Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 157/ШШ2025/00232

 

          2025          07         23                                         157/ШШ2025/00232

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн Д сумын 1 дүгээр багт оршин суух, Б овогт Г-ийн Э-ын “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О, хүсэлт гаргагч Г.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Хүсэлт гаргагч Г.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Г.Э нь 1989 оны 9 сард Д-О нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн 1991 оноос 1992 оны хооронд ажиллаж байсан гэх бичиг баримт олдохгүй байгаа тул Д-О нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна.” гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1981 онд цэрэгт татагдаж, 1984 онд халагдаж ирээд “Д-О” нэгдэлд барилгын бригадад ажиллаж эхэлсэн ба тасралтгүй ажилласаар 1989 онд ажилд шилжүүлэн томилж малчнаар ажилласан юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд бичиг баримтгүй байна гэж байцаагч хэлсэн. Тиймээс         “Д-О” нэгдэлд 1991-1992 он хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан  гэв.

 

3.Хүсэлт гаргагчаас:

-Б овогт Г-ийн Э-ын иргэний үнэмлэхний хуулбар        /хх-ийн 2 дугаар хуудас/

-Х аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 08/228 дугаартай тодорхойлолт /хх-ийн 3 дугаар хуудас/

-Х аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 08/113 дугаартай Г.Эын цалингийн түүвэр /хх-ийн 4 дүгээр хуудас/

-Х аймгийн Д сумын Дотуур булаг багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 5 дугаар тал/

-Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 6 дугаар хуудас/

-Х аймгийн Д сумын Д-О нэгдлийн даргын 1984 оны  36 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 12 дугаар тал/,

-Х аймгийн Д сумын Д-О нэгдлийн даргын 1985 оны 79 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал /хх-ийн13 дугаар тал/,

-Х аймгийн Д сумын Д-О нэгдлийн даргын 1986 оны 21 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал /хх-ийн 14 дүгээр тал/,

-Х аймгийн Д сумын Д-О нэгдлийн даргын 1987 оны 23 дугаартай “Түр төлчнөөр ажиллуулах тухай” тушаал /хх-ийн 15 дугаар тал/,

-Х аймгийн Д сумын Д-О нэгдлийн даргын 1989 оны 52 дугаартай “Ажил өөрчилж, ажилд шилжүүлэх тухай” тушаал /хх-ийн 16 дугаар тал/,

-Х аймгийн Д сумын Д-О нэгдлийн даргын 19990 оны 98 дугаартай “Малчдад ээлжийн амралт олгох тухай” тушаал /хх-ийн 17 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг хүсэлтэд хавсарган ирүүлсэн байна.

 

Шүүхээс: Хүсэлтийн дагуу Ц.Т, Л.Н нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл авагдсан байна. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

   

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2.Хүсэлт гаргагч Б овогт Г-ийн Энь 1991-1992 онд Х аймгийн Д сумын Д-О нэгдэлд малчнаар  ажиллаж байсан гэх үндэслэлээр “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-оор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар:

3.1. Г.Э нь цэргээс халагдаж ирээд 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс Х аймгийн Д сумын “Д-О” нэгдлийн барилгын бригадад барилгачнаар ажиллаж эхэлсэн,

3.2. 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 45 хоногийн хугацаагаар туслах малчнаар түр ажилласан, 

3.3. 1989 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс мал аж ахуйн бригадад  малчинаар ажилласан гэх үйл баримтууд тогтоогдож байна.

 

4.Хүсэлт гаргагч Г.Э нь 1984 онд цэргээс халагдан ирж, 1984 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс Х аймгийн Д сумын “Д-О”  нэгдлийн барилгын бригадад барилгачнаар ажилд орж,  1989 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн малчнаар ажиллаж эхэлсэн ба 1992 оны 02 дугаар сарыг дуустал тасралтгүй ажиллажээ.

 

5.Түүний ажилласан байдал нь хэрэгт авагдсан Х аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 08/113 дугаартай Г.Эын 1991 оны 01 дүгээр сар, 3-9 дүгээр сар, 11-12 дугаар сар, 1992 оны 1-2 дугаар сард авч байсан цалингийн түүвэр бүхий албан бичиг, Х аймгийн Д сумын “Д-О” нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 36 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, 1985 оны 79 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1986 оны  21 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1987 оны 23 дугаартай “Түр төлчнөөр ажиллуулах тухай” тушаал, 1989 оны  52 дугаартай “Ажил өөрчилж, ажилд шилжүүлэх тухай” тушаал, 1990 оны 98 дугаартай “Малчдад ээлжийн амралт олгох тухай” тушаал болон гэрч Ц.Т, Л.Н нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

6.Гэрч Ц.Т мэдүүлэхдээ “...Г.Э нь 1984 оны 1989 он хүртэл Х аймгийн Д сумын бригадад мужаан хийж байсан. 1989 оноос Д-О нэгдэлд малчин болсон. Тэрнээс хойш л мал маллаж байна...” гэж, гэрч Л.Н мэдүүлэхдээ “...Г.Э нь 1981 онд Х аймагт 10 дугаар анги төгсөөд цэрэгт яваад 1984 онд цэргээс халагдаж ирсэн. Ирээд 1984-1989 он хүртэл Х аймгийн Д суманд барилгад шавар зуурах зэрэг ажил хийж байсан. 1989 оноос нэгдэлд малчин болсон, түүнээс хойш одоог хүртэл мал маллаж байна...” гэжээ.

 

7.Иймд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч  Б овогт Г-ийн Энхбаатарыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарыг дуустал Х аймгийн Д сумын “Д-О” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.

           

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Г-ийн Энхбаатарыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарыг дуустал Х аймгийн Д сумын “Д-О” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч Г.Эаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ