Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 111/ШШ2025/0039

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Гуравдагч этгээд: ,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: нарын хоорондын “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/471 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд , түүний өмгөөлөгч , шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/471 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.  
  2. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 111/ШШ2023/0159 дүгээр шийдвэрээр “... хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн "Газар эзэмшүүлэх тухай" 123 дугаар захирамж, "*******" ХХК-д олгосон 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус зургаан сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Уг шийдвэрт заасан хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/44 дүгээр захирамжийг гаргаж, өмнө гаргасан гэх 1998 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр захирамж, “” хоршоонд олгосон газар эзэмших эрх 01 дүгээр гэрээ, 01 дүгээр гэрчилгээг  тус тус хүчингүй болгосон.

  1. Энэ хэргийн гуравдагч этгээд дээд шатны Засаг даргад гомдол гаргаж, дээрх захирамжийг хүчингүй болгон, Баянхонгор аймгийн Засаг дарга 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/471 дүгээр маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.
  2. Улмаар нэхэмжлэгч “*******” ХХК нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/471 дүгээр захирамжийг эс зөвшөөрч, 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
  3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 111/ШШ2023/0159 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр болж уг шийдвэрт

1. “ ” хоршооны бүртгэлийн асуудалтай холбоотойгоор:

7 дугаар хуудас, Үндэслэх хэсгийн 6.2-т “Улсын бүртгэлийн 03/131 дүгээр “” хоршоог мал аж ахуй, газар тариалан, худалдаа, түүхий эд зуучлал, талх үйлдвэрлэл эрхлэх ажлын чиглэлтэйгээр бүртгэж, 2003 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн гэрчилгээ олгожээ. Уг гэрчилгээ дээр удирдлагын овог, нэрийг Гэндэндаржаагийн Сосорбарам гэж тэмдэглэсэн.”

7 дугаар хуудас, Үндэслэх хэсгийн 6.5-д “..., уг хоршооны Тэргүүлэгчид гишүүдийн өргөтгөсөн хурлын 2006 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр хоршоог татан буулгах комиссыг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар шийдвэрлэсэн, татан буулгасан нь Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот регистрийн дугаартай “” хоршоог татан буулгах шийдвэр, тамга, тэмдгээ хураалгасан тухай тодорхойлолтоор нотлогдоно” гэж тус тус дүгнэсэн байна.

2. “ ” хоршооны нэр дээр бүртгэлтэй газрын талаар:

7  дугаар хуудас, Үндэслэх хэсгийн 6.3-д “Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн доорх буюу Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт Газар эзэмших эрхийн 01 дүгээр гэрчилгээгээр 1505 м.кв газрыг “” хоршоонд 2002-2022 он хүртэл 20 жилийн хугацаатай эзэмшүүлжээ” гэж дүгнэсэн байна.

3. “******* ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй газрын талаар:

8  дугаар хуудас, 6.7-д “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 0,1 га газрыг гуравдагч этгээд “*******” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай Эрдэнэцогт сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 123 дугаар захирамжийг гаргасан гэжээ.

8 дугаар хуудас, 6.9-д “Мөн өдрөө “*******” ХХК-д Эрдэнэцогт сумын 6 дугаар баг, Цагаан дэнж хэмээх газар сүү, цагаан идээ, Голланд бяслагийн үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ олгосон” байна гэж тус тус дүгнэсэн байна.

4.  Дээрх 2 дүгнэлтийг шүүхийн зүгээс өгсний үндсэн дээр 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 111/ШШ2023/0159 дүгээр шийдвэрт дараах дүгнэлтийг үргэлжлүүлэн өгч байна.

8 дугаар хуудас, 7-д “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т ... газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасан”

8 дугаар хуудас, 7.1-д “ ” хоршоо ... газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ хүчинтэй атал эдгээрийг нягтлахгүйгээр гуравдагч этгээд “*******” ХХК-д газрыг давхцуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4.1.3-т... 31 дүгээр зүйлийн 31.1 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж шүүх дүгнэв” гэсэн байна.

10 дугаар хуудас, Үндэслэх хэсгийн 7.2-д "... нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрууд давхцалтай нь тогтоогдох хэдий ч хоршооны газар эзэмшүүлэх шийдвэр, түүнийг үндэслэн олгосон баримт бичиг, газрын хувийн хэрэг хадгалагдаагүй, түүнийг тодорхойлох боломжгүй тул ямар хэмжээгээр давхцалтайг шүүх мөн тогтоох боломжгүй юм” гэж дүгнэж

ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар “ Газрын тухай хуулийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1 дахь хэсгийг тус тус баримтлан ... захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл ... “*******” ХХК-д олгосон ... газар эзэмших эрхийн гэрчилгээг ... түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн байна.

Уг хүчин төгөлдөр болсон шийдвэрийн дагуу хариуцагч байгууллага болох Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/44 дүгээр “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж гарч уг захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар “Сумын засаг даргын 1998 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 19 тоот захирамж, “ хоршоо”-нд олгосон газар эзэмших 01 дүгээр гэрээ, 01 дүгээр гэрчилгээг хүчингүй болсонд тооцсугай” гэж шүүхийн шийдвэрийг биелүүлж давхцалыг арилгасан юм.

Тэгэхэд Баянхонгор аймгийн Засаг дарга 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/471 дүгээр захирамж гаргаж Эрдэнэцогт сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/44 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн асуудлыг эрх хэмжээгээ хэтрүүлэн, хууль зөрчиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.

Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/471 дүгээр захирамжийг хүчингүй болгож, бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

Уг захирамжийг манай байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор хүлээн авсан тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.” гэжээ.

  6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "*******" ХХК (РД)-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүхэд аймгийн Засаг даргыг төлөөлж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн мэргэжилтэн миний бие томилогдон оролцож байгаа болно.

Тус "*******" ХХК нь Баянхонгор аймгийн Засаг дарга 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/471 дүгээр захирамж гаргаж, Эрдэнэцогт сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/44 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн асуудлыг эрх хэмжээгээ хэтрүүлэн, хууль зөрчиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.

Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/471 дүгээр захирамжийг хүчингүй болгож, бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэх нэхэмжлэлийг гаргасан.

Эрдэнэцогт сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/44 дүгээр захирамжийн үндэслэл хэсэгт Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийг 66.3 дахь заалтыг үндэслэл болгож, сумын Засаг даргын 1998 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19 тоот захирамж, “” хоршоонд олгогдсон газар эзэмшлийн 01 дүгээр гэрээ, 01 дүгээр гэрчилгээг хүчингүй болгосон.

Гэвч тус "Гурван Эхт хоршоо"-ны газар эзэмших эрх 2007 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хоршоог татан буулгах шийдвэр гаргахад Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасны дагуу дуусгавар болсон байна.

Мөн Эрдэнэцогт сумын Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь заалтыг зөрчсөн илт хууль бус захиргааны акт гарсан байх тул албажсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус захиргааны актын үйлчлэлгүй байсныг илэрхийлж байна.

Аймгийн Засаг даргаас гаргасан 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/471 дүгээр захирамж нь Эрдэнэцогт сумын Засаг даргаас гаргасан илт хууль бус захиргааны актыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтын дагуу хүчингүй болгосон байна.

Иймээс аймгийн Засаг даргын шийдвэр нь "*******” ХХК-ийн эрхийг зөрчсөн, илт хууль бус болох нь нотлогдохгүй байна гэж үзэж байна.

Иймд "*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

  1. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн нь 1990 оны өмч хувьчлалын үед тус хоршоог байгуулалцаж хувь хөрөнгөө нийлүүлсэн гишүүн байсан юм. 2002 онд гишүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгө болох үндсэн хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн байгууллагад “ хоршоо”-ны нэр дээр бүртгүүлэхэд нягтлан бодогчоор оролцож дээрх хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий хуулийн этгээдээр бүртгэгдсэн билээ.

2003 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар тус хоршооны даргаар сонгогдон УБ-н ******* дүгээр гэрчилгээнд хоршооны удирдлагаар овог, нэр бичигдсэн. 2006 оноос хоршооны хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноор хоршооны хууль дүрмийн дагуу хоршоог татан буулгах комисс (ХТБК) томилогдож, 2007 онд тус хоршоо татан буугдаж татварын албанд бүртгүүлж хуулийн дагуу дуусгавар болсон.

  ХТБК-ийн шийдвэрээр 2022 он хүртэл газар эзэмших хугацаатай 1505 м2 газар дээр байpлax (01 тоот гэрчилгээтэй), Үл хөдлөх хөрөнгийн 0015430 тоот гэрчилгээтэй, УБ-ийн дугаарт бичигдсэн 703 м2 талбайтай бэлтгэлийн агуулахын барилгыг ын ХНХ-д дүйцүүлэн олгож шийдвэрлэсэн. Их засвар хийхээр хүлээгдэж байсан. (2003.10.23) 2007.01.20-ны баримттай.

2014 онд “*******” ХХК Эрдэнэцогт суманд сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэхээр ирэхдээ урьдаар газраа сонгон авч, үйлдвэрийн барилгын сууриа тавьж барилга барихын оронд сумын Засаг дарга *******тай үгсэн хуйвалдаж өмчлөгчид мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүйгээр анх миний өмчлөлийн барилгыг битүүмжилж, шууд засвар хийсэн. Засаг дарга сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгон санхүүгээр дэмжин үйлчилсэн. “*******” ХХК нь Засгийн газрын Чингэс бондоос 260 саяын төслийн зээлтэйг зориулалтын дагуу бүтээн байгуулалтад зарцуулаагүй. Хөдөлмөр материалын зардлаа хэмнэж иргэнийг хохироосон. (*******гийн аав ******* сайд *******, нар нэг гол нутгийн хүмүүс юм билээ)

Барилгын засвар эхлэх үед улсын бүртгэлийн -д бүртгэлтэй хөрөнгийн А хэсгийн худалдан авсан Р.Батболд тэдэнд энэ газар хөрөнгө эзэнтэй гэж уулзаж хэлсэн. Би Улаанбаатар хотоос Засаг даргад утсаар хэлсэн. 5,6 сард , С.******* нартай уулзаж учир байдлаа хэлээд үнэхээр орон нутагт хэрэгтэй үйлдвэрлэл юм бол тохирон үнийг өгөх талаар захирал С.*******д хэлж байсан. Бүгд тоомсорлоогүй. Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг шүүхийн шатанд явц дундуур сумын Засаг дарга ******* 2014 оны 12 дугаар сарын 24-нд газрын тухай хуулийн 31.3 заалтыг зөрчин 123 дугаар захирамж гарган, газар эзэмших дугаар гэрчилгээг олгон баталгаажуулж өгсөн. Баримт үндэслэл шаардлага хангаагүй, шүүхээс урьдчилж шийдвэрлүүлэх асуудалтай учир нэхэмжлэл буцаагдсан. Засаг даргын нөлөө ч байсан.

Газрын асуудлын тухай

            1. 2018-2023 онууд мэргэжлийн хяналтын газар болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газруудаас шалгаж Газрын тухай хуулийн 31.3, 31.1.2, 21.4.3, 29.1, 29.2, 29.3, 57.3 заалтуудыг зөрчсөнийг тогтоон “*******” ХХК”-д хууль бусаар олгосон сумын Засаг даргын 2014 оны 123 дугаар захирамж, гэрчилгээг хүчингүй болгох тухай 2023 оны 150 тоот шийдвэрээр хугацаатай үүрэг өгөгдсөн. (сумын Засаг дарга хэрэгжүүлээгүй)

            2. Газрын зөрчлийн арилгуулах тухай Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжилсэн. Гуравдагч этгээдээр “*******” ХХК-иас С.******* оролцсон. Захиргааны хэргийн шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 111/ШШ2023/0159 шийдвэр гарч

  • Газрын тухай хуулийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалт зөрчигдсөн
  • Улсын бүртгэлд өмчлөл бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон газар эзэмших гэрчилгээ гэрээний хугацаа дуусаагүйг судалж нягтлаагүй газрыг давхцуулсан
  • Газрын тухай хуулийн 4.1.3-т газар өмчлөх эзэмших ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмын Засаг дарга алдагдуулсан буруу шийдвэр гэж дүгнэсэн
  • ЗХШХШТХ-ийн 107.6-д зааснаар хариуцагчаас 6 сарын хугацаанд газрыг хэмжин дахин шинэ акт гаргах ингэхдээ маргаж буй үл хөдлөх хөрөнгийн доорх газарт бусдын өмчлөлд бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хүчинтэй байгаа
  • Иргэний хуулийн 85.2-т заасан газрын үндсэн бүрдэл байна гэж заасныг харгалзах шаардлагатайг сануулж

            1. Эрдэнэцогт сумын Засаг даргын 2014 оны 123 дугаар захирамж, газар эзэмших (ХХК-д) дугаар гэрчилгээг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх

    2. ЗХШХШ тухай хуулийн 107.6-д зааснаар хариуцагчаас 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол уг акт хүчингүй болох тухай шийдвэр гаргасан юм.

            Эрдэнэцогт сумын Засаг дарга *******2024 оны 3 дугаар сард ЗДТГ-ын хуулийн мэргэжилтэн, газрын даамал нар намайг дуудан шүүхийн шийдвэрийн талаар сонсох ажиллагаа явуулж үйлдвэрийн байрны газраас өөр газар олгох тухай ярьж газрын хүсэлт кадастрын зураг өгөхийг шаардсан. Аймгийн ойр газрын хүсэлт кадастрын зураг гаргуулж өгсөн боловч шийдвэрлэж өгөөгүй.

            Харин 2024 оны 5 сард захиргааны шийдвэрийн болон нэхэмжлэгчийн эсрэг 1505 м2 газрыг 1998 оны 01 тоот гэрчилгээг хүчингүй болгох тухай А/44 захирамж гаргасан байв.

       Суманд олон хүнийг ажлын байртай болгон, тогтмол үйл ажиллагаа ажиллагаа явуулдаггүй, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь үзэсгэлэн худалдаанд оролцох төдий 2-3 хүний мэдлийн энэ газрыг яагаад хамгаалж, дэмжиж дахин дахин хууль зөрчсөн шийдвэр гаргадаг Засаг дарга нар вэ. Сүүгээ маш хямдхан авдаг учир манай аймгийн зах зээл машин мотоциклоор сүүгээ зөөсөөр байгаа. А/44 захирамжийг хууль бус учир хүчингүй болгуулахаар ЗХШ-ийн шийдвэрийг биелүүлэхээр аймгийн Засаг даргад мэдүүлсний учир Аймгийн Засаг дарга ийм хууль бус шийдвэрийг үе үеийн Засаг дарга нар гаргасныг шалган үзэж, 2024 оны 8 дугаар сарын 19-нд А/471 захирамжаар сумын Засаг даргын А/44 захирамжийг хүчингүй болгосон. ЗХШ-ийн шийдвэрийн дагуу “*******” ХХК-ийн гэрчилгээ 123 дугаар захирамж хүчингүй болсон тухай мэдэгдлийг ГХБХБГ-ын 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 459 тоот гаргасан байна. ЗХШШ гарснаас хойших 14 хоног давж заалдаагүй. Аймгийн Засаг даргын А/471 захирамжид энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй бол  30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйг заасан байхад энэ хугацаанд гомдлоо гаргаагүйгээр үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан байгааг анхнаасаа газар болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар Газрын болон Иргэний хуулийн олон заалтуудыг зөрчин иргэний эрхэнд халдаж илэрхий хууль бус, шударга бус үйлдэл тул “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

     Тус сумын Засаг даргын А/44 захирамж шүүхийн шийдвэрийг биелүүлж, газрын давхцалыг арилгасан шийдвэр биш. Уг шийдвэрт заасан улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөөгүй. ЗХШШ хэрэгжээгүй байгааг анхаарч үзнэ үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/471 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
  2. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, мэдүүлэг, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр маргасан. Үүнд:
    1. “” хоршооны газар эзэмших эрх газрын мэдээллийн санд бүртгэлгүй, газрын төлбөрийг төлж байгаагүй. Хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг баримтлан “” хоршооны газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 159 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дүгээр зүйлд хариуцагч газар эзэмшигч, ашиглалтын бүртгэлд байгаагүй тул газар гуравдагч этгээдэд газрыг эзэмшүүлсэн, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газрууд давхцалтай нь тогтоогдох хэдий ч ямар хэмжээгээр давхацсан болохыг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. “” хоршоонд газар эзэмшүүлсэн гэрчилгээ, гэрээнээс өөр баримтгүй тул сумын Засаг дарга газрын асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй. Баянхонгор аймгийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа бичиг баримт бүрдүүлэх боломжгүй нөхцөл байдлыг дүгнэхгүйгээр, өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлсэн.
    2. “” хоршоог 2007-2014 он хүртэл хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр 40.1.6-д зааснаар газар эзэмших гэрээ, гэрчилгээг хүчингүй болгосон.
    3. Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/471 дүгээр захирамжид Эрдэнэцогт сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/44 дүгээр захирамжийг ямар үндэслэлээр хүчингүй болгосон талаар баримт бүрдүүлж, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй.
  4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ дараахь байдлаар тайлбарлана. Үүнд:
    1.  Эрдэнэцогт сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/44 дүгээр захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийг 66.3 дахь заалтыг үндэслэл болгож, сумын Засаг даргын 1998 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19 тоот захирамж, “” хоршоонд олгогдсон газар эзэмшлийн 01 дүгээр гэрээ, 01 дүгээр гэрчилгээг хүчингүй болгосон. Гэвч тус "" хоршооны газар эзэмших эрх 2007 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хоршоог татан буулгах шийдвэр гаргахад Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасны дагуу дуусгавар болсон.
    2. Мөн Эрдэнэцогт сумын Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь заалтыг зөрчсөн илт хууль бус захиргааны акт гарсан байх тул албажсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус захиргааны актын үйлчлэлгүй.
    3. Аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/471 дүгээр захирамж нь Эрдэнэцогт сумын Засаг даргаас гаргасан илт хууль бус захиргааны актыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтын дагуу хүчингүй болгосон.
  5. Гуравдагч этгээд татгалзлын үндэслэлээ дараахь байдлаар тайлбарлана. Үүнд:
    1. 2018-2023 онууд мэргэжлийн хяналтын газар болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газруудаас шалгаж Газрын тухай хуулийн 31.3, 31.1.2, 21.4.3, 29.1, 29.2, 29.3, 57.3 заалтуудыг зөрчсөнийг тогтоон “*******” ХХК”-д хууль бусаар олгосон сумын Засаг даргын 2014 оны 123 дугаар захирамж, гэрчилгээг хүчингүй болгох тухай 2023 оны 150 тоот шийдвэрээр хугацаатай үүрэг өгөгдсөн.
    2.  Газрын зөрчлийн арилгуулах тухай Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжилсэн. Гуравдагч этгээдээр “*******” ХХК-иас С.******* оролцсон. Захиргааны хэргийн шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 111/ШШ2023/0159 дүгээр шийдвэр гарч, дүгнэлтүүд хийгдсэн.
    3. Эрдэнэцогт сумын Засаг дарга *******2024 оны 3 дугаар сард ЗДТГ-ын хуулийн мэргэжилтэн, газрын даамал нар намайг дуудан шүүхийн шийдвэрийн талаар сонсох ажиллагаа явуулж үйлдвэрийн байрны газраас өөр газар олгох тухай ярьж газрын хүсэлт кадастрын зураг өгөхийг шаардсан. Аймгийн ойр газрын хүсэлт кадастрын зураг гаргуулж өгсөн боловч шийдвэрлэж өгөөгүй.
  6. Тогтоогдсон үйл баримтууд:
    1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 111/ШШ2023/0159 дүгээр шийдвэрээр ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг “...хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн "Газар эзэмшүүлэх тухай" 123 дугаар захирамж, "*******" ХХК-д олгосон 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус зургаан сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн[1].
    2. Дээрх шийдвэрт хэргийн оролцогчдын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах 6 сарын хугацаа тоологдож[2] эхэлсэн байна.
    3. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга шүүхээс тогтоосон хугацаанд 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/44 дүгээр захирамжаар[3] өмнө гаргасан гэх 1998 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр захирамж, “” хоршоонд олгосон газар эзэмших эрх 01 дүгээр гэрээ, 01 дүгээр гэрчилгээг  тус тус хүчингүй болгосон.
    4. Иргэн ын гомдлоор дээрх захирамжийг Баянхонгор аймгийн Засаг дарга ******* хянаад, 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр А/471 дүгээр захирамжаар[4] Эрдэнэцогт сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/44 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ.
  7. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/44 дүгээр захирамжийг хүчингүй болгосон үндэслэлээ хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь заалтыг зөрчсөн илт хууль бус захиргааны акт, гарсан цагаасаа эхлэн үйлчлэлгүй тул өөрийн бүрэн эрхийн хүрээнд хүчингүй болгосон гэж тайлбарлан маргасан.
  8. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 онд ын нэхэмжлэлтэй, Эрдэнэцогт сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх үед “” хоршоо татан буугдсан хэдий ч түүний өмчлөлийн /703 кв.м талбайтай 5 өрөө бэлтгэлийн агуулах/ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл /барилга устаагүй/ хүчинтэй, тус хоршооны эзэмшиж байсан гэх газрын хэмжээ, “*******” ХХК-д эзэмшүүлсэн газартай ямар хэмжээгээр давхацсан болохыг тодорхойлох боломжгүй, “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Эрдэнэцогт сумын Засаг даргын газар эзэмшүүлэх захирамжид дурдсан болон бодитоор эзэмшиж байгаа газрын хэмжээ зөрүүтэй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон тул шинэ захиргааны акт гаргах хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн "Газар эзэмшүүлэх тухай" 123 дугаар захирамж, "*******" ХХК-д олгосон 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус зургаан сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
  9. Шинэ захиргааны акт гаргах хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн "Газар эзэмшүүлэх тухай" 123 дугаар захирамж, "*******" ХХК-д олгосон 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус зургаан сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч , гуравдагч этгээд “*******” ХХК-ийн хэн алинд маргаан бүхий газрыг эзэмшүүлэхэд бус, харин нөхцөл байдлыг тодруулан дахин шинэ акт гаргахад чиглэсэн.
  10. Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэн шинэ захиргааны акт гаргахдаа Эрдэнэцогт сумын Засаг дарга татан буугдсан “” хоршооны өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч хэн болох, эрх залгамжлагч байгаа эсэх, “” хоршооны үл хөдлөх эд хөрөнгийн 0015430 дугаар гэрчилгээ, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна.” гэсэн заалтыг хэрхэн үзэх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзах, тодруулах шаардлагатай байжээ.
  11. Түүнчлэн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 39.1.2-т “газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан;” гэж тус тус заасан.

           “” хоршоог 2008 оны 3 дугаар сарын 04-ний өдөр татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсан төлөвтэй талаар Баянхонгор аймгийн Татварын газрын 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 215 дугаар[5] албан бичиг хэрэгт авагдснаас дүгнэвэл, “” хоршооны газар эзэмших эрх дуусгавар болсон.

            Дуусгавар болсон газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” үндэслэлээр хүчингүй болгосныг хууль бус гэж үзэж, доод шатны Засаг даргын шийдвэрийг хариуцагч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж тус тус заасны дагуу хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

          Тодруулбал, дуусгавар болсон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн ойлголтгүй атал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/44 дүгээр захирамжийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;”-д хамаарч байна. 

  1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагч …сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу хийгээгүй” гэж маргасан.

      Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална.”, 29.2-т “Захиргааны шийдвэр бүрд хяналтын дагалдах хуудас хавсаргах бөгөөд дагалдах хуудсанд захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон албан хаагч бүрийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, оролцоо, гүйцэтгэлийн тухай дэлгэрэнгүй тэмдэглэсэн байна. Дагалдах хуудсанд албан хаагчийн захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон оролцоо, гүйцэтгэлийг тэмдэглэсэн байна.” гэж заасныг хэрэгжүүлээгүй нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 5/1152 дугаар албан бичиг[6], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар зэргээр нотлогдоно.

           Харин Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга нэгэнт дуусгавар болсон газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуульд зааснаар хүчин төгөлдөр газар эзэмших гэрчилгээтэй адилтган хүчингүй болгож байгаа нь илт хууль бус захиргааны акт гэж үзэж, хүчингүй болгосон нь хуульд нийцсэн, дээд шатны захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр байх тул хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүй үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

    1.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн “Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/471 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.     

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ч.ОЮУНСАЙХАН

 

 

 


[1] Хавтаст хэргийн 8-18 дугаар талууд

[2] Хавтаст хэргийн 185 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 120 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 7 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 170 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 184 дүгээр тал