| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/01273/И |
| Дугаар | 191/ШШ2025/04968 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/04968
2025 06 02 191/ШШ2025/04968
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод байрлах ЕШИ ББСБ ХХК /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух З овогт Гы Шинэцэцэг /РД: ***/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 6,936,720 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Г
Гэрч П.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
/Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай компанитай 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 1044 УНУ улсын дугаартай автомашиныг барьцаалан 15,000,000 төгрөгийг 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан байдаг. Зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу хариуцагч нь зээлээ төлөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс үндсэн зээл 15,000,000 төгрөг төлөх ёстойгоос 8,528,762.61 төгрөгийг төлж, үлдэгдэл 6,471,237.40 төгрөгийг төлөөгүй. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны хүүгийн үлдэгдэл 2,029,216,53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 58,484.44 төгрөг нийт 8,558,938.36 төгрөгийг хариуцагчаас зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасны дагуу гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн 1044УНУ улсын дугаартай барьцаа хөрөнгийг зээлдэгчид зараад үндсэн зээлээс 8,000,000 төгрөгийн хасалт хийгээд үлдэгдэл төлбөр дээр талууд эвлэрч, харилцан тохиролцохоор болсон боловч шүүхэд төлөхгүй гэдэг байдлаар маргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.
2. Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ЕШИ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Шт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Г.Ш би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч ЕШИ ББСБ ХХК-аас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2016 онд үйлдвэрлэгдсэн 2022 оны Монгол улсад орж ирсэн Toyota aqua маркийн автомашиныг 15,000,000 төгрөгт барьцаалсан. Миний бие зээлийн төлөлтөө төлж байгаад 2022 оны 08 дугаар сард н.Эрдэнэтөгөлдөр гэх хүнд тус авто машиныг худалдахаар болсон.
Гэтэл дээрх авто машин нь нэхэмжлэгч компанийн өмчлөлд байсан төлөлт хийж дуусаагүй тул нэр дээр шилжих боломжгүй байсан учир н.Эрдэнэтөгөлдөр гэх авто машин худалдан авсан хүн ах нь зээлийг нь цаг тухайд нь графикийн дагуу төлж байгаад ойрын хугацаанд бүгдийг нь төлөөд дуусгана төлбөрийг төлж дуусгасны дараа нэр дээрээ шилжүүлье гэж хэлээд авто машиныг эзэмшилдээ аваад явсан.
Гэтэл өнөөдөр надаас ийм зүйл нэхэмжилж байгааг гайхаж байна. Угтаа бол н.Эрдэнэтөгөлдөр гэх хүн надаас зээлийг нь төлнө гэж хэлээд автомашиныг авч явсан тул тус хүнээс дээрх мөнгийг нэхэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1660404948 дугаартай Зээлийн гэрээ /хх-7-9/, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Итгэмжлэл /хх-11/, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 934 дүгээр Итгэмжлэл /хх-22/, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1660404948 дугаартай Барьцааны гэрээ /хх-34/, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3873 дугаар Итгэмжлэл /хх-57/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-58-59/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-60-61/, Хүү тооцооллын хүснэгт /хх-62/, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/87 дугаар Тушаал /хх-80/, 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1359 дүгээр Итгэмжлэл /хх-81/,
3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: Г.Шийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-23/, хариу тайлбар /хх-27/, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-28-29/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2024/20029 дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд, тус шүүгчийн захирамжийн дагуу,
Авто тээврийн үндэсний төвөөс 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 175 дугаар лавлагаа /хх-52-54/
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ЕШИ ББСБ ХХК-иас хариуцагч Г.Шт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,936,720.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тус компаниас хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2024/08718 тоот захирамжаар хариуцагчийг шүүхэд албадан ирүүлж, түүнд нэхэмжлэлийг хувийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр гардуулсан /х.х-ийн 18, 24 хуудас/.
Ингээд уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын -02-ны өдрийн 10:00 цагт товлож, энэ тухай хариуцагчид мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ЕШИ ББСБ ХХК нь хариуцагч Г.Штэй 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000.00 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,50 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирсон байна./х.х-ийн 7-9 дүгээр тал/.
Улмаар зээлийн гэрээний үүрэг хангуулах 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1660404948 тоот Барьцааны гэрээгээр 1044 УНЛ услын дугаартай Тоёота акау маркийн тээврийн хэрэгслийг барьцаалахаар талууд харилцан тохиролцож, эд хөрөнгийн эзэмших эрхийг нэхэмжлэгч ЕШИ ББСБ ХХК-д шилжүүлсэн байна./ х.х-ийн 34, 53 дугаар тал/
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1.-д заасан үйлчилгээг хэлнэ гэж заажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч ЕШИ ББСБ ХХК нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д тус тус зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна /х.х-ийн 100 дугаар тал/.
Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8.-д Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ... гэж, 189 дүгээр зүйлийн 189.2.-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч талд төрийн эрх бүхий байгууллагаас банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрчээ.
Хэдийгээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 1660404948 тоот зээлийн дансны хуулгаар нэхэмжлэгч ЕШИ ББСБ ХХК-иас хариуцагч Г.Шт 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний зүйл болох 15,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлах боловч хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа гэрээний зүйлийг шилжүүлэн авсан эсэхтэй маргаагүй ба харин барьцааны зүйлийг худалдан авсан н.Эрдэнэтөгөлдөр уг зээлийг төлөх үүрэгтэй гэж маргаж байна. /х.х-ийн 9, 27 дугаар тал/.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсан тооцно гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч тал 15,000,000.00 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж дүгнэв.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч талд 15,000,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
Тус гэрээний хавсралтад зааснаар зээлдэгч буюу хариуцагч тал үндсэн зээлийг хэсэгчлэн төлөхөөр тохирч, ашигласан хугацааны хүүгийн хамт сар бүрийн 01-ний өдөр нийт 637,143.00 төгрөгийг төлсөөр 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлж дуусгахаар тохирсон байна./х.х-ийн 8 дугаар тал/.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулан хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд тэрээр уг хугацаанд үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцно.
Нэхэмжлэгч ЕШИ ББСБ ХХК нь хариуцагч Г.Шийг 2023 оны 11 дүгээр сараас хойш зээлийн гэрээний үүргийг шалтгаангүй төлөхөөс татгалзсан гэх үндэслэлээр 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөр тооцож, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлд 6,471,237.00 төгрөг, зээлийн хүүнд 465,482.00 төгрөг, нийт 6,936,720.00 төгрөгийг нэхэмжилсэн.
Шүүхээс нэхэмжлэлийг хувийг хариуцагчид 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гардуулсан ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учраас тус хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчаас 6,936,720.00 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талуудын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Иргэний нэрийг эрх бүхий байгууллагад бүртгүүлнэ. Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ. Гагцхүү хуульд заасан нөхцөл, журмын дагуу зохиомол нэр хэрэглэж болно. гэж зааснаар зөвхөн хариуцагчид хамаарах гэрээний үүрэг тул хариуцагчийн гуравдагч этгээд гэрээний үүрэг биелүүлэх ёстой гэх татгалзал, тайлбар үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заасан.
Үүнээс үзвэл тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь маргаан бүхий зээлийн гэрээний үүргийг гуравдагч этгээд гүйцэтгэх, үүнтэй холбоотой өр шилжсэн эсэх, мөн нэхэмжлэгчийн 1044 УНЛ улсын дугаартай Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийг өөрийн хүсэлтээр худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн зарим хэсгийг гүйцэтгэж үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрсөн гэх тайлбарыг хариуцагч няцааж мэтгэлцээгүй, татгалзалтай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, тайлбараа баримтаар нотлохгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагчийн төлсөн 14,850,198.00 төгрөгөөс 8,528,762.61 төгрөгийг үндсэн зээлд, 6,232,273.82 төгрөгийг хүүнд, 89,163.57 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд суутгасан байна./х.х-ийн 9 дүгээр тал/.
Тодруулбал, хариуцагчийн төлбөл зохих үндсэн зээл 15,000,000.00 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 8,528,762.61 төгрөгийг хасаж тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 6,471,237.00 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны нийт хүү 6,697,756.43 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 6,232,273.82 төгрөгийг хасаж тооцвол зээлийн хүүгийн үлдэгдэл 465,482.61 төгрөг, нийт 6,936,720.00 төгрөг ажээ.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 6,471,237.00 төгрөг, зээлийн хүүнд 465,482.61 төгрөг, нийт 6,697,756.43 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,937.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 125,937.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус үндэслэн хариуцагч Г.Шээс 6,697,756.43 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЕШИ ББСБ ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,937.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 125,937.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА