Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/16

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 28 өдөр                                            Дугаар 2024/ДШМ/16                                                         Даланзадгад сум

 

 

 

Ц.Ууганбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор: Б.Мөнхдөл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх /цахим/

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг

Нарийн бичгийн дарга: Д.Хонгорзул нарыг оролцуулан

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/26 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Мөнхдөлийн эсэргүүцэл, хохирогч Б.Батсайханы өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Ууганбаатарт холбогдох 2228002430214 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бор тээг 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Товгийнхон овогт Цэндсүрэнгийн Ууганбаатар,  /регистрийн дугаар КМ84052413/,

 

   Шүүгдэгч Ц.Ууганбаатар нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны шөнө Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн авто замын 74 дэх километрт Киа Пронтер маркийн 89-46 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 9.4, 9.5, 14.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж Б.Батсайханы жолоодож явсан Лексус 570 маркийн 03-25УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Б.Батсайханы биед дээд мөр өргөгч булчингийн урагдал бүхий хүндэвтэр гэмтэл, зорчигч Б.Түмэнжаргалын биед баруун доод 1, зүүн доод 1, зүүн доод 1-р арааны булгаралт, баруун доод 2-р шүдний хугарал бүхий хүндэвтэр хохирол, Б.Батсайхан тээврийн хэрэгсэлд 77110000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын газар нь Ц.Ууганбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

   Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай хүсэлтийг хангаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Товгийнхон овгийн Цэндсүрэнгийн Ууганбаатарт холбогдох 2228002430214 дугаартай хоёр хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж,

      Яллагдагч Ц.Ууганбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэжээ.

Прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

Шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт: “...мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол хэргийг прокурорт буцаах үндэслэл болохоор заасан тул шүүх хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв...” гэжээ.

Захирамжийн тодорхойлох хэсгийн бусад хэсэг болон захирамжлах хэсгийн заалтад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил дурдагдаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны ямар зөрчил илэрч, шүүх уг зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг “ноцтой” зөрчсөн зөрчил гэж дүгнэсэн нь тодорхойгүйгээр, шийдвэрийн тодорхойлох хэсгийн заалтаас зөрүүтэй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох болон захирамжлах хэсгийн энэхүү зөрүүтэй заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалтад нийцээгүй, ойлгомжгүй шийдвэр болсон байх ба шүүхийн шийдвэрээр хэрэгт шүүх хуралдааны үед нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар ажиллагааг хийж гүйцэтгэх, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар зөрчлийг арилгах эсэх нь тодорхойгүй байна.

2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17-д заасан асуудлуудыг хянан хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд хэлэлцүүлгийн энэ шатанд хавтаст хэрэгт тусгагдсан яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлахгүй, тухайн нотлох баримтад илэрсэн нөхцөл байдал, агуулгыг харьцуулахгүй. Харин нотлох баримтыг шинжлэн судлах, тухайн нотлох баримтад илэрсэн нөхцөл байдал, агуулгыг харьцуулах, яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлд зааснаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хийгдэхээр хуульчилсан байхад яллагдагч Ц.Ууганбаатарын өмгөөлөгчөөс урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан “хэрэгт хохирогчоор тогтоогдсон жолооч Б.Батсайханд зөрчлийн арга хэмжээ авахыг зөвшөөрөхгүй, эрүүгийн хэргийн шинжгүй үндэслэлээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх хүсэлт, тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж дүгнэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь буруу байна.

Тодруулбал, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1.2 дахь хэсгийн заалтуудыг тус тус дурдаж, улмаар “....яллагдагч Ц.Ууганбаатарт холбогдох эрүүгийн 2228002430214 дугаартай хоёр хавтаст хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв” гэж дүгнэж шийдвэрлэхдээ “...яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр...” гэж дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн заалтыг ноцтой зөрчиж байна. Шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн дээрх зөрчлүүд нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” үндэслэлд хамаарч байна.

3. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтыг шинжлэн судлахгүй, тухайн нотлох баримтад илэрсэн нөхцөл байдал, агуулгыг харьцуулахгүй боловч шүүх хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан тул хэргийн үйл баримтын талаарх шүүхийн шийдвэрийн үндэслэлийг дараах байдлаар няцаан үгүйсгэж байна. Тухайлбал: Яллагдагч Ц.Ууганбаатар нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны шөнө Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн авто замын 74 дэх километрт Киа Пронтер маркийн 89-46 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 9.4, 9.5, 14.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж Б.Батсайханы жолоодож явсан Лексус 570 маркийн 03-25УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Б.Батсайханы биед дээд мөр өргөгч булчингийн урагдал бүхий хүндэвтэр гэмтэл, зорчигч Б.Түмэнжаргалын биед баруун доод 1, зүүн доод 1, зүүн доод 1-р арааны булгаралт, баруун доод 2-р шүдний хугарал бүхий хүндэвтэр хохирол, Б.Батсайхан тээврийн хэрэгсэлд 77110000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдсон байна.

2 дугаар хавтаст хэргийн 15-17 дугаар хуудсанд Дотоод хэргийн их сургуулийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 202311 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт “Лексус 570” маркийн 03-25 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Батсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.6 “Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ”, 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байна.

Киа Пронтер маркийн 89-64 ДУА улсын дугаартай автомашины жолооч Ц.Ууганбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 9.4, 9.5, 14.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт авагдсан ба прокуророос яллагдагч Ц.Ууганбаатарын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдлээс шалтгаалж, уг зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдсон гэж дүгнэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоолгохоор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Харин “Лексус 570” маркийн 03-25 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Батсайхан нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.6, 12.2, 12.3 дахь заалтыг зөрчсөн үйл баримт нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, мөн хуулийн 52 дахь хэсгийн 52.1 дэх хэсэгт “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүний хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар зөрчлийн шинжтэй гэж дүгнэж, тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн шийтгэл хуудсаар Б.Батсайханд шийтгэл оногдуулсан баримт хэрэгт авагдсан болохыг дурдаж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/26 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив.

Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцох болно. Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцох болно гэжээ.     

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Шүүх тус хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т заасан үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэдэг бөгөөд захирамжийнхаа үндэслэлд “...яллагдагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт Лексус 570 маркийн машинд сууж явсан зорчигч Түмэнжаргалын биед замын хөдөлгөөний дүрмийн 3 заалтыг зөрчсөний улмаас хүндэвтэр гэмтэл үүссэн байгаа нь дүгнэлтээр тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл нь бүрдчихээд байхад эрүүгийн хэргийн шинжгүй байна гэдэг үндэслэлээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Машинд сууж явсан зорчигчид хүндэвтэр гэмтэл учирсан байхад эрүүгийн гэмт хэргийн шинжгүй байна гэж Зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан нь хууль зөрчиж байна гэх хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзэв.” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэх, ...хориглоно” гэж заасанд үл нийцэж байна.

Учир нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Киа Пронтер маркийн 89-46 ДУА улсын дугаартай автомашины жолооч Цэндсүрэнгийн Ууганбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а, 14.1, 9.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгааныг бүрдүүлсэн байна.” гэж, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 202311 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Киа Пронтер маркийн 89- 46 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ууганбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а, 9.4, 9.5, 14.1 тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна.” гэж осол гарсан шалтгаан нөхцөлийн талаар дээрх дүгнэлтүүдэд тодорхой заасан байхад шүүх хохирогчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн байр суурь илэрхийлж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймээс Ц.Ууганбаатарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн 26 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/26 тоот шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа юм.

Учир нь: Тус аймаг дахь прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б Мөнхдөлийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн яллагдагчаар татах тогтоолд Ц.Ууганбаатарыг яллагдагчаар татсан бөгөөд Лексус 570 маркийн машины жолооч Батсайханы үйлдлийг зөрчлийн хэрэг гэж үзсэнд гомдол гаргаж аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргасан боловч “яллах дүгнэлт" үйлдсэн байна гээд гомдлыг хүлээж авахаас татгалзсан.

Гэтэл хэргийн материалтай танилцахад зам тээврийн ослын талаар шинжээчдийн дүгнэлтэд ...Хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр 03-ны өдрийн 202311 дугаартай Монгол улсын Хууль Сахиулах Их Сургуулийн шинжээчдийн багийн гаргасан дүгнэлтийн Хариулт 3-т Лексус 570 маркийн 03-25 УНС, дугаартай машин -Замын хөдөлгөөний дүрмийн 3,4 6,12.2,12.3-т заасан заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн нь осол гаргахад нөлөөлсөн заалтууд мөч байхад зөрчлийн хуулиар арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх шударга ёсны зарчим алдагдсан байна.

Мөн шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 16 тоот дүгнэлтэд Б.Түмэнжаргалын биед хүндэвтэр гэмтэл учирсан /хх-н 122 тал/ гэсэн дүгнэлт гарсан.

Зорчигч Б.Түмэнжаргал нь жолооч Батсайханы Лексус 570 маркийн 03-25 УНС дугаартай машинд сууж явсан бөгөөд жолооч Батсайхан нь Замын хөдөлгөөний дүрмийн 3,4.6 заалтыг ‘Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ “ гэснийг зөрчсөн болохыг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 202311 тоот шинжээчдийн дүгнэлтээр нотолсон байгаа юм.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ... эрүүгийн хэрэг үүсэх үндэслэл болохоор хуульчилсан байхад прокурор Зөрчлийн хуулиар хариулцгаа тооцохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ийн 1.3-р зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй хэтэрхий нэг талд үйлчилж байгаа нь ажиглагдаж байна.

Мөн тус дүгнэлтэд Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12,3-д “ Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна “ заасан заалтуудыг тус тус зөрчсөн болохыг нотолж дүгнэлтээ гаргасан билээ. Гэтэл зам тээврийн осолтой холбоотой гарсан өөр хэрэг бүрт Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн байна гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хуулийн зарчим байгааг хуульчид бид нэг мөр мөрдөж ажиллаж*нэг хуулийг дагаж мөрдөж хэрэгжүүлж байгаа биш билүү.

Мөн Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахаар шилжүүлсэн гэх 2023-12-21- ний өдрийн мөрдөн байцаах тасгийн даргын тоотоос хойш 15 хоногийн дараа буюу миний урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлттэй танилцаад тэр дор нь зөрчлийн шийтгэврийн хуудсаар арга хэмжээ авсан тухай баримтыг 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хурал дээр гаргаж өгсөн бөгөөд, нэг цаг хугацаанд болсон хэргийн нөхцөл байдалд Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байдлуудын зарим нь яагаад зөрчлийн хэрэг болдог. Зарим нь яагаад эрүүгийн хэрэг болж байгаа талаар яллагдагчаар татах тогтоолдоо хууль зүйн дүгнэлт хийгээгүй үндэслэл муутай байх бөгөөд яллах дүгнэлтэд бүх хохирлыг Ууганбаатар төлөөгүй түүнээс нэхэмжилж байгаа хариуцахаар дурдсан нь хэтэрхий нэг талыг барьж яллах дүгнэлт үйлдсэн байгаа юм.

Замын хөдөлгөөний дүрмийн заалтад өндөр үнэтэй машин унаж байгаа нь энэ дүрмийн заалтад хамаарахгүй, Зөрчлийн хуульд хамаарна гэж лав заагаагүй байна. Ялангуяа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2,12.3 дахь заалт зөрчсөн бол зөрчлийн хуулиар эргэ хэмжээ тооцох заалт байхгүй, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3,4.6-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй /зорчигчдод гэмтэл учраагүй/ бол зөрчлийн хуулиар арга хэмжээ авна гэж хуульчилсан билээ. Жолооч Батсайхан нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б,12.2,12.3-д заасан үүргээ биелүүлж зогсоох арга хэмжээ авсан бол машинуудад эвдрэл , зорчигч нэрт гэмтэл учрахгүй байх боломж байсан.

Энэ 2 жолоочийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүссэн эвдрэл, гэмтлийг яаж ямар хуулийг үндэслэн эрүү, зөрчил гэж ялгаж зүйлчлээд байгаагаа нотлох баримттай хуулийн заалттайгаар тайлбарлаагүй хуулийг буруу хэрэглэж иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн болон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим зөрчиж нэг талыг яллаж байгаа яллах дүгнэлтийг зөвтгөхөөр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэсэн юм.

Анх гарсан ослын магадалгаа болон 2022 оны 11 дүгээр сарын 27-нд гарсан ослын шинжээч нарын дүгнэлт нэг талыг барьж гарсан тул бид туршилт хийлгэж , дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг хангаж 2023 оны 06 дугаар сарын 18-ны орой туршилт хийгдэж уг туршилтаар үзэгдэх орчин, цацруулагчтай хувцас өмссөн, тэмдэг тавьсан. Гэрлийн тусгал хэдий хэмжээнд тусаж байгаа /гэх мэт/ зэрэг нь маш тодорхой тусгагдсаныг бид биечлэн оролцож харсан билээ.

Энэ туршилтад Оюунтунгалаг өмгөөлөгч Батсайхан нар оролцсон. Иймээс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Монгол улсын Хууль сахиулах Их Сургуулийн шинжээчдийн багийн шинжээч нарын гаргасан дүгнэлтээр Лексус 570 маркийн 03-25 УНС дугаартай машины жолооч Батсайханы Замын хөдөлгөөний дүрмийн 3 заалт зөрчсөн нь дүгнэлтийн 3-р хариултаар нотлогдсон байхад хуулийг буруу хэрэглэж Лексус 570 маркийн 03-25 УНС дугаартай машины жолооч Батсайханыг эрүүгийн хэргийн шинжгүй байна гэж зөрчлийн хуулиар шийдэх гэж байгаа нь /шийдсэн нь/ шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа нь үндэслэлтэй юм.

Өмгөөлөгч Оюунтунгалаг нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 05 тоот шинжээчдийн дүгнэлт, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дүгнэлтээр Ц.Ууганбаатарыг зам тээврийн осол гаргасан гэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байхад хохирогчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн байр илэрхийлж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Ууганбаатар нь өөрийн гэм буруу дээрээ маргаагүй, осол болсон шалтгаан нөхцөлд 2 машины жолооч нар аль аль нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж тусгай мэргэжлийн шинжээчдийн багаар гаргасан дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хууль зөрчсөн эсэх талаар хууль зүйн үндэслэлтэй гомдол гаргасныг анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлээ тодорхой зааж хэргийг буцаасан байгаа билээ. Эрүүгийн хуулийн 1.3-т заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байгааг хууль хэрэглээний хүрээнд шийдэгдэж байгаа 27.10-тай өөр хэрэг бүрээс харж харьцуулж дүгнэж үзэх нь чухал юм.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/26 тоот шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байх тул өмгөөлөгчийн гомдол, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн 2024/ШЗ/26 тоот шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Энэ хэргийн үйл баримт хувьд хэргийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэдгийг хоёр талаар тайлбарлая.

Цэндсүрэнгийн Ууганбаатар нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны шөнө Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн авто замын 74 дэх километрт Киа Пронтер маркийн 8946 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон. Замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний 3.4 А-д заасан жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэлгүй, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй. Энэ үүрэгт тээврийн хэрэгслийн үзэгдэхэд хангалтгүй үед хол ойрын болон ар талын гэрэл асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэж заалтыг зөрчсөн.

Мөн дүрмийн 9.4-д зааснаар жолооч нь ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед гэрэл нь ажиллахгүй, эсвэл байхгүй бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах ослын зогсолтын дохиог асааснаас үл хамааран хэрэглэнэ. Мөн дүрмийн 9.5-д зааснаар ослын зогсолтын тэмдэг аюул учруулж болзошгүй талаас нь оюутан иргэд, жолооч нар тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний эрх зүйд нь хандуулан тээврийн хэрэгслийн суурин газраас 15 метр, суурингийн гаднах замд 30 метр, тууш замд 50 метрээс багагүй зайд байрлуулна гэснийг зөрчсөн.

Мөн дүрмийн 14.1-д зааснаар жолооч тухайн тээврийн хэрэгслийг зам дээр түр буюу удаан хугацаагаар зогсохдоо 5.17, 6.12 бүхий тэмдэг, зогсоолын талбайг ашиглана. Хэрэв байхгүй бол замын дагуу баруун гар талын хөвөө нь дээр хөвөөгүй бол зорчих хэсгийн зах буюу хашлаганд шахаж, эсвэл энэ дүрмийн 14.3, 14.4-д заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол болж Батсайханы жолоодож явсан Лексус 570 маркийн 0325 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Батсайханы биед мөр өргөгч булчингийн урагдалт бүхий хүндэвтэр хохирол, Түмэнжаргалын биед баруун доод нэг, зүүн доод нэг, зүүн доод нэгдүгээр арааны булгаралт, баруун доод хоёрдугаар шүдний хугарал бүхий хүндэвтэр хохирол, тээврийн хэрэгсэл жолоодож явсан Батсайханы тээврийн хэрэгсэлд 77,110,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл явдал тогтоогдсон. Хэрэгт авагдсан нөхцөлийн хүрээнд хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Нэгт Өмнөговь аймгийн Замын цагдаагийн тасгийн 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 05 дугаартай шинжээчийн дүгнэлтээр зам тээврийн осол гаргах үндсэн шалтгаан нь Киа Пронтер маркийн 8946ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Цэндсүрэнгийн Ууганбаатар нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болж уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж дүгнэлт гаргадаг.

Дотоод хэргийн их сургуулийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Ц.Ууганбаатарын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн асуудлаас болж уг зам тээврийн осол гарсан гэж дүгнэдэг. Зам тээврийн осолд холбогдсон хоёр жолооч хоёулаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Гэхдээ зам тээврийн осол гаргах үндсэн шалтгаан нь ямар жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болж вэ гэдэг нь хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан үйл баримтаар Ц.Ууганбаатар нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн учраас зам тээврийн осол гаргах үндсэн шалтгаан болж, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үзээд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Хоёр жолооч хоёулаа замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд байхад яагаад шүүхээс нэг жолоочид нь яллах дүгнэлт үйлдэгдээд, гэм буруугийн асуудал шийдэгдэв, нэгэнд нь яагаад зөрчлөөр шийтгэл оногдуулав гэдэг асуудал ярьж байна. Гэтэл Батсайхан буюу тухайн зам тээврийн осолд холбогдсон жолоочийн хувьд замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн. Замын хөдөлгөөний дүрмийн заалт нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4Б-д заасан жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн үүрэг, мөн харанхуй үед буюу үзэгдэхэд хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явах, мөн жолооч хөдөлгөөнд аюул саад учрахын мэдсэн үед тээврийн хэрэгслийг зайлшгүй зогсоох арга хэмжээг авна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж шинжээчийн дүгнэлт гаргадаг.

Ингээд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн асуудлаар Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан баримт хэрэгт авагдсан байдаг. Тэгэхээр ослын хувьд хоёр жолооч хоёулаа буруутай асуудал байж болно. Гэхдээ энэ хэргийн хувьд зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь Ц.Ууганбаатарын жолоодож явсан тээврийн хэрэгслийн асуудал байдаг. Үзэгдэх орчин хангалтгүй үед замаа чөлөөлж зогсоогүй, замын зорчих хэсэг дээр зогсчихоод ямар ч анхааруулах зогсолтын тэмдгийг тавиагүй учраас зам тээврийн осол гарсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдчихсон байхад анхан шатны шүүхээс Батсайхан жолоочийн буруутай асуудлыг дахин шүүж шийдвэрлүүлэхээр буцааж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэг нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өөрчлөлтөөр их хэмжээ гэдэг өөрчлөлт байхгүй болсон. Тиймээс анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд бүрэн боломжтой.

Мөн шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол хэргийг прокурорт буцаах үндэслэл болгохоор заасан тул шүүх хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзсэн байдаг. Гэтэл захирамжийн тодорхойлох хэсгээс бусад хэсэг болон захирамжийн захирагдах хэсгийн заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил дурдагдаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны хувьд ямар нэгэн зөрчил илэрч, уг зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж дүгнэсэн нь тодорхойгүй байдаг. Мөн шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт заалтаас зөрөөтэй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгахаар хийгдэх ажиллагааг хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй. Мөн шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг болон захирамжлах хэсгийн зөрөөтэй заалтаас шалтгаалан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй байхаар бичигдсэн байна гэсэн заалтад нийцэхгүй гэж үзэж байна. Мөн ойлгомжгүй шийдвэр болсон бөгөөд шүүхийн шийдвэрээр тухайн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар ажиллагаа байгаа болон шийдвэрээр ямар ажиллагаа явуулах талаар шүүхийн захирамждаа тодорхой дурдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн 1.2 дахь хэсэгт дурдсан яллагдагч Ц.Ууганбаатарт холбогдох хоёр хавтаст хэргийг Өмнөговь аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэх гэсэн дүгнэлттэй, яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр гэж дурдаж байгаа нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн дээрх зүйлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Иймд анхан шатны шүүхийн буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор эсэргүүцэл бичсэн. Прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

          Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх гаргах гэж байгаа шийдвэрийнхээ талаар байр сууриа илэрхийлэхийг хориглоно гэж заасан. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, нэг нотлох баримтыг нөгөөгөөс илүүдээд үзэх, байр суурь илэрхийлэхийг хориглосон зохицуулалтууд байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгч дээрх хуулийн заалтуудыг зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж хохирогч Батсайханыг гэм буруутай байна гэсэн агуулга бүхий захирамж гаргасан нь хууль зөрчиж байна. Өөрөөр хэлбэл урьдчилсан хэлэлцүүлэг дээр нотлох баримтуудыг шинжлэн судлах ёсгүй байтал шинжээчийн дүгнэлтийг яаж хэрэглэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Ц.Ууганбаатар яагаад буруугүй, Батсайхан тус гэмт хэрэгт буруутай, мөн дээрх зүйл хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэгдэх гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэх агуулга бүхий хүсэлтийг хүлээн авсан. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа эсвэл ноцтой зөрчил гэдэг байдлаар тайлбарлаж захирамж гаргасан нь хуулийн агуулга, зарчимд нийцэхгүй байгаа учраас тус захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтийн алийг нь үндэслэж шүүх шийдвэрээ гаргах нь анхан шатын шүүх хуралдаанаар шийдвэрлэгдэх асуудал байтал үүнийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн нь буруу. Анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймээс үүнийг  зөвтгөж анхан шатны шүүхийн 26 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэв.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх дэвж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

          Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндсэн зарчмууд байдаг. Иргэн, хуулийн этгээд шүүх хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчимтай байдаг. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзээд хэргийн нөхцөл байдлыг шүүх, прокурор яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ хэтэрхий нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэг шүүхэд очоод урьдчилсан хэлэлцүүлэг зарлаад энэ асуудлыг ярихад хууль ёсны байх, иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулсан. Ц.Ууганбаатарт холбогдох хэргийн зүйлчлэлийн талаар бид мэтгэлцээгүй. Зөвхөн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гарсан осол нь юунаас үүдэлтэй юм бэ гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг үндэслэж прокурор шийдвэр гаргахдаа хэтэрхий нэг талыг барьж хууль бус шийдвэр гаргасныг зөвшөөрөөгүй учир 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг зарлах хүсэлтийг явуулсан.

          Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн өглөөний 10 цагт хурал болоход 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөр Батсайханд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, 20,000 төгрөгөөр торголоо гэсэн шийтгэврийн хуудсыг урьдчилсан хэлэлцүүлгийн өмнө гаргаж өгсөн. Уг шийдвэртэй танилцахад Батсайхан нь Зөрчлийн тухай хуулийн ямар заалтыг зөрчсөний улмаас зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан нь тодорхойгүй. Гэтэл хэрэг шалгах явцад гурван удаа зам тээврийн ослын актын дүгнэлтүүдийг гаргасан. Эхний дүгнэлт нь Эрхэмбаатарынх байдаг. Дараа нь Өмнөговь аймгийн мэргэжлийн байгууллагуудын гурван шинжээч дүгнэлт гаргасан. Хамгийн сүүлд 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Улаанбаатар хотын Хууль сахиулах их сургуулийн шинжээчдийн баг дүгнэлт гаргадаг.

          Энэ дүгнэлтийн 3 дахь заалт дээр Лексус 570 маркийн машин буюу Батсайханы жолоодож явсан машин нь замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн Б, 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж дүгнэдэг. Ц.Ууганбаатарын хувьд адилхан 12.2, 12.4, 12.3 гээд нийт 4 заалтыг зөрчсөн дүгнэлтүүд гарсан. Хууль сахиулах их сургуулийн шинжээчдийн баг дүгнэлт гаргадаг. Энэ дүгнэлтийн 3 дахь заалт дээр Лексус 570 маркийн машин нь замын хөдөлгөөний дүрмийн дээрх 3 заалтыг зөрчсөний улмаас хэнд ямар гэмтэл, ямар хохирол, юу учирсан юм бэ гэдгийг аваад үзэхэд 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтээр Б.Түмэнжаргалын биед хүндэвтэр гэмтэл учирсан, Батсайханы биед мөн хүндэвтэр гэмтэл учирсан байдаг.

          Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн Б-д зорчигч тээвэрлэж яваа жолооч болон зорчигч хамгаалах бүс зүүсэн байх үүргийг биелүүлээгүй гэдгээр замын хөдөлгөөний дүрмийг Батсайхан зөрчсөний улмаас зорчигч Түмэнжаргалын биед хүндэвтэр гэмтэл учирсан гэдэг нь шүүх шинжээчийн дүгнэлтээр гарчихсан байхад энэ хэргийг эрүүгийн хэрэг биш гэж үзээд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан нь буруу бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуульд зааснаар хүндэвтэр гэмтэл учирсан байвал Зөрчлийн тухай хуулийн ямар заалтаар энэ хүнд зөрчлийн арга хэмжээ аваад байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй.

          Уг шийтгэврийн хуудас дээр ямар ч заалт байхгүй. Тиймээс иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчим алдагдсан гэж үзэж байна. Ц.Ууганбаатарын хувьд гэм буруугийнхаа талаар маргаж мэтгэлцэж урьдчилсан хэлэлцүүлэгт санал оруулаагүй. Ц.Ууганбаатар нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдгээ ойлгож байгаагаа тайлбартаа бичиж өгсөн. Улсын яллагчийн зүгээс Ц.Ууганбаатар ийм зөрчилтэй учраас Эрүүгийн хуулиар 27.10 дугаар зүйлийн 2.4-т зааснаар ял сонсож байгаа гэж яриад байна.

          Энэ асуудал дээр бид нар ямар нэгэн мэтгэлцээн гаргаагүй. Зөвхөн хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх болон үндсэн хууль, Эрүүгийн хуулийн үндсэн зарчмууд алдагдчихсан байгаа учраас үүнийг шалгаж тогтоолгох нь зүйтэй гэж үзсэн гэв.                     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор Б.Мөнхдөлийн бичсэн эсэргүүцэл, хохирогч Б.Батсайханы өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэл, гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэж үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Прокуророос Ц.Ууганбаатар нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны шөнө Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн авто замын 74 дэх километрт Киа Пронтер маркийн 89-46 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 9.4, 9.5, 14.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж Б.Батсайханы жолоодож явсан Лексус 570 маркийн 03- 25УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Б.Батсайханы биед дээд мөр өргөгч булчингийн урагдал бүхий хүндэвтэр гэмтэл, зорчигч Б.Түмэнжаргалын биед баруун доод 1, зүүн доод 1, зүүн доод 1-р арааны булгаралт, баруун доод 2-р шүдний хугарал бүхий хүндэвтэр хохирол, Б.Батсайхан тээврийн хэрэгсэлд 77110000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Дахин шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор:

1. Lexus 570 маркийн 03-25 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжтой эсэх? Хэрэв боломжтой бол тухайн тээврийн хэрэгсэл хэдэн км/цаг хурдтай явж байсан болох? Энэ нь Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хурдны хэмжээг баримталсан эсэх?

2. Kia pronter маркийн 89-46 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ууганбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх, хэрэв зөрчсөн бол ямар, ямар заалтыг хэрхэн зөрчсөн болох?

3. Lexus 570 маркийн 03-25 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Батсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх, хэрэв зөрчсөн бол ямар, ямар заалтыг хэрхэн зөрчсөн болох?

4. Хэн ямар дүрмийн, ямар заалт зөрчсөний улмаас дээрх зам тээврийн хол гарахад шууд нөлөөлсөн байна вэ? гэсэн асуултад 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулахаар  шинжээчийн дүгнэлт гаргахыг даалгажээ  /2хх-10-12/.

Шинжээч “Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль”-иас 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №202311 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргаж:

1. Хэрэг бүртгэлтийн материалд авагдсан баримтыг үндэслэн дүгнэхэд Lexus 570 маркийн 0325УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Учир нь хавтаст хэргийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “Осол болсон газар тээврийн хэрэгслийн дугуйны мөр байгаа боловч энэ нь уг ослын улмаас үүссэн мөр биш ...” гэж тэмдэглэсэн, мөн холбогдогч Б.Батсайханы өгсөн мэдүүлэгт “...урдаа байсан тээврийн хэрэгслийг хараагүй ..." гэсэн нь жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэхээр байгаа тул хурдыг тогтоох боломжгүй байна.

2. Kia pronter маркийн 89-46 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ууганбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а “Жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, ...тээврийн хэрэгслийн ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, 9.4 “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ.”, 9.5-т “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна.”, 14.1 “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно.” гэснийг тус тус зөрчсөн байна.

   3. Lexus 570 маркийн 03-25 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Батсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.6 “Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ”, 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байна. 

4. Kia pronter маркийн 89-64 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ууганбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 9.4, 9.5, 14.1 тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна гэж тогтоожээ. /2хх-15-17/

   Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан байх ба хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүхээс Ц.Ууганбаатарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна. 

Иймд прокурорын эсэргүүцэл болон хохирогч Б.Батсайханы өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудыг шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Ууганбаатарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.  

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Ууганбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/26 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Ууганбаатарт холбогдох эрүүгийн 2228002430214 дугаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол Ц.Ууганбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                       Л.УГТАХБАЯР

 

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

 

                                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ