| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00440/И |
| Дугаар | 305/ШШ2025/00407 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 305/ШШ2025/00407
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: ***** аймгийн ***** сумын ЗДТГ-г төлөөлж, ***** аймгийн ПГ-н гаргасан нэхэмжлэлтэй,
хариуцагч: Д.Р-д холбогдох
хоршоог хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 2,038,965 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ***** аймгийн ПГ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус аймгийн ПГ-т ирүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаартай албан бичигт **** аймгийн ***** сумын ***** багийн иргэн Д.Р нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хоршоог хөгжүүлэх сангаас 5,000,000 (таван сая) төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлийг сур, суран эдлэл боловсруулах зорилгоор аваад 2,000,000 (хоёр сая) төгрөг хүү 38,965 (гучин найман мянга есөн зуун таван) төгрөг нийт 2,038,965 (хоёр сая гучин найман мянга есөн зуун жаран таван) төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээл төлж дуусах хугацаа 2023 оны 12 сарын 02-ны өдөр дууссан байна. Иймд тус сумын Хоршоог хөгжүүлэх сангийн төрийн сан банк дахь ******* тоот дансанд 2,038,965 (хоёр сая гучин найман мянга есөн зуун жаран таван) төгрөгийг төлүүлж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлжээ. ***** аймгийн ***** сумын Засаг дарга Г.Б, Д.Р нарын хооронд 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ” байгуулагджээ. Хариуцагч Д.Р нь 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийг төлж барагдуулах хуваарьтай байсан боловч одоог хүртэл зээлээ төлж барагдуулаагүй байна. Зээлийн гэрээний дагуу иргэн Д.Р нь 5,000,000 (таван сая) төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлийг сур, суран эдлэл боловсруулах зориулалтаар авчээ. Гэвч зээлдэгч иргэн Д.Р нь зээлийн үлдэгдэл 2,038,965 (хоёр сая гучин найман мянга есөн зуун жаран таван) төгрөгийг төлөөгүй байна. Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгө нь орон нутгийн хөгжлийн сангаас олгогддог, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулагддаг. Зээлдэгч зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэнд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл юм. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусах ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй”, 222.7 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй”, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2, 2.3, дахь хэсэгт тус тус зааснаар Д.Р нь үндсэн зээлийн үлдэгдэл 2,038,965 (хоёр сая гучин найман мянга есөн зуун жаран таван) төгрөгийг гаргуулж ***** сумын хоршоо хөгжүүлэх санд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж зааснаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-д “Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно” гэсний дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Дээрх хууль тогтоомжид зааснаар иргэн Д.Р нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төр, нийтийн ашиг сонирхолд 2,038,965 (хоёр сая гучин найман мянга есөн зуун жаран таван) төгрөгийн хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иймд иргэн Д.Р-с хоршоо хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 2,038,965 (хоёр сая гучин найман мянга есөн зуун жаран таван) төгрөгийг гаргуулж, ***** аймгийн ***** сумын сумын Хоршоог хөгжүүлэх сангийн төрийн сан банк дахь ****** тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ***** аймгийн ПГ нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ***** аймгийн ПГ-н орлогч прокурор Д.Г би, тус аймгийн ***** сумын Засаг дарга Ж.Д-н 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаартай иргэн Д.Р-с хоршоог хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 2,038,965 (хоёр сая гучин найман мянга есөн зуун жаран таван) төгрөгийн гаргуулах хүсэлтийг хүлээн аваад тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр иргэн Д.Р нь тухайн зээлийг төлж барагдуулсан нь тогтоогдож байна. Иймд иргэн Д.Р-с хоршоог хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 2,038,965 (хоёр сая гучин найман мянга есөн зуун жаран таван) төгрөгийн гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ***** аймгийн ****** сумын ЗДТГ-г төлөөлж, ***** аймгийн ПГ-н гаргасан нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Р-д холбогдох хоршоог хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 2,038,965 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-н “... 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр иргэн Д.Р нь тухайн зээлийг төлж барагдуулсан нь тогтоогдож байна. Иймд иргэн Д.Р-с хоршоог хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 2,038,965 (хоёр сая гучин найман мянга есөн зуун жаран таван) төгрөгийн гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзах хүсэлтэй байна…” гэх хүсэлтээр нотлогдож байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.
***** аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар албан бичгээр Д.Р-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлөх эрхийг ****** аймгийн ПГ-д олгожээ.
3. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ***** аймгийн ***** сумын ЗДТГ-г төлөөлж, **** аймгийн ПГ-н гаргасан нэхэмжлэлтэй, Д.Р-д холбогдох хоршоог хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 2,038,965 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ