| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 133/2024/00137/И |
| Дугаар | 305/ШШ2025/00325 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 305/ШШ2025/00325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Г.Ш-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш.Н, М.Э нарт холбогдох,
Малын үнийн үлдэгдэл 9,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Ш, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч М.Э, түүний өмгөөлөгч Ж.М, гэрч Л.А, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.
Хариуцагч Ш.Н-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлтэй байх тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Малын үнийн үлдэгдэл 9,300,000 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Г.Ш нь **** аймгийн **** сумд мал маллан амьдардаг. 2022 оны хавар 3 дугаар сарын сүүлээр Ш.Н, түүний эхнэр М.Э нар манайд ирээд эр хонь зараач би 250,000 төгрөгөөр зээлээр аваад борлуулсаныхаа дараа мөнгийг нь өгье гэхээр нь би зээлээр бол 270,000 төгрөгөнд нэг эр хонио бодож өгнө гэхэд таны хонь туранхай байна гээд авалгүй яваад өгсөн. Дараа нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны үед манайд тэр хоёр дахин ирээд зээлээр хонь зараач гэж ирсэн. Тэгэхээр нь би зээлээр авах бол эр хонио нэг бүрийг 270,000 төгрөг, эр ямаагаа нэг бүрийг нь 130,000 төгрөгөөр тооцож өгье гэхэд Ш.Н эхнэрийн хамт тэгье зээлээр авъя гээд 80 эр хонь, 15 эр ямаа зээлээр авсан. Тэгээд Ш.Н намайг та зарах хонио ***** аймгийн ***** сумын ****** гэх газар байх Р-д аваачаад өгөөрэй гэсэн. Тэгэхээр би 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 80 эр хонь, 15 эр ямааг хүү Ш.Д-н 15 эр ямаатай цуг, нийт 110 богийг тууж Р-нд очиход Ш.Н эхнэр Ч-н төрсөн дүү нь юм уу ах нь юм мэдэхгүй байна М.Б гэх хүн 2 хүүхэдтэйгээ хамт хүлээж аваад туугаад явсан. Дараа би Н луу утсаар холбогдоод эм хонь авах уу гэхэд зээлээр бол авна гэхээр нь нэмж 10 эм хонь өгөхөөр болж хүү Ш.Д-н зарахаар болсон 7 эм хонины хамт Н-н зааж өгсөн айлд манай хүү Ш.Д аваачиж өгсөн. Би Н-с малын үнэд 2023 оны 01 дүгээр сард 350,000 төгрөгийг бэлнээр, 3,000,000 үнэ бүхий мотоцикль 1 ширхэгийг 2023 оны 05 дугаар сард, 2023 оны 08 сард 5,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 7,000,000 төгрөг нийт 12,000,000 төгрөг дансаар хүлээж авсан. Миний өгсөн малын үнэ эр хонь 270,000*80=21,600,000 төгрөг, эм хонь 110,000*10=1,100,000 төгрөг, эр ямаа 130,000*15=1,950,000 төгрөг, нийт 24,650,000 төгрөг болсон. Одоо үлдэгдэл 9,300,000 төгрөг өгөхгүй байгаа тул Ш.Н, М.Э нараас 9,300,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжпэлийн шаардлага болох 9.300.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хариуцагч нар нь Г.Ш-ээс малыг нь очиж гуйж аваагүй өөрөө утсаар ярьж зараад өгөөч гэж хэлсний дагуу эр хонь 80-ыг 170.000 төгрөгөөр, эм хонь 10-ыг 70.000 төгрөгөөр, эр ямаа 15-ыг 110.000 төгрөгөөр нийт 15,950.000 төгрөгний мал тухайн үеийн ханшаар авч байсан. Малыг нь зараад 2023 оны 1 сард 350.000 төгрөгийг бэлнээр, 2023 оны 1 сарын 23-ний өдөр ****** тоот дансаар 325.000 төгрөг, 2023 оны 5 сард хонины мөнгөнөөс 1 мотоцикль аваад өгөөч гэхээр нь 3.000.000 төгрөгний үнэ бүхий шинэ мотоцикль авч өгсөн, 2023 оны 8 сард 5.000.000 төгрөгийг дансаар, 2024 оны 1 сарын 13-ны өдөр 7.000.000 төгрөгийг дансаар нийт 15.675.000 төгрөг өгсөн. Тухайн үедээ манай нөхөр бид 2-т 1 хонийг нь бэлгэнд аваарай гэж байсан. Өмнө нь бид 2-оос 1 аккумлятор авч байсан өрөндөө 1 эр хонийг нь өгч байсан юм. Нэхэмжпэгч Г.Ш бидний хооронд тооцоо байхгүй дууссан юм. Тухайн үед нэхэмжпэгч Г.Ш-ийн хүү Ш.Д-с эр ямаа 110.000 төгрөгөөр, эм хонь 7-г 70.000 төгрөгөөр хамт аваад үнэ болох 2.140.000 төгрөгийг нь хүү Ш.Д-н ******** дансаар 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өгч байсан юм. Аав, хүү 2-оос адилхан үнээр мал авч байсан юм. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Г.Ш-н **** банкы депозит дансны хуулга /2023.01.01-2024.01.17/.
5. Хариуцагчаас иргэний хэрэгт ирүүлсэн нотлох баримт: Байхгүй.
6. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт:
-***** аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаар албан бичиг,
-Ш.Д-г гэрчээр асуусан тэмдэглэл.
7. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт:
-Г.Х-г гэрчээр асуусан тэмдэглэл,
-Б.А-г гэрчээр асуусан тэмдэглэл,
-******* Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 42 дугаар албан бичиг, хавсралтын хамт.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Г.Ш нь малын үнийн үлдэгдэл 9,300,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
Малын үнэ эр хонь 270,000*80=21,600,000 төгрөг,
эм хонь 110,000*10=1,100,000 төгрөг,
эр ямаа 130,000*15=1,950,000 төгрөг, нийт 24,650,000 төгрөг болсон.
Үүнээс Ш.Н-с малын үнэд:
-2023 оны 01 дүгээр сард 350,000 төгрөгийг бэлнээр,
-2023 оны 05 дугаар сард 3,000,000 үнэ бүхий мотоцикль 1 ширхэгийг,
-2023 оны 08 сард 5,000,000 төгрөг,
-2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 7,000,000 төгрөг нийт 12,000,000 төгрөг дансаар хүлээж авсан.
Одоо үлдэгдэл 9,300,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ.
4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзахдаа:
эр хонь 80-ыг 170,000 төгрөгөөр,
эм хонь 10-ыг 70,000 төгрөгөөр,
эр ямаа 15-ыг 110,000 төгрөгөөр нийт 15,950.000 төгрөгний мал тухайн үеийн ханшаар авч байсан.
Малыг нь зараад:
2023 оны 1 сард 350,000 төгрөгийг бэлнээр,
2023 оны 1 сарын 23-ний өдөр ******* тоот дансаар 325,000 төгрөг,
2023 оны 5 сард 3,000,000 төгрөгний үнэ бүхий шинэ мотоцикль авч өгсөн,
2023 оны 8 сард 5,000,000 төгрөгийг дансаар,
2024 оны 1 сарын 13-ны өдөр 7,000,000 төгрөгийг дансаар нийт 15.675.000 төгрөг өгсөн.
Тухайн үедээ манай нөхөр бид 2-т 1 хонийг нь бэлгэнд аваарай гэж байсан. Өмнө нь бид 2-оос 1 аккумлятор авч байсан өрөндөө 1 эр хонийг нь өгч байсан. Нэхэмжпэгч Г.Ш бидний хооронд тооцоо байхгүй дууссан гэж татгалзжээ.
5.Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлахад 2022 оны 08 дугаар сард нэхэмжлэгч Г.Ш, хариуцагч Ш.Н, М.Э нар нь 80 эр хонь, 10 эм хонь, 15 эр ямааг худалдан авахаар тохиролцож, дурдсан тооны малыг Ш.Н-н зааж өгсөн айлд аваачиж өгсөн үйл баримт тогтоогдож байна.
6. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ. Учир нь худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
7. Зохигчид тохиролцсон тооны буюу 80 эр хонь, 10 эм хонь, 15 эр ямааг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан болохыг хүлээн зөвшөөрдөг боловч тухайн малыг хэдэн төгрөгөөр үнэлж худалдан авсан талаар харилцан зөрүүтэй тайлбарлаж маргадаг.
Тухайлбал, нэхэмжлэгч Г.Ш нь малыг зээлээр худалдсан учраас эр хонийг 270,000 төгрөгөөр, эм хонийг 110,000 төгрөг, эр ямааг 130,000 төгрөгөөр тооцож өгсөн гэж, хариуцагч нар нь эр хонь 170,000 төгрөгөөр, эм хонь 70,000 төгрөгөөр, эр ямаа 110,000 төгрөгөөр тооцож авсан гэж тайлбарладаг болно.
Талуудын тайлбараас үзэхэд маргааны зүйл нь гэрээний үнэ буюу эр хонь, эм хонь, эр ямааны нэг бүрийн үнийг талууд хэрхэн тохиролцсон талаар маргажээ.
8. Иргэний хуулийн 244 дүгээр 244.1-т “Худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно.” гэжээ.
Нэхэмжлэгч талаас гэрээний үнийг тодорхойлохоор гэрч Ш.Д-г, хариуцагч талаас Б.А, Г.Х, М.М, Л.А нарыг гэрчээр оролцуулсан.
Гэрч Ш.Д мэдүүлэхдээ “...2022 оны 8 дугаар сард Ш.Н-т 15 толгой эр ямаа, 7 толгой эм хонь зарсан. Зарсан малаа зээлээр аавынхтай цуг өгөөд явуулсан. Тэр үед эр ямааг-120,000-130,000 төгрөг, эр хонь-260,000-300,000 төгрөг, эм хонь-90,000-100,000 төгрөгийн хооронд л үнэ ханштай байсан. Ш.Н эр хонийг 300,000 төгрөг, эр ямааг-130,000 төгрөг, эм хонийг-100,000 төгрөгөнд тохирч аавынх 80 эр хонь, 15 эр ямаа, 10 эм хонь зарсан. Миний зарсан малын үнийг доогуур үнээр бодож хоёр удаа тасалж тооцоогоо дуусгасан… Ш.Н, М.Э нар нь аавынхаас олон эр хонь бол 1 толгой эр хонийг 300,000 төгрөгөөр бодож 80 эр хонь, эр ямааг 130,000 төгрөrөөр бодож 15 эр ямаа, эм хонийг хэдэн төгрөгөөр бодсоныг сайн мэдэхгүй юм ямар ч 10 эм хонь өгсөн...” гэж,
Гэрч Г.Х мэдүүлэхдээ “...Ш.Н, М.Э нарт 2022 оны 3 дугаар сард хонь өгөөгүй, эр ямаа, эм ямаа холимог 6 толгойг өгсөн. Эр ямаа 100,000-110,000 төгрөгийн хооронд, эм ямааг 60,000-70,000 төгрөгийн ханшаар өгсөн юм. Тэр үед ханш нь тийм байсан…” гэж,
Гэрч Б.А мэдүүлэхдээ “…2022 оны 8 дугаар сард Ш.Н, М.Э нарт хэдэн мал зарсан. Эр хонь, ямаа зарсан. Эр ямааг 110,000 төгрөгөөр, эр хонь 150,000 төгрөгөөр зарсан. Нийт 100-гаад мал л зарсан. Ямаа нь арай цөөн байсан. Эм хонь зараагүй…” гэж,
Гэрч Л.А мэдүүлэхдээ “...Ш.Н, М.Э гэдэг хүмүүст 2022 онд мал өгч байсан. Эдгээр хүмүүс Жил бүр мал авдаг. 2022 онд Эр ямаа 20, эм ямаа 30-ыг өгсөн. Эр ямааг 110.000 төгрөг, эм ямаа 60.000 төгрөг гэж байсан. Ямаа зарахдаа Нутгийн ханшаар зардаг. Тухайн жилдээ ханш гардаг. Хавар сайн орсон бол хавар жоохон илүү үнэтэй. Намар арай бага үнэтэй байдаг. Хавар эм мал авахгүй. Хаврын эр хонь арай үнэтэй байдаг. Хавар мал турж орно. Гэхдээ шинэ шөл гэдэг утгаараа эр хонийг үнэд хүргэх гэж хавар зардаг...” гэж,
Гэрч Б.М мэдүүлэхдээ “…Ш.Н, М.Э нарт жил бүр мал өгдөг. Эр ямаа, эр хонь өгсөн. Эр ямааг 100.000-110.000 төгрөгийн хооронд өгч байсан. Эр хонь 140.000-150.000 төгрөгийн хооронд байсан. Эм хонь 60.000-70.000 төгрөгт өгч байсан...” гэж тус тус мэдүүлжээ.
Дээрх гэрч нарын мэдүүлгээс үзэхэд 2022 оны сард ***** аймгийн ***** сумын малчдаас хариуцагч нар нь эр хонь 150,000 төгрөг, эм хонь 60,000-70,000 төгрөг, эр ямааг 100,000-110,000 төгрөгт тооцон авч байсан байна.
Харин нэхэмжлэгч талын хүсэлтээр оролцсон гэрч Ш.Д нь “...Тэр үед эр ямааг-120,000-130,000 төгрөг, эр хонь-260,000-300,000 төгрөг, эм хонь-90,000-100,000 төгрөгийн хооронд л үнэ ханштай байсан. Ш.Н эр хонийг 300,000 төгрөг, эр ямааг-130,000 төгрөг, эм хонийг-100,000 төгрөгөнд тохирч аавынх 80 эр хонь, 15 эр ямаа, 10 эм хонь зарсан. … Ш.Н, М.Э нар нь аавынхаас эм хонийг хэдэн төгрөгөөр бодсоныг сайн мэдэхгүй юм ямар ч 10 эм хонь өгсөн…” гэж мэдүүлсэн нь бусад гэрч нарын мэдүүлгээс эрс зөрүүтэй байна.
Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь ***** аймгийн ****** сумд байгуулагдсан байхад гэрээний үнийг тодорхойлохдоо ****** аймгийн ****** сумын малын зах зээлийн үнийг баримтлах нь бодит байдалд нийцэхгүй тул ****** аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 42 дугаар албан бичгээр ирүүлсэн 2022 оны 08 болон 09 сарын ****** аймгийн ***** сумын малын зах зээлийн үнийг нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна
9. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Г.Ш нь 2023 оны 1 сард 350,000 төгрөгийг бэлнээр, 2023 оны 1 сарын 23-ний өдөр ******** тоот дансаар 325,000 төгрөг, 2023 оны 5 сард 3,000,000 төгрөгний үнэ бүхий шинэ мотоцикль авч өгсөн, 2023 оны 8 сард 5,000,000 төгрөгийг дансаар, 2024 оны 1 сарын 13-ны өдөр 7,000,000 төгрөгийг дансаар нийт 15.675.000 төгрөг өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч талууд өгсөн мөнгөний тооцоон дээр санал нэгдсэн байна.
Мөн хариуцагч шүүх хуралдаанд “…Манайхаас аккумлятор авч байсан. Тэрний мөнгийг суутгаж аваарай гэж хэлээд бид хоёрыг бэлгэнд нэг хонь аваарай гэж байсан...” гэж, нэхэмжлэгч шүүх хуралдаанд “….Автобусанд тавьдаг том аккумлятор ямаагаар зар гэж хэлээд айлд тавьсан байсан. Тэрийг би хэрэглэсэн. Бэлгэнд бол эр хонь өгөөгүй...” гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч М.Э бэлгэнд өгсөн гэх 1 хонины үнэ 165,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмаар явагдах ба энэ хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч талууд өөрийн шаардлага татгалзалаа нотлох баримтыг шүүхэд цуглуулж, бүрдүүлж гаргах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь эр хонь 270,000*80=21,600,000 төгрөг, эм хонь 110,000*10=1,100,000 төгрөг, эр ямаа 130,000*15=1,950,000 төгрөг, нийт 24,650,000 төгрөг болсон гэж тайлбарлаж байгаа ч энэ шаардлагаа баримтаар нотлоогүй.
Харин хариуцагч нар нь малын үнэд 15,675,000 төгрөгийг бэлнээр болон дансаар төлсөн, мөн аккумлятор өгсөн болох нь шүүх хуралдаанд өгсөн талуудын тайлбараар тогтоогдож байх тул аккумляторын үнэд өгсөн гэх 1 хонины үнэ 165,000 төгрөгийг хариуцагч Ш.Н, М.Э нараас гаргуулж нэхэмжлэгч Г.Ш-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,135,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Н, М.Э нараас нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 165,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 5,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ш-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Н, М.Э нараас 165,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ш-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,135,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Н, М.Э нараас нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 165,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 5,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ш-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА