давхарлан унах үед үүссэн үү? эсхүл Н.У-а болон Т.Т- нарын мэдүүлснээр Б.О- нар давхралдан унах үед үүссэн үү?. Гэрч Т.Т-ын шүүх хуралдаанд өгсөн Б.О- болон хохирогч Д.Э- нар гарч яваад Жагаас лоунжаас гарч явахдаа ямар нэгэн гэмтэл аваагүй байсан гэж мэдүүлдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа энэ байдлыг тодруулах хүсэлт гаргасан боловч хохирогч “хаана”, “яаж” гэмтэл авсан талаар тогтоосон баримт хэргийн материалд байхгүй. Хэрэгт авагдаад байгаа хохирогч гэх Д.Э-, түүний танил гэрч Б.О-, шүүгдэгч Н.У-а, түүний нөхөр гэрч Т.Т- нарын мэдүүлгээс өөр “хохирогчийн хөл хаана хугарсан” байж болохыг нотлох баримт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээр дурдсан хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг нь нотлох баримтын хувьд адил хүчин чадал бүхий нотлох баримтууд юм.

Шүүгдэгч Н.У-а, гэрч Т.Т- нарын мэдүүлгээр “...Д.Э-, Н.У-а нар Жагаас лоунжийн дотор барьцалдаж, давхралдан унасан” гээд өөр, өөр байршлыг заадаг.

“Д.Э-, Н.У-а нар хаана барьцалдаж, давхралдан унасан”-ыг тогтоосноор шүүгдэгч Н.У-а, гэрч Т.Т- болон хохирогч Д.Э-, гэрч Б.О- нарын хэнийх нь мэдүүлэг бодит байдалд нийцсэн үнэн зөв мэдүүлэг болохыг тогтоох учиртай байсан. Мөн гэрч Т.Т-ын мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэлгүй. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Заяа гэх хүнээр ахлуулсан бүрэлдэхүүн гэмтлийн эмнэлэг болон хэрэг гарсан гэх Жагаас лоунжид очсон байдаг. Хэргийн газрын үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийгээгүй, дуудлагаар очсон цагдаагийн ажилтнууд камераар зураг авсан гэдэг боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу үзлэг хийгээгүй болох нь хэрэгт агдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Өмгөөлөх талаас хохирогч болон гэрч Б.О- нар мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үздэг бөгөөд энэхүү үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гарган өгч, шинжлэн судлуулсан боловч шүүх энэхүү нотлох баримт болон өмгөөлөх талын үндэслэлийг үгүйсгэсэн, няцаасан үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй.

Өмгөөлөгч миний зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмчийг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй. Хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээч эмчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ирээгүй гэх шалтгаанаар түүнийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар тус хуулийн 35.14-т заасныг зөрчсөн нь шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болдог. Анхан шатны шүүх шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн атлаа түүнийг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “...Талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн гэрчийг дуудан ирүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэдүүлэг авна...” гэснийг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус хуулийн 35.14 дүгээр зүйл нь шинжээчид нэгэн адил хамаарна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн газарт нэгэнт үзлэг хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байдлыг нэг мөр тодорхой болгохын тул хохирогч Д.Э-гаас хэрэг гарсан өдөр өмсөж явсан гутлын талаар буюу 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 118 дугаар Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсан хохирогчид учирсан хохирлын нөлөөллийг тогтоохын тулд гутлын өсгийг тодруулахад хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэг өгөхдөө “...өсгийтэй гутал Жагаас лоунжийн гадна талд шатны завсар гацсан байх...” гэж мэдүүлсэн бөгөөд гутлын өсгийн өдрийг асуухад “...6-7 см орчим өндөр хавар намрын гутал байсан, гутлын өсгий шатны завсар гацсан гэж бодож байна...” гэх мэдүүлгийг өгсөн. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн оролцоогүйгээр хохирогч өөрөө согтууруулах ундаа хэрэглэж, өөрийн биеэ хянах чадваргүй байх үедээ унаж, бэртсэний улмаас хүндэвтэр хохирол учирсан байж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдүүлсэн. Мөн хохирогч Иргэний хуульд заасны дагуу гэм хорын хохирол нэхэмжлэхэд шүүх шүүгдэгч Н.У-ыг хохирогчийн толгойд гэмтэл учруулсан гэж буруутгаж байгаа хэдий ч хохирогчийн биед учирсан хүндэвтэр хохирлыг улмаас хэрэглэсэн эм, тарианы зардлыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх хэргийг хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт буруутгах үндэслэлгүй гэж үзсэн байтал хохирогчид учраад байгаа хохирлыг бүхэлд нь шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газарт үзлэг хийлгэх, камерын бичлэгийг нотлох баримтаар авхуулах талаар хүсэлтийг удаа дараа гаргасан боловч тухайн хүсэлтийн дагуу ажиллагаа хийгээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч эмчийн гаргасан дүгнэлтэй холбогдуулан шинжээч эмчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулахыг хүссэн боловч мөн л шүүх тухайн хүсэлтийн дагуу шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй. Шинжээч эмч шүүх хуралдаанд оролцсоноор хохирогчийн биед учирсан гэмтэл учрахад нөлөөлөх хүчин зүйлсийг нарийн тодруулах шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл прокурорын зүгээс хэт нэг талыг баримталж, хуульд заасны дагуу цагаатгах нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Шүүх улсын яллагчийн дүгнэлтэд тулгуурлан шүүгдэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан. Дээр дурдсан тайлбар үндэслэлүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Н.У-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Д.Э-гийн өмгөөлөгч П.Одонтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууль зүйн шаардлагыг хангаагүй. Энэ үйл баримт У-а, Т-, Э-, О- гэсэн 4 хүний хооронд болсон байдаг. У-а, Т- нар нэг гэр бүлийн хүн, О- гэр бүлийн хамааралгүй хөндлөнгийн гэрч. Хөндлөнгийн байр сууринаас гэрч Т-, О- нар хэргийг нотолдог. Энэ хэрэг дээр шүүхээс “зууралдаж” гэж дүгнэсэн. Гэтэл гэрч О-ын мэдүүлэгт “намайг эргээд харахад Э-гийн хувцасны хоолой хэсгээс зүүн гараараа заамдаад баруун гараараа зүүн чихний арын үснээс нь татаад дээрээс нь унаж байсан” гэдэг. Ямар үйл баримтыг “зууралдсан” гэж дүгнээд байна вэ. Үндсэн хуульд заасан хүний халдашгүй байх эрх чөлөөнд халдсан үйл баримтыг гэрч болон хохирогч нар мэдүүлгээ зөрүүгүй өгсөн байхад зууралдсан гэж, мөн гутлын өсгий гацсан байхад зууралдах явцдаа хохирол учруулсан гэж дүгнэсэн. Гутлын өсгий гацсан үйл явцад хүчний үйлчлэл үзүүлж байгаа субъектив санаанд нь дүгнэлт өгөх ёстой байсан. Шүүгдэгч, хохирогч нарын зан харилцааны өрнөл, үйлдэл, үр дагавар, хохиролтой шалтгаант холбоо ямар байгаа юм бэ гэдгийг шүүх цогцоор нь дүгнэх ёстой. Гацсан байсныг У-а мэдээгүй байж болно. Эхлээд болгоомжгүйгээр гэмтэл учруулаад харин болгоомжгүй гэмтэл учруулсны дараа санаатай хөнгөн хохирол учруулсан гэдэг. Үнэхээр болгоомжгүй байсан бол хохирол учруулсныхаа дараа эргүүлээд үсдээд байгаа үйлдэл чинь тухайн хүний халдашгүй байдалд халдсан субъектив санаа зорилгыг тодорхойлж байна. Эрүүл мэндэд учирсан хохирлыг болгоомжгүй юу, санаатай юу гэдгийг ялгахын тулд  санаа зорилгоор ялгана. Санаа зорилго нь эхлээд болгоомжгүй байсан. Сүүлдээ санаатай болсон гэх шүүхийн дүгнэлтийг юу гэж ойлгох юм бэ. Хохирогч Э- мэдүүлэхдээ “би Т-тай маргалдаад  байж байхад У-а шууд ирээд чи миний хүүхдүүдийг хараалаа гээд довтолсон” гэдэг. Довтолгоон эхлүүлсэн бол уг гэмт хэргийг болгоомжгүй гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй. Уур хилэнгээ дарахын тулд хүний эрүүл мэндийн эсрэг чиглэсэн үйлдэл хийсэн байхад үүнийг нь болгоомжгүй гэмт хэрэг гэж дүгнэж байгаа шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Цаг хугацааны хувьд шатнаас уналаа дараа нь зодуулсан. Шатнаас унасныг нь болгоомжгүй гэж дүгнэсэн. Нэг л цаг хугацаанд өрнөөд байтал нэг үйлдлийг нь болгоомжгүй, нөгөө үйлдлийг нь санаатай гэж дүгнэсэн нь эргэлзээтэй. Өсгий гацсан байхад хүнийг унагааж байгаа үйлдэл нь өөрөө субъектив санаа зорилготой байсан. Санаатай хохирол учруулсан байхад үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.   

 

Шүүгдэгч Н.У-а тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэрэгтэй холбоотойгоор хөдөлшгүй нотлох баримтыг прокурорын зүгээс бүрдүүлээгүй. О-, Т-, Э- гэх хүмүүсийн мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Гэрч Т-ыг миний нөхөр гэдэг утгаар нь мэдүүлгийг нь үнэлээгүй болохыг ойлгохгүй байна. Уг хэргийг үйлдээгүй байж хоёр жилийн хугацаанд хэрэгтэн болоод шүүхээр явж байгаад гомдолтой байх тул намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.У-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Д.Э-, түүний өмгөөлөгч Ж.Должинсүрэн нарын хамтран гаргасан болон шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч Б.Ургамалцэцэгийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд Н.У-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Прокуророос шүүгдэгч Н.У-ыг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жагаас” лоунжид үл ойлголцол, хэрүүл маргааны улмаас Д.Э-тай маргалдаж, толгой хэсэгт нь цохих, үсдэх, дарж унах зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...Шүүгдэгч Н.У-а, хохирогч Д.Э- нар 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жагаас” лоунжид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Энэ үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар тус лоунжны гадна талбайн модон шалны засвар Д.Э-гийн өмсөж явсан гутлын өсгий гацсан байх ба энэ үед Н.У-а, Д.Э-тай зууралдах явцдаа түүний дээр давхралдан унасны улмаас болгоомжгүйгээр Д.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, ...тодруулбал Н.У-а тухайн үед Д.Э-гийн гутлын өсгийг модон шалны завсар гацсан гэдгийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бөгөөд Н.У-а түүнтэй зууралдах явцад Д.Э-гийн дээр давхралдан унасны улмаас болгоомжгүйгээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулжээ. ... Харин хэрэгт авагдсан хохирогч Д.Э-, гэрч Б.О- нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102 дугаартай “...тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр шүүгдэгч Н.У-а нь хохирогч Д.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна. ...” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.У-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгон өөрчлөн шийдвэрлэсэн байна.

 

Ийнхүү анхан шатны шүүх “...Н.У-а тухайн үед Д.Э-гийн гутлын өсгийг модон шалны завсар гацсан гэдгийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бөгөөд Н.У-а түүнтэй зууралдах явцад Д.Э-гийн дээр давхарлдан унасны улмаас болгоомжгүйгээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулжээ. ...” гэх дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, Н.У-ад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэхдээ хохирогч Д.Э-гийн “...миний өмссөн өсгийтэй гутал модон шалны завсраар ороод гацчихсан зогсож байгаад У-а руу харахад У-а намайг өмсөж байсан куртикээр хоолой заамдсан. Тэгэхээр нь салгах гээд өөрийнхөө хувцаснаас зуурахад хөл гацсан байсан тул хөдлөхгүй миний дээрээс унасан. Тэгээд баруун хөлийн шилбэ хэсгээр маш хүчтэй өвдсөн. У-а миний гацсан баруун хөл дээр гишгэсэн байх гэж бодож байна. ...” /1хх 14-16/, гэрч Б.О-ын “...У-а эгч Э-гийн дээр хувцасны хоолой хэсгээс нь зүүн гараараа заамдаад баруун гараараа зүүн чихний ар хэсгийн үснээс татаад дээр нь унаж байсан. ...Т- намайг тэврээд явуулахгүй байсан. ...У-а эгч орилоод заамдаж дээрээс нь дарж унасан, тэгээд баруун хөл нь шилбээрээ хугарсан. ...” /1хх 19-21/, гэрч Т.Т-ын “...гараараа хувцаснаас нь татахад Э- газар унахад эхнэр дээрээс нь давхралдаж унасан. ...” /1хх 29-31/, Н.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...гал тогооны хаалганы гадна талд би Э-гийн энгэрээс зуурсан чигээрээ унасан, тухайн үед Э- өсгийтэй гуталтай байсан учир хальт гишгэсэн байх, би энгэрээс нь заамдсан байдалтай унасан.  ...” гэсэн мэдүүлгүүд, “...Д.Э-гийн биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэ, тавхайд цус хуралт, тархи доргилт гэмтэл, баруун шаант ясны хугарлыг засах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4501 дүгээр дүгнэлт /1хх 34-35/, “...Д.Э-гийн биед учирсан баруун шилбэ, тавхайн цус хуралт нь шаант болон тахилзуур ясны хугаралтай хамт нэг хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх ба гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь үснээс татах үед үүсэхгүй, газарт толгойгоороо унах үед тархи доргилт гэмтэл нь үүсэх боломжтой ба шилбэ, тавхайн гэмтэл нь тухайн хэсэг газарт хүч үйлчлэх үед үүссэн. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102 дугаар дүгнэлт /2хх 152-154/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг тусгана.” гэж заасныг зөрчсөн байна.

 

Өөрөөр хэлбэл, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Н.У-а, Д.Э- нар нь хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан Д.Э-гийн гутлын өсгий шалны завсар гацсан байхад Д.У-а түүн рүү дайрч хувцсаар нь хоолойг боож заамдан дарж унаж Д.Э-гийн эрүүл мэндэд баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэ, тавхайд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан үйлдлийг давхралдан унах үедээ болгоомжгүйгээр Д.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн зүгээс хохирогч руу довтлохдоо хувцаснаас нь зуурах, заамдах зэргээр хүч хэрэглэснээс тэнцвэр алдан унагаасан үйлдэл нь шууд санаатай үйлдэл бөгөөд үүний улмаас хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн хууль бус үйлдэлтэй шалтгаан холбоотой гэж үзнэ.

 

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Д.Э-, түүний өмгөөлөгч Ж.Должинсүрэн нарын хамтран гаргасан “...хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч,  шүүгдэгч Н.У-ын өмгөөлөгч Б.Ургамалцэцэгийн “...Н.У-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох. ...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/156 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 2. Шүүгдэгч Н.У-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН