Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/17

 

 

Х.Хашбархаст холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор: Т.Солонго,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор Т.Солонгын бичсэн 2024 оны 03-р сарын 15-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцлээр Х.Хашбархаст холбогдох эрүүгийн 2429000000024 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Өмнөговь аймаг, ******* сум, 1 дүгээр баг, ******* уурхайчин, 4 дүгээр гудамж, ******* тоот хаягт оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, ******* овогт Хүүгийн Хашбархас, регистрийн дугаар КК75071510,         

 

          Шүүгдэгч Х.Хашбархас нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Өмнөговь аймгийн ******* сум, Цагаан овоо 3 дугаар баг, 4 дүгээр гудамжны шороон замд 2024 оны 02 дугаар сарын 10-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* ӨМҮ улсын дугаартай “Тоёота ист” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Х.Хашбархасын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар Х.Хашбархаст холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Хашбархаст холбогдох эрүүгийн 2429000000024 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, ******* овогт Хүүгийн Хашбархасыг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэргийг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэг бүртгэлтэд буцааж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Х.Хашбархаст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар Х.Хашбархас нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүхийн цагаатгах тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

          1. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Хашбархаст холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шинэ болон хуучин хуулийн зохицуулалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэн, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь цагаатгах тогтоол хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь: Монгол улсын Их хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь мөн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр хуульчлагдсан бөгөөд хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хийсэн аутентик тайлбарт мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” байхаар салаа утгагүйгээр хуульчилсан. Гэтэл шүүх “Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон тул “уг өдрөөс эхлэн” тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3 дахь заалтад зааснаар хасуулсан хүн уг зөрчлийг давтсан тохиолдолд гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуулийг тайлбарлаж хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу ойлгож тухайн зүйл, заалтын агуулга, аутентик тайлбарыг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй хэрэглэсэн гэж дүгнэж байна.

          Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо өөр салбар эрх зүйн хэм хэмжээг иш татаж нэмэлт нөхцөл болохоор тайлбарласан нь буруу биш боловч гэмт хэрэг, түүний шинжийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлсон байх хууль ёсны зарчмыг зөрчиж, Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдаж байсан хэм хэмжээг гэмт хэргийн шинжид шууд хамаарах ойлголт мэтээр дүгнэж, Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

          2. Шүүх “тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан хугацаа нь дуусч сэргээлгээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон этгээд болох” мэтээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэн, илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

          Шүүгдэгч Х.Хашбархасын хувьд өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Тэрээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйл болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаар тушаалын хавсралтаар батлагдаж, мөн сайдын 2022 оны А/127 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-ын гурвын 3.1 дэх хэсгийн 3.1.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацаа дуусгавар болж, холбогдох нөхцөл шаардлагыг хангаснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгэх боломжтой байсан ч эрхээ сэргээлгээгүй, 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орой 2,25 хувийн согтолтын зэрэгтэйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгэх завдал болоогүй, би малчин хүн...” гэх мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

          Иймд шүүгдэгч Х.Хашбархасын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, ...бол...” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

          3. Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг журамлаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл нь “Хууль буцаан хэрэглэх” талаарх заалт бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгийн заалтад заасан хууль буцаан хэрэглэх тухай ойлголт нь шинээр батлагдан хэрэгжиж эхэлсэн хууль нь өмнө үйлчилж байсан хуультай харьцуулахад үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд шинэ хуулийг урьд өмнө буюу хуучин хуулийн үйлчлэлийн үед гарсан гэмт хэрэгт буцаан хэрэглэх явдал юм.

          Шүүгдэгч Х.Хашбархасын холбогдсон хэргийн хувьд хууль буцаан хэрэглэх дээрх нөхцөл үүсэхгүй бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалт шинээр хуульчлагдсан нь хууль буцаан хэрэглэх үндэслэл биш тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг журамлаж хэргийг шийдвэрлэснээр хууль буруу хэрэглэсэн байна. Түүнчлэн шүүх хэргийн талаар шийдвэр гаргахдаа шүүгдэгчийн эрх зүйн байдалд тухайн хуулийн зүйл, хэсэг, заалтын үзүүлэх нөлөөллийг тодорхойлон дүгнэж болох хэдий ч шүүгдэгч Х.Хашбархасын холбогдсон хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тайлбарлах байдлаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна. Тодруулбал, прокуророос эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэх болон шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо шүүгдэгч Х.Хашбархаст холбогдох хэрэгт эрх зүйн байдлыг нь дордуулсан хуулийг буцаан хэрэглэхээр, мөн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэх, хэрэглэхгүй талаар ямар ч санал, дүгнэлт гаргаагүй байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэх заалтыг тайлбарлаж, уг заалт зөрчигдсөн мэт дүгнэлт хийсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болно.

          Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т зааснаар мөн хуулийг ноцтой зөрчсөн, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба “Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж үзэх үндэслэл болно.

          Шүүх дээрх байдлаар дүгнэн хуулийг буруу хэрэглэж, гэмт хэрэгт холбогдсон этгээдэд ял завшуулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй болно.

          Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.  

 

           Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 24 дугаартай цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5.1-т заасан үндэслэлүүд тогтоогдож байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Т.Солонгын гаргасан эсэргүүцлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

        Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Х.Хашбархасын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

        Анхан шатны шүүх: “...шүүгдэгч Х.Хашбархас нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан үндэслэлээр буюу одоо хүчингүй болсон заалтаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, хасуулсан хугацаа нь зохих журмын дагуу сэргээлгээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон этгээд байхад түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзсэн, мөн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл хүлээж байсан хүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжид хамааруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн үйлдэл юм.

 

         Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон тул уг өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3 дахь заалтад зааснаар хасуулсан хүн уг зөрчлийг давтсан тохиолдолд гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

         2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан; эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжид хамаарахгүй юм... гэсэн дүгнэлтүүдийг хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Хашбархаст холбогдох эрүүгийн 2429000000024 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ.

 

        Прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3, 33.2 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргаж буй нь хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр тогтжээ гэх хууль зүйн үндэслэлийг бий болгож байна.

 

        Хялбаршуулсан журмаар хэргийг хянан хэлэлцэх явцад хэргийг ердийн журмаар буюу 33 дугаар бүлэгт заасан журмын дагуу хянан хэлэлцэх үндэслэл тогтоогдвол шүүх хэргийг прокурорт буцаах эсхүл яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргах ба энэ талаар Улсын дээд шүүхээс тогтоол гаргаж бүх шатны шүүхүүдэд дагаж мөрдүүлэх аргачлалыг баталжээ.

 

         Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгч өөрийн санаачилгаар хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр захирамж гаргаж, ердийн журам руу шилжүүлсэнтэй холбоотой санал хүсэлт байгаа эсэхийг тодруулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор буюу 14 хоногийн дотор шүүх хуралдаанаа хийх боломжтой талаар талуудын саналыг аваагүй, энэ хэргийг ердийн журмаар буюу мөн хуулийн 33 дугаар бүлэгт заасан журмын дагуу шүүх хуралдааныг явуулах захирамж 2 /хоёр/ удаа гарсан төдийгүй хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн атлаа шүүх хуралдаанаа хялбаршуулсан журмаар явуулж, улмаар дахин ердийн журмаар шийдвэрлэх шийдвэр гаргах зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй байна.

          

           Түүнчлэн анхан шатны шүүхийн “2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл хүлээж байсан хүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжид хамааруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн үйлдэл” “2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан; эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжид хамаарахгүй юм” гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.  

 

           Анхан шатны шүүх 2024 оны 01-р сарын 01-ний өдрөөс өмнө гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийн эрх зүйн байдалд дүгнэлт хийхдээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу жолоодох эрх аваагүй этгээд мөн эсэх, жолоодох эрх нь дуусгавар болсон буюу эрхээ хасуулсан боловч энэхүү хугацаа нь дуусгавар болж жолоодох эрхээ сэргээх үүргээ биелүүлээгүй этгээд мөн эсэх, согтуурсан буюу мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсны улмаас нэмэгдэл ял, шийтгэл эдэлж байгаа этгээд мөн эсэх талаархи дүгнэлтийг зөв хийснээр зөрчлийн болон эрүүгийн гэмт хэргийн шинжийг тодорхойлох юм.      

 

           Цагаатгах тогтоолын шүүгдэгчийн биеийн байцаалт хэсэгт “хэрэг хариуцах чадвартай” гэх мэдээлэл бичигдсэн ба энэ талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй, яллах дүгнэлтэд энэ талаарх мэдээлэлгүй байхад шүүх ийнхүү дүгнэн бичсэн байгааг дурдах нь зүйтэй. 

 

           Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

       

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Х.Хашбархаст урьд хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

         3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

          4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

 

 

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

 

 

                                                                                           Л.УГТАХБАЯР