Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 305/ШШ2025/00451

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Б.Ж-н нэхэмжлэлтэй

хариуцагч: Ч.О-д холбогдох

Ноолуурын үнийн үлдэгдэл 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Аюурзана, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.

Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч өөрийгөө оролцуулахгүйгээр шийдэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгч, хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Ноолуурын үнийн үлдэгдэл 15,000,000 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 2023 оны хавар 260 кг ноолуур тэр үеийн ханш 130,000 төгрөгөөр бодож өгсөн юм. Түүнээс хойш цувуулж увуулж өгсөөр 15,000,000 төгрөг үлдсэн. Мөнгөө нэхэхээр худал хэлээд яваад байдаг, утас руу нь залгахаар утсаа авахгүй. О-с 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч тайлбар, нотлох баримт ирүүлээгүй.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Б.Ж-н **** банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2023.07.01-2024.07.31/

-****** дугаартай харилцсан зурвасууд.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Ч.О-д холбогдуулан ноолуурын үнийн үлдэгдэл 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ …2023 оны хавар 260 кг ноолуур тэр үеийн ханш 130,000 төгрөгөөр бодож өгсөн юм. Түүнээс хойш цувуулж увуулж өгсөөр 15,000,000 төгрөг үлдсэн…О-с 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү… гэж тайлбарлажээ.

4. Хариуцагч Ч.О нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан байх бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхээр шүүхээс хугацаа олгосон байна.

Хариуцагч Ч.О нь уг хугацаанд болон шүүх хуралдааныг хэлэлцүүлэх хүртэл хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, мөн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн  15 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2025 оны  06 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн, улмаар хариуцагч эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг 00 минутад хянан хэлэлцэхээр шүүх хуралдааныг хойшлуулж, товыг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.

Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацааг хуульд 14 хоног гэж тодорхойлсон нь түүнд шахалт дарамтгүйгээр, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байгаа хэрэг бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй бол шүүх түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнтэй адил гэж үзэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлтэй юм.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт ирүүлээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

5. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ. Учир нь худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч Б.Ж нь 2023 онд 1 кг ноолуурыг 130,000 төгрөгөөр тооцож нийт 260 кг ноолуурыг хариуцагч Ч.О-д хүлээлгэн өгсөн бөгөөд ноолуурын үнэд нийт 33,800,000 төгрөг хүлээн авах ёстой байжээ.

Нэхэмжлэгч Б.Ж нь ноолуурыг хүлээлгэн өгснөөс хойш Ч.О цувуулж увуулж өгсөөр 15,000,000 төгрөг үлдсэн гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч Б.Ж-н шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн түүний ***** банкны депозит дансны /**********/ хуулгаас үзэхэд ******** тоот данснаас:

2023 оны 07 сарын 01 өдөр ноолуурын үнэ 2,000,000 төгрөг,

2023 оны 07 сарын 09 өдөр ноолуурын үнэ 5,000,000 төгрөг,

2023 оны 07 сарын 24 өдөр ноолуурын үнэ 10,000,000 төгрөг,

2023 оны 12 сарын 23 өдөр ноолуурын үнэ 1,000,000 төгрөг,

Нийт 18,000,000 төгрөгийг ноолуурын үнэ гэх гүйлгээний утгатайгаар дансаар шилжүүлжээ.

Хариуцагч Ч.О нь ноолуурын үнэд нийт 33,800,000 төгрөг өгөх үүрэгтэй бөгөөд үүнээс 18,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Ж нь ноолуурын үнийн үлдэгдэл 15,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

6. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.О-с 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ж-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О-с 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ж-д олгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.О-с 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ж-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О-с 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ж-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА