Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/19

 

 

 

Ө.Батлхагвад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор: О.Батнасан,

Шүүгдэгч: Ө.Батлхагва,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Даваахүү,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.Эрдэнэтогтох, Н.Бүжидмаа /цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: З.Бат-Эрдэнэ, Б.Наранцэцэг, И.Олонмөнх,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Батлхагва, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэтогтох нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ө.Батлхагвад холбогдох 2228001580070 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Мянгад овгийн Өлзий-Оршихын Батлхагва,1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 12-160 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар РЮ81090113,

 

          Шүүгдэгч Ө.Батлхагва нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Далан гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 20 цаг 40 минутын орчимд өөрийн 87-22 УНЧ улсын дугаартай "Dong Feng" маркийн ачааны машинтайгаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, болон 24.5. Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсвэл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална. 24.6. Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0,4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт «Овор ихтэй ачаа» таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зорчин явахдаа замын хажуу хөвөө хэсэгт байрлуулан зогсох гэж байхад нь түүний машины араас "Тоёота Лексус NX300h" маркийн 68-58 УБП улсын дугаартай автомашин ирж мөргөсний улмаас жолооч С.Содномпүрэв, зорчигч Ц.Мөнхзаяа, Д.Өлзийсайхан, Ц.Бямба- Очир нарын амь нас хохирч, мөн С. Содномпүрэвийн эзэмшлийн "Тоёота Лексус NX300h" маркийн 68-58 УБП улсын дугаартай авто машинд нийт 61471000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

          Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ нь Ө.Батлхагвын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Ө.Батлхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас олон хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Ө.Батлхагвын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Ө.Батлхагвад 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Батлхагвад оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Батлхагваас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэтогтоход гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82500000 төгрөг, машины үнэ 61471000 төгрөг, оршуулгын зардал 20379600 төгрөг нийт 164350600 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэцэгмаад гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 80000000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.Батжаргалд оршуулгын зардал 9260000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Н.Бүжидмаад оршуулгын зардал 16640000 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82500000 төгрөг нийт 99140000 төгрөг тус тус гаргуулан олгож, шүүгдэгч Ө.Батлхагва нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэтогтоход 3000000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэтогтох нь хүүхдийн сургалтын төлбөр 30000000 төгрөг, цалингийн зөрүү 227464684 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бүжидмаа хүүхдийн сургалтын төлбөр 24450000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Батлхагвын цагдан хоригдсон 7 хоногийн хугацааг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож,

Шүүгдэгч Ө.Батлхагва нь 7 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Ө.Батлхагвад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:    

          2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүх хуралдааныг хууль бус бүрэлдэхүүнтэй хийсэн байна.

          Иргэний хариуцагч Р.Цэвэгханд тухайн хэрэгт иргэний хариуцагчаар оролцох хууль зүйн үндэслэл байхгүй, тухайн хөрөнгийг эзэмшигч, өмчлөгч биш.

          Ослын шалтгаан нөхцөлийг тогтооход чухал ач холбогдолтой хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зургууд өөр хоорондоо эрс зөрүүтэй тул эдгээрийг нөхөн үзлэг хийж нэг мөр болгохгүй бол эргэлзээтэй байдал үүссэн байгаа гэж үзэж байна.

          Зам тээврийн ослын үзлэгийг үнэн зөв бэхжүүлж авсны дараа дахин техникийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах нь зөв гэж үзэж байна.

          Учир нь 3 шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй тул яллагдагчид ашигтай шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Ө.Батлхагвын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн заалтууд зөрчлийн шинжтэй байх боломжтой гэж үзэж боломжтой.

          Сэтгэл санааны хохирлыг шүүх гаргах үндэслэлгүй хэрэг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гарсан учир хуулийг буцаан хэрэгдэхгүй гэжээ.

 

Шүүгдэгч Ө.Батлхагва давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 28-ны орой 20 цаг 30 минутын үед Цогт-Овоо сумаас цааш 20 гаруй километр зайд өөрийн эзэмшлийн  "Dong Feng" маркийн машинаар зөөврийн сууц ачаад Өмнөговь аймгийн төв орох гэж явтал машины ус халснаар замын баруун гар тал руу шахаж замын хөвөө хэсэг дээр 5-10 километр цагийн өнгөрч байхад араас RX маркийн машинтай 5 хүн ирж мөргөж 4 хүн нас барсан харамсалтай осол гарсан шалтгаан энэ.

  1. Хурд хэтрүүлж мөргөөд ослын газраас 285 метр өнхөрч зогссон.
  2. Цуснаас шинжилгээ хийхэд архи илэрсэн.
  3. Ослын газрын дүгнэлтээр хажуугаар энэ машин зөрөх боломжтой гэсэн байхад надад 6 жил хорих ял өгсөнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг буцааж анхан шатнаас дахин шалгуулах хүсэлтэй байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэтогтох давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт болсон авто ослын улмаас хүү Ц.Бямба-Очир, охин Ц.Мөнхзаяа, хүргэн С.Содномпүрэв, дүү Д.Өлзийсайхан нар амиа алдсан.

Надад 4 бүтэн өнчин, 2 хагас өнчин ач, зээ нараас минь өөр үр хүүхэд юу ч үлдээгүй. Ослоос хойш бараг 2 жил өнгөрч байхад шүүгдэгч Ө.Батлхагва ганц удаа уучлалт гуйгаагүй, нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байхад 6 жилийн хорих ял өгснийг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтална. Эрүүгийн хариуцлага тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан байдаг.

Анхнаасаа үзлэг оношилгоонд ороогүй, бүрэн бус техниктэй замын хөдөлгөөнд оролцсон нь энэ осол болох шалтгаан болж 4 сайхан залуу хүмүүсийн амь нас хохирч, 03-14 насны 4 бүтэн өнчин хүүхэд маш хүнд нөхцөлд үлдсэн.

Хохирол барагдуулна гэж 5 хоногийн хугацаагаар шүүх хурлыг хойшлуулчхаад намайг хорьж, цагдсан учраас машинуудаа зарж чадаагүй. Алтан гинж, утсаа барьцаанд тавиад гээд хурал эхэлж байхад 3000000 төгрөг өмгөөлөгчөөрөө дамжуулан та нар хуваагаад авцгаа гээд өгснийг хохирол барагдуулсанд тооцож ялыг хөнгөрүүлсэнд туйлын гомдолтой байна. Бараг 2 жил болох гэж байхад өгье гэсэн сэтгэл байсан бол машинуудаа зараад өгөх хугацаа хангалттай байсан. Батлхагва  нь өөрийн төрсөн эгч Гал-Од, төрсөн дүү Бат-Од нарт бэлэглэлийн гэрээгээр орон сууц хашаа байшин зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээ 2023 оны 12 дугаар сард шилжүүлсэн нь эд хөрөнгөө зувчуулж, хохирол барагдуулахгүй гэсэн үйлдэл хийсэн байхад ялыг нь хөнгөрүүлж байгаа нь шударга бус гэж үзэж гомдол гаргаж байна.

Мөн өөрийн ээжийн төрсөн дүү Цэвэлхандад 30000000 зарсан гэх хашаа байшингуудыг 2023 оны 04 дүгээр сард 100000000 төгрөгөөр зарна гээд зар тавьсан байсан. Ээж Нямсүрэнгийнх нь төрсөн дүү Цэвэлхандад худалдан борлуулснаа нотолж чадахгүй байсан. Ийм учраас Р.Цэвэгхандыг иргэний хариуцагчаар  татуулах хүсэлт гаргаж байна.

Үхтэл үр харам гэж энэ 4 өнчин хүүхдүүдийг ядаж орох оронтой нь үлдээхийг хүссэн юм. Мөн сэтгэцэд учирсан гэм хорыг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр  бага насны хүүхэд бүтэн өнчин үлдсэн бол энэ хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ гэж хуульдаа заасан. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660000 төгрөг болсон байгаа.

Ийм учраас гэм хорын хохирлыг 198000000 төгрөгөөр тооцож өгнө үү гэжээ.   

          Прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүх гомдолтой холбогдуулаад шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч дахин дүгнэлт гаргуулах, нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаах, оногдуулсан ялд гомдолтой талаараа сая ярьсан. Энэ дээр мөн Р.Цэвэгхандыг иргэний хариуцагчаар тогтоолгох хууль зүйн хувьд нийцэхгүй гэсэн ийм гомдлыг гаргасан нь үндэслэлгүй байна.

          Ослын дүгнэлтийн талаар тайлбар хэлэхэд хавтаст хэрэгт авагдсан шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 160 дугаартай дүгнэлт дээр зам тээврийн осол нь 87-22  УНЧ улсын дугаартай ачааны автомашины ачааны өргөн нь 4.08 метр, тэвшний 2 хажуу талаас 0.6-1.01 метр ачаатай. Ачааны нийт өндөр 4,42 метр, тэвшнээс илүү гарсан хэсэгт ямар нэгэн гэрэл, гэрэл ойлгуур байрлуулаагүй зэрэг замын хөдөлгөөний дүрмийн 24.5, 24.6-д заасан заалтыг биелүүлээгүй гэх дүгнэлт.

          Өмнөговь аймгийн “Арвижих говь” авто сургуулийн шинжээчийн 4 дугаартай дүгнэлт дээр 87-22  УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ө.Батлхагва нь зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүй, ачааны илүү гарсан хэсэгт овор ихтэй ачааны тэмдэг, гэрэл болон гэрэл ойлгуур байрлуулаагүй нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэх дүгнэлтүүд нь хоорондоо агуулгын хувьд эргэлзээ үүсэхээргүй, зөрөөгүй байх ба тухайн нөхцөл байдлыг тэнд байсан гэрч, хохирогч нар хангалттай нотолж, дээрх байдлыг баталгаажуулсан байдаг.

          Иймд дээрх дүгнэлттэй холбогдуулан дахин дүгнэлт гаргах, нэмэлт ажиллагаанд буцаах шаардлага байхгүй гэж үзэж байна. Тухайн осол гарах болсон хамгийн гол шалтгаан нь ослын гэрэлтүүлэгч хэрэгсэл байрлуулаагүйгээс шалтгаалаад тухайн жолооч тээврийн хэрэгслээ зам дээр хурдаа тохируулах, осол саадыг анзаарах, харах боломж нь хаагдсан учраас дээрх зам тээврийн осол болсон гэдэг нь энэ 2 дүгнэлтээр батлагдсан.

          Иймд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж байгаа гомдлууд нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.Эрдэнэтогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн хэрэг болоход автомашинд байсан 5 дахь зорчигч нь би өөрөө амьд гэрч нь байна. Машины араас мөргөсөн гэдэг нь худлаа замынхаа хөвөөг бүрэн чөлөөлсөн байсан гэдэг ч худлаа. Би амьд гэрчийн хувьд хариуцлагатай хэлж байна.

          Ө.Батлхагва маргааш өглөө нь дахин үзлэг хийнэ гэж газар дээр очиход согтуу байсан. Тэрийг гэрчлэх хүмүүс байгаа. Анхнаасаа энэ хэрэг дээр нэг талыг баримтлаад Ө.Батлхагвын машиныг журмын хашаанд хийхгүй байсан. Талийгаач нарыг согтуу байсан гэдгийг хэн ч тогтоож чадаагүй. Яагаад гэхээр шинжилгээнд өгсөн цус манай хүүхдүүдийн цусны бүлэгтэй таараагүй.

          Ө.Батлхагва техникийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцоод хотоос гараад 2 хоног эвдэрхий тээврийн хэрэгслээр яваагүй байсан бол өнөөдөр ийм зовлон гачланд унаад Өмнөговь аймаг, Улаанбаатар хот хоёрын хооронд өчнөөн сэтгэлийн шарх аваад, биеийн байдлын хувьд хазгай муруй болтлоо харвалт өгөөд явж байхгүй л байсан. Яагаад тэр талаас нь юм хэлэхгүй байгааг гайхаж байна. Тэгээд буруугаа хүлээж нэг ч үг дугараагүй байхад 6 жилийн ял өгснийг бага байна гэж үзэж байна.

          Шударга хууль чинь энд үйлчилж байх ёстой. Тэгээд 10 дугаар сарын 24-нд эхний хурал болоод шүүх шинжилгээний шинжээчээр сэтгэл санааны хохирлыг тогтоолгоё, шинжээч томилуулъя, хөрөнгийг нь битүүмжилнэ гээд хурал завсарласан. Гэтэл 10 дугаар сарын 31-нд ээжийнхээ дүүд эд хөрөнгөө зарчихсан байсан. Энийг бодлогын чанартай албаар хийсэн үйлдэл гэж үзэж байна.

          Хавтаст хэрэгтэйгээ сайн танилцаасай гэж хүсэж байна. Тэгээд Ө.Батлхагвын машин 2021 онд техникийн үзлэгт ороод түүнээс хойш ороогүй байж байгаад 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр техникийн үзлэгт ороод тэнцээгүй байхад 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Багахангай, Зуунмод, Дундговь, Багануур, Дорноговь, Налайх гэх мэтчилэн яваад 1 280 00 төгрөгийн торгуультай байсан.

          Машинаа зараад мөнгө өгөх байсан намайг хорьчихсон гэж өмнөх шүүх хурал дээр ярьж байсан. Машинаа зараад мөнгө өгөх байсан бол ийм их торгуультай байх уу. Тэгэхээр энэ хугацаанд тодорхой хэмжээний мөнгө олоод явж байсан гэж дүгнэж байна. 10 дугаар сарын 31-ний өдөр Цэвэгханд гэдэг хүний нэр дээр хашаа байшингаа шилжүүлчихсэн байгаа. Уг нь 10 дугаар сарын 24-ний өдөр шүүх хурал болсон. Миний хөрөнгийг битүүмжилнэ гэдгийг мэдэж байсан хэрнээ өөр хүний нэр дээр шилжүүлчихсэн. Хэрвээ тэр хөрөнгө битүүмжлэгдээд би хүүхдүүдээ орох оронтой нь аваад үлдчихсэн бол давж заалдах гомдол гаргаад явахгүй байсан гэв.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.Бүжидмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхнаасаа өөрөө мэдсээр байж бүрэн бус техник хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон. Энэ нь өөрөө осол болох шалтгааны анхных нь үндэслэл. Тэгээд дээрээс нь 3 насанд хүрээгүй хүүхэдтэй. Өөрөө зүрхний өвчтэй гэдэг гомдол хэлж байна. Тэгвэл энд үлдчихсэн байгаа 4 бүтэн өнчин хүүхэд, 2 хагас өнчин 6 хүүхдийн амьдрал яах вэ гэдгийг энэ хүн ерөөсөө бодож үзээгүй. Зөвхөн өөрийгөө бодоод гэм буруугаа ерөөсөө хүлээдэггүй. Гэмших сэтгэл байхгүй.

          Нэг удаа ирээд бид нартай уулзаж уучлалт гуйгаагүй. Ийм байгаа болохоор энэ хүнд хүн чанар гэдэг зүйл үнэхээрийн байхгүй байна. Тиймээс миний хувьд үнэхээр энэ хүнд гомдолтой байна. Ялынх нь хэмжээг бага өгсөн гэж үзэж байгаа гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн үйлчлүүлэгч Н.Эрдэнэтогтохын гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Осол гаргасан шалтгаан нөхцөл хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдэгдсэн шүүх гэм буруугийн талаар дүгнэлтийг зөв хийсэн гэж үзэж байна. Амь хохирогчдын цусны бүлэг мөн үү, үгүй юү гэдгийг тогтоож өгнө үү.

Хоёрдугаарт Цэвэгханд гэж хүнийг иргэний хариуцагчаас татсан нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн зүйл ярьж байна. Иргэний хариуцагч гэдэг нь зөвхөн машин эзэмшигч гэдэг хүн дээр яригдахгүй. Эд хөрөнгийн хохирол хүлээхээр хуульд заасан этгээдийг иргэний хариуцагчаар тогтоож байгаа.

Ө.Батлхагва мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн нэр дээр байсан 5 төрлийн үл хөдлөх хөрөнгийг гувчуулсан. Шүүх хуралдаан хойшлох явцад хамгийн сүүлийнхээ эд хөрөнгийг мөн нагац эгчдээ шилжүүлж, өөрийн нэр дээр байсан эд хөрөнгүүдээ бүгдийг нь үрэн таран хийж байхгүй болгосон.

Цэвэгханд энэ үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй. Иймээс цагдаагийн байгууллагаас Цэвэгхандыг иргэний хариуцагчаар тогтоосон.

Зорчих хэсгийн өргөн 7 м байгаа. Замын өргөн хөвөөнийхөө өргөнтэй нийлээд 10.3 метр, автомашины өргөн 2.47 сантиметр байгаа. Өөрийнхөө эгнээнд зам чөлөөлөх боломжтой зай 5.15 сантиметр, зорчигчийн голын зурааснаас автомашины зүүн талын дугуй хүртэл хэмжилт хийхэд 2.3 метр байгаа. Тэгэхээр нийт 4 метр 77 сантиметр автомашинаа чөлөөлж гэхэд цаана нь чөлөөлөх боломжтой 37 сантиметр зай нь харагдаж байгаа. Иймээс зам чөлөөлөөгүй байгаа гэдэг нь зөвхөн хэргийн газар үзлэг хийсэн хэмжилтүүдээр тогтоогдож байгаа. Үүнээс цааш замыг чөлөөлөх боломжтой байсан.

          Дахин мөрдөн байцаалтад буцааж дараагийн ажиллагааг хийх боломжгүй. Шүүхийн шатаас урьдчилсан хэлэлцүүлэгт хэрэг буцаахгүй, харин хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарын зүгээс Ө.Батлхагвыг хохирол, төлбөр төлөөгүй байж өөр дээрээ бүртгэлтэй байсан бүх эд хөрөнгийг гувчуулснаараа өөрт хөнгөн төрлийн ял шийтгэл авах хууль зүйн үндэслэлгүй.

          Амь хохирогч Мөнхзаяа, Цолмондүүгийн 4 хүүхдэд цалингийн зөрүүг шүүхээс олгох, шийдвэрлэх боломжгүй байна гэсэн. Үүнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Яагаад гэвэл нийгмийн даатгалын газраас тухайн хүмүүсийн нийгмийн даатгал төлсөн баримтуудаар тухайн цалин хөлсний орлого нь тогтоогддог. Үүгээр сарын дундаж цалингаа тооцоод тухайн хүүхдүүдэд оногдох хэсгийг шүүхээс гаргах боломжтой байсан. Энийг гаргаагүй нь хууль зүйн үндэслэлгүй.

          Гэм буруугийн дүгнэлт нь шүүхээс гарсан. Харин 4 хүн амь хохирсон хэрэгт 6 жилийн ял гэдэг маань 1 хүн 1,5 жилийн ял гэсэн үг. Гэм буруугаа хүлээгээгүй, хохирол төлбөрөө төлөөгүй байж энэ ялыг оногдуулж байгаа нь хөнгөн төрлийн ял оногдуулсан гэж үзэж байна гэв.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажиллаж явж, явж бараг буруугүй болж байж энэ хэрэг харин эргээд голдиролдоо орж энэ олон хүмүүсээ алдсан хохирогч нар явсаар байж энэ асуудал өнөөдөр үнэн мөнөнөөрөө гараад ирчихсэн байна.

          Ямар ч улсын бүртгэлд байхгүй эвдэрхий замын хөдөлгөөнд орох ёсгүй машинтай явж байж өнөөдөр ийм осолд орсон. Өчнөөн хүүхэд өнчирсөн.

          Дараагийн асуудал дахин хэргийн газрын үзлэг шүүх шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гэж байна. Өнөөдөр нотлох баримтуудаас алийг нь авахаа шүүх өөрөө шийднэ. Тэр шинжээчийн дүгнэлтээр энэ нь зөв гэж нэгийг нь авах юмгүй. Энэ чинь шүүхийн дотоод итгэлээрээ нотлох баримтыг үнэлэх асуудал учраас энэ хэрэг хангалттай мөрдөгдөж шалгагдаад өчнөөн хавтас болчихсон хэрэг.

          Гэм бурууг нь улсын яллагч зөв тогтоогоод ороод ирчихсэн. Ө.Батлхагва өнөөдрийг болтол гэм буруугаа хүлээдэггүй, хохирлоо барагдуулдаггүй. Өчнөөн хөрөнгөө гувчуулчихсан байгаа. Шалгаж байсан газар Ө.Батлхагвын өмч хөрөнгийг нь битүүмжилж хамгаалаагүй.

          Улаанбаатар хотод бүх хэрэг дээр хамгийн түрүүнд дансыг нь, эд хөрөнгийг нь битүүмжилж хамгаалдаг. Энэ олон хүн нас барчихсан хэрэг дээр хэтэрхий хариуцлагагүй хандсан.

          Хохирогч тал юу ч аваагүй хоосон шийдвэр л гарч байна. Ө.Батлхагва бүх хөрөнгөө зохицуулчихсан 3 000 000 төгрөг өмнөх шүүх хурал дээр хувааж ав гэж өгсөн ийм л байдалтай байна.

          Гэм буруугаа хүлээж хохирлоо төлж байж ял нь хөнгөрдөг. Гэтэл гэм буруугаа хүлээгээгүй хохирол төлбөрөө төлөөгүй хүнд 6 жил болгоод ялыг нь хөнгөрүүлчихсэн байна. Тэгээд энэ дээр давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг анхаарч үзээсэй хүсэж байна. Тэгээд энэ бол хангалттай нотлогдож шалгагдчихсан, гомдлуудыг хангахгүй орхих боломжтой. Дээд шүүхийн тогтоолыг бас ярьсан.

          Сэтгэл санааны хохирлыг журмынх нь дагуу шүүх шийдсэн нь үндэслэлтэй. Бид нар шинжээч томилуулна гэж өчнөөн сар хүлээсэн. 3 жилийн дараа шийдэхээс илүү яахын бэ гэв.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Олонмөнх  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэцэгмаа гуай одоо өөрөө 78 настай ийм хүн байгаа. Ингээд ганц тээж төрүүлсэн хүүгээ тэжээн тэтгэж байсан, өөрийг нь өсгөж өндийлгөсөн.  Одоо л хүүгийнхээ хайр халамжид явна даа гэсэн бодолтой байсан ч хүүгээ ингээд цаг бусаар алдсандаа маш их харамсалтай байна. Сэтгэцийн хувьд маш их гэмтэлтэй байгаагаа энэ хүн бас илэрхийлдэг юм.

          Ийм учраас энэ байдлыг нь харж шүүхээс хохирол төлбөрийг гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Ийм учраас давж заалдах гомдол гаргасан шүүгдэгч Батлхагва, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Шүүгдэгч Ө.Батлхагва давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн осол болсон шалтгаан миний бодлоор хурд хэтрүүлсэн, нөгөө талын жолооч согтууруулах ундаа хэрэглэснээс болсон.

          Гомдлын үндэслэл нь 2 талд харилцан буруутай гэсэн дүгнэлтүүд гарсан байсан. Тэрийг нь авч үзэлгүй зөвхөн миний буруутайгаар шийдвэрлэсэнд нь гомдолтой байна. Тэр эсрэг талын машины жолооч нь архи уусан байсан. Тэгээд хурд хэтрүүлсэн. Энэ дээр ерөөсөө ажиллагаа явуулаагүй.

          Би замаа шахаад зогсож байсан. Бууж ослын тэмдэг тавих зав өгөлгүй араас машин ирж орсон. Энэ байдлыг харж үзэлгүй нэг талыг барьсан шийдвэр гаргасанд нь би гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Цэвэгхандыг шүүх хуралдаанд иргэний хариуцагчаар оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт Цэвэгханд тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, ашиглагч нь биш. Зам тээврийн осолд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр тухайн хүн тээврийн хэрэгсэл эзэмших ашиглагчаар бүртгэгдсэн байвал иргэний хариуцагчаар тогтоодог. Гэтэл тухайн үед Цэвэгханд өөрөө хэлдэг. Ө.Батлхагваас ийм эд хөрөнгүүдийг худалдаж авсан. Тухайн эд хөрөнгийг битүүмжлээгүй хөдөлгөөн хийхийг хориглосон прокурорын тогтоол гараагүй байсан. Энэ үед шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад шүүгдэгч өөрийнхөө эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байсан.

Мөн зорчих хэсгээ чөлөөлөөгүй гэдэг асуудал замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэдэг асуудал шинжээчийн дүгнэлтэд ороод яваад байгаа. Энэ байдлуудаас үзэхэд эргэлзээтэй байдлуудыг гаргаж 2 шинжээчийн дүгнэлтийг аль нь үндэслэлтэй вэ гэдгийг тогтоолгох шаардлагатай байна.

Зам тээврийн осол гэдэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн гэдэг ийм тодорхойлолттой байдаг. Гэтэл шүүгдэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл зогсож байсан гэж үзэж байгаа. Тэгэхдээ зорчих хэсгээ чөлөөлчихсөн тохиолдол байна гэдгийг шинжээч нарын дүгнэлтүүдээс олж харж байна. Сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудал дээр шүүгч хохирогч нарын гаргаж өгсөн баримтад баримтыг ерөөсөө шүүгээгүй тэр чигээр нь хангасан. 1 дүгээр хавтаст хэргийн 227-242, мөн 2 дугаар хавтас хэрэг хэргийн 3-20 дугаар хуудсанд байгаа нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шууд үндэслэж оршуулгын зардлыг гаргасан. Жишээлэх юм бол өмгөөлөгчийн хөлс орсон байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 228 дугаар хуудсан дээр 4 000 000 төгрөгийн баримт давхардсан, ингээд гарын үсэг байхгүй баримт биш зүйлүүдийг хавтаст хэрэгт байна.

Шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлсэн. Тухайн зам тээврийн осол 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гарсан. Шүүх шинжилгээний тухай хууль 2022 оны 12 сарын 23-ны өдөр шинэчилсэн найруулгаар батлагдан гарсан. Ингээд сэтгэл санааны хохиролтой энэ асуудлыг болбол Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйл дээр 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гарсан хэрэгт сэтгэл санааны хохирлыг тооцно. Дээд шүүхийн тогтоол дээр сэтгэл санааны хохирлыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гарсан хэрэгт хамааруулан ойлгох хуулийн зохицуулалт байхгүй. Хуулийг буцаан хэрэглэхгүй гэдэг үндэслэл Дээд шүүхийн тогтоол удаа дараа гарч байгаа. Иймээс хуулийг буцаан хэрэглэж сэтгэл санааны хохирлуудыг гаргасан нь үндэслэлгүй, анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, шүүгдэгч Ө.Батлхагва, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэтогтох нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

         

        Шүүгдэгч Ө.Батлхагва нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Далан гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 20 цаг 40 минутын орчимд өөрийн 87-22 УНЧ улсын дугаартай "Dong Feng" маркийн ачааны машинтайгаа зорчин явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, болон 24.5. Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсвэл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална. 24.6. Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0,4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт «Овор ихтэй ачаа» таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж замын хажуу хөвөө хэсэгт тээврийн хэрэгслээ байрлуулан зогсох гэж байхад нь түүний машины араас "Тоёота Лексус NX300h" маркийн 68-58 УБП улсын дугаартай автомашин ирж мөргөсний улмаас дөрвөн хүний амь нас хохирч, мөн С.Содномпүрэвийн эзэмшлийн "Тоёота Лексус NX300h" маркийн 68-58 УБП улсын дугаартай авто машинд нийт 61471000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэгт холбогдсоныг Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ нь Ө.Батлхагвын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Шүүгдэгч Ө.Батлхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас олон хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Ө.Батлхагвын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Ө.Батлхагвад 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Батлхагвад оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү,  шүүгдэгч Ө.Батлхагва нар ньхэргийг буцааж анхан шатнаас дахин шалгуулах”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэтогтох нь “Р.Цэвэгхандыг иргэний хариуцагчаар  татуулах, гэм хорын хохирлыг 198000000 төгрөгөөр тооцож” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Анхан шатны шүүхийн эрүүгийн хариуцлагын талаарх “Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Ө.Батлхагвын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Ө.Батлхагвад 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.” /4 дүгээр хавтас хэргийн 184 дэх тал/ гэсэн дүгнэлт нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Учир нь гэмт хэргийн улмаас дөрвөн  хүний амь нас хохирсон, анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Олонмөнхийн  “...Миний үйлчлүүлэгч Цэцэгмаагийн зүгээс гэхэд миний 4 ач ямар ч хараа хяналтгүй үлдэж байна, мөн өдий зэрэгтэй өсгөж өгсөн хүүгээ алдсандаа маш их харамсаж байгаа, гомдолтой байгаа талаараа хэлсэн. Мөн өөрийнх нь сэтгэл зүй маш их гэмтэлтэй байгаа талаар илэрхийлсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар ялын хамгийн дээд хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна.” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Наранцэцэгийн “...Батлхагвын хувд анхнаасаа гэм буруугаа хүлээгээгүй. Мөн өөрийн эд хөрөнгийг зувчуулж тарааж хохирол төлбөр төлөх санал санаачилга гаргаагүй. Иймд улсын яллагчийн санал болгосон 6 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан ялын хамгийн дээд хэмжээгээр ялыг оногдуулах хэрэгтэй.” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтална гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээд үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан байгаа. Энэ хэрэгт 4 хүний амь нас хохирч, олон хүүхэд бүтэн өнчин үлдсэн. Тийм учраас хохирогч нарын өмгөөлөгч нарын саналтай нэг байр суурьтай байна. Үүнийг улсын яллагч анхаарч үзэх байх.” гэсэн дүгнэлтүүд,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэтогтохын “...Хамгийн дээд хэмжээ буюу 8 жилийн ял өгөөсэй гэж хүсэж байна. Өөрийн нэр дээр 3 машинтай, өөрийн 2 том байшингаа эгчдээ 30000000 төгрөгөөр тооцож өгсөн. Надад 30000000 төгрөгөөр тооцоод өгчих л дөө. Байгаа газар нь гэхэд 100000000 төгрөг хүрэхээр байгаа шүү дээ. Би хүүхдүүдээ л бодож байна. Маш их гомдолтой байна. Хамгийн дээд хэмжээгээр яллаж өгөхийг хүсэж байна.” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бүжидмаагийн “...улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг ял зувчуулсан талаар мэдсээр байж яагаад ийм санал гаргаж байгаад гайхаж байна. Харамсалтай, гомдолтой байна. Ялын дээд хэмжээг оногдуулж өгөөсэй гэж хүсэж байна.” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батжаргалын “...Нэг хүн алахад 8 жил, 4 хүн алахад 6 жилийн хорих ял оногдуулж байна. ...Ямар ч ухамсаргүй, хүн сэтгэлгүй залуу байна. Миний хувьд ялын дээд хэмжээгээр буюу хуульд заасан 8 жилийн хугацаагаар оногдуулж өгөхийг хүсэж байна.” гэсэн  тайлбаруудад анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дүгнэлт хийгээгүй байна.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг анхан шатны шүүхээс ямар үндэслэл, ямар нотлох баримтуудаар дэмжих болсон шалтгаан, нөхцөл болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлсөн эсэх болон хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах ялын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нараас гаргасан дүгнэлт, тайлбаруудад дүгнэлт хийгээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.Эрдэнэтогтох, Н.Бүжидмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: З.Бат-Эрдэнэ, Б.Наранцэцэг, И.Олонмөнх нараас шүүгдэгч Ө.Батлхагвад оногдуулсан хорих ял нь хөнгөдсөн талаарх тайлбар болон гомдлуудыг давж заалдах шатны шүүх хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.

         Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ө.Батлхагвад холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхээр тогтов.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү,  шүүгдэгч Ө.Батлхагва нарын “хэргийг буцааж анхан шатнаас дахин шалгуулах агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү,  шүүгдэгч Ө.Батлхагва нар ньхэргийг буцааж анхан шатнаас дахин шалгуулах” тухай давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Ө.Батлхагвад холбогдох 2228001580070 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

 

          4. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч  Ө.Батлхагвад цагдан хорихоор авсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

          6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

 

 

                                  ШҮҮГЧИД                                         Л.УГТАХБАЯР

                                                                                                   

 

                                                                                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ