| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 133/2023/00618/И |
| Дугаар | 305/ШШ2025/00396 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Эд хөрөнг үнэ төлбөргүй ашиглах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 305/ШШ2025/00396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Р.Д-н нэхэмжлэлтэй,
хариуцагч: Г.О-д холбогдох,
автомашины үнэ 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.
Хариуцагч Г.О, түүний өмгөөлөгч М.Э нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлтэй байх тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: автомашины үнэ 7,000,000 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Нэхэмжлэгч Р.Д нь 2002 онд худалдаж авсан улсын *****, арлын ******* дугаартай, 1998 онд Орос улсад үйлдвэрлэгдсэн суудлын, бор ногоон өнгийн УАЗ 31519 моделийн автомашиныг 2015 онд өөрийн төрсөн хүү Д.Б, түүний эхнэр хариуцагч Г.О нарт түр ашиглаж байгаад өгье гэхээр нь өгсөн байна. Гэтэл хүү Д.Б, түүний эхнэр хариуцагч Г.О нар 2019 онд Говь-Алтай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 133/ШШ2019/00020 дугаартай шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, тэд эд хөрөнгөө хуваан байдаг. Тухайлбал эхнэр Г.О нь адуу 20, тэмээ 4, хонь 30, ямаа 10 толгой малыг 5 ханатай гэр, ***** сумын төвд байрлах хашаа зэргийг авахаар, Д.Б нь ******** улсын дугаартай Toyota машин, 4 ханатай гэр зэргийг авахаар эвлэрлэснийг шүүхээс баталсан байдаг. Нэхэмжлэгч Р.Д-ийн автомашин хариуцагч Г.О-ын эзэмшилд үлдсэн байсан тул хариуцагч Г.О-с өөрийн автомашинаа авъя гэсэн боловч бусдад худалдсан гэж хэлээд өгөөгүй байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасны дагуу эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан бөгөөд эд хөрөнгийг шилжүүлсэн этгээд болох нэхэмжлэгч 341 дүгээр зүйлд заасан үндэслэлээр буюу ...зорилгыг нь тодорхойлоогүй бол хэдийд ч, өөрт нь зайлшгүй шаардлагатай болсон, шилжүүлсэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшил ашиглалтад шилжүүлэхгүй байх үүргээ гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр гэрээг цуцалж эд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг. Нөгөө талаас 340 дүгээр зүйлд заасанчлан эд хөрөнгийг ашиглаж байгаа этгээд болох хариуцагч эд хөрөнгийг ердийн элэгдэл хорогдлоос илүү муутгахгүй байх, гэрээний хугацаа дуусахад бүрэн бүтэн буцааж өгөх, мөн 342.2-т гэм буруугийн хэлбэрээс үл шалтгаалан эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцах, 342.3-т ашиглалтын ердийн элэгдлээс илүү муутгасан, гэмтээсэн, үрэгдүүлсэн, өөрчилсөнөөс болж нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл хариуцагч Г.О нь Иргэний хуулийн 339-342 дугаар зүйлд зохицуулсан Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ-ээр хүлээсэн үүргээ зөрчин нэхэмжлэгчийн шаардсан хугацаанд автомашиныг бүрэн бүтэн буцаан өгөөгүй, хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, автомашиныг ердийн элэгдэл хорогдлоос илүү муутгасан, автомашиныг бүрэн бүтэн буцаан өгөх боломжгүй болсон байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 342.2, 342.3, 227.3-т заасныг тус тус үндэслэн өөрт учирсан хохирлыг 7,000,000 төгрөгөөр тооцож буюу өөрийн автомашиныг 7,000,000 төгрөгөөр үнэлэн уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Шүүхэд автомашины үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргасны дагуу Ашид билгүүн компаниас тухайн автомашиныг 7,000,000 сая төгрөгөөр үнэлсэн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байна гэв.
3. Хариуцагчийн татгалзал: Миний бие Р.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Р.Д-ийн хүү Б-тэй 20 жил гэр бүл болж хамт амьдарсан. 2019 онд гэр бүлээ цуцлуулсан. Нэхэмжилж байгаа 69 /машин/-ийг хүү Б нь унадаг байсан. Иймд хүү нь энэ машиныг мэднэ. Иймд 7,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа,
-Д.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Д.Б-н нотариатаар гэрчлүүлсэн тайлбар.
5. Хариуцагчаас иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Байхгүй.
6. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт:
-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 133/ШШ2019/00020 дугаар шийдвэр,
-Ашид билгүүн ХХК-ийн Автомашины техникийн үнэлгээний тайлан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Р.Д нь машины үнэ 7,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ …Нэхэмжлэгч Р.Д нь 2002 онд худалдаж авсан улсын ****, арлын ***** дугаартай, 1998 онд Орос улсад үйлдвэрлэгдсэн суудлын, бор ногоон өнгийн УАЗ 31519 моделийн автомашиныг 2015 онд өөрийн төрсөн хүү Д.Б, түүний эхнэр хариуцагч Г.О нарт түр ашиглаж байгаад өгье гэхээр нь өгсөн байна. Гэтэл хүү Д.Б, түүний эхнэр хариуцагч Г.О нар 2019 онд Говь-Алтай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 133/ШШ2019/00020 дугаартай шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Нэхэмжлэгч Р.Д-ийн автомашин хариуцагч Г.О-н эзэмшилд үлдсэн байсан тул хариуцагч Г.О-с өөрийн автомашинаа авъя гэсэн боловч бусдад худалдсан гэж хэлээд өгөөгүй байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасны дагуу эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан… Хариуцагч Г.О нь Иргэний хуулийн 339-342 дугаар зүйлд зохицуулсан Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин нэхэмжлэгчийн шаардсан хугацаанд автомашиныг бүрэн бүтэн буцаан өгөөгүй, хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, автомашиныг ердийн элэгдэл хорогдлоос илүү муутгасан, автомашиныг бүрэн бүтэн буцаан өгөх боломжгүй болсон … автомашиныг 7,000,000 төгрөгөөр үнэлэн уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна… гэж тайлбарлажээ.
4. Хариуцагч Г.О нь … Р.Д-ийн хүү Б-тэй 20 жил гэр бүл болж хамт амьдарсан. 2019 онд гэр бүлээ цуцлуулсан. Нэхэмжилж байгаа 69 /машин/-ийг хүү Б нь унадаг байсан. Иймд хүү нь энэ машиныг мэднэ. Иймд 7,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж татгалзжээ.
5.Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлахад Р.Д нь өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай, ***** арлын дугаартай, 1998 онд Орос улсад үйлдвэрлэгдсэн, суудлын, бор ногоон өнгийн УАЗ 31519 моделийн автомашиныг 2015 онд өөрийн төрсөн хүү Д.Б, түүний эхнэр хариуцагч Г.О нарт үнэ төлбөргүй ашиглуулахаар өгсөн үйл баримт тогтоогдож байна.
6. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ. Учир нь эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгийг хариу төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, шилжүүлж авсан этгээд тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүрэг хүлээдэг.
7. Харин хариуцагч Г.О нь дээрх машиныг хүү Б нь унадаг байсан тул нэхэмжлэлийн шаардлаыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Р.Д нь маргаан бүхий машиныг үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх үед хүү Д.Б болон хариуцагч Г.О нар нь гэрлэлтээ цуцлуулаагүй, уг машиныг гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Харин Д.Б болон хариуцагч Г.О нар нь гэрлэлтээ цуцлуулсны дараа дээрх машин нь Г.О-н эзэмшилд үлдсэн бөгөөд машиныг буцаан авахаар шаардахад өгөөгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарладаг.
Хариуцагч Г.О нь машиныг хүү Д.Б мэднэ гэж тайлбарладаг боловч Д.Б-н тус шүүхэд ирүүлсэн нотариатаар гэрчлүүлсэн тайлбарт “...улсын *****, арлын ***** дугаартай, бор ногоон өнгийн УАЗ 31519 автомашиныг Д.Б, Г.О биднийг хамтран амьдарч байх хугацаанд буюу 2015 онд аав Р.Д-ээс түр ашиглахаар авч байсан бөгөөд нэхэмжлэгчийн өмч нь үнэн болно. Тус автомашиныг хариуцагч Г.О-той хамт амьдарч байх хугацаанд хааяа л унаж хэрэглэдэг байсан (мал ахуйд хужир татах, нүүх, түлш татах зэрэгт...) бөгөөд 2019 онд бидний гэр бүл цуцлагдахад ******* аймгийн ****** сум дахь Г.О-н гэрийн гаражид хадгалаастай үлдсэн. Сүүлд "аав автомашинаа авмаар байна гэсэн, өгчихөөрэй" гэж хэлэхэд "би тэр машиныг чинь хүнд худалдчихсан" гэсэн, харин аав автомашинаа авахаар нэг удаа очиход нь "бичиг баримт, түлхүүрийг нь хулгайд алдчихсан" гээд өгөөгүй, дахиад автомашинаа авья гэж очиход нь "хүнд худалдчихсан" гэхээр нь аав цагдаад хандаж байсан боловч гомдол гаргаагүй, шүүхээр нь шийдвэрлүүлэхээр шийдсэн байсан. Хариуцагчийн шүүхэд өгсөн тайлбарт дурдсанчлан, миний бие унаж байсан нь үнэн боловч уг автомашин нь хариуцагч Г.О-н ******* аймгийн ****** сум дахь Г.О-н гэрийн гаражид хадгалаастай үлдсэн, тэр автомашиныг авч яваагүй төдийгүй Говь-Алтай аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс надад өгөхөөр шийдвэрлэсэн ***** дугаартай Toyota автомашин, 4 ханатай гэрийг ч авч яваагүй хариуцагч Г.О-д үлдээсэн. Иймд хариуцагч Г.О нь бусдын буюу нэхэмжлэгчийн автомашиныг бүрэн бүтэн буцааж өгөх, эсвэл бусдад худалдан борлуулсан бол хохирлыг нь төлж барагдуулах ёстой юм…” гэжээ.
Тодруулбал, Г.О-н ...УАЗ 31519 автомашин Д.Б-д байгаа... гэх тайлбар нь Д.Б-н дээрх тайлбараар үгүйсгэгдэж байна.
8. Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1.1-д зааснаар Эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн этгээд нь эд хөрөнгийг тодорхой зорилгоор тодорхой бус хугацаагаар ашиглуулахаар тохиролцсон бол тухайн зорилгоор ашиглахад зайлшгүй шаардагдах хугацаа өнгөрсний дараа, хэрэв зорилгыг нь тодорхойлоогүй бол хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй.
Нэхэмжлэгч Р.Д нь тухайн автомашиныг хүү Д.Б болон бэр Г.О нарт гэр бүлийн хэрэгцээнд (мал ахуйд хужир татах, нүүх, түлш татах зэрэгт...) ашиглуулахаар үнэ төлбөргүй шилжүүлсэн байх бөгөөд Д.Б, Г.О нар нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулснаар тухайн эд хөрөнгө цаашид гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглагдахгүй болжээ.
Иймд нэхэмжлэгч Р.Д нь гэрээний зорилго дуусгавар болсон тул шилжүүлсэн эд хөрөнгө болох автомашинаа уг машиныг эзэмшилдээ авч үлдсэн Г.О-с буцаан шаардах эрхтэй байна.
9. Иргэний хуулийн 340 дүгээр зүйлийн 340.1-д зааснаар Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд нь 340.1.1.эд хөрөнгийг гэрээнд заасны дагуу зориулалтаар нь ашиглах, ердийн элэгдлээс өөрөөр муутгахгүй байх; 340.1.2.шилжүүлсэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхгүй байх; 340.1.3.эд хөрөнгийн хэвийн байдлыг хангахад шаардлагатай зайлшгүй зардлыг хариуцах; 340.1.4.гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх үүрэг хүлээнэ.
Харин дээрх тохиолдолд хариуцагч Г.О нь тухайн машиныг худалдсан, байхгүй гэх тайлбарыг нэхэмжлэгч Р.Д-д өгч байсан талаар нэхэмжлэлд дурдсан байх тул хариуцагч Г.О нь Иргэний хуулийн 340 дүгээр зүйлийн 340.1.2, 340.1.4-т заасан шилжүүлсэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхгүй байх, гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх үүргээ зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Шилжүүлсэн эд хөрөнгийг биет байдлаар буцаан шилжүүлэх боломжгүй болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь Иргэний хуулийн 342.3-т Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд ашиглалтын ердийн элэгдлээс илүүтэйгээр тухайн эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн, үрэгдүүлсэн, өөрчилснөөс болж нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж зааснаар учирсан хохирол буюу автомашины үнийг шаардах эрхтэй.
10. Ашид билгүүн ХХК-ийн автомашины техникийн үнэлгээнд УАЗ-31512 /469/ автомашиныг 7,000,000 төгрөгөөр үнэлсэн байх тул шүүх дээрх үнийн дүнгээр хохирлын хэмжээг тодорхойлсон болно.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмаар явагдах ба энэ хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч талууд өөрийн шаардлага татгалзалаа нотлох баримтыг шүүхэд цуглуулж, бүрдүүлж гаргах үүрэгтэй.
Хариуцагч Г.О нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
12. Иймд Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.О-с автомашины үнэ 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Д-т олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О-с 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Д-т олгох нь зүйтэй байна.
1. Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.О-с автомашины үнэ 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Д-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О-с 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Д-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА