Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 109/2016/0009/З |
Дугаар | 18 |
Огноо | 2016-08-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 18
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би Ж.Ганзоригийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагчийн ажилд эргүүлэн томилуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Ганзориг намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд Архангай аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын 2016 оны 6 сарын 15-ны өдрийн Б/20 дугаартай тушаалд хууль зүйн үндэслэлгүй зүйлүүдийг дурьдан ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Б/20 тоот тушаалын хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д энэ хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна.
Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2016 оны 8 сарын 05-ны өдрийн 13 тоот тогтоолыг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Архангай аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын 2016 оны 06 сарын 15-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Архангай аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагчийн ажилд эргүүлэн томилж өгнө үү гэжээ.
Хариуцагч Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Цэвэгдорж 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Ж.Ганзоригийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул тус газарт холбогдох захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Ж.Ганзориг Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагчийн ажилд эргүүлэн томилуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Цэвэгдорж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарт уг асуудлаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөхөд түүнийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагчийн ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, Ж.Ганзоригийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурдсугай.
4. Энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ