Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 34

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Хохирогч Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн,

Шүүгдэгч Л.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шалмаг овогт Л.А д холбогдох эрүүгийн 1826000250038 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Шалмаг овогт Л.А ,

Шүүгдэгч Л.А  нь согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр баг Аюушын 2-6 тоотод өөрийн эхнэр Д.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.А  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу...” гэв.

Хохирогч Д.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Бид 2 гэр бүлийн харилцаатай хүмүүс. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай нөхөр ганцаараа ажил хийдэг. Би хүүхдээ хараад гэртээ байдаг. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэв.

Хохирогч Д.Д-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Л.А тэй 2000 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр танилцаад, тэр оныхоо 08 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсон. 2001 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа 7-16 насны 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүүхэдтэй. ...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төгрөг сумын төвд малын хивэг зарж байгаад 13 цаг 50 минутын орчим гэр бүлийн найзууд болох Төгрөг сумын төвд амьдардаг Ц.А-д очсон. Тэднийд Ц.А, эхнэр Д нар байсан. Азжаргалынд тавуулаа 3 шил 0.5 литрийн Хараа архи уусан. Тэгээд орой нь 23 цаг өнгөрч байхад бид нар унтахаар болоод хадам аав А-н доод давхрын өрөөнд ганцаараа, манай нөхөр, би, А, А-н эхнэр Д бид нар 2 давхарт гарч унтахаар болсон. Л.А  надтай хамт хэвтэж байгаад найз Ц.А-н өвөрт нь орж хэвтэнэ гээд хөнжил рүү нь орсон. Учир нь бид нар нэг доороо хамт хэвтэж байсан. Л.А , А харанхуйд юм ярьж байгаад буцаад миний хөнжилд орж ирээд намайг “чи ямар хор найруулсан юм” гээд миний баруун гарын бугалга хэсэг, баруун хөлийн шилбэ, цавь, ар нуруу хэсгийг гараараа маажихаар нь би өндийтөл миний уруул хэсэг рүү нэг удаа цохисон. Тухайн үед Ц.А-х гэрлээ унтраасан байсан тул А эхнэртэйгээ хараагүй байх. ...Намайг орилсон чинь Ц.А гэрлээ асаагаад манай нөхрийг надаас салгасан. Гэрлээ асаахад миний үүдэн хоёр шүдний баруун талынх нь бүтэн байсан нэг шүд хугарчихсан, бүтэн шүдний хажуу талд байсан хиймэл шүд хамт унаад шүд унасан хэсгээс их цус гарсан. ...Тэгээд л аймагт ирээд цагдаад хандсан. ... Яг намайг зодсон нь 2013 оны 04 дүгээр сард Арвайн тал бааран дотор, 01 дүгээр сарын 05-ны өдөр Төгрөг суманд зодсон үйлдлүүд байгаа. Өөр зодож цохиж байгаагүй. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

Гэрч Ц.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын эхээр яг өдрийг нь санахгүй байна. Гэр бүлийн найзууд болох Арвайхээр суманд амьдардаг Л.А , эхнэр Д.Д, Л.А ийн аав Л  нар манайд өдөр 13 цагийн орчим малын хивэг зарж байгаа гээд гурвуулаа ирсэн. Манай эхнэр Должидсүрэн, би, Л , А , Д бид нар 3 шил 0.5 литрийн Хараа архийг манай гэрт уусан. Архи ууж дуусаад Л  манай 1 давхрын өрөөнд ганцаараа унтсан. Л.А , Д.Д, би, эхнэр Должидсүрэн бид нар 2 давхрын өрөөнд газраар ор засаад дөрвүүлээ газар унтсан. Манай эхнэр гэрлээ унтраагаад ойролцоогоор 10 минутын дараа харанхуйд Д.Д зүгээр байгаач ээ энэ намайг чимхээд байна гэсэн чинь манай эхнэр босч гэрлээ асаасан. Д.Д босоод зогсчихсон байсан. Л.А  хэвтэж байсан газраасаа өндийж ирээд Дг цохих гээд хөөхөөр нь би босоод тэр хоёрыг салгах гээд очихын хооронд А  нь Дгийн аман тус газар нь гараараа нэг удаа цохихоор нь би А ийг бариад авсан. Д.Дгийн хиймэл шүд уначихсан, 1 бүтэн шүд нь хугараад уначихсан харагдсан. ...Л.А  их согтуу байсан тул эхнэрээ юунаас болж зодсон талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Д.Д-н мөрдөн байцаалтад өгсөн: “... Би гэрлээ унтраагаад ойролцоогоор 10 минутын дараа би зүүрмэглэж байхад харанхуйд Д “зүгээр байгаач ээ, энэ нэг юм алчих гээд байна” гэсэн дуу гарсан. Би босоод гэрлээ асаасан. Л.А , Д.Д нар босоод ирчихсэн зогсож байгаа харагдсан. Л.А  эхнэр Д.Д-гийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон чинь Д.Д амаа дараад буруу хараад суусан. Л.А  ахиж эхнэр Дг зодох гээд байхаар нь манай нөхөр А, А тэвэрч суулгаад тайвшруулсан. Д.Д-гийн 1 хиймэл шүд, 1 бүтэн шүд нь хугараад уначихсан харагдсан. ... Л.А  нь унтахгүй архи дахиж ууна гээд гарах гээд байхаар нь Д.Д архи ахиж уулгахгүй гээд аргадаж байгаад Л.А д зодуулсан. Өөр маргаан болоогүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн 59 дугаартай: “... Д.Д-н биед тархи доргилт, дээд эрүүнд баруун 1-р шүд унасан, баруун гарын бугалга, цээж, нуруу, баруун гуя, шилбэ хэсэгт зулгаралт, буйл баруун гарын бугалга, баруун хөлийн гуя, шилбэ хэсэгт цус хуралт, буйлны дотор хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ... Уг гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 25 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн 141 дугаартай: “... Д.Дгийн биед хамар ясны бороолсон хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үзүүлэгчид учирсан гэмтлийн үүсэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь учирсан цаг хугацаандаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 33 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.А ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 43-47 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.А ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Л.А ийг яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг болно.

 Шүүгдэгч Л.А  нь согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр баг Аюушын 2-6 тоотод өөрийн эхнэр Д.Дг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Д.Д-гийн мөрдөн байцаалтанд өгсөн шүүгдэгч Л.А д зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 12-14/, гэрч Ц.Азжаргалын хохирогч Д.Дг шүүгдэгч Л.А  цохисныг харсан талаарх мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч Д.Д-н хохирогч Д.Дг шүүгдэгч Л.А  цохисныг харсан талаарх мэдүүлэг /хх-ийн 19-20/, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн 59, 141 дугаартай дүгнэлтүүд. /хх-ийн 25, 29/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 33/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 34/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7/, Шүүгдэгч Л.А ийн мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Шалмаг овогт Л ийн А д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Л.А д Эрүүгийн хуулийн тусгай 10.1 дүгээр зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.А  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 /Зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /Зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Л.А  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Шүүгдэгч Л.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Л.А д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1,5,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Шалмаг овогт Л ийн А ийг Эрүүгийн хуулийн тусгай 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Шалмаг овогт Л ийн А ийг 600 /зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 5. Шүүгдэгч Л.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.МАНДАХБАЯР