| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2228000670074 |
| Дугаар | 2024/ДШМ/20 |
| Огноо | 2024-04-19 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2024/ДШМ/20
2024 оны 04 сарын 19 өдөр Дугаар 2024/ДШМ/20 ******* сум
А.*******, Ж.Зоригт нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Г.******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Б.Мөнхдөл,
Шүүгдэгч Ж.Зоригт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,
Шүүгдэгч А.******* /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.*******,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Зоригтын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч А.*******, Ж.Зоригт нарт холбогдох 2228000670074 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумаас баруун хойд зүгт байх "Ар үр" сувиллын газраас ******* сум руу явах шороон замд ******* ӨМӨ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан 'Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргаж зорчигч М.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол, М.*******гийн амь насыг хохироосон,
Шүүгдэгч Ж.Зоригт нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн их эмчээр ажиллаж байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн орчимд зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан М.*******ын биед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу "Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн жижүүр эмч нь нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт МNS 5095:2017 Монгол Улсын стандартын 12.1.8-д "Эмнэлгийн жижүүр эмч нь оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна" гэсэн заалтыг хангалттай биелүүлээгүйгээс Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өглөөний 05 цаг 20 минутын орчимд М.******* нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхдөл нь А.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Ж.Зоригтын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ж.Зоригтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Зоригтын эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.*******, Ж.Зоригт нар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч нарт тус тус хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, Ж.Зоригт нар тэнссэн 3 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй 29 болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч А.*******, Ж.Зоригт нарт хяналт тавьж ажиллахыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах, шүүгдэгч Ж.Зоригтын эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолж,
Шүүгдэгч Ж.Зоригт нь 91980000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******ад 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаа, шүүгдэгч А.******* нь 51980000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулахаа тус тус илэрхийлсэн баримтыг шүүхэд өгсөн болохыг дурдаж,
Шүүгдэгч А.******* нь оршуулгын зардал болон амь насны хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Гэрэлмаад 60000000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******ад 17300000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж,
Шүүгдэгч А.*******, Ж.Зоригт нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******, Ж.Зоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Зоригт давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
М.*******ын хувьд биеийн байдал нь тогтвортой, маргааш өглөө нь Улаанбаатар хот руу дараагийн шатлалын эмнэлэгт хүргүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн.
Тогтворжуулах, өвчин намдаах чиглэлийн эмчилгээ хийж биеийн байдлыг нь ажиглаж байхаар шийдсэн. Гэвч М.******* өөхөн эмболи гэх миний тооцоолж чадаагүй хүндрэлийн улмаас нас барсан.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч Э.Ганбатын зүгээс хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулахаар шаардаж буйгаа илэрхийлсэн.
Шүүхийн зүгээс гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхийн хамтаар Ж.Зоригт надаас хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 91980000 төгрөгийг гаргуулж хууль ёсны төлөөлөгч Ж.*******ад олгуулахаар шийдвэрлэсэн.
Гэвч тухайн төлбөрийг зөвхөн Ж.Зоригт надаас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн шийдвэр, дүгнэлттэй санал нийлэхгүй байна.
Ж.Зоригт намайг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхлэхээс 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг хүртэл хохирогчийн өмгөөлөгч, мөрдөгч, прокурорын зүгээс хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нөхөн төлөх үүрэг хүлээж болзошгүй тухай ямар нэгэн байдлаар мэдэгдэж, нэхэмжилж байгаагүй.
Хэрэв энэ талаар урьдчилан мэдсэн бол өөрийн мэргэжлийн хариуцлагын даатгагчдаа мэдэгдэх, ажил олгогч байгууллага болох Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг иргэний хариуцагчаар оролцуулах, тэдэнд мэдэгдэх ажиллагаа хийлгүүлэх боломжтой байсан.
Иргэний хуулийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ ” гэсэн байна.
Би дээрх хуулийн заалтыг уншаад мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахдаа алдаа гаргаж бусдад учруулсан гэм хорын хохирлыг миний ажил олгогч "Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв” нөхөн төлөх үүрэг хүлээх юм байна гэж ойлгож байна.
Үүнээс үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд” гэх тодорхойлолтод ажил олгогч Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв” хамаарч байна.
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар татан оролцуулсан байх шаардлагатай байсан.
Давж заалдах шатны журмаар хэргийг хэлэлцэх явцад Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг иргэний хариуцагчаар нөхөн тогтоох, иргэний хариуцагч хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна.
Талийгаач М.******* нас барсан харамсалтай явдалд хоёр хүн буруутай. А.******* гэх жолооч зам тээврийн осол гаргаж талийгаачийн биед хүнд гэмтэл учруулсан, эмч Ж.Зоригт би түүнийг эмчилж чадаагүй гэх буруутай.
Гэтэл уг гэм хорыг хариуцан арилгах үүргийг зөвхөн Ж.Зоригт би хүлээж байна вэ? гэдгийг ойлгохгүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхээс үл хамааран Иргэний хуульд заасан гэм хорын хариуцлагыг хуульд заасны дагуу хариуцах ёстой.
А.******* гэх хүн эрүүгийн хариуцлага хүлээсэн боловч М.*******ын биед үхлийн аюултай хүнд гэмтэл учруулсан үйлдлийнхээ гэм хорын хариуцлагыг хүлээхгүй байгаад би гомдолтой байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “...Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ ” гэж заасан байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 530 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Талийгаач М.******* нь амь насыг аврах боломж багатай хүнд гэмтлийн улмаас нас баржээ" гэж бичигдсэн байдаг.
Талийгаачийг үхэлд хүргэсэн амь насанд аюултай, аврагдах магадлал багатай туйлын эрсдэлтэй байдалд оруулсан А.******* гэх хүн хохирогч М.*******ын гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын дийлэнх хэсгийг хариуцан арилгах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.
Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүхийн зүгээс анхаарч үзэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “...Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй ” гэжээ.
Зам тээврийн осолд орсон ******* ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ю.Энхтуяа гэх хүний автомашин гэж ойлгосон. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд илэрхий бичигдсэн байхад яагаад ******* ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар орж ирэхгүй байгааг би ойлгохгүй байна.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 22-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.******* давж заалдах шатын шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний дунд хүү М.******* нь 2022 оны 1-р сарын 28-ны оройн 22 цаг 30 минутын үед автын осолд орж 23 цаг 30 минутад Өмнөговь аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах тасагт ирсэн. Ж.Зоригт эмч хүлээн авч үзлэг хийгээд
Танай хүүхэд гайгүй байна зүгээр та нар харин азтай гэж хэлээд гэмтлийн тасагт хэвтүүлж эмчилгээ бичиж өгсөн.
Эхо шинжилгээгээр хэвлийн гэмтлийн улмаас дотор эрхтэн гэмтэж цус алдаж буй нь оношлогдсон байхад эрчимт эмчилгээний тасагт оруулан мэс засал хийж хэвлийг нээж шалган цус алдалтыг зогсоон цус сэлбэх эмчилгээг үргэлжлүүлэн хийж дараагийн шатны эмнэлэгт шилжүүлэх үүргээ нарийн мэргэжлийн гэмтэл мэс заслын эмч Ж.Зоригт хүндэтгэх шалтгаангүйгээр огт биелүүлээгүйн улмаас миний хүү цус тогтоох, цус сэлбэх эмнэлгийн анхны болон мэс заслын тусламж үйлчилгээ авч чадалгүй амь насаа алдсан.
Ж.Зоригтын ажилдаа маш хариуцлагагүй,сэтгэлгүй, хайнга хандсан нь олон удаагийн шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтээр нотлогдож яллагдагчаар татагдсан.
Хүүг минь өнгөрсөн хойно орж ирээд чадах бүх арга хэмжээгээ авсан шүү гэж ширүүнээр хэлсэн нь эрүүл хүний шинжгүй бөгөөд согтуу байсан нь гэрчийн мэдүүлэг болон шүүх хурал дээр өөрөө зөвшөөрч нотлогдсон.
Бид хуулийн байгууллагаар гомдлоо шийдвэрлүүлж 5 удаа шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсны эцэст Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1-р сарын 22-ны 12 дугаартай шийтгэх тогтоолоор Ж.Зоригтод ял ноогдуулж хариуцлага хүлээлгэсэн.
Ж.Зоригтын болон өмгөөлөгч И.Олонмөнхийн хүсэлтийг сум дундын шүүх хүлээн авч Ж.Зоригтод оноосон ялыг харьцангуй хөнгөлж ялласан байтал давж заалдаж байгаад, эрүүл саруул цэл залуу эрдэнэт хүний амь насыг аврахын төлөө сэтгэл зүрх эрдэм чадлаа өчүүхэн төдий ч зориулаагүй өөрөөсөө зайлуулж зугтан алга болчхоод өөрийгөө өмгөөлж ажил олгогч байгууллагаа, өрөөл бусдыг хэрэгт татан оролцуулах зэргээр хандаж байгаад харамсаж байна.
Дээрх эмгэнэлт үйл явдлаас хойш бүтэн 2 жил өнгөрөхөд Ж.Зоригт нэг ч удаа хохирогчийн ар гэртэй уулзаж болсон хэрэг явдлын талаар ярилцаж эмгэнэл илэрхийлж уучлал хүсэж ирээгүй бөгөөд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо’ шүүх хурлын завсарлагаагаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******аас уучлал хүссэн” тухай огт худлаа бичжээ.
Мөн гэм хорын хохирол 91980000 төгрөгийг 2025 оны 1-р сарын 30-ны дотор төлөх Ж.Зоригтын хүсэлтийг нь бид хүлээн зөвшөөрч шүүх ч ялын нөхцөлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн.
Миний хүүг уруу татаж утасдаж авч явсан Түвшинжаргал, авто тээврийн осолд оруулж эрүүл мэндийг хүнд хохироосон А.*******, Өмнөговь аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Ж.Зоригт нарт маш их гомдолтой байна гэжээ.
Прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Энэ хэрэг дээр 5 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлттэй хэргийн материал танилцуулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугийн асуудлаар шүүгдэгч маргадаггүй.
Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч гэм буруугийн асуудал, хэргийн зүйлчлэл дээр ч маргадаггүй. Хэрэгт авагдсан 5 шинжээчийн дүгнэлтийн хамгийн сүүлчийнх нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаартай Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэргэжлийн салбар зөвлөлийн яаралтай тусламжийн хамтарсан шинжээчийн дүгнэлт авагдсан. Мөн дээр нь 4 удаагийн шинжээчийн дүгнэлтээр ямар шалтгаантай, ямар гэм буруугийн асуудал байгаа нь тодорхой байна.
Шүүгдэгч Ж.Зоригт нь давж заалдах шатны гомдолдоо яллах дүгнэлтэд дурдсан яллах саналтай маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна гэж дурдсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр иргэний үйл баримттай маргахгүй. Гэм буруугийн асуудлаар маргахгүй, хохирлоо төлөөд гэм буруугийн асуудлаа шийдүүлнэ гэж ярьдаг. Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийг яриад байгаа эргэлзээтэй буюу амь нас юунаас болж хохирсон бэ гэдэг асуудлаар маргаад шалгаж тогтоолгох үндэслэлгүй байна.
Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээгээд хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлээд хуулийн хөнгөрүүлэх заалтаар анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Зоригтод эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж эрх зүйн байдлыг дээрдүүлсэн.
Шүүгдэгч Ж.Зоригт бүсийн оношилгоо, эмчилгээний төвд их эмчээр ажиллаж байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн орой 23 цагийн орчимд зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан М.******* үйлчлүүлэгчийн биед эмнэлгийн тусламж үйлчилгээ, үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн жижүүр, эмчийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын MNS 5095:2017 Монгол Улсын стандартын 12.1.8-д "Эмнэлгийн жижүүр эмч нь оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна" гэсэн заалтыг хангалттай биелүүлээгүйгээс Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өглөөний 05 цаг 20 минутын орчимд нас барсан.
Сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нь нас барсны үүднээс энэ хохирлыг хэн төлөх вэ гэдэг асуудал яригдана. Тэгэхээр А.******* нэг хүний амь нас хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хохирлыг бүрэн хариуцаад эмчлэгч эмч нь эмчлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон асуудлыг шүүгдэгч Ж.Зоригт бүрэн хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна.
Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо иргэний хариуцагчаар Энхтуяаг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж ойлгосон. Тухайн тээврийн хэрэгсэл А.*******ын ээж Энхтуяагийн нэр дээр байсан. Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн. Иргэний хуулийн 409 дүгээр зүйлд заасан гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй учраас иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй байна.
Тэгэхээр шүүгдэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатын шүүхийн тогтоол зөв гарсан гэдэгт итгэж байсан. Тэгээд яллагдагч Ж.Зоригт дахиад давж заалдах шатны гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.Зоригт өөрийнхөө ажил хариуцлагыг ерөөсөө биелүүлээгүй хүн. Танай хүүхэд чинь азтай байна ямар ч асуудалгүй гээд тэнд байсан хүмүүсийг тараасан. Тэгээд дахиад өөрөө алга болчихсон. Сувилагч нь утсаар залгаад байхад нэг ч удаа утсаа аваагүй. Тэгээд өнгөрснийх нь дараа орж ирээд хүн ёсны бус үгээр хэлхийн аргагүй үйлдэл гаргасан. Тэгээд одоо өөрийгөө өмгөөлүүлээд өөрийгөө хамгаалаад байж байна.
Одоо өөрөө ямар ч ял гэм хийгээгүй хүн шиг ялаа хөнгөрүүлээд байж байна. Анхан шатны шүүхээс гарсан шийдвэр дээр бас хөнгөрүүлсэн. Тэгэхэд ийм байдалтай хүн өнөөдөр давж заалдах шатны шүүхэд дахиад гомдол гаргачихсан явж байна.
Шүүхийн шинжилгээний дүгнэлтийг авч үзмээр байна. Тэр үед согтуу байсан хүн юугаа ойлгодог юм. Миний хүү эмнэлэгт очоод 6, 7 цаг болоход ямарч арга хэмжээ аваагүй. Энэ хугацаанд энэ хүн эрүүл саруул байсан бол гэмтлийн тасгийн ерөнхий эмчийг дуудаад, баг бүрэлдэхүүнийг авчраад зохих шатны анхны тусламжуудыг үзүүлэх байсныг огт үзүүлээгүй. Би маш их гомдолтой байна.
Ээж нь 2016 оноос хойш группэд байдаг. Энэ ослоос хойш өвчин нь улам хүндэрсэн. Нойргүйдэлтэй байгаа гэв.
Шүүгдэгч А.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.
Шүүгдэгч Ж.Зоригт давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Олон удаагийн дүгнэлтүүд гарсан. Тэгэхдээ энэ дээр Ж.Зоригтын мэс засал хийх хийхгүй тухай л яригддаг. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд би нэг ч удаа оролцож саналаа хүргүүлж байгаагүй. Гэтэл 2 төрлийн хүндрэл байдаг 300 мл цус алдсан, олон эрхтэнд авсан 2 хүндрэл байдаг. Надад 2 хүсэлт байна. Нэгдүгээрт энэ 2 хүндрэлийн аль нь амь нас эрсдэхэд илүү нөлөөлсөн гэдгийг тогтоолгох. Хоёрдугаарт сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийг би 100 хувь хариуцаж байгааг дахин нягтлах боломж байдаг болов уу гэсэн гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эмнэлгийн байгууллагаас ямар тусламж яаж үзүүлж вэ гэдэг талаар 5 удаагийн дүгнэлт гарсан байж байдаг.
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвийн хэмжээнд мэс заслыг хийх боломжтой байсан юм байна. Жижүүр эмчийн хувьд ийм стандартын дагуу үүргээ биелүүлж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж ярьсан.
Хохирол төлбөрийн хувьд ингэж шийдсэн нь хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн. Гэмтэл учирсан нөхцөл байдалд эмнэлгийн тусламж авч чадаагүй байна уу, чадсан байна уу гэдэг энэ асуудлыг мэргэжлийн байгууллагын шинжээч нар гаргасан дүгнэлтүүдээр ингээд харьцуулаад үзэхэд амь насыг нь аврагдах боломж багатай гэмтлүүд учирсан, их хүнд, хүнд гэмтлүүд учирсан. Шинжээч нар дүгнэлтээ гаргахдаа шууд заагаад өгчихдөг.
Хэрвээ эмнэлгийн тусламжийг яаралтай авсан болбол амь нас нь аврагдах боломжтой гээд заагаад өгчихдөг. Гэтэл энэ 5 удаагийн дүгнэлтүүд бол амь насыг нь аврах боломж багатай, үгүйсгэхгүй гэсэн байдаг болохоос биш шууд аварна гэсэн заалтыг шинжээч нар дүгнэлт дээрээ тусгаж өгөөгүй байгаа нь эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг чадах хэмжээндээ үзүүлж байсан. Тийм боловч одоо ганцхан хагалгаа хийх боломжтой гэсэн хамгийн сүүлчийн шинжээчийн дүгнэлтээр энэ хүнийг буруутгаж байгаа асуудал эмнэлгийн бүрэн туслалцаа үзүүлж чадаагүй юм байна гээд буруугаа өөрөө хүлээж зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Тухайн анхан шатын шүүх хуралдаан дээр шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөр буюу сэтгэцэд учирсан хохирол 91 980 000 төгрөгийг төлье гээд шүүх хуралдаанаас завсарлагаа аваад гэрээ байгуулаад шүүх хуралдаан үргэлжилсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бол анхан шатын шүүхээр хэлэлцэгдээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдлаар гомдол гаргасан, өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн нь анхан шатын шүүхэд гаргасан байр сууриасаа эргэж давж заалдах гомдол гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйл дээр давж заалдах шатын шүүхээс гаргах одоо шийдвэрийг зааж өгсөн байгаа. Хүчингүй болгох заалтыг үндэслэж давж заалдах гомдлоо гаргаж байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй байгаа учраас бол давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль эрх зүйн үндэслэлтэй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Зоригтын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч А.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумаас баруун хойд зүгт байх "Ар үр" сувиллын газраас ******* сум руу явах шороон замд ******* ӨМӨ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан 'Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргаж зорчигч М.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол, М.*******гийн амь насыг хохироосон,
Шүүгдэгч Ж.Зоригт нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн их эмчээр ажиллаж байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн орчимд зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан М.*******ын биед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу "Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн жижүүр эмч нь нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт МNS 5095:2017 Монгол Улсын стандартын 12.1.8-д "Эмнэлгийн жижүүр эмч нь оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна" гэсэн заалтыг хангалттай биелүүлээгүйгээс Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өглөөний 05 цаг 20 минутын орчимд М.******* нас барсан гэмт хэрэгт тус тус холбогдсоныг Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхдөл нь А.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Ж.Зоригтын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.*******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ж.Зоригтыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Зоригтын эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.*******, Ж.Зоригт нар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч нарт тус тус хүлээлгэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Зоригт нь “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Шүүхийн шийдвэрт “хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Зоригоо эмчийн хувьд хүүгийн минь амь насыг аврах дорвитой арга хэмжээ аваагүй гэж үзэж байгаа. Ямар ч арга хэмжээ аваагүй байж сүүлд нь ирээд тийм зүйл хэлээд байж байх нь эмч хүний ёс зүйд хэр нийцэх вэ?. Хохирол төлбөрийн тухайд гэвэл *******ын ар гэрийнхний зүгээс 17.300.000 төгрөг оршуулгын зардалд өгсөн байсан. Зоригоо эмчид л гомдолтой байна. Үгээр хэлэхийн аргагүй байна. Амь насыг нь аврах арга эрэлхийлээгүй гэж үзэж байна.” /3 дугаар хавтас хэргийн 89 дүгээр хуудас/ гэжээ.
Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хуульчилжээ.
“Шүүх шүүгдэгч А.*******ын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, Их сургуулийн оюутан зэрэг хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь
Шүүгдэгч Ж.Зоригтын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Зоригтын эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж тус тус шүүх үзлээ.” гэсэн дүгнэлтүүд нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Учир нь шүүгдэгч нарт холбогдох дээрх гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас эрсдэж, амь хохирогч нарын амь насыг нөхөн төлөх боломжгүй болсон, давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Зоригт нь гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.*******ад 91980000 төгрөгийг төлөхөөс татгалзаж, дээрх төлбөрийг шүүгдэгч А.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******аас “...одоо өөрөө ямар ч ял гэм хийгээгүй хүн шиг ялаа хөнгөрүүлээд байж байна. Анхан шатны шүүхээс гарсан шийдвэр дээр бас хөнгөрүүлсэн. Тэгэхэд ийм байдалтай хүн өнөөдөр давж заалдах шатны шүүхэд дахиад гомдол гаргачихсан явж байна. ...Тэр үед согтуу байсан хүн юугаа ойлгодог юм. Миний хүү эмнэлэгт очоод 6, 7 цаг болоход ямар ч арга хэмжээ аваагүй. Зөндөө арга хэмжээ авах боломж байсан. Энэ хугацаанд энэ хүн эрүүл саруул байсан бол гэмтлийн тасгийн ерөнхий эмчийг дуудаад, баг бүрэлдэхүүнийг авчраад зохих шатны анхны тусламжуудыг үзүүлэх байсныг огт үзүүлээгүй би маш их гомдолтой байна.” гэж тус тус маргасан.
Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Э.Ганбатаас “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хохирогч нас барсантай холбоотойгоор хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож ...хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус хохирлыг шүүхээс тооцож олгох” /3 дугаар хавтас хэргийн 72 дугаар хуудас/ гэж, хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбатын “...миний зүгээс болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Гэрэлмаагийн зүгээс сэтгэл санааны хохиролд 100380000 төгрөгийг гаргуулахаар шийдэж өгөөсэй гэж хүсэж байна.” /3 дугаар хавтас хэргийн 73 дугаар хуудас/ гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******аас “...Сэтгэл санаа, сэтгэцэд учирсан хохирлоо Иргэний хуульд зааснаар шүүгдэгч Ж.Зоригтоос гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.” /3 дугаар хавтас хэргийн 73 дугаар хуудас/ гэсэн тайлбаруудыг тус тус гаргажээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ын өдрийн 2024/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “Шүүгдэгч Ж.Зоригт нь 91980000 /ерэн нэгэн сая есөн зуун наян мянга/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******ад 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаа, шүүгдэгч А.******* нь 51980000 /тавин нэгэн сая есөн зуун наян мянга/ төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулахаа тус тус илэрхийлсэн баримтыг шүүхэд өгсөн болохыг дурдсугай.” гэж зааснаас дүгнэхэд шүүх Иргэний хуулийн холбогдох заалтуудыг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй гэж дүгнэхээр байна.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлсийг тусгана: “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл:” гэсэн шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг анхан шатны шүүх биелүүлээгүйгээс “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ж.Зоригт, А.******* нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхээр тогтов.
Шийтгэх тогтоолыг “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон тул шүүгдэгч Ж.Зоригтын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч А.*******, Ж.Зоригт нарт холбогдох 2228000670074 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.*******, Ж.Зоригт нарт хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
Г.МӨНХБАТ