Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/10

 

Н.Отгон, Н.Ууганбаяр нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор О.Одончимэг

Шүүгдэгч Н.Отгон

Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг /цахим/

Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолыг хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах гомдлын дагуу Н.Отгон, Н.Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн 2322000000186 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Ихэр овогт Намхайцэрэнгийн Ууганбаяр, Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, шалгах механикч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуун сухайт боомтод тээвэр зохицуулагч ажилтай гэх, ам бүл 1, Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бага хар хад” гэх газар нутаглах. (РД: ЕУ97062314);

Шүүгдэгч: Ихэр овогт Намхайцэрэнгийн Отгон, Монгол Улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер, цахилгаан тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4 дүгээр баг “Бага хар хад” гэх газар нутаглах (РД: ЗГ02292712);

Шүүгдэгч Н.Ууганбаяр /Яллах дүгнэлтэд дурдсанаар/ нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн дүү Н.Отгонтой бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 5 дугаар багийн нутаг “Гурван мянгат” гэх газрын Гурван мянгатын бууцанд зүс таних Ж.Баттулгатай малын бэлчээрээс болж маргалдан улмаар түүнийг цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун 3, 4 дүгээр хавирганы хугарал, тархи доргилт баруун нүдний эвэрлэгт цус хуралт, 21, 22 дугаар шүдний сулрал, баруун нүдний дээд зовхи, дух, хацарт цус хуралт, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Отгон нь төрсөн ах Н.Ууганбаяртай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын 5 дугаар багийн нутаг “Гурван мянгат” гэх газрын Гурван мянгатын бууцанд зүс таних тус бууцанд оршин суух Ж.Баттулгатай “Ахыг нь буудах гэлээ” гэх шалтгаанаар түүнийг цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун 3, 4 дүгээр хавирганы хугарал, тархи доргилт баруун нүдний эвэрлэгт цус хуралт, 21, 22 дугаар шүдний сулрал, баруун нүдний доод зовхи, дух, хацарт цус хуралт, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу бүлэглэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч Н.Отгон, Н.Ууганбаяр  нарын үйлдлийг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Ууганбаяр, Н.Отгон нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Ууганбаяр, Н.Отгон нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тэнссэн хугацаанд “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд тэдэнд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ууганбаяр, Н.Отгон нараас 270.120 /Хоёр зуун далан мянга нэг зуун хорь/ төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 135.060 /Нэг зуун гучин таван мянга жар/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Баттулгад олгож, хохирогч нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нар нь хохирогчид 1.205.400 /Нэг сая хоёр зуун таван мянга дөрвөн зуу/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг нь гэнэт үүссэн байдаг ба түүнчлэн уг гэмт хэрэг үйлдэгч этгээд нь бусдыг айлган сүрдүүлэх, бусдаас илүү болохоо харуулах зорилгоор танхайрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эд хөрөнгө өмчлөх эрхэд халдсан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үйлдлийг ойлгоно. Гэвч шүүгдэгч нар нь малын бэлчээрээс болж хохирогчтой үл ойлголцон улмаар түүнд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан тул өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийг хүлээж аваагүй болно.” гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж ...хүний халдашгүй чөлөөтэй байх... олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан бол...” гэж заасан бөгөөд Н.Ууганбаяр, Н.Отгон нар нь бүлэглэн Ж.Баттулгад хүч хэрэглэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж тус гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Баттулгын “...нөгөө залуу чи муу юу юм бэ? Ална шүү чамайг гээд намайг орон дээрээс босоод ирэхэд 2 удаа түлхэж унагасан... тэр хүн миний араас чулуу шидээд байсан... Отгоноо гэх залуу чи муу буугаа гаргаад ир гээд намайг цохиж аваад байсан...” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байхад шүүх энэ бүхнийг анхаарч үзэлгүй “малын бэлчээрээс болж хохирогчтой үл ойлголцсон” гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Мөн шүүх хохирол төлбөрт нэхэмжилсэн 4.293.950 төгрөгөөс эмчилгээ хийлгэхээр хот явахдаа хүнээр малаа маллуулсан хөлс 1.800.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэх боломжгүй гэж, өмгөөлөгчийн шүүх хуралд ирэхэд зарцуулсан шатахууны зардлыг хохирогчийн байр суурь илэрхийлэгдээгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан тул дээрх хохирогчоос гарсан 4.293.950 төгрөгийн зардлуудыг гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигт тооцож, буруутай этгээдээс гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч Н.Отгон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн ярьж байгаагаар малчны гэрээ гээд15 хоногийн юм ярьж байна. Хэзээний гэрээ гаргаад ирж байгаа юм. Тэр үед малчин байгаагүй шүү дээ. Манай урд 1, 2 километрийн зайтай байсан. Тухайн үед ажил явдалтай гээд худ ураг нь гэж 1 хүн байсан юм. Тэр нь шал өөр нэртэй хүн байгаа, тэр хүн нь харж байгаа гээд давхиж байсан. Эзгүй байгаа, эмнэлгээр явж байгаа гээд ер нь голдуу би нааш нь цааш нь болгож байсан. Энэ дээр залруулга хийж байна гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Н.Ууганбаяр нь согтуурсан үедээ буюу 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Ж.Баттулгын гэрт буюу Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4 дүгээр баг “Бага хар хад” гэх газарт очиж манай малын бэлчээрт танай мал ороод байна, малаа татаж ав гэх шаардлага тавьж хохирогчийг түлхэж улмаар биед нь халдсан. Улмаар Н.Ууганбаяр нь дээрх үйл явдлаас зугтсан хохирогчийг явганаар болон мотоциклоор гэрийнх нь хойно байрлах хад хүртэл нь хөөж, өөрийн төрсөн дүү Н.Отгоныг намайг хүн буугаар буудах гэж байна гэж худал хэлж ирүүлэн өөрийн хууль бус үйлдэлдээ татан оролцуулж, шүүгдэгч нар нь бүлэглэн санаатайгаар хохирогчийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх дэвсэх зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг нь гэнэт үүссэн байдаг ба түүнчлэн тухайн гэмт хэрэг үйлдэгч этгээд нь бусдыг айлган сүрдүүлэх, бусдаас илүү болохоо харуулах зорилгоор танхайрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үйлдлийг ойлгоно. Харин Н.Ууганбаяр, Н.Отгон нар нь дээрх байдлаар танхайрсан шинжгүй зөвхөн малын бэлчээрээс болж хохирогчтой үл ойлголцон улмаар түүнд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна. Мөн хохирогч нь эмчилгээ хийлгэхээр хот явахдаа хүнээр малаа маллуулсан хөлс болох 1.800.000 төгрөгийн талаар холбогдох баримтыг өгсөн боловч шаардлага хангах нотлох баримтыг гаргаж өгөөгүй, хэрэгт хавсаргуулаагүй. Мөн өмгөөлөгчийн шүүх хуралд ирэхэд зарцуулсан шатахууны зардал гэх мөнгө нь тухайн хохирогч Ж.Баттулгын өөрийнх нь хүсэл зоригоороо өмгөөлөгчтэйгөө харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж өмгөөллийн үйлчилгээ авсан байх тул энэ нь хохирол, хор уршигт хамаарахгүй байна гэж үзэж байна. Иймд өмгөөлөгч Б.Оюунтунгалагаас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Давж заалдах шатны шүүх хохирогчийн гомдолд үндэслэн хэргийг хянахдаа хэргийг бүхэлд нь хянах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг баримталлаа.

           Хохирогч талын зүгээс давж заалдсан гомдолдоо эрүүгийн хэргийн зүйлчлэлийг зөв хийсэн эсэх болон хохирол төлбөрийг бүрэн гүйцэт шийдвэрлээгүй талаар дурджээ.

           Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт шийдвэрлэлт нь үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байна гэж үзлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалт шаардлагыг сайтар хангаж шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын үүрэг болно.

           Шүүгдэгч нарыг хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэж шийдвэрлэжээ.

           Хохирогч Ж.Баттулгын биед 3, 4-р хавирганы хугарал, тархи доргилт, баруун нүдний эвэрлэгт цус хуралт, 21, 22 дугаар шүдний сулрал, баруун нүдний доод зовхи, дух, хацарт цус хуралт, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл гэж шинжээч дүгнэлт гаргасан байх ба энэхүү дүгнэлтэд үндэслэн яллагдагч Н.Ууганбаяр, Н.Отгон нарыг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж үзэн эрүүгийн хариуцлагад татжээ.

           Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар бол хохирогч Ж.Баттулгын биед гэмтлүүд учирсныг нотолж байх ба эдгээр гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар заажээ. Тухайлбал 3, 4 дүгээр хавирганы хугарал нь тус тусдаа хөнгөн бүрдэл байдлаар хүндэвтэр зэрэгт тархи доргилт, баруун нүдний эвэрлэгт цус хуралт, 21, 22 дугаар шүдний сулрал, баруун нүдний доод зовхи, дух, хацарт цус хуралт гэмтэл тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай дүгнэлт гаргажээ.

           Гэтэл тухайн шинжээчийн дүгнэлтэд 3.4 гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт нь нийт гэмтэл хамаарч байна уу гэдэг нь ойлгомжгүй байна.

           Мөн 3, 4 дугаар хавирганы хугарал дангаараа бол хөнгөн, бүрдэл байдлаараа хүндэвтэр зэрэгт хамаарна гэснээс үзэхэд уг гэмтлийг нэг цаг хугацаанд нэг удаагийн нэг хүчний үйлчлэлээр учруулсан байхыг шаардаж байна уу эсвэл өөр цаг үед өөр этгээдийн үйлдлийн улмаас хоёр хавирга хугарсныг бүрдэл гэж үзэн хүндэвтэр гэмтэлд хамааруулан зүйлчилж байгаа эсэхэд шүүх тодорхой хариулт өгөөгүй байна.

           Шүүгдэгч нарын үйлдлээс үзэхэд Н.Ууганбаяр, Н.Отгон нарын үйлдлээс гэмтэл учирсан болох нь тогтоогдож байгаа ч чухамхүү хэн аль нь хохирогчийн биед хүндэвтэр болон хөнгөн гэмтлүүдийг учруулсныг ялгаж тогтоогоогүй байна. Ер нь хавтаст хэрэгт олон тооны хөнгөн гэмтэл учирсан тухай дүгнэлт байхад энэ талаар ямар нэгэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг шүүх хийгээгүй байна.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, түүнийг яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, үүнийг үйлдсэн холбогдогчийн үйлдлийг сайтар тогтоож, хянан шийдвэрлэх нь шүүхийн үүрэг юм.

           Иймд энэхүү эргэлзээтэй нөхцөл байдлуудыг дахин хянан хэлэлцүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2, 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1.Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Отгон, Н.Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн 2322000000186 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

  2.Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаатай холбоотойгоор шүүгдэгч Н.Отгон, Н.Ууганбаяр нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

    ШҮҮГЧИД                                    Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                            Г.МӨНХБАТ