| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2018/0029/э |
| Дугаар | 00028 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 00028
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1815000020017 дугаартай, 163/2018/0029/э индэкстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1954 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, Булган аймгийн Рашаант суманд оршин суух, Б овогт Б. Б
Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Бнь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт хохирогч Д.Б ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б гийн өгсөн: Хэрэг гардаг өдөр гэртээ эхнэртэйгээ, 10 сартай хүүхэдтэй байсан. Гаднаас Болд, Батсайхан 2 нэлээн согтуу орж ирсэн. Тэгээд нэг шил архи гаргаж ирээд уусан. Агсам тавиад байхаар нь гэрээсээ хөөгөөд гаргасан. Гадаа гараад аавын минь ясыг өндөлзүүлж 3 үеэр доромжилсон. Үнэндээ маш гомдсон. Миний эцгийн ясыг өндөлзүүлэхэд маш их эмзэглэсэн. Тэгээд би уурандаа ийм зүйл хийсэн. Тэр оройдоо хөгшиний бие муудаад хот явсан. Хохирогч хохирол эмчилгээний зардал гэж 500000 гаран төгрөг өгсөн. Одоо гомдол саналгүй гэсэн гэх мэдүүлэг,
1815000020017 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Д.Б ын өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би Б гуайг машин авсан гэхээр нь мялаахаар Батсайхан гэдэг хүний хамт 1 шил архи аваад очсон. Очиход Б гуай эхнэр хүүхэдтэйгээ байсан. Тэгээд миний авч очсон архийг хувааж уусан. Тэгтэл Б гуай надруу хэрүүл өдөх маягтай чиний улсын аврага гэж юу байдаг юм гэсэн. Би та яагаад хүнийг элдэв янзаар хэлж доромжилж байдаг юм гэж хэлчихээд гэрээс нь гараад явахад хэл амаар доромжилж хашгираад байхаар нь буцаж гэрт нь ороод таныг ийм болохоор танай дүү нар чинь тоодоггүй биздээ гэж хэлчихээд гэрээс гарахад араас гарч ирээд миний дал мөрлүү сүхээр цохьсон, эргээд харахад ахиад цохихоор нь дахиад сүхээр цохихоор нь гараараа хаатал миний толгойруу цохьсон. Би шууд эрүүл мэндийн төврүү ирсэн. Эмнэлэг дээр очиход эмч, сувилагч нар нь байхгүй болохоор нь гэртээ харьсан. Тэгээд 2 хоногийн дараа Б гуай Улаанбаатар хотруу намайг авч явж гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Эмч нар тархи, толгойны зургаа авахуул гэхээр нь би авахуулсан. Б гуай хотод байхдаа эмчилгээний мөнгө гэж 300000 төгрөг өгсөн. Би тэр мөнгөөр нь эм тариа авч 10 гаруй хоног боолт хийлгэж байгаад ирсэн. Би Б гуйд дахиад 700000 төгрөг өгчих, би толгойны зураг авахуулж эм, тариа авье гэхэд тэгье гээд салсан. Тэгээд Б гуай утсаа авахаа болиод алга болсон. Одоо миний толгой өвдөж байсан. Миний даралт 190 хүрээд харавчих гээд байдаг болсон. Би одоо байнгын даралтны эм ууж байгаа. Мөнгөгүй учраас дахин толгойны зургаа авахуулж чадаагүй. Би Б гуйгаас эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол 3000000 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна гэх мэдүүлэг /хх 08-09 тал/,
Гэрч Ц.Б ы өгсөн: Би 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрийнхээ гадаа явж байгаад Болдтой таарсан. Тэгтэл Болд надад хандаж Б сая шинэ машин авсан гэсэн. Б гийнд очиж уулзахуу гэхэээр нь зөвшөөрөөд Б гийнд очсон юм. Тэгээд Б , Болд, бид 3 нэг шил архи хувааж уугаад байж байтал тэр 2 маргалдаад эхэлсэн юм. Тэгээд би Болд Б 2-ыг маргалдаад байхаар нь Болдыг гэрээс дагуулаад гартал намайг чи холдож бай гээд буцаад гэрт орсон. Тэгээд би Болдыг үлдээгээд гэртээ харьсан гэх мэдүүлэг /хх 10-11 тал/,
Гэрч Д.Ц өгсөн: Би 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нөхөр Б гийн хатмаар гэртээ байж байтал гаднаас манай сумын иргэн Болд, Батсайхан 2 орж ирсэн юм. Тэгтэл Болд өврөөсөө 0.5 литрийн архи гаргаж ирээд уусан. Тэгээд Болд ууж байсан архиа асгаад байхаар нь манай нөхөр Болд чи наад архиа аваад гар айлд орж ирээд хүнийг хэл амаар доромжлоод яах юм бэ гээд Болд, Батсайхан 2-ыг гэрээсээ гаргасан. Тэгтэл Болд манай гэрээс гараад байшингийн цонхоор Б г хэл амаар доромжлоод нас барсан аавыг нь хүртэл доромжлоод байхаар нь Б Болдтой маргалдаад гэрээс гараад явсан. Би гэртээ хүүхдээ тэврээд үлдсэн гэх мэдүүлэг /хх 13-15 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 656 дугаартай
1. Д.Б ын биед тухайн үед тархины доргилт, духны шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Шарханд оёдол тавигдсан тул гэмтэл үүсгэгч хүчин зүйлийг тогтоох боломжгүй.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 18-19 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1, 2 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 4 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 27 тал/, багийн засаг даргын тодорхойлолт /хх 29 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бнь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт хохирогч Д.Б ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Д.Б , гэрч Ц.Б , Д.Цэцгээ нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлдгийн туслалцаа үзүүлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохиролын талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хохирлыг хамтатган шийдэх боломжгүй гэж үзлээ. Харин хохирогч Д.Б нь эрүүл мэндэд учирсан хохиролоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхэйг дурьдвал зохино.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сүхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Бнь торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй , хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сүхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ