Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2025/0751

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “М*******” ХК,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Ц*******,

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Ц,

Маргааны төрөл: Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх талаарх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц*******, хариуцагч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гомдол гаргагчаас Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Дт холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
  2. Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д нь “М*******” ХК-ийг Санхүүгийн зохицуулах хорооны 20258 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх дугаар мэдээлэлтэй танилцаад уг зөрчилд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дугаар шийтгэлийн хуудсаар “М*******” ХК /РД:*******/ нь Санхүүгийн зохицуулах хорооны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй буюу Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 8 дахь заалтад заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.
  3.  Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 5481 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
  4.  Гомдол гаргагч “М*******” ХК гомдлын шаардлагын үндэслэлдээ: “Санхүүгийн Зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн улсын байцаагч С.Д нь “М*******” ХК-д холбогдуулан, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар “М*******” ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллагаагүй, Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 11.10.8 дахь хэсэгт зааснаар 20,000,000 (Хорин сая) төгрөгийн торгууль, оногдуулсан.

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн № шийтгэлийн хуудас нь хууль бус, илт үндэслэлгүй байх тул хүчингүй болгуулахаар дор дурдсан хуулийн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Тус шийтгэлийн хуудсаар “М*******” ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 11.10.8 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзжээ.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.

“М*******” ХК-ийн ТУЗ-ийн хурлын тогтоолоор Ногдол ашиг тараах шийдвэр гарсан боловч гүйцэтгэх захирлын биеийн эрүүл мэндийн байдал муу байгаа, сүүлийн 1 жил 6 сар гаран биелүүлж ажиллаж чадаагүй билээ. Эрүүл мэндийн шалтгааны улмаас гүйцэтгэх захирлын хугацаанд үүрэгт ажлаа биечлэн гүйцэтгэх боломжгүй байгаагаас ТУЗ-ийн шийдвэрийг ажлаас чөлөөлүүлэх хүсэлтээ ТУЗ-д хүсэлтээ өгсөн. ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэхийг хүлээж  байгаа болно.

Гэтэл “... ногдол ашиг тараагаагүй” нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 11.10.8 дахь хэсэгт заасан зөрчсөн гэж Компанийг буруутган их хэмжээтэй торгуулийн шийтгэлийг сонгон оногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, эсхүл эрх бүхий байгууллагын даалгаврыг тогтоосон хугацаанд заавал биелүүлж, гүйцэтгэлийг зохих журмын дагуу тайлагнах үүргээ биелүүлээгүй, ... бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг.

Үүнээс харахад тухайн зөрчил нь материаллаг бүрэлдэхүүнтэй, тухайн зөрчлийг гаргаснаар хууль бусаар хөрөнгө, орлого олсон байх, бусдад хохирол учруулсан байхыг шаардах ба хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах, учруулсан хохирлыг арилгуулах арга хэмжээг торгуулийн арга хэмжээтэй давхар авах зохицуулалттай байна.

Тэгвэл шийтгэлийн хуудсаар хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах, учруулсан хохирлыг арилгуулах арга хэмжээг “М*******” ХК-д ногдуулаагүй тул зөрчлийн бүрэлдэхүүн хангагдаагүй буюу зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул торгуулийн шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Зөрчлийн бүрэлдэхүүн хангагдаагүй байхад хангагдсан мэтээр шийтгэлийн хуудас үйлдэх нь илт хууль бус байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн № шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн үйлдсэн 2025 оны тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Урьд энэхүү нэхэмжлэл, шийтгэлийн хуудсаар “М*******” ХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэх үндэслэлээр 20.000.000 төгрөгийн торгууль ногдуулсан. Торгуулийн хариуцлага ногдуулснаас өөрөөр зөрчлийн хуульд заасан эд хөрөнгө хураах, хууль бусаар олсон орлогыг хураах хариуцлага ногдуулсан зүйл байхгүй. Санхүүгийн зохицуулах хорооны актын хувьд “М*******” ХК ямар үндэслэлээр маргаж байгаа гэвэл “М*******” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд 2024 оны үйл ажиллагааны ашгаас ногдол ашиг олгохоор Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. Гагцхүү энэ шийдвэрийг хэрэгжүүлэх шатанд буюу Санхүүгийн зохицуулах хорооны шаардлагаар Хөрөнгийн бирж ногдол ашиг тараах эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулж, ногдол ашгийг тарааж амжаагүй нь “М*******” ХК-ийн буруутай үйл ажиллагаа биш гэж үзэж байгаа. Гүйцэтгэх захирал н.Э******* нь 2024 оны эхээс өвдөөд гүйцэтгэх захирлын үйл ажиллагаагаа бүрэн хэрэгжүүлж чадахгүй хүндэтгэн үзэх нөхцөл байдалд байгаа гэдгийг зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шатад итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж явсан. Мөн шүүхийн шийтгэлийн хуудас гарахаас өмнө ч гэсэн энэ асуудлаар тайлбар гарч, уян хатан зохицуулалттай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байсан. Үүний дагуу танайх тайлбараа хэлээд өгөөч, тайлбараа гаргаач, холбогдох хүсэлтээ гаргаж өгөөч гэсний дагуу 2025 оны 07 дугаар сарын 25-нд гүйцэтгэх захирал нь өөрийнхөө эрүүл мэндийн шалтгаанаас болоод Төлөөлөн удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг биелүүлж чадаагүй. Энэ гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд албан тушаалтанд хариуцлага ногдуулж өгөөч гэсэн хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч гаргаад ир гэсний дагуу хүсэлтийг албан бичгийнх нь дагуу холбогдох нотлох баримтаа аваад очсон. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хүсэлтийг нотлох баримтын хамт аваад очиход танай зөрчлийн акт үйлдэгдсэн гэдэг үндэслэлээр өмнө нь хэлж байснаасаа шал өөрөөр хүсэлтийг нь хүлээж авахгүйгээр зөрчлийн акттай танилцуулаад буцаасан байдаг. Энэ үндэслэлээс дурдахад “М*******” ХК-ийн хувьд тухайн Төлөөлөн удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг хэрэгжүүлэхэд хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл байсан юм. Үүнийг санаатай буюу санамсаргүй, болгоомжгүй үйлдлээр зориуд Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг биелүүлэхгүй байгаа үйл ажиллагаа биш гэж үзэж байгаа. 2 дугаарт Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн төслийн агуулгыг нь тодорхойлоход хэдийгээр “М*******” ХК-ийн үйлдэл нь зөрчил мэт харагдаж байгаа боловч 11.10 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжийг бүрэн төгс агуулахгүй, өөрөөр хэлбэл, зөрчлийн бүрэлдэхүүн бүрэн хангагдаагүй гэж үзэж байгаа юм. 11.10 дугаар зүйлд заасан зохицуулалттай этгээдийн эрхлэх үйл ажиллагааг төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, бүртгэл, эрхгүйгээр эрхэлсэн бол гэж байгаа. Тэгээд хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг, хуулийн этгээдийг өөр хувь хэмжээгээр торгоно гэсэн зохицуулалттай. Тэгэхээр зөвхөн торгуулийн арга хэмжээг хэрэгжүүлээд хохирол хурааж авахгүй байснаар Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлд заасан хариуцлагыг бүрэн ногдуулж байгаа гэж үзэж байгаа. Учир нь бид ногдол ашиг тараагаагүй буюу гэрээ хэлцэл байгуулаагүйгээр бусдад ямар нэгэн хохирол учруулаагүй. “М*******” ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны албан бичгийн даалгавраар шаардсан гэрээ байгуулаагүйгээрээ ямар нэгэн хууль бусаар олсон орлого байхгүй. 11.10 дугаар зүйлийн эхэнд дурдсан хуулийн бичиглэлийн текстээс харахад зайлшгүй энэ 3 арга хэмжээг нь хэрэгжүүлсэн тохиолдолд зөрчлийн бүрэлдэхүүний шинж хадгалагдахаар агуулагдаж байгаа тул Санхүүгийн зохицуулах хорооны хүчингүй болгуулахаар шаардсан шийтгэлийн хуудаст торгууль төлүүлэхээс өөр арга хэмжээ хэрэглэсэн зүйл байхгүй байгаа тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан юм. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

6. Хариуцагч  С.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.14-т “Хувьцаат компанийн хувьд ногдол ашиг хуваарилахтай холбоотой харилцааг зохицуулсан журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална” гэж заасны дагуу тус Хорооны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” тогтоолын 1-д “Бэлэн мөнгө эсхүл компанийн хувьцаа болон бусад этгээдийн үнэт цаас хэлбэрээр хуваарилсан ногдол ашгийг зөвхөн эрх бүхий зуучлагч байгууллага болох “*******” ХХК-аар дамжуулан ногдол ашиг тараалгах гэрээний үндсэн дээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор тарааж, ногдол ашиг хуваарилалтын тайланг ногдол ашиг хуваарилж дууссан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж байхыг нээлттэй хувьцаат компаниудын удирдлагуудад даалгасугай.” гэж заасан.

“М*******” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/25 дугаар тогтоолоор тус компанийн нэгж хувьцаанд 80 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар тогтоож, 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор нийтэд зарлан тараах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Тус Хорооны 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* албан тоотоор Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах, хангаж ажиллаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу торгох шийтгэл оногдуулах нөхцөл бүрдэх талаар мэдэгдсэн байна.

Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “М*******” ХК-д холбогдуулан зөрчлийн ******* дугаартай хэрэг бүртгэлтийг нээж, хэргийн холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авч, бусад холбогдох нотлох баримтыг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “М*******” ХК нь Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр дугаартай шийтгэлийн хуудсаар 20,000 нэгж буюу 20,000,000 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.” гэжээ.

7. Хариуцагч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний 28 дугаар тогтоолоор ногдол ашиг тараах үйл ажиллагааг нарийвчлан тогтоосон байдаг. Уг тогтоолд 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа. Нэмэлт өөрчлөлт оруулсны дараагаар тус тогтоолын 1-д бэлэн мөнгө, эсхүл компанийн хувьцаа болон бусад этгээдийн үнэт цаас хэлбэрээр хуваарилсан ногдол ашгийг зөвхөн эрх бүхий зуучлагч байгууллага болох *******өөр дамжуулан ногдол ашиг тараалгах гэрээний үндсэн дээр санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор тарааж, ногдол ашиг хуваарилалтын тайланг ногдол ашиг хуваарилж дууссан өдрөөс хойш ажлын 15 хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж байхыг нээлттэй хувьцаат компанийн удирдлагуудад даалгасугай гэж тогтоол гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, нээлттэй хувьцаат компаниуд нь санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор буюу 04 дүгээр сарын 30-ны дотор ногдол ашиг тараах гэж даалгасан байгаа. “М*******” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/25 дугаар тогтоолоор тус компанийн хувьцаа эзэмшигчид 1 нэгж хувьцааны 80 төгрөгөөр ногдол ашиг хуваарилахаар тогтоогоод, уг тогтоолд 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор нийтэд зааглан тараах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Уг ногдол ашиг тараахтай холбоотой шийдвэр гарсны дараа Санхүүгийн зохицуулах хорооноос 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 9/780 дугаартай албан тоотоор “М*******” ХК-д танайх ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна, уг ногдол ашгийг энэ тогтоолын дагуу тараана уу гэдэг мэдэгдэл хүргүүлж байсан байдаг. Улмаар 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар эрх бүхий албан тушаалтан буюу С.Д миний бие тус компанийн ногдол ашгийг тараасан эсэх талаар Санхүүгийн зохицуулах хорооны тухай мэдээллийг шалгахад тус компани нь огт ногдол ашиг тараах үйл ажиллагаа хийгээгүй. Манайх холбогдох тайлбараа ирүүлээгүй байсан. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг зөрчсөн байж болзошгүй гээд Зөрчлийн хэрэг нээх саналаа Улсын Ерөнхий прокурорын хяналтын прокуророос хууль цаазын итгэмжит зөвлөхөд гаргасан байдаг. Тус саналын дагуу 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 25001000040 дугаартай зөрчлийн хэрэг нээгдсэн байдаг. Зөрчлийн хэрэг нээгдсэний дараагаар 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “М*******” ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга М.Т******* руу холбогдож дуудсан байдаг. Улмаар тус компанийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус компанийн ерөнхий нягтлан бодогч Ч.Э******* нь 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд ирж холбогдох тайлбар мэдүүлгийг өгсөн байдаг. Тус холбогдох тайлбар мэдүүлгээс дурдвал ногдол ашиг мөн Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 28 дугаартай тогтоолыг биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн мэдүүлэг өгөх үедээ тус компанийн удирдлагууд, холбогдох эрх бүхий албан тушаалтан нь эрүүл мэндийн шалтгааны улмаас өвчтэй байж байгаад ТУЗ-ийн тогтоолын хэрэгжих хугацааг анзаараагүй өнгөрчихсөн байна гэдэг хариу тайлбарыг хэлсэн байдаг. Мөн эрх бүхий албан тушаалтан миний зүгээс холбогдох нотлох баримтыг зөрчлийн хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх хугацаанд гаргаж өгнө үү гэхэд тухайн байгууллагаас албан ёсны тайлбар мэдүүлэг өгөөгүй, тайлбар ирүүлээгүй байдаг. Улмаар прокурорын албан тушаалтан миний бие 07 дугаар сарын 21-ний өдөр буюу тухайн зөрчлийн хэрэг нээгээд холбогдох хугацаа эцсийн өдөр буюу 07 дугаар сарын 21-ний өдөр тус компани нь Санхүүгийн зохицуулах хорооны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй буюу эрх бүхий байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг зөрчил илэрсэн нь тогтоогдсон тул “М*******” ХК Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 8-д заасны дагуу 20.000 нэгжээр торгох шийтгэлийн хуудсыг оногдуулсан байдаг. Тус шийтгэлийн хуудсыг тухайн компанийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э******* нь гардаж авсан байдаг.” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчлийн бүрдэл хангаагүй байхад зөрчлийн шаардлага оногдуулсан гэж тайлбарлаж байна. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дэх хэсэгт зөрчил гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол шийтгэл оногдуулахаар заасан эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж тодорхойлсон. Тэгвэл Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 8-д заасан үйлдлийг гаргачихсан. Заавал учирсан хохирол, нөхөн төлбөр зэргийг хангуулж байж, төлүүлж байж зөрчлийн бүрэлдэхүүн хангагдана гэдэг нь өөрөө үндэслэлгүй байна. 11.10.8-д заасныг уншвал Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, эсвэл эрх бүхий байгууллагын даалгаврыг тогтоосон хугацаанд заавал биелүүлж, гүйцэтгэлийн зохих журмын дагуу тайлагнах үүргээ биелүүлээгүй, эсвэл компанийн нэгдлийн гишүүн, зохицуулалттай этгээд тухайн компанийн нэгдлийн бусад гишүүд эрх бүхий байгууллагад шаардсан шаардлагын дагуу гаргаж ирүүлээгүй бол гэж хуулийн нөхцөлд заасан хэсэгт дурдсан байгаа. Түүнээс биш заавал хохирол учирсан байхыг шаардаагүй. Ногдол ашиг тараах шийдвэр гаргачхаад үүнийгээ биелүүлэхгүй байгаагаас үүдээд Санхүүгийн зохицуулах хороонд ямар нэгэн хохирол учраагүй. Иймээс улсын байцаагч үүн дээр заавал хохирол нөхөн мэдүүлэх шийдвэр гаргах шаардлагагүй болсон.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар шүүх гомдлын шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

1. Гомдол гаргагч “М*******” ХК-ийг Санхүүгийн зохицуулах хорооны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй буюу Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан байна.

            Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д нь “М*******” ХК-ийг Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх дугаар мэдээлэлтэй танилцаад уг зөрчилд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дугаар шийтгэлийн хуудсаар “М*******” ХК /РД:*******/ нь Санхүүгийн зохицуулах хорооны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй буюу Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 8 дахь заалтад заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

            2. Гомдол гаргагч талаас гомдлын шаардлагын үндэслэлээ “...Эрүүл мэндийн шалтгааны улмаас гүйцэтгэх захирлын хугацаанд үүрэгт ажлаа биечлэн гүйцэтгэх боломжгүй байгаагаас ТУЗ-ийн шийдвэрийг биелүүлж ажиллаагүй, ажлаас чөлөөлүүлэх хүсэлтээ ТУЗ-д өгсөн. ... гэтэл “... ногдол ашиг тараагаагүй” ... гэж Компанийг буруутган их хэмжээтэй торгуулийн шийтгэлийг сонгон оногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна. ... шийтгэлийн хуудсаар хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах, учруулсан хохирлыг арилгуулах арга хэмжээг “М*******” ХК-д ногдуулаагүй тул зөрчлийн бүрэлдэхүүн хангагдаагүй буюу зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй ... зөрчлийн бүрэлдэхүүн хангагдаагүй байхад хангагдсан мэтээр шийтгэлийн хуудас үйлдэх нь илт хууль бус ...” гэж,

            3. Харин хариуцагчаас “...Тус Хорооны 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* албан тоотоор Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах, хангаж ажиллаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу торгох шийтгэл оногдуулах нөхцөл бүрдэх талаар мэдэгдсэн байна. ... зөрчлийн ******* дугаартай хэрэг бүртгэлтийг нээж, хэргийн холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авч, бусад холбогдох нотлох баримтыг үндэслэн ... шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.” гэж тус тус тайлбарлан маргаж байна.     

            4. Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйл “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль зөрчих”, мөн хуулийн 11.10 дугаар зүйлийн 8-д “Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй, эсхүл үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, эсхүл эрх бүхий байгууллагын даалгаврыг тогтоосон хугацаанд заавал биелүүлж, гүйцэтгэлийг зохих журмын дагуу тайлагнах үүргээ биелүүлээгүй, эсхүл компанийн нэгдлийн гишүүн-зохицуулалттай этгээд тухайн компанийн нэгдлийн бусад гишүүд эрх бүхий байгууллагын шаардсан шаардлагатай мэдээллийг гаргаж ирүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.

Хуулийн зохицуулалтаас үзэхэд, Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй, үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, эрх бүхий байгууллагын даалгаврыг тогтоосон хугацаанд заавал биелүүлж, гүйцэтгэлийг зохих журмын дагуу тайлагнах үүргээ биелүүлээгүй, компанийн нэгдлийн гишүүн-зохицуулалттай этгээд тухайн компанийн нэгдлийн бусад гишүүд эрх бүхий байгууллагын шаардсан шаардлагатай мэдээллийг гаргаж ирүүлээгүй  тус тус тохиолдолд энэхүү хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхээр байна.

Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно.” гэж зааснаар зөрчил гаргагч нь хуульд заасан дээрх үйлдэл нь нотлогдсоноор зөрчил гэж үзэхээр заасан бөгөөд гомдол гаргагчаас зөрчлийн санкцийг бүрэн хангаагүй, торгуулийн шийтгэл л оногдуулсан нь уг зөрчлийн шинжийг бүрэн хангахгүй байна гэж маргасан нь үндэслэлгүй байна.

            5. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 6.1.1-д “санхүүгийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих;”, 6.1.2-т “бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох;”, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Хорооноос гаргасан шийдвэрийг үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд биелүүлэх үүрэгтэй.”, 63 дугаар зүйлийн 63.1.4-т “үнэт цаасны зах зээлд шударга, үр ашигтай, өрсөлдөөн бүхий, ил тод байдлыг хэвшүүлэхэд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авах;”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Хороо дараах тохиолдолд өөрийгөө зохицуулах байгууллага, зохицуулалттай этгээд болон үнэт цаас гаргагчид даалгавар өгөх эрхтэй:” ... 66.1.5-т “хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахад шаардлагатай гэж Хорооноос үзсэн бусад тохиолдол.”, 66.4-т “Хорооны даалгаврыг хүлээн авсан этгээд даалгаврыг тогтоосон хугацаанд заавал биелүүлж, гүйцэтгэлийг зохих журмын дагуу тайлагнах үүрэгтэй.” гэж тус тус заажээ.

            Санхүүгийн зохицуулах хороо нь бүрэн эрхийнхээ хүрээнд үнэт цаас гаргагч болон үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагаанд хяналт тавих, үйл ажиллагааг нь зохицуулах эрхтэй бөгөөд энэхүү эрхийнхээ хүрээнд үнэт цаас гаргагчид даалгавар өгч, уг даалгаврын хэрэгжилтийг хянахаар зохицуулсан байна.

            Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” 28 дугаар тогтоол, мөн тогтоолын 1 дэх заалтыг Хорооны 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор “1.Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” 28 дугаар тогтоолын 1 дэх заалтын “тарааж” гэснийг “Санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор тарааж, ногдол ашиг хуваарилалтын тайланг ногдол ашиг хуваарилж дууссан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж” гэж өөрчлөлт оруулсан байна.

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “М*******” ХК-ийн удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/25 дугаар тогтоолоор “2024 оны компанийн цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашгийг нэгж хувьцаанд 80 төгрөгөөр, 2024 оны ногдол ашигт зарцуулагдах 28,070,160 төгрөг, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд ногдол ашиг хуваарилсан хувь хэмжээг танилцуулж, 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нийтэд зарлан тараах” гэж тус тус тусгажээ.

            Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 9/780 дугаар албан бичгээр “... “М*******” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн “Ногдол ашиг хуваарилах тухай” 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/25 дугаар тогтоолоор мөн оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор ногдол ашгийг тараахаар шийдвэрлэсэн ... компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө “ҮЦТХТ” ХХК-тай гэрээ байгуулж хуваарилан, ногдол ашиг хуваарилалтын тайланг тогтоосон хугацаанд Хороонд ирүүлэхийг үүгээр мэдэгдье.” гэж,

            Уг албан бичгийн хүрээнд дахин 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох нөхцөл бүрдсэн мэдэгдсэн байна.

            Ийнхүү гомдол гаргагч нь Санхүүгийн зохицуулах хорооноос хуульд заасан үүрэг даалгаврыг болон 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүйгээс Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Дээс “М*******” ХК-ийг шийтгэлийн хуудас оногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

            6. Мөн эрх бүхий албан тушаалтны зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.18-д заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, түүнчлэн мөн хуулийн 4.8 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг авах, 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчлийн хэргийг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зэргээр гүйцэтгэсэн болох нь ******* дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл зэргээр нотлогдож, эдгээр болон бусад баримтад зөрчил гарсан бодит байдлын талаар тодорхой дурдсан байна.

            Гомдол гаргагч талаас эрүүл мэндийн шалтгааны улмаас гүйцэтгэх захирлын хугацаанд үүрэгт ажлаа биечлэн гүйцэтгэх боломжгүй байсан гэж тайлбарлаж, шүүхэд эрүүл мэндийн шалтгаантай байсан талаарх баримтыг ирүүлсэн хэдий ч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад, шийтгэлийн хуудас гаргахаас өмнө уг хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлан холбогдох баримтаа гаргаж өгөөгүй нь зөрчлийн хэргийн материалд авагдсан баримтуудаар нотлогддог.

            Харин маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргасан өдрөөс хойш буюу 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 23/25 дугаар албан бичгээр “М*******” ХК-иас “...Сүүлийн 1 жил 6 сарын хугацаанд Х.Э******* миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хийж чадахгүй болж, эмнэлгээр болон гэрээр хэвтрийн дэглэм сахин удаан хугацаагаар эмчилгээ хийж байгаа болно. ...энэ хугацаанд “М*******” ХК-ийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй, Санхүүгийн зохицуулах хорооноос тавьсан албан шаардлагатай танилцаж чадаагүй, шаардлагын дагуу арга хэмжээ авч ажиллаж чадаагүй нь Х.Э******* миний буруутай үйл ажиллагаа байх тул хуульд заасны дагуу албан тушаалын хувьд хариуцлага хүлээх болно ...буруутай албан тушаалтанд хүлээлгэдэг хариуцлагын арга хэмжээг авч өгнө үү.” гэх хүсэлтийг хүргүүлсэн боловч улсын байцаагчаас актыг үйлдээд тус компанийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э******* нь гардаж авсан байна. 

            7. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “М*******” ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Э******* гарын үсэг зурж, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 21/25 дугаар албан бичгээр Ч.Э*******т итгэмжлэл өгч, тус итгэмжлэлийн дагуу байцаагчаас мөн өдөр хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, мэдүүлэг авсан байдаг.

            Уг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн өгсөн холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэгт “М*******” ХК нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

            Дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, 2024 оноос биеийн байдал муу байсан гэж тайлбарлах боловч компанийн гүйцэтгэх удирдлагыг шилжүүлээгүй атлаа гүйцэтгэх удирдлагыг шилжүүлэх гэж байсан гэх үйл баримтууд нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдоогүй байх тул тус компанид шийтгэл оногдуулсан нь улсын байцаагчийг буруутгах үндэслэл болохгүй.

            Хэдий “М*******” ХК-иас хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар шүүхэд холбогдох баримтуудыг ирүүлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны эхнээс л гэрээрээ хэвтрийн дэглэм сахидаг, ажил дээрээ ирж, ажлаа ч хийж чадахгүй байсан гэх тайлбар гаргадаг боловч зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон болон албан бичиг хүргүүлж, уг албан бичигт гарын үсэг зурсан зэргээс үзэхэд ногдол ашиг тараах үйл ажиллагааг итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

            8. Иймд дээрх үндэслэлүүдээрМ*******” ХК-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “М*******” ХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Дт холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.МӨНХДЭЛГЭР