Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0438

 

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0438

Улаанбаатар хот

А Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 148 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 148 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А Ц ХХК-ийн Ашиг малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах А Ц ХХК-ийн ХҮ-000000 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Манай компани нь Төв аймгийн А сумын нутагт орших Ар богол гэдэг газарт ашигт малтмалын хайгуулын ХҮ-00000 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан.

Дээр дурдсан тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дуусах гэж байсан тул манай компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд буюу тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2015 оны 7, 8 дугаар саруудад А сумын Засаг дарга болон Байгаль орчны байцаагчтай олон дахин очиж уулзсан боловч тухайн багийн хурлаар хэлэлцэж батална гэж хойшлуулсаар байсан юм.

Тухайн үед Төв аймгийн А суманд ХҮ-00000 дугаартай тусгай зөвшөөрлийн Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг Засаг дарга Б.Б-ын зөвлөж хэлснээр Байгаль орчны байцаагч болох Б.М-д 2015 оны 07 дугаар сард өгсөн юм. Үүнээс хойш тусгай зөвшөөрөл оршиж байгаа Б багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдуулсны дараа баталж өгнө гэсэн орон нутгийн удаашралтай үйл ажиллагаанаас хамааран хойшилсоор байсан.

Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг өгөхөд Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө нь манай компанийн үйл ажиллагаанаас үл хамаарах байдлаар орон нутгийн багийн хурал хуралдах хүртэл хугацаагаар хойшилж байгаа тул энэхүү нөхцөл байдлыг Кадастрын хэлтсийн холбогдох ажилтнуудад хэлж тайлбарлахад энэхүү нөхцөл байдлаа дурдсан албан бичгийг тухайн хэлтэст өгч мэдэгдэх, менежментийн төлөвлөгөөгөө батлагдаж ирэхээр тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө өргөдлөө дахин гаргахыг зөвлөсөн юм.

Энэ дагуу бидний зүгээс 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 13/15 тоот албан бичгийг Кадастрын хэлтэст өгөөд 2015 оны 07 дугаар сард Байгаль орчны байцаагчид батлуулахаар хүргүүлсэн байсан Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөнийхөө араас олон дахин хөөцөлдөж байгаад батлуулсан юм.

Тус төлөвлөгөөг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө орон нутгаар батлуулж ирээд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан өргөдлийн бүрдүүлбэр хангагдсан тул Кадастрын хэлтэст өргөдлөө өгч бүртгүүлсэн юм. Кадастрын хэлтсийн ажилтнууд ч энэхүү нөхцөл байдал манай компанийн зүгээс шалтгаалаагүй гэдгийг мэдэж байсан тул өргөдлийг хүлээн авч бүртгэсэн юм.

Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх талуудын маргаж байгаа өргөдлийн бүрдүүлбэр хангах, хугацаа хожимдуулсан гэх асуудлуудыг тусгай зөвшөөрөл эзэмшигч А Ц ХХК-ийн үйл ажиллагаанаас үүдсэн байна уу, орон нутгийн хүнд суртал, буруутай үйл ажиллагаанаас бий болсон байна уу гэдэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэл муутай болсон нэг талыг барьж нэхэмжлэгчийг буруутгах талаас нь шийдвэрлэсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Манай компанийн зүгээс Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө батлуулж амжихаар хугацаанд буюу 2015 оны 07 дугаар сард Байгаль орчны байцаагчид өгч, араас нь хөөцөлдөж байсан багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж байж батална гэж хойшлуулж байсныг Ар хуст сумын байгаль орчны байцаагч гэрчийн мэдүүлэг өгөхдөө нотолсон, энэ тухай гаргасан тодорхойлолт нь хэрэгт байгаа, мөн Засаг дарга нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэзээ баталснаа сайн санахгүй байна гэж байсныг мөн анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-ийн тухайн үед төлөвлөгөө батлуулах ажлыг хөөцөлдөж байсан хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлтийг хүлээж авалгүй шүүх хурал хийж дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Манай компани нь арилжааны банкны зээлээр хайгуулын үйл ажиллагаа явуулсан бөгөөд орон нутгийн хүнд суртал , Кадастрын хэлтсийн хууль буруу хэрэглэн гаргасан шийдвэрийн улмаас өнөөгийн байдлаар нийт 400 гаруй сая төгрөгийн алдагдал хүлээж байхад ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна гэж дүгнэх нь хэт нэг талыг барьсан шийдвэр юм. Энэхүү мөнгө жил бүрийн хайгуулын ажлын тайлангаар батлагдана.

Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө орон нутгаар батлуулсан манай компанийн үйл ажиллагаанаас хамааралгүй орон нутгийн буруу байсан тул батлуулаад ирэх хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байсан тул 00000 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийн бүрдүүлбэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хангагдсан тул Кадастрын хэлтэс хүлээн авсан билээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж заасан байна.

Иймд Кадастрын хэлтэс хуульд заасан өргөдлийн бүрдүүлбэр хангаагүй өргөдлийг хүлээн авахгүй бөгөөд хуулийн шаардлага хангасан өргөдлийг хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан үзэх үүрэгтэй байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахгүй байх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай өргөдлийн тус тусгай зөвшөөрлийн эцсийн хугацаа дуусахаас өмнө өөрийн буруутай бус орон нутгийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан нь ХҮ-00000 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгох хууль зүйн үндэслэлгүй юм.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх орон нутгийн багийн хурал хуралдах асуудлаар төлөвлөгөө батлагдахгүй байгаа, манай компанийн зүгээс хангалттай хугацааны өмнө төлөвлөгөөг хүргүүлсэн боловч баталж өгөөгүй хуульд заасан 1 сарын өмнө өгөх хугацаа дуусаад байна, тухайн төлөвлөгөөг тусгай зөвшөөрлийн үндсэн хугацаа дуусахаас өмнө батлуулахаар хөөцөлдөж байгаа гэдгийг мэдэгдсэн албан бичгийг зориудаар гуйвуулан тайлбарласан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шууд хүлээн авч үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.23-ны өдрийн 148 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: А Ц ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 00000Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2015.09.19-ний өдрөөс өмнө төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

2017.02.15-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн нь Төв аймгийн Угтаал сумын Засаг даргын мэдүүлэг болон мөн сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн албан бичгээр А Ц ХХК нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулаагүй болох нь нотлогдсон.

А Ц ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө төрийн захиргааны байгууллагад гаргах гэсэн заалтыг, мөн зүйлийн 22.1.3-д заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтыг хавсаргана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг анхан шатны шүүх хавтаст хэргийн материалд байгаа баримт, гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбарыг үндэслэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэсэн заалт нь төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан шаардлага, иж бүрдэлийг хангасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгэн мөн 7.2, 3 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянах эрхийг олгосон.

Нийтийн эрх зүйн хүрээнд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглоно гэсэн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимд тулгуурласан зохицуулалтын арга хэлбэр үйлчилдэг.

Энэ ч үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт Үндсэн хуульд төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино гэж заасны дагуу төрийн захиргааны байгууллагын шийдвэр хуульд бүрэн нийцсэн шийдвэр болсон.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах өргөдөл гаргахдаа Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулан өргөдөлд хавсаргах үүрэгтэй юм. Энэ үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч биелүүлээгүй нь төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа биш билээ.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянахад өөрчилж, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр А Ц ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тус компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзжээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Төв аймгийн А суманд ХҮ-00000 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хүргүүлсэн боловч тухайн тусгай зөвшөөрөл оршиж байгаа Б багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдуулсны дараа баталж өгнө гэсэн орон нутгийн удаашралтай үйл ажиллагаанаас хамааран төлөвлөгөөг батлуулж амжаагүй байсан. Энэхүү нөхцөл байдлыг Кадастрын хэлтсийн холбогдох ажилтнуудад хэлж тайлбарлахад энэ талаар дурдсан албан бичгийг хэлтэст өгөх, менежментийн төлөвлөгөөгөө батлагдаж ирэхээр тухайн тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө өргөдлөө дахин гаргахыг зөвлөсөн бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өргөдлөө гаргасан байхад Ашигт малтмалын тухай хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж үзээгүй, материал дутуу гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь хууль бус ... хэмээн тайлбарлажээ.

            Харин хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлд хавсаргасан баримт бичиг нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэзээ батлуулсан огноо нь тодорхойгүй, ямар шалтгаанаар хоцроон баталсан талаар орон нутгийн зүгээс нотлох баримт байхгүй, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34.2, 34.7-д заасан хугацаанд төлөөгүй зэргээр өргөдлийн материал дутуу бүрдүүлж өгсөн учир татгалзах шийдвэр гаргасан ... гэж маргасан байна.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд А Ц ХХК нь Төв аймгийн А сумын нутагт байрлах А нэртэй 1122.79 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 00000Х дугаар тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дуусах бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж, хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө холбогдох баримтын хамт төрийн захиргааны байгууллагад ирүүлэх үүрэгтэй байна.

            А Ц ХХК-аас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандан 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 13/15 дугаар албан бичгээр ... байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлагдаагүй учир сунгалтын хүчин төгөлдөр хугацааг түр хадгалж өгнө үү гэжээ.

            Улмаар 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн 00000Х тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдөл гаргаж, өргөдөлдөө хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралтууд, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримт, хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай болон түүнийг хүлээлгэн өгсөн баримт, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ГХОААН-ийн гэрчилгээ зэргийг хавсарган өгснийг хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.

            Тодруулбал, А Ц ХХК-ийн өргөдөлд хавсаргасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулан гарын үсэг зуруулсан гэх боловч хэрэгт авагдсан сумын Засаг даргын төлөвлөгөөг баталж гарын үсэг зураагүй гэсэн мэдүүлгээр эрх бүхий этгээд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан нь үгүйсгэгдсэн, уг төлөвлөгөөг хэзээ батлуулсан огноо нь тодорхойгүй, ямар шалтгаанаар хоцроон баталсан талаар орон нутгийн зүгээс нотлох баримт байхгүй, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7-д заасан хугацаанд төлөөгүй байсан учир өргөдлийг хүлээн аваагүй нь Ашигт малтмалын газрын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1/1728 тоот албан бичиг, хэргийн оролцогчдын тайлбар, дотоод хяналтын хуудас зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг түр хадгалах талаар зохицуулалт байхгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаа хэтрүүлэн гаргасныг нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан хүсэлтийг үндэслэн зөвтгөх боломжгүй талаарх анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт өгчээ.

            Эдгээр болон бусад үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 148 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.ШҮ

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                   Д.БААТАРХҮҮ