Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 224/МА2021/00017

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Ц-ийн  ажилласан байдал тогтоолгох тухай

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч Н.Мөнхжаргал шүүгч нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 97 дугаар шийдвэртэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Ц анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1987 оноос 1992 он дуустал малчнаар ажилласан хугацааг баримт үндэслэн сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.  

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 97 дугаар шийдвэрээр: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 1, 138 дугаар зүйлийн 1-ийн 6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Л.Ц-ийн 5 жил 6 сар ажилласан хугацааг сэргээн тогтоосугай” гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Алтанцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 97 дугаар шийдвэрээр Л.Ц-ийн ажилласан жилийг тогтоосон. Улмаар Л.Ц нь нийгмийн даатгалын байгууллагад уг шийдвэрийг аваачиж өгөөд групп авч байсан.

Ингээд Л.Ц 2021 оны 05 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа болж шийдвэрээ авч холбогдох материалыг бүрдүүлж өгтөл 2002 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 97 дугаар шийдвэрт Ц-ийн Л гэх эцгийн нэрийг Л гэж бичсэн зөрчилтэй гээд тэтгэврийг тогтоож өгөөгүй.

Л.Ц 2002 онд гарсан шүүхийн шийдвэрт овог нь зөрүүтэй бичигдсэнийг мэдээгүй, сая тэтгэвэрт гарах үедээ бичиг баримт бүрдүүлж байгаад мэдээд 2002 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 97 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаагаа сэргээлгээд гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрт Л.Цгийн овгийг /эцгийн нэр/ буруу бичсэнээс болж, 2021 оны 05 дугаар сараас хойш тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохирч байна.

Иймд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 97 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн овог /эцгийн нэр/-ийг Лувсанцэдэв болгож өөрчилж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Нэхэмжлэгч Л.Ц нь 11 хүүхэдтэй айлын 5 дахь охин юм. Анх 2002 онд Л.Цгийн нөхөр нас бараад тэтгэвэр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл өгөхөд Лувсандэндэвийн Цэцэгмаа гэж шүүхийн шийдвэр гаргасан байдаг.

Одоо тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 97 дугаар шийдвэрт Л.Ц гэж буруу бичигдсэн байх тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Тухайн үеийн нягтлангийн бичсэн Лувсандэндэв гэх ганц хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэр гаргасан байсан. Л.Ц-гийн иргэний үнэмлэх болон гэрлэлтийн баталгаа, архивын лавлагаа гэх бичиг баримтууд дээр Лувсанцэдэвийн Цэцэгмаа гэж бичигдсэн байдаг. Л.Ц нь 2021 оны 05 дугаар сард тэтгэвэрт гарах ёстой байсан боловч одоог хүртэл тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна. Л.Ц нь олон өнчин хүүхэдтэй, хараа муутай хүн учир Л.Ц-ийн эцгийн нэрийг Лувсандэндэвийн  болгож буруу бичигдсэнийг зөвтгөж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Л.Цгийн улсад ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А-ийндавж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Л.Ц анхан шатны шүүхэд Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур“ нэгдэлд 1987 оны 07 дугаар сараас 1992 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоолгох тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Л.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А давж заалдах шатны шүүхэд : “Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 97 дугаар шийдвэрээр Л.Ц-гийн улсад ажилласан хугацааг тогтоосон. Л.Ц нь нийгмийн даатгалын байгууллагаас группийн тэтгэвэр авч байсан. Ингээд Л.Ц 2021 оны 05 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа болж , шүүхийн шийдвэр болон бусад материалаа бүрдүүлж өгтөл 2002 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 97 дугаар шийдвэрт Л.Ц-гийн Лувсанцэдэв гэх овгийг Лувсандэндэв гэж бичсэн зөрчилтэй гээд тэтгэврийг тогтоож өгөөгүй. Л.Ц 2002 онд гарсан шүүхийн шийдвэрт овог нь зөрүүтэй бичигдсэнийг мэдээгүй, сая тэтгэвэрт гарах үедээ бичиг баримтаа бүрдүүлж байгаад мэдээд уг шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаагаа сэргээлгээд гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрт Л.Ц-гийн эцгийн нэрийг буруу бичсэнээс болж 2021 оны 05 дугаар сараас хойш тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохирч  байна. Иймд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 97 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн эцгийн нэрийг Лувсанцэдэв болгож өөрчилж өгнө үү“ гэх гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүх Л.Цгийн Увс аймгийн Хяргас сумын “Хяргас нуур“ нэгдэлд 1987 оны 07 дугаар сараас 1992 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт түүний эцэг Лувсанцэдэвийн нэрийг Лувсандэндэв гэж бичсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх ба нэхэмжлэгчийн эцгийн нэр шүүхийн шийдвэрт зөрүүтэй бичигдсэний улмаас тухайн шүүхийн шийдвэрийг үндэслэж Л.Ц-гийн өндөр насны тэтгэврийг тогтоох боломжгүй байгаа талаархи Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 347 дугаар албан бичиг хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгч Ц-ийн эцгийн нэр нь Л болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний болон иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/-аар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөж шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А-ийндавж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн далан мянга хоёр зуун төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан гаргуулж олгох нь зүйтэй.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 97 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...Лувсандэндэвийн Ц-ийн 5 жил 6 сар ажилласан хугацааг сэргээн тогтоосугай....гэснийг .....Л-ийн Ц-ийн Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1987 оны 07 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал 5 жил 6 сар малчнаар ажилласан хугацааг сэргээн тогтоосугай“ гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А-ийндавж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн далан мянга хоёр зуун төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АЛТАН

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

Н.МӨНХЖАРГАЛ