Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 526

 

Б.Г-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С-, түүний өмгөөлөгч О.Болормаа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 728 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 740 дүгээр магадлалтай, Б.Г-д холбогдох 1906000000416 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С- нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 431 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 жил хорих ял шийтгүүлж, 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 209 дүгээр шүүгчийн  захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 3 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Д овогт Б-н Г-.

Б.Г- нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 81 дүгээр байрны авто зогсоолд М.А-тэй маргалдан түүний толгойн тус газар гараараа цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 10 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпилийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг буруу зүйлчилсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Б.Г-гийн гэм буруутай үйлдэл “Хүнийг санаатай алах” гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь хэргийн үйл баримт (факт), гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрээр үгүйсгэгдэж байдаг. Хүнийг алах гэмт хэргийг санаатай үйлдэхэд гэм буруутай этгээд өөрийн үйлдлийн уршгаар хохирогчийг үхэлд хүргэнэ гэдгийг урьдчилан мэдэж, хүсэж үйлдсэн санаатай үйлдэл байдаг. Харин хүн амьны хэргийг болгоомжгүй үйлдэх нь гэм буруутай этгээд өөрийн үйл ажиллагааны уршгаар хүний амь хохирно гэдгийг урьдчилан мэдэх боломжтой боловч тухайн агшинд хүний амь хохирохгүй гэж хөнгөмсгөөр найдсан байдаг.

Б.Г-г хүнийг санаатай алсан гэж зүйлчилснийг анхан болон давж заалдах шатны шүүх зөв гэж дүгнэн шийдвэр гаргасан нь үндэслэл муутай байна. Үүнд Б.Г- нь хамт архи уусан М.А-ийг согтуугаар машинаа барьж явна гээд байхаар нь осол аваар гарчих бий гэж болгоомжлон сайхан сэтгэл гарган машиных нь түлхүүрийг суглан авч явсан нь тогтоогдсон байдаг. Ийм сайхан сэтгэл гаргаж байсан хүн яагаад уг хүнийг санаатай алах болов гэдэг асуудал гарч ирж байна. Хохирогч өмнө нь олон удаа согтуугаар машин жолоодож захиргааны арга хэмжээ авагдаж байсныг Б.Г- мэддэг байжээ. Мөн энэ өдөр хоёрдох шил архиа авахдаа машинтайгаа явсан байдаг. Хохирогч М.А- өөрийнх нь төлөө санаа тавьж, нөхөрсгөөр хандаж байсан хүнийг яагаад эхлэж цохих болов. Энэ муу зүйлийн хариу үйлдлийг Б.Г- тухайн агшинд ямар ч бодлогогүй хийсэн байдаг. Б.Г- энэ бодлогогүй огцом үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүний ямар ч шинжийг агуулаагүй.

Хүн амины гэмт хэргийг санаатай үйлдэхэд, гэм буруутай этгээд өөрийн үйлдлийн уршгаар хохирогчийг үхэлд хүргэнэ гэдгийг урьдчилан мэдэж, хүссэн санаатай үйлдэл байдаг. Б.Г- хохирогчийг зөрүүлж цохисноос гарах үр дагаварт тухайн агшинд хайхрамжгүй хандсан нь тогтоогддог. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа, шүүгдэгч Б.Г- нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг энэ бүхнээс дүгнэлт хийхэд талийгаач М.А- нь гражны цементэн шалийг тархиараа савж унаснаас болж үхэлд хүрсэн гэмтэл авсан нь тогтоогдож байдаг.

Иймд хяналтын шатны шүүхээс хүнийг санаатай алсан гэж хууль хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд тус тус өөрчлөлт оруулан хөнгөрүүлж бусдыг блолгоомжгүй алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэсэн зүйл ангиар зүйлчилж зохих ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье” гэжээ.

Мөн шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С- гаргасан гомдолдоо “Маш их гомдолтой байна. Шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийг хүнийг санаатай алахаар бус хүнийг болгоомжгүй алахаар зүйлчлэх ёстой гэж анхан болон давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байсан бөгөөд шүүхийн шийдвэрт өмгөөлөгчийн гомдолд няцаалт хийж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгдсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С- нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Г- нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 81 дүгээр байрны авто зогсоолд М.А-тэй маргалдан түүний толгой руу гараараа цохиж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Г-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Б.Г- согтуурсан үедээ амь хохирогч М.А-тэй маргалдахдаа түүний толгой руу нь гараараа цохиж амь хохирогчийн биед гавал тархины битүү гэмтэл үүсч нас барсан үйл баримт нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг няцааж үгүйсгэх, мөн хэрэгт цугларсан нотлох баримтыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Б.Г- нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Мөн хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн анхан шатны шүүхээс Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үнэлж өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэн цэгнэж,  шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний буюу 10 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпилийн гаргасан “...хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон тул шийтгэх тогтоол, магадлалд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж, зохих ял шийтгэл оногдуулна уу” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С-гийн гаргасан “...шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 728 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 740 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпилийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН