Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/21

 

Г.*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор: Б.Мөнхдөл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/08 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор Б.Мөнхдөлийн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Г.*******д холбогдох 2328000880207 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч Г.******* нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын бүртгэлтийн 980 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тус аймгийн Цагдаагийн газрын уулзалт мэдүүлэг авах өрөөнд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгөхдөө М.******* нь 2023 оны 02 дугаар сарын 14, 15-ны үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Малчны 8-06 тоотоос Г.*******гийн эзэмшлийн НР брэндийн 17 маркийн нөтебүүк, монетон ээмэг, бөгж, гинж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заасан гэмт хэргийг үйлдсэн гэж худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхдөл нь Г.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.*******г “хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Өндөр овогт Гандөшийн *******г цагаатгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь хохирлоо гаргуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тайлбартаа: ....Мөрдөгчийн 2023 оны 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор Г.*******г хохирогчоор тогтоож, эрх үүргийг тайлбарлан, хууль сануулан баталгаа гаргуулсан, мөн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр тогтоож, иргэний нэхэмжлэгчид эрх үүргийг тайлбарлан хууль сануулан баталгаа гаргуулсан атлаа 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөгч шүүгдэгч Г.*******гээс “иргэний нэхэмжлэгчээс мэдүүлсэн нь гэж тэмдэглэн асуулт асууж мэдүүлэг авсныг хохирогчоор мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж, мөн хуулийн 8.5 дугаар зүйлд “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж хуульд тус тус тодорхойлон, эдлэх эрх, үүрэг, шаардах эрхийг өөр өөр тодорхойлон зохицуулсан хэргийн оролцогч юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол...” гэж хуульчилсан ба шүүгдэгч Г.*******гээс хохирогчоор мэдүүлэг аваагүй зөвхөн иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг авсан тул хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрийн хаалга эвдэрсэн байдлыг нөхөн үзлэг хийж, үнэлгээ гаргуулах талаар хүсэлт гаргахад мөрдөгч нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хийгээгүй атлаа *******ийг гэрийн хаалгыг янзлаад өгчих гээд явуулсан байсан... гэх өмгөөлөгч болон шүүгдэгчийн гаргасан дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх ба тус гэмт хэргийг үгүйсгэх нэг үндэслэл болно гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан тул хэрэгт авагдсан нотлох баримтуудад эргэлзээтэй байдал үүсэж байна гэж шүүх үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэв...” гэж дүгнэсэн байна. Шүүхийн цагаатгах тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Нэг. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан: “Худал мэдүүлэх” гэмт хэрэг нь хүний хууль ёсны ашиг сонирхол, эрх, эрх чөлөөний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг үйлдэгддэг давхар объекттой хэрэг бөгөөд хохирогч, гэрч нар нь бодитоор болсон зүйлийг болоогүй гэж мушгин гуйвуулсан, болоогүй зүйлийг болсон гэж гажуудуулж, өөрчлөн мэдүүлснээр гэмт хэрэг төгссөн байхыг шаарддаг.

Хэрэгт авагдсан үйл баримтаар шүүгдэгч Өндөр овогт Гандөшийн ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад М.*******ийг 2 удаагийн үйлдлээр өөрийнхөө орон байрнаас эд хөрөнгө, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж мэдүүлсэн боловч мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. Тухайлбал:

1.1. Шүүгдэгч Г.******* нь М.*******ийг 2023 оны 02 дугаар сарын 14, 15-ны үед НР брэндийн 17 маркийн нөтебүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан талаар мэдүүлсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан гэрч Ш.Байгальмаагийн: “...******* үнсээ асгах гэж гараад эргэж орж ирэхдээ миний нөтебүүк хогийн савны хажууд байна гэж хэлээд бариад ороод ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Отгонбаатарын: “...гэрийнхээ эд зүйлүүдийг үзэж байгаад нөтебүүк алга болсон байна гэсэн. ...хэсэг хугацааны дараагаар нөтебүүкийг чинь хашааны хогийн пошикны хажууд тавьсан гэж хэлсэн. Тэгээд гарч нөтебүүкээ авсан...” гэх мэдүүлгүүдээр няцаагдсан. Тодруулбал: Г.******* нь 2023 оны 02 дугаар сарын 14, 15-ны үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Малчны 8-06 тоотоос хулгайд алдагдсан гэх НР брендийн 17 маркийн нөтебүүкээ тухайн өдөртөө олж авсан болох нь гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байхад Г.******* нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө: “...Эйч пи брэндийн нөтебүүк зэргээ авмаар байна. Үгүй хийчихсэн байвал мөнгийг нь гаргуулж авмаар байна...” гэж зориуд худал мэдүүлснээр М.Жавхлантөгөлдөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж худал мэдүүлж, гүтгэсэн болох нь нотлогдсон болно.

Мөн гэрч Б.Саранчимэг нь 2023 оны 05 дугаар сард Г.*******гээс НР маркийн 17-той нөтебүүкийг 2.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болж, тохиролцон мөнгийг данс руу нь шилжүүлж худалдан авсан үйл баримт хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг нөтебүүкийг Зүүнсайхан, эсхүл Дундсайхан гэр хороололд байх ээжийнх нь гэрээс очиж авсан талаар гэрч мэдүүлсэн, иргэн Б.Саранчимэгийн Хаан банкны 5586069275 тоот депозит дансны болон Худалдаа хөгжийн банкны 415094859 тоот дансны дэлгэрэнгүй хуулга нотлох баримтаар хэрэгт авагдсан болохыг дурдаж байна.

1.2. Шүүгдэгч нь Г.******* М.*******ийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны үед монетон ээмэг, бөгж, гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж мэдүүлдэг боловч энэ гэрч М.*******ийн: “...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Г.*******тэй хамт явж 68 зээлийн төвийн гадна Г.******* үлдээд би дотогш орж монетон ээмгийг 230.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Дараа нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөн адил бөгж, гинжийг нь 430.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тухайн эд зүйлийг барьцаанд тавиад мөнгийг нь Г.*******гийн дансанд шилжүүлсэн. ...Намайг хэрэг хийсэн гэж Цагдаагийн газар өргөдөл бичиж өгнө гэхэд нь би өөрийгөө хамгаалахгүй бол болохгүй гэж бодоод шаардлагатай дансны хуулга, ломбардын тавьсан зүйлийн баримт зэргийг авч ирсэн байгаа...” гэх мэдүүлэг,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг Дахин төлөвлөлтийн 2 дугаар байрны 202 тоотод байрлах “ИХ МӨНХ НАРАН” ХХК-ний барьцаат зээлийн газраас М.******* нь 2022 оны 10 дугаар сарын 22-ний өдөр Ю-0128259 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 1 сарын хугацаатай “монет-кулон-1,3 гр /585-14к/, монет пантигтай кулон, монет гинж 1,2 гр, монет сорьцгүй нарийн гинж, монет бөгж 2,6 гр, монет пантигтай бөгж” гэх эд зүйлсийг барьцаалан 420.000 төгрөгийн зээл, мөн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1.0-0128505 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 1 сарын хугацаатай “монет-ээмэг 2,7 гр /585-14к/” гэх эд зүйлсийг барьцаалан 230.000 төгрөгийн зээл авсан баримт, мөн хэрэгт авагдсан М.*******ийн Хаан банкны 5604069755 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Г.*******гийн Хаан банкны 5585696366 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /Г.*******гийн Хаан банкны 5585696366 тоот данс руу 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 11 удаагийн гүйлгээгээр нийт 1.061.000 төгрөгийн мөнгөн шилжүүлэг хийсэн/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн ба дээр дурдсан нотлох баримтууд нь Г.******* нь М.*******ийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Малчны 8-06 тоотоос өөрийн эзэмшлийн монетон ээмэг, бөгж, гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж худал мэдүүлж, гүтгэсэн болохыг нотолсон байхад шүүх илт үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Г.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.******* нь мөрдөн шалгах ажиллагааны үед: “....2022 оны 12 дугаар сарын 20-ны үед ээмэг, бөгж, гинж алга болсон...” гэж мэдүүлсэн бол яллагдагчаар дахин мэдүүлэг өгөхдөө: “...2022 оны 09 дүгээр сард байхгүй болсныг мэдсэн...” гэж, өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон 2022 оны 12 дугаар сарын 20-ны үед алга болсон гэх ээмэг, бөгж, гинжийг 2022 оны 10 дугаар сард барьцаат зээлийн газарт өгч, мөнгөн гүйлгээ хийсэн цаг хугацаанд тохируулан мэдүүлгээ өөрчилж, илт худал мэдүүлсэн, “Жавхлантөгөлдөр миний нөтебүүкийг 04 дүгээр сарын сүүлээр авч ирж өгсөн ба өгөхийг Ариунаа хараад байж байсан...” гэж мэдүүлсэн боловч энэ нь гэрч Б.Ариунаагийн мэдүүлгээр нотлогдоогүй зэргийг шүүх анхааралгүй, орхигдуулсан болно.

Хоёр: Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар:

2.1. Шүүхийн шийдвэрт: “....2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөгч шүүгдэгч Г.*******гээс “иргэний нэхэмжлэгчээс мэдүүлсэн нь гэж тэмдэглэн асуулт асууж мэдүүлэг авсныг хохирогчоор мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна...” гэж дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт: “Иргэний нэхэмжлэгчид энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.8, 1.10, 1.11-т заасан эрх болон энэ бүлэгт заасан үүрэг нэгэн адил хамаарна” гэж заасан.

Г.******* нь мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасан хүн бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон этгээдээс “иргэний нэхэмжлэгч мэдүүлсэн нь” гэж тэмдэглэж, асуулт асууж мэдүүлэг авснаар Г.******* нь мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээс чөлөөлөгдөхгүй, тэрээр худал мэдүүлэхдээ иргэн М.Жавхлантөгөлдөрийг эрүүгийн хэрэгт холбогдуулж гүтгэсэн болох нь хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

Иймд шүүхээс: “....шүүгдэгч Г.*******гээс хохирогчоор мэдүүлэг аваагүй, зөвхөн иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг авсан тул хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна...” гэж дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгчийг цагаатгасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж байна.

2.2. Прокуророос Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн...” гэх гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бол шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн мэтээр дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг бөгөөд шүүхийн дүгнэлт тогтоох хэсгийн заалтаас зөрүүтэй байгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

Дээрх шүүхийн Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлүүд нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” үндэслэлд хамаарч байх тул Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, улсын яллагчийн эсэргүүцэл бичив.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Г.******* нь 2023 оны 03 дугаар 14-ний өдөр мэдүүлэг өгөхдөө нөтебүүкээ олж авсан байж аваагүй мэтээр худал мэдүүлэг өгсөн гэх үйлдлийн тухайд, Г.******* нь гэрээсээ алдагдсан нөтебүүкээ тэр өдөртөө олж авсан ч хулгайлж авч явсан гэх хүн нь нөтебүүкний нугасыг нь эвдэлж, эвдэрсэн, гэмтсэн нөтебүүкийг гэрийнх хогийн савны хажууд үлдээгээд явсан байдаг.

Энэ нь гэрч Б.Отгонбаатар, Ч.Одхүрэл, Ш.Байгальмаа нарын мэдүүлгээр тогтоогддог. Тухайн үед Г.*******гийн зүгээс М.*******тэй өмнө нь хамтран амьдарч байсан гэдэг утгаараа шууд цагдаагийн байгууллагад хандалгүй эвдэлсэн нөтебүүкийг засаж янзлаад эвдрэл гэмтэлгүй болгоод өгвөл гомдол гаргахгүй гэж хэлээд хэд хоногийн дараа нөтебүүкээ М.*******өд буцааж өгөөд явуулсан боловч нөтебүүкийг нь засаж буцааж өгөөгүй учир цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, 2023.03.14-ний өдөр иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгсөн тухайн өдөр Г.******* нөтебүүкээ М.*******өөс засуулж буцааж аваагүй байсан учир нөтебүүкээ аваагүй гэдгээ хэлсэн байдаг.

Үүнээс хойш сар гаруй хугацаанд харж хүлээсэн боловч цагдаагийн байгууллагаас ч нөтебүүкийг нь М.*******өөс авч өгөөгүй, М.******* ч эвдэж гэмтээсэн нөтебүүкийг нь засаж өгөхгүй байсан тул Г.******* өөрөө М.*******өөс нөтебүүкээ эвдэрхий чигт нь буцаан авч өөрөө компьютер засварын газарт хандаж засуулж аваад 2023 оны 5 сард буюу хэрэг гарснаас хойш 3 сар гаруй хугацааны дараа нөтебүүкээ Саранчимэг гэх хүнд худалдсан байдаг. Энэ нь гэрч Ариунаа, Саранчимэг нарын мэдүүлгээр нотлогддог.

Монетон ээмэг, бөгж, гинжний тухайд: Эдгээр эд зүйлс нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар Г.*******гийн өөрийнхөө хувийн хэрэгцээнд зориулж, өөрөө худалдаж авсан өөрийнх нь хуваарьт эд хөрөнгө юм. Хэдийгээр тухайн цаг хугацаанд М.*******тэй хамтран амьдарч байсан ч Г.*******гийн хуваарьт эд хөрөнгийг өөрийнх зөвшөөрөлгүй, нууцаар авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа юм. М.*******ийн зүгээс монетон ээмэг, бөгж, гинжийг хулгайлаагүй Г.******* мэдэж байгаа, хамт яваад ******* ломбардын гадаа хүлээж байсан би орж эд зүйлийг ломбардад тавиад мөнгийг нь *******гийн данс руу шилжүүлсэн гэдэг боловч энэ нь өөр бусад нотлох баримтаар тогтоогддоггүй, ганцхан *******ийн өөрийнх нь мэдүүлгээс өөр нотлох баримт байдаггүй.

Мөрдөн шалгах ажиллагаагаар М.*******ийн мэдүүлгийг үнэн болохыг шалгаж тогтоосон зүйл байхгүй. Г.******* ээмэг, бөгж, гинжийг ломбардад тавьсан гэх цаг хугацаанд Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” ХХК-ийн кемп дээр ажлаа хийж байсан гэж мэдүүлж, тухайн цаг хугацаанд ажилчдын амрах байранд авхуулж байсан зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн, энэ нь М.*******тэй хамт явж ломбардын гадаа хүлээж зогссон гэдэг нь үгүйсгэгдэж байгаа юм. Түүнчлэн барьцаат зээлийн гэрээг ******* байгуулж, гарын үсэг зурсан байдаг бөгөөд мөнгийг нь М.******* өөрийнхөө хаан банкны данс руу шилжүүлэн авсан болох нь М.*******ийн хаан банкны дансны хуулга, барьцаат зээлийн гэрээ зэргээр тогтоогддог. Прокурорын зүгээс *******ийн хаан банкны данснаас хэд хэдэн удаагийн үйлдлээр *******гийн хаан банкны данс руу мөнгө шилжиж орсон энэ нь ломбардад эд зүйл тавьсан цаг хугацаатай тохирч байгаа учир ломбардад ээмэг, бөгж, гинж барьцаанд тавихыг ******* мэдэж байсан хамт явсан гэж үзэж байгаа нь баттай нотлох баримт бус таамаглал дээр үндэслэгдсэн, Г.*******г хамт явж ломбардад эд зүйл барьцаанд тавьсан гэх нотлох баримт болохгүй юм.

Тухайн цаг хугацаанд *******, М.******* нар нь хамтран амьдарч байсан бөгөөд Г.*******гийн мэдүүлснээр “...М.******* нь цахим мөрийтэй тоглоом их тоглодог тэрнийхээ мөнгийг над руу шилжүүлэн дамжуулж төлдөг байсан *******гийн энэ мэдүүлэг нь *******, ******* нарын хаан банкны дансны хуулганы гүйлгээний утгаас харагддаг. Бусад руу шилжүүлсэн гүйлгээний утга нь цахим мөрийтэй тоглоомын нэр, код бичигдсэн байдаг.

Иймд Г.*******гийн гэрт хууль бусаар нэвтэрч, гэрээс нь нөтебүүк, монетон ээмэг, бөгж, гинж алдагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогддог, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг М.******* үйлдсэн гэдэг нь мөн тогтоогддог тул Г.******* нь М.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэж үзэх үндэслэлгүй юм. 2. Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч нь хохирогчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Г.*******г мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож “Иргэний нэхэмжлэгчээс мэдүүлсэн нь” гэж тэмдэглэж, асуулт асууж мэдүүлэг авснаар Г.******* нь мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Анхан шатны шүүхээс Г.*******гээс хохирогчоор мэдүүлэг аваагүй зөвхөн иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг авсан тул хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь гэрч, хохирогч байхаар хуульчилсан. Хэдийгээр иргэний нэхэмжлэгч нь хохирогчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр хуульчлагдсан ч тус тусдаа бие даасан хэргийн оролцогч юм. Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж хуульчилсан байдаг. Хохирогч, иргэний нэхэмжлэгч адилхан үүрэг хүлээдэг гээд хохирогчоор мэдүүлэг өгөөгүй байхад, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлгийг нь хохирогчийн мэдүүлгээр тооцож, иргэний нэхэмжлэгчийг эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект болгон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болгож байгаа нь эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж, хууль зөрчсөн үйлдэл болох юм. 3. Шүүх цагаатгах тогтоолынхоо тодорхойлох хэсэгт прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн мэтээр дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж буй тухайд. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэж андуурч бичсэн нь тоо андуурч наана цаана нь оруулж бичсэн техникийн шинжтэй алдаа юм. Хэдийгээр тодорхойлох хэсэгт үсэг, тооны техникийн шинжтэй алдаа гаргасан ч цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт техникийн шинжтэй алдаа гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй. Тоо андуурч сольж бичсэн техникийн шинжтэй алдаа нь цагаатгах тогтоолыг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Прокурор ч мөн эсэргүүцэлдээ хүний нэрийг андуурч *******, Жавхлантөгөлдөр гэж нэг хүний нэрийг хоёр өөрөөр бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байгаатай адил анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт ч мөн тоо андуурч бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байна гэж үзэж байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

          Прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан үйл баримтаар ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийг 2 удаагийн үйлдлээр өөрийн орон байрнаас эд хөрөнгө, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэж мэдүүлсэн. Мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан үндэслэл журмын дагуу нотлуулсан нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. ******* нь *******ийг 2023 оны 02 дугаар сарын 14, 15-ны үед нөтебүүкийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан Байгальмаагийн мэдүүлэгт ******* үнсээ асгах гэж гараад эргэж орж ирэхдээ миний нөтебүүк хогийн сав хажууд гээд бариад ороод ирсэн.

          Гэрч Отгонбаатарын гэрийн эд зүйлийг үзэж байгаад нөтебүүк алга болсон байна гэж хэлээд хэсэг хугацааны дараа нөтебүүк нь тухайн хашааны хогийн савны хажууд тавьсан байна гэж хэлээд аваад ирсэн.

          Мөн ******* нь 2022 оны 02 дугаар сарын 14,15-ны үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг малчны хорооллын 8-6 тоот хашаанаас хулгайд алдагдсан гэх нөтебүүкийг тухайн өдөртөө олж авсан. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байгаа.

          Гэтэл ******* 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хохирогчийн өгсөн мэдүүлэгтээ нөтебүүк зэргээ авмаар байна. Үгүй хийчихсэн бол мөнгийг нь гаргуулж авмаар байна гэж зориуд худал мэдүүлгээр *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэж хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

          Өөрөөр хэлбэл тухайн компьютерт нь өөрт нь байсан дээр нь бусдад худалдсан гэдэг үйл баримт, хэрэгт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоож байхад нөхрийнхөө тухайн компьютерийг хулгайлсан гэж цагдаагийн байгууллагад хохирогчоор худал мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоож байна.

          Шүүхээс шүүгдэгч *******гийн хохирогчоор мэдүүлэг аваагүй, зөвхөн иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг авсан тул хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж хууль бус тайлбар хийж шүүх шийдэж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа.

          Мөн прокурор *******гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрч, хохирогч, бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэрч, мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүх шийдвэрийг цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт Прокурорыг Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу яллах дүгнэлтэд дүгнэлт үйлдсэн мэтээр дүгнэж хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл нь тусдаа буюу 21.2 дугаар зүйлээр яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүхээс Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд бусдад давуу байдал олгох буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг гэсэн зүйлээр хууль зүйн дүгнэлт хийсэн байгаа. Тэгэхээр шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдээгүй. Шүүхээс илтэд буруу дүгнэж, тухайн зүйл хэсгийг 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна гэж үзэж байна. Дээрх шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/08 цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичиж, эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед энэ 2 хүн хамтран амьдарч байсан. Яагаад мөнгө шилжүүлсэн бэ гэхээр ******* нь цахим мөрийтэй тоглоом тоглодог. Цахим мөрийтэй тоглоомынхоо гүйлгээг хийхдээ дандаа *******гийн данс руу хийгээд дамжуулж тухайн тоглоомын газар луугаа шилжүүлдэг. Энэ гүйлгээг нь ломбардын мөнгөө *******д өгсөн гэж Прокурорын зүгээс үзээд байдаг.

Энэ нь дансны хуулганаас тодорхой харагддаг. Гүйлгээ *******өөс ******* рүү ороод буцаад өөр хүний данс руу ордог. Гүйлгээний утга дээр нь тоглоомын янз нэрснүүдээ бичээд шилжүүлдэг. Энэ дансны хуулгаар ******* ломбардад тавьсан эд зүйлийн мөнгийг авсан гэдгийг бүрэн нотлох үндэслэлгүй. Мөн барьцаат зээлийн гэрээн дээр *******гийн гарын үсэг зурагдаагүй. ******* тухайн эд зүйлийг ломбардад тавиад зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан байгаа нь гэрээнээс тодорхой харагддаг.

Тиймээс *******г хамт ломбард яваагүй, эд зүйлсийг тавиагүй гэдэг нь нотлох баримтаар хангалттай тогтоогддог. ******* мэдүүлэгтэй ээмэг бөгжийг нь хамт явж ломбардад тавилцсан. Хаалга үүдийг нь эвдлээд гэрт нь орж нөтебүүк аваагүй. Энэ талаар огт мэдэхгүй гэдэг зүйлийг хэлсэн байдаг. Гэтэл гэрт нь нэвтрээд нөтебүүкийг нь авсан болох нь нотлох баримтаар хангалттай тогтоогддог. Тухайн үед гэрт нь хамт очсон гэрчүүд тодорхой хэлдэг. Тиймээс *******ийг тодорхой 2 үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн гэдэг нь хангалттай үгүйсгэгддэг.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/08 цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Б.Мөнхдөлийн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

        

        Анхан шатны шүүхээс: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “ Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол...” гэж хуульчилсан ба шүүгдэгч Г.*******гээс хохирогчоор мэдүүлэг аваагүй зөвхөн иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг авсан тул хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна...” гэж үзэж шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

 

        Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.******* нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын бүртгэлтийн 980 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тус аймгийн Цагдаагийн газрын уулзалт мэдүүлэг авах өрөөнд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгөхдөө М.******* нь 2023 оны 02 дугаар сарын 14, 15-ны үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Малчны 8-06 тоотоос Г.*******гийн эзэмшлийн НР брэндийн 17 маркийн нөтебүүк, монетон ээмэг, бөгж, гинж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заасан гэмт хэргийг үйлдсэн гэж худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ.

 

       Прокурор нь “2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Г.******* хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...Эйч пи брэндийн нөтебүүк зэргээ авмаар байна. Үгүй хийчихсэн байвал мөнгийг нь гаргуулж авмаар байна...” гэж зориуд худал мэдүүлснээр М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж худал мэдүүлж, гүтгэсэн болох нь нотлогдсон болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрт: “...2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөгч шүүгдэгч Г.*******гээс “иргэний нэхэмжлэгчээс мэдүүлсэн нь гэж тэмдэглэн асуулт асууж мэдүүлэг авсныг хохирогчоор мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна...” гэж дурдсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгчид энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.8, 1.10, 1.11-т заасан эрх болон энэ бүлэгт заасан үүрэг нэгэн адил хамаарна” гэж заасан.

 

         Г.******* нь мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасан хүн бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон этгээдээс “иргэний нэхэмжлэгч мэдүүлсэн нь” гэж тэмдэглэж, асуулт асууж мэдүүлэг авснаар Г.******* нь мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээс чөлөөлөгдөхгүй, тэрээр худал мэдүүлэхдээ иргэн М.*******ийг эрүүгийн хэрэгт холбогдуулж гүтгэсэн болох нь хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Иймд шүүхээс: “...шүүгдэгч Г.*******гээс хохирогчоор мэдүүлэг аваагүй, зөвхөн иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг авсан тул хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна...” гэж дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгчийг цагаатгасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй” гэж  тайлбар дүгнэлт гаргаж байгааг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв. Учир нь:

 

        Г.*******г хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 20-р хуудас/, хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулах баталгаа /1-р хх-н 21-р хуудас/, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 22-р хуудас/, иргэний нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа /1-р хх-ийн 23-р хуудас/ иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 24-26-р хуудас/  яллагдагч Г.*******д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /1-р хх-ийн 36-38-р хуудас/ яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлүүд /1-р хх-ийн 40-43-р хуудас/ тус тус хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэх учиртай.

 Г.*******г хохирогчоор тогтоож, эрх үүрэг тайлбарлах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх боловч түүнээс хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл хавтаст хэрэгт байхгүй байна.

 

        Прокурор Г.*******д хохирогчийн хувьд эрх үүрэг тайлбарлаж хохирогчоор тогтоосон учраас тэрээр худал мэдүүлэг өгөх эрхгүй этгээд юм гэж эсэргүүцэл, тайлбар гаргаж байх боловч түүнээс хохирогчийн хувьд мэдүүлэг аваагүй байгаа нь хариуцлага хүлээлгэх эрх зүйн үр дагавар үүсгэхгүй байна.

         Түүнчлэн прокурор Г.*******г иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авсан тул иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгийг хохирогчтой адилтган үзэх ёстой гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1-8.4-р зүйлд хохирогчийн эрх үүрэг, 8.5 дугаар зүйлд иргэний нэхэмжлэгчийн эрх үүргийг тус тусад нь хуульчилсан, зарим эрх үүрэг нь давхцаж болох хэдий ч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бие даасан нэр томьёо бүхий оролцогчид тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хангахгүй.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд Худал мэдүүлэх гэмт хэргийн талаар хуульчилсан ба гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл....үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол...энэ гэмт хэргийн шинжийг хангахаар байна. 

 

         Шүүгдэгч Г.*******гийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны үед  хохирогчоор тогтоогдож, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Харин баталгаа гаргасны дараа түүнээс хохирогчийн хувьд мэдүүлэг аваагүй байгаа нь энэ гэмт хэргийн шинжийг хангахгүй төдийгүй мэдүүлэг өгөөгүй хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

         Тэрээр иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн байж болох хэдий ч иргэний нэхэмжлэгч нь Эрүүгийн хуульд заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийн субъект болохгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.   

 

Харин анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 4 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр Г.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой гэж үзлээ.

 

         Иймд Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулж, хуулийн зүйл заалтыг зөвтгөн, хяналтын прокурор Б.Мөнхдөлийн бичсэн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/08 дугаартай цагаатгах тогтоолын 1 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 4 дэх хэсэгт тус тус зааснаар” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр” гэж  өөрчлөлт оруулж, хяналтын прокурор Б.Мөнхдөлийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,

 

          “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж нэмж, цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

          3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

 

 

                                  ШҮҮГЧИД                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                                                          Л.УГТАХБАЯР