| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 301/2025/00487/И |
| Дугаар | 301/ШШ2025/00384 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 301/ШШ2025/00384
|
|
301/ШШ2025/00384 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: У хотын Б дүүрэг, ...... дугаар хороо, ...... дүгээр хороолол хөгжил хотхоны ....... тоотод оршин суух М овгийн Ч Г /ИБД:.........../
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ю.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ч.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Би 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл А аймгийн Т жилийн дунд сургуульд П ахлах удирдагчаар ажиллаж байсан ба энэ байдлыг хөдөлмөрийн дэвтэрт бичсэн байгаа боловч ажилд орсон тушаал Архангай аймгийн Архивын тасгаас олдохгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Миний өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн тул миний 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд А аймгийн Т ....жилийн дунд сургуульд пионерын ахлах удирдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 465 дугаар тодорхойлолт,
- 251681 дугаар Ч Гын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагч Ч.Гын хүсэлтээр С.Б, А.О нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 07 сарын 05-ны өдрийн 01/326 тоот албан бичиг
- биеийн давхцахгүй өргөдлийн бүртгэл- ИУБ-31(А) маягт, 1987 оны 02 сарын 10-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, хаягийн хуудас, паспорт авах өргөдөл ХААТР-21 маягт, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, ХААТР-15 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ч.Гын нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор шүүхэд гаргасан А аймгийн Т ....жилийн дунд сургуульд ...........1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 465 дугаар тодорхойлолт, 251681 дугаар Ч Гын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 07 сарын 05-ны өдрийн 01/326 тоот албан бичиг, биеийн давхцахгүй өргөдлийн бүртгэл- ИУБ-31(А) маягт, 1987 оны 02 сарын 10-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, хаягийн хуудас, паспорт авах өргөдөл ХААТР-21 маягт, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, ХААТР-15 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/ худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч С.Б, А.О нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
3. “Тус архивын сан хөмрөгт ..... жилийн сургуулийн 1987-1989 оны баримтыг шүүн үзэхэд Ч Гд холбогдох баримт гараагүй тул лавлагаа гарах боломжгүй байна” гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 465 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан боловч “ажилд орсон 1987 оны 08 сарын 25, А аймгийн Т ....жилийн сургуульд пионерын ахлах удирдагчаар ажиллуулав. Архангай аймгийн ...... хорооны товчооны 1987 оны 8 сарын 25-ны өдрийн 75 тоот тогтоолоор, ажлаас гарсан 1989 оны 8 сарын 12, УБДС-ийн түүх, пионерын удирдагчийн ангид суралцах болсон тул ........ жилийн сургуулийн пионерын ахлах удирдагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв, Архангай аймгийн ХЗЭ-ийн хорооны товчооны 1989 оны 7 сарын 8-ны өдрийн 25 тоот тогтоолоор” гэсэн бичилттэй Ч.Гын 1987 оны 9 сарын 01-ний өдрийн 251681 дугаар хөдөлмөрийн дэвтэр, “Ч Г, РД:......, ажилладаг байгууллага-Хоршооллын 2-р 8 жил, ажилд орсон-1987 он, эрхэдлдэг ажил-пионерын удирдагч, бүртгэсэн-1988 оны 11 сарын 19” гэсэн регистрийн ХААТР-1 маягт, гэрч С.Б “Би 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний хооронд ........ бөгөөд Архангай аймгийн Пионерын зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Ч.Г ХЗЭ-ийн хорооны хурлаар орж А аймгийн Т ....жилийн дунд сургуулийн пионерын удирдагчаар томилогдон ажиллаж байсан. Ч.Г 2 хичээлийн жилийн хугацаанд буюу 1987 оноос 1989 он хүртэл ажиллаж байсан. Тухайн үед би .......... хорооны нарийн бичгийн дарга бөгөөд А аймгийн ............ зөвлөлийн даргаар ажиллаж байсан тул сайн мэдэж байна. Учир нь А аймгийн Т ....жилийн дунд сургуулийн пионер удирдагч нь Архангай аймгийн ХЗЭ-ын хороо, пионерын зөвлөлөөс томилогдож ажилладаг байсан юм. Тухайн үеийн сургуулийн ............. нар нь тус тусын сургууль дээрээ үйл ажиллагаа явуулж сургуульд харьяалагдан ажилладаг байсан боловч, томилох, цалинжих асуудлыг манай байгууллага шийдвэрлэдэг байсан юм. Тухайн үед аймагт Ч.Гаас гадна 20 гаруй хүн сургуулийн ......... ажиллаж байсан. Иймд би Ч.Гыг А аймгийн Т ....жилийн дунд сургуулийн 1987 оноос 1989 оны хооронд ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байна” гэх мэдүүлэг, гэрч А.О “Би 1981 онд багш нарыг бэлтгэх сургууль төгсөөд 1981 онд А аймгийн ........ сумын ........... бага сургуульд ажиллаж байсан. Би 1982 онд А аймгийн Т ....жилийн дунд сургуульд шилжиж ирсэн. Би анх ирээд А аймгийн Т дотуур байрны багшаар ажиллаж байсан. 1 жил дотуур байрны багшаар ажиллаж байгаад бага ангийн багшаар 1982 оноос 1999 он хүртэл ажиллаж байсан. Тухайн үед би А аймгийн Т ....жилийн дунд сургуульд Ч.Гтай нэг дор ажиллаж байсан юм. Ч.Г нь пионерын удирдагчаар ажиллаж байсан. Ч.Г нь ажиллаж байх хугацаандаа өвөөтэйгөө хамт сургуулийн хашаанд амьдардаг байсан. Ч.Г тухайн үед хичээлээс гадуурх ажиллагааг зохион байгуулж удирдаж ажилладаг байсан. Ч.Г нь 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны хичээлийн жилүүдэд буюу 2 жилийн хугацаанд А аймгийн Т ....жилийн дунд сургуульд пионерын удирдагчаар ажиллаж байсан. 1989 оны намар Ч.Г мэргэжлээ дээшлүүлж суралцахаар явсан. Тэгээд ажлаасаа гарч, шилжсэн. Би А аймгийн Т ....жилийн дунд сургуулийг бага сургууль болох хүртэл ажилласан. Тухайн үед захирлаар Цэдэндамба, хичээлийн эрхлэгчээр Д гэдэг хүмүүс ажиллаж байсан. Иймд би А аймгийн Т ....жилийн дунд сургуульд Ч.Гтай хамт ажиллаж байсан тул түүний ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Ч.Г нь А аймгийн Т ....жилийн дунд сургуульд пионерийн ахлах удирдагчаар 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан нь тогтоогдож байна.
Иймд Ч.Гыг А аймгийн Т ....жилийн дунд сургуульд пионерийн ахлах удирдагчаар 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М овгийн Ч Гын А аймгийн Т ....жилийн дунд сургуульд пионерийн ахлах удирдагчаар 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА