Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 224/МА2021/00015

 

 

 

 

 

 

 

 

Д.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч, Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 242 дугаар шийдвэртэй,

Д.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төв, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилласан хугацааны цалин 432.000 төгрөг гаргуулах, Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн 3, 5-р багийн их эмчээр томилуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.О-ийн өмгөөлөгч Б.Цагцалмаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Лхагважав /цахимаар/, хариуцагч Д.О /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа /цахимаар/, хариуцагч Улаангом сумын засаг даргын итгэмжлэгдсэн  төлөөлөгч Ц.Оюунбилэг /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минсэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Улаангом сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/17 тоот захирамжаар хугацаагүй ажилд томилогдож, Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн дарга болон 5 дугаар багийн эмчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Тус өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Д.О-тэй ажиллаж байх хугацаанд тавьсан шаардлагыг биелүүлэхгүй хэл ам гаргадаг байсан. Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу Улаангом сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/22 тоот захирамжаар Д.О нь Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар эргэн томилогдсон бөгөөд надад ажлын байрны дарамт үзүүлж, үзэл бодол таарахгүй гэдэг шалтгаанаар ажлын байраар хангаж чадахгүй ажлаа өг гэж удаа дараа шаардсан.

Би 5-р багийн их эмчээр 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн ажиллах хугацаанд үүрэгт ажлаа сайн биелүүлж байсан. Д.О даргаар томилогдсон даруй миний хавсран ажиллаж байсан орон тоон дээр нийгмийн эрүүл мэндийн ажилтан хийж байсан Туяаг томилохдоо надтай зөвшилцөөгүй, мөн намайг эмчээр томилсон тушаалгүй болохоор чөлөөлсөн тушаал гаргахгүй гэж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тул шүүхэд хандах болсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр ажилд нь эргүүлэн томилсон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж, мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33-р тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлахдаа Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэсэн заалт нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзэхээр заажээ.

Дээрх хуулийн заалтаар 3, 5-р багийн эмчийн орон тоо Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц зохион байгуулалтад байгаа төдийгүй цалингийн сан ч хүрэлцээтэй байгаа тул хэрэгжих боломжтой. Түүнчлэн Д.О даргаар томилогдсоноос хойш ажил олгогчийн буруутай шалтгаанаас 5-р багийн эмчээр тасралтгүй ажиллаж байсан надтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр 2021 оны 1 дүгээр сард намайг ажиллаж байх хугацаатай давхцуулан тус төвд нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар ажиллаж байсан Туяа их эмчийг 3, 5-р багийн их эмчээр томилсон.

Ийнхүү Дунцагаан өрхийн эрүүл мэндийн дарга Д.О надтай үзэл бодол таарахгүйн улмаас ажлын байрны дарамт үзүүлж, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчиж тушаал танилцуулж гаргахгүйгээр миний ажиллах нөхцөлийг хясан боогдуулж, хөдөлмөрлөх нөхцөлийг хангахгүй байгаа тул намайг Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн 3, 5-р багийн их эмчээр томилж, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин 432.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.О анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.А нэхэмжлэлдээ Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.О надтай үзэл бодол таарахгүйгээс намайг ажлаас чөлөөлж 5-р багийн эмчээр Т.Туяаг томилсон тушаал танилцуулсан, надад тухайн тушаалаа танилцуулаагүй гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Д.А нь Дунцагаан өрхийн эрүүл мэндийн даргын ажилд орохдоо Улаангом сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/17 тоот захирамжаар томилогдсон. Тухайн үед миний бие нь Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байсан.

Д.Аг анх ажилд ороход би тушаал гаргаж ажилд аваагүй, мөн ажлаас чөлөөлөхөд би чөлөөлөөгүй. Д.А нь Улаангом сумын Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байсан ба 5-р багийн эмч байхгүйгээс их эмчээр Т.Туяаг томилсон. Миний бие ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн учир ажилдаа эргэж ороход Д.Аг Улаангом сумын Засаг дарга Ц.П 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/22 тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн. Иймээс би хариуцагч биш юм. Хариуцагч нь Улаангом сумын Засаг дарга Ц.П байх ёстой. Иймд Д.А нэхэмжлэлдээ намайг хариуцагчаар татаж оруулж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.А 2021 оны 01 дүгээр сараас хойш огт ажил хийгээгүй болох нь цагийн бүртгэл, цалингийн цэсээс харагдаж байна. Иймээс Д.А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.П анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.О нь Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Д.О харилцаа хандлага муутай, ёс зүйн алдаа дутагдалтай, хамт олноо манлайлан удирдан зохион байгуулах чадваргүй гэж хамт олны зүгээс удаа дараа гомдол ирсний дагуу ажилтан, албан хаагчид, нөхөрлөлийн хурлын гишүүдийн шийдвэрээр 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар Д.Оюун-Эрдэнийг ажлаас чөлөөлсөн. Үүний дараа 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн нөхөрлөлийн хурлын шийдвэрээр Э.Энхсувдыг томилсон боловч Э.Энхсувд Улаанбаатар хотод мэргэжил дээшлүүлэхээр суралцах болсонтой холбогдуулан 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/17 тоот захирамжаар Даваанямын Анхзаяаг Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилсон. Улаангом сумын Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан Д.О 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 690 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасан боловч Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.О 5 дугаар багийн эмчийн сул орон тоонд нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар ажиллаж байсан хүнийг томилон ажиллуулж, ЭМТ-ийн даргаар ажиллаж байсан Д.Аг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/22 тоот захирамжийг үндэслэн ажлаас чөлөөлсөн тул өрхийн эрүүл мэндийн төвийн ажилд саад болохгүй байхыг мэдэгдсэн байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2 дахь заалтад иргэн эмчлүүлэгч өрхийн эмчээ өөрөө сонгон бүртгүүлэх эрхтэй байдаг ба сумын Засаг дарга надад хандан 5 дугаар багийн иргэдийн зүгээс эмч Д.Агаар эмчлүүлэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн өргөдөл хүсэлтийг ирүүлж байна.

Д.О эргэн ажилдаа томилогдохдоо Засаг дарга надад хандан өөрийн гараар "Ажилтан албан хаагчдаа дур мэдэн халж солихгүй, нөхөрлөлийнхөө хурлаар шийдэж байна" гэсэн амлалт бичгийг бичиж өгч байсан боловч 5-р багийн эмчээр ажиллаж байсан Д.Аг тухайн орон тоонд авахгүйгээр шууд хувийн өш хонзонгийн сэдэлтэйгээр ажлаас чөлөөлсөн байна. 2021 он гарснаар Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.О ёс зүйн алдаа дутагдал байнга гаргаж, тухайн албан тушаалд тохирохгүй гэх ажилтан албан хаагчдын гомдол удаа дараа ирсээр байна. Миний бие Д.О-ийг шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажилд томилохдоо Д.Аг 5 дугаар багийн эмчээр авч ажиллуулан ажлын байраар хангах үүрэг чиглэл өгсөн боловч хэрэгжүүлж ажиллаагүй” гэжээ.

Хариуцагч Ц.П-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Аг ажилд томилсон Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын захирамжид түүнийг Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд томилсон болохоос биш 3, 5 дугаар багийн эмчийн ажилд томилсон зүйл байхгүй. Д.А 2020 оны 12 дугаар сарын цалинг бүтнээр нь авсан байгаа. Д.А-тай холбоотой хөдөлмөрийн харилцаа нь өмнөх дарга Д.О-тэй шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсонтой холбоотойгоор дуусгавар болсон. Нэхэмжлэгч 3, 5 дугаар багийн эмчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан гэж байгаа боловч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга нь Д.Аг 3, 5 дугаар багийн эмчийн ажилд томилох эрх бүхий албан тушаалтан биш.

Иймд Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга хариуцагч биш гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэхийн тулд Улаангом сумын Засаг дарга нь Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн дарга руу Д.Аг 5 дугаар багийн эмчээр авч ажиллуул гэсэн агуулга бүхий албан бичгийг явуулсан боловч Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төв нь 3, 5 дугаар багийн эмчийн ажилд Т.Туяа гэх хүнийг томилсон байгаа. Иймд манай байгууллага бол хариуцагч биш” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 242 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Аг Увс аймгийн Улаангом сумын Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн 3, 5-р багийн эмчийн ажилд томилохыг хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төв, тус сумын Засаг дарга нарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх ажилласан хугацааны цалин 432.000 /дөрвөн зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.А улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төв, тус сумын Засаг дарга нараас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.610 /арван гурван мянга зургаан зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.О-ийн өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.О нь нэхэмжлэгч Д.Аг анх ажилд аваагүй, мөн ажлаас чөлөөлөөгүй байхад хариуцагчаар татаж Д.А-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Улаангом сумын Засаг дарга Пүрэвжав нь анх Д.Аг Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилсон, мөн ажлаас чөлөөлсөн .Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.О нь Туяаг 5-р багийн эмчээр томилсон бөгөөд Д.Аг 5-р багийн эмчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй.

Нэхэмжлэлийн шаардлага нь Улаангом сумын Засаг даргатай шууд холбоотой. Анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар анхан шатны шүүхэд тайлбар гаргаж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 242 дугаар шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэж байна. Д.О Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 690 гэсэн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоолгосон байдаг. Ажилдаа орохдоо урьд нь ажиллаж байсан Д.Аг 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн байдаг. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Шүүхээр ажилд эгүүлэн тогтоолгоод ажилдаа орсон тохиолдолд өөрийнх нь орон тоон дээр ажиллаж байсан хүнийг ажлын байраар хангана гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйл 40.2-т заасан байдаг.

Д.О болон Улаангомын засаг дарга нар Хөдөлмөрийн тухай хуульд заасан зүйл заалтыг зөрчин, Д.Аг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 242 шийдвэрээр Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн 3,5 дугаар багийн өрхийн эмчээр ажилд нь эгүүлэн тогтоосон байдаг. Д.А нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Д.А-г ажилд авахгүйгээр нийгмийн ажилтан Туяаг 3,5 дугаар багийн өрхийн эмчээр ажилд томилон  ажиллуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байсан. Иймд Д.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Д.Аг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 Нэхэмжлэгч Д.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “Би хариуцагч Д.О-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгуулж, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. Хариуцагч нар  намайг 3, 5 дугаар багийн эмчийн ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй гээд нэг зүйлийн талаар яриад байна. Би Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан зүйл, заалтыг хэрэгжүүлэхийг л хүсэж байгаа” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхзаяаг анх манай Засаг даргын захирамжаар Өрхийн эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн хурлын шийдвэрийн дагуу Дунцагаан өрхийн эрүүл мэндийн даргаар томилсон, харин Д.Аг 3,5 дугаар багийн эмчээр томилоогүй. Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 690 дугаар шийдвэрийн дагуу Д.Аг чөлөөлөх шаардлага гарсан учир түүнийг өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлсөн. Анх Д.Аг 3, 5 дугаар багийн эмчээр томилоогүй учир 3,5 дугаар багийн эмчээс чөлөөлсөн тушаал байхгүй. Д.А даргын ажлын хажуугаар 3,5 дугаар багийн эмчийн ажлыг давхар гүйцэтгэж байсан, тушаал, захирамж байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэхэд тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байрны сул орон тоо байгаа нөхцөлд тухайн хуулийн зүйл заалт хэрэгжих боломжтой гэж үзсэн байдаг. Иймд Улаангом сумын Засаг дарга хариуцах үндэслэлгүй” гэв.

Хариуцагч Д.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр би Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлөгдсөн,  2020 оны 9 дүгээр сараас Д.А даргын ажилд томилогдсон байдаг. Би 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 690 дугаартай шүүхийн шийдвэрээр өрхийн эрүүл мэндийн даргын ажилдаа эргэн томилогдсон. Энэ хугацаанд би Д.Аг ажлаас чөлөөлж, томилоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан тухайн ажлаас чөлөөлөгдөж байгаа хүнийг ажлаар хангаж өгнө гэж заасан байдаг. Би Д.Аг ажлаас чөлөөлсөн,  ажилд томилсон  эрх бүхий албан тушаалтан биш, тиймээс нэхэмжлэлийн шаардлага надад хамаагүй.

Д.Аг Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажилд томилохдоо 3,5 дугаар багийн эмчийн ажлыг хавсран гүйцэтгэнэ гэсэн тушаал захирамж гараагүй байдаг. Би манай эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Туяа гэх хүнийг 3, 5 дугаар багийн эмчээр томилсон . 2020 оны хувьд манай байгууллага нь 12 хүнтэйгээр орон тоогоо батлуулсан байгаа. Анхзаяаг орон тоогоор хангах болон санхүүгийн хувьд хүрэлцээ байхгүй. Анхзаяаг би ажлаас нь чөлөөлөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг хэрэгжүүлж Улаангом сумын “Дунцагаан” өрхийн эрүүл мэндийн төвийн 3, 5 дугаар багийн эмчийн ажилд томилуулахыг хүссэн шаардлагын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.  

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/17 дугаар захирамжаар Д.Аг Улаангом сумын “Дунцагаан” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс томилон ажиллуулж байгаад 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/22 дугаар захирамжаар “ тус эрүүл мэндийн төвийн даргаар өмнө нь ажиллаж байсан Д.О шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон” гэх үндэслэлээр “Дунцагаан” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байх ба зохигчид энэ талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч Д.А нь Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 5-р багийн эмчээр ажилласан тул ажилласан хугацааны цалин 432000 төгрөг гаргуулахаар, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн 3, 5 дугаар багийн эмчийн албан тушаалд томилуулахаар тус тус шаардлага гаргажээ.         

Нэхэмжлэгч Д.А-ийн “ Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн 5-р багийн эмчээр 2021 оны 01 дүгээр сарын 4-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ажилласан хугацааны цалин 432.000 төгрөг  гаргуулах тухай”  шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.  

Нэхэмжлэгчийг 2021 оны 1-р сард өрхийн эрүүл мэндийн төвд 5-р баг хариуцсан эмчээр ажилласныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Хэрэгт авагдсан, Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 1-р сарын ажлын цагийн тооцоо /хх-ийн 33-р тал/ гэх баримтад Д.А-ийн ажилласан өдөр, цаг бүртгэгдээгүй, түүнчлэн нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн эмчийн үзлэгийн бүртгэл гэх хуудас/ хх-ийн 8-21-р тал/ нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул түүнийг ажилласан гэж үзэх үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн 3, 5 дугаар багийн эмчийн албан тушаалд томилуулах тухай шаардлагыг хангаж, түүнийг  Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн 3, 5 дугаар багийн эмчийн албан тушаалд томилохыг Улаангом сумын Засаг дарга болон Улаангом сумын Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвд  тус тус даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж дүгнэв. 

Хариуцагч Улаангом сумын Засаг дарга нь Дунцагаан өрхийн Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан Д.О-ийг хууль зүйн үндэслэлгүй чөлөөлсөн нь Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 690 дүгээр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул тэрээр уг шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/22, Б/23 дугаар захирамжаар Д.Оюун-Эрдэнийг Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар эгүүлэн томилсон шийдвэр гаргаж, түүний оронд шинээр томилогдон ажиллаж байсан Д.Аг тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасантай нийцсэн ба мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-т зааснаар тэдний хоорондох хөдөлмөрийн харилцаа /хөдөлмөрийн гэрээ/ дуусгавар болсон байна.           

Улаангом сумын Засаг дарга нь өөрийн харъяалах нутаг дэвсгэрийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилж, чөлөөлөх эрх бүхий этгээд боловч тус төвийн даргаас бусад ажилтанг томилж, чөлөөлөх эрхгүй байна.

Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төв нь хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий, бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл /ББН/-ийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд шинээр ажилтан авахдаа нөхөрлөлийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журамд заасан ажилтан сонгон шалгаруулж авах үндэслэл, журмын дагуу нөхөрлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу эрүүл мэндийн төвийн дарга шийдвэр гаргаж, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг байх тул тус эрүүл мэндийн төвд шинээр ажилтан авах буюу багийн эмч томилон ажиллуулахад Улаангом сумын Засаг дарга оролцох боломжгүй, өөрөөр хэлбэл, өрхийн эрүүл мэндийн төвийн багийн эмчийг томилж, чөлөөлөх нь сумын засаг даргын хуульд заасан бүрэн эрхэд хамаарахгүй юм. Энэ талаар анхан шатны шүүхэд гаргасан Улаангом сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу  нэхэмжлэгч Д.Аг Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн 3,5 дугаар багийн эмчийн албан тушаалд томилохыг Улаангом сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 Хариуцагч Улаангом сумын Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.О нь нэхэмжлэгч Д.Аг тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилж, чөлөөлсөн шийдвэр гаргасан эрх бүхий этгээд биш, мөн түүнчлэн тэдний хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “..бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэх заалтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээх хуульзүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “ ...шинээр орсон ажилтны  хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэх зохицуулалт нь тухайн шинээр томилогдсон ажилтанг анх ажилд томилох шийдвэр гаргасан ажил олгогчийн өөрийн бүрэн эрхийн хүрээнд, хамаарах байгууллагын зохион байгуулалтын бүтцэд сул орон тоо буюу ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой тул Улаангом сумын Засаг даргын гаргасан шийдвэрийн үр дагаврыг Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төв шууд хариуцах үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.А-ийн Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн 3, 5 дугаар багийн эмчийн албан тушаалд томилуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч Д.О-ийн өмгөөлөгч Б.Цагцалмаагийн: “Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.О нь нэхэмжлэгч Д.Аг анх ажилд аваагүй, мөн ажлаас чөлөөлөөгүй байхад хариуцагчаар татаж, Д.А-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.О нь Туяаг 5-р багийн эмчээр томилсон бөгөөд Д.Аг 5-р багийн эмчийн үүрэгт ажилд томилж, чөлөөлсөн шийдвэр гаргаагүй тул нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 242 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А-ийн Улаангом сумын Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн 3, 5 дугаар багийн эмчийн ажилд томилуулах тухай шаардлага болон ажилласан хугацааны цалин 432.000 /дөрвөн зуун гучин хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.О-ийн өмгөөлөгч Б.Цагцалмаагийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 ШҮҮГЧИД                                                Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                              Л.АЛТАН