Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 224/МА2021/00018

 

 

 

 

 

 

 

 

 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 340 дүгээр шийдвэртэй,

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б, Ч.Одгэрэл нарт холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, зээлийн хүү 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703.015 төгрөг, нотариатын хөлс 7.000 төгрөг, нийт 19.064.103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ч.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Б.Б, Ч.О нар 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкнаас 11.975.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч Б.Б, Ч.О нар зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй. Зээлийн гэрээний 6-т заасан үүргээ байнга зөрчиж 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 1235 хоног хугацаа хэтэрсэн байна.

Иймээс Б.Б, Ч.О нартай байгуулсан цалингийн зээлийн гэрээний 6.3 дутаар зүйлийн заалтыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, зээл хүүгийн төлбөр 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 703.015 төгрөг, нийт зээл, хүүний төлбөр 19.057,103 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд хариуцагч Б.Б, Ч.О нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр 19.057.103 төгрөг, нотариатын зардал 7000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Б анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкнаас 11.975.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан нь үнэн болно.

Би 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасан үндэслэлээр 15 жилийн хорих ялаар шийтгэгдэж, одоогоор 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хаалттай дэглэмийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа тул зээлийн төлбөр төлөх боломжгүй байна.

Иймд миний аргагүй байдлыг харгалзан үзэж суллагдаж гарсны дараа төлөх боломж олгож өгнө үү. Ч.О тайлбартаа банкнаас зээл авч байгааг мэдээгүй гэсэн байна. Ч.О бид 2 хамт банкин дээр очиж зээл аваад, уг зээлийг өрхийн хэрэгцээнд зарцуулсан” гэжээ.

 Хариуцагч Ч.О анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.Б-тай гэр бүл болж амьдарч байгаад 2018 онд албан ёсоор шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Б.Б бид хоёр бичиг үсэг мэддэггүй бөгөөд би банкнаас зээл авч байгааг мэдээгүй.

Б.Б надад зээл авч байгаа талаараа хэлээгүй ба намайг нэг удаа банкин дээр авч очиж гарын үсэг зуруулсан. Би юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй. Тухайн үед би гэр бүлийн дарамтанд байсан учир айгаад гарын үсэг зурсан. Банкны хүн ч гэсэн надад хэлээгүй бөгөөд одоо би ганц бие өрх толгойлсон эх. Би 4-7 насны 2 хүүхэдтэй, Б.Б-аас хүүхдийн тэтгэмж авдаггүй гэр орон үр хүүхдээ авч явах чадваргүй. Иймд уг зээлийг хүлээн зөвшөөрөхгүй, төлж чадахгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.

Хариуцагч Ч.О-ийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн банк ХХК-ийн үндсэн зээлдэгч Д.Болдсайхан ажлаасаа гарч, шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа учир цалингийн зээлээ төлөх боломжгүй байгаа. Харин хариуцагч Ч.О тус зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон. Ер нь банк гэдэг байгууллага ард түмнийхээ эрх ашгийг огт боддоггүй, дан ганц ашгийн төлөө ажилладаг байгууллага юм байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсанаар Д.Болдсайхан, Ч.О нарын зээлийн хүүгийн төлбөр 7.517.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 703.015 төгрөг гэж байгаа боловч энэ дүнг яг ямар аргачлалаар бодож гаргасан нь тодорхойгүй. Асуулт, хариултын шатанд би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг ямар аргачлалаар бодсон талаар асуухад систем бодож гаргадаг гэсэн хариулт хэлж байна.

Тэр систем гэдэг бол үнэн зөв зүйл биш. Хариуцагч Д.Болдсайхан, Ч.О нар 2018 оны 5 дугаар сард гэрлэлтээ цуцлуулсан. Өөрөөр хэлбэл Д.Болдсайхан нь ажлаас гарснаас хойш 1 жилийн хугацаанд Увс аймагт байсан. Гэтэл Төрийн банк ХХК нь Д.Болдсайханыг Увс аймагт байх хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан бол 7.000.000 гаруй төгрөгийг хүү гарахгүй байсан.

Зээлийн гэрээнээс харахад ард түмнийг үнэхээр хүнд байдалд оруулсан, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг огт бодоогүй гэрээ байна. Монгол банкны захирлын А/203 тоот тушаалын 2.3-т зээлийн бүтээгдэхүүний хувьд зээлийн бодит өртгийг хүү бодох аргачлалын 3 дугаар хэсэгт заасны тооцно, 2.4-т Зээл судлах болон зээл олгосноос хойш 1 жилийн хугацаанд зээлдэгчийн төлөх дараах шимтгэл хураамжийг зээлийн бодит өртөг тооцоход оруулна гэж тус тус заасан байна.

Зээлийн хүүгээс гадна зээлийн бодит өртөг гэж зүйл бас байдаг. Төрийн банк ХХК-ийн сайт руу ороод харахад цалингийн зээлийн хүү 14.4-14.8 хувьтай, зээлийн бодит өртөг 17.6-20.5 хувьтай байна. Түүнчлэн Монгол банкны захирлын А/203 дугаар тушаалын 2.6-д Зээлийн бодит өртгийг 100.000.000 төгрөг ба түүнээс доош дүнтэй тогтмол хүүтэй зээл хүсэгч, зээлдэгч иргэн хуулийн этгээдэд заавал танилцуулна гэж заасан. Гэтэл энэ зээлийн хувьд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Болдсайхан, Ч.О нарт зээлийн бодит өртгийг танилцуулаагүй гэдгээ хэлж байна. Банк зээлийн хүүд тухайн үеийн мөнгөний ханшийн зөрүү, банкны ажилчдын цалин, урсгал зардал, банкны ашиг, эрсдэлийн даатгал гэдэг зүйлийг оруулж тооцдог. Тодруулбал зээлдэгч нар анх банкнаас зээл авахдаа эрсдэлийн даатгал гэдэг зүйлд тодорхой хэмжээний мөнгөө төлж байдаг. Төрийн банкны сайтаас харахад цалингийн зээлийн эрсдэлийн даатгалд ажлаас халагдахыг оруулсан байна. Иймд Б.Б, Ч.О нарын зээлийг эрсдэлийн даатгалаас хариуцах үндэслэлтэй. Яг бодит байдал дээр Төрийн банк ХХК-ийн хариуцагч нараас нэхэмжлээд байгаа зээлийг хорих ангид ял эдэлж байгаа Д.Болдсайхан төлөх юм уу, эсхүл 2 хүүхдээ асарч байгаа өрх толгойлсон ээж Ч.О төлөх юм уу, яг үнэндээ хоёулаа төлөх боломжгүй байгаа. Төрийн банк ХХК нь эдгээр нөхцөл байдлыг огт харгалзан үзэхгүйгээр ямар нэгэн байдлаар зээлийг төлүүлэхийг л эрмэлзэж байна. Ч.О-ийн хувьд тогтсон цалин орлогогүй, хүүхдийн мөнгөөр амьдралаа залгуулж байгаа өрх толгойлсон эмэгтэй.

Ийм байхад тэр хүний амьдралаа залгуулж байгаа хүүхдийн мөнгөөр нь зээлээ төлүүлэх юм уу, тэгвэл өрх толгойлсон ээж, хүүхдүүдтэйгээ яаж амьдрах юм бэ. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулахыг зорьж байгаа Монгол Улсын Төрийн банк нь хүүгээ зогсоох, эрсдэлийн сангаасаа зээлийг төлөх зэрэг арга хэмжээ авахын оронд тус зээлийг төлөх ямар ч боломжгүй хоёр хүнээс зээлээ төлөхийг шаардаж байгаад харамсаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 340 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар хариуцагч Б.Б, Ч.О нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, хүү 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703.015 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 19.064.103 төгрөг гаргуулж Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Миний бие  Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шуүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 340 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх шийдвэр гаргахдаа дараах зүйлийг орхигдуулсан гэж үзэж байна. Үүнд:

1.Хариуцагч Б.Б, Ч.О нараас нэхэмжпэлийн шаардлагад дурьдсан 19.064.103 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ хэн хэн нь хэдэн төгрөг гаргахаар тодорхой дурьдаагүй нь шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй байна. Учир нь Б.Б ял эдэлж байгаа учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Ч.Оээс шийдвэр гүйцэтгэхийг шаардах болно. Харин Ч.О нь өрх толойлсон эх бөгөөд ажил эрхэлдэггүй ямар нэг орлогогүй, хүүхдийн мөнгөөр амьдардаг энэ хүнээс 19.064.103 төгрөг гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

2.Шүүх хэргийг үүсгэхдээ хөөн хэлэлцэх хугацааг анхаарч үзээгүй, өөрөөр хэлбэл гэрээний үүргийн биелэлттэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. 2017 оны 6 сарын 17-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцвол 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дуусч байгаа. Нэхэмжлэгч тал тайлбартаа : зээлийн хугацаа 1235 хоног хэтэрсэн талаар дурдсан байгаа,  гэтэл хөөн хэлэлцэх өнгөрөөд 5 сарын дараа Төрийн банк нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                         ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь  хариуцагч Б.Б, Ч.О  нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, зээлийн хүү 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703.015 төгрөг, нотариатын төлбөр 7.000 төгрөг, нийт 19.064.103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж, харин хариуцагч Ч.О хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч  Ч.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д эс зөвшөөрч гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлж чадаагүй, хэрэгт  авагдсан нотлох баримтуудаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад  маргааныг шийдвэрлэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

          Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь  хариуцагч Б.Б, Ч.О   нарт холбогдуулан  2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн  “Зээлийн  гэрээ”-ний  үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээлийн үлдэгдэл 10.836.784 төгрөг, зээлийн хүү 7.517.304 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 703.015 төгрөг, нийт 19.057.103 төгрөг  гаргуулахаар  нэхэмжлэлийн  шаардлага гаргасан байх  боловч уг үүрэг нь зээлдэгч нарын 2017 онд авсан цалингийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг  мөн эсэх нь  бүрэн тогтоогдоогүй.

          Тухайлбал, хэрэгт зээлдэгч Б.Б, хамтран зээлдэгч Ч.О нар Төрийн банк ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16200095971 дугаар зээлийн гэрээгээр 11.400.000 төгрөгийг сарын 20.40 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр 427.200.34 төгрөг эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдэгч Б.Б-ны цалинг барьцаалж авсан барьцаат зээлийн гэрээ/ хэргийн 064-066 тал/,

         зээлдэгч Б.Б, хамтран зээлдэгч Ч.О нар Төрийн банк ХХК-тай 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 162200095971 дугаар зээлийн гэрээгээр зээлийн үлдэгдэл 10.975.000 төгрөг дээр нэмж 1.000.000 төгрөгийг сарын 20.40 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 141.101.44 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн сар бүр 441.963.06 төгрөг эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдэгч Б.Б-ны цалинг барьцаалсан  барьцаат зээлийн гэрээ / хх-ийн 10-12тал/ тус тус авагдсан байна.

        2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 11.400.000 төгрөгийг  Б.Б-ны харилцах данс руу шилжүүлсэн боловч банк тухайн өдрөө   Б.Б-ны урьд авсан зээлийн төлбөрт 7.228.888 төгрөгийг суутган авсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулга баримт /хх-ийн  39-40-р тал/,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р-гийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан : “Анх 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б.Б, Ч.О нар манай банкнаас зээл авсан бөгөөд тухайн үед бусад банкинд байсан зээлээ манай банк руу шилжүүлж, зөрүү 4.000.000 гаруй төгрөгийг өөрсдөө авч ашигласан. Хоёр дахь зээлийн хувьд өмнөх зээлийн үлдэгдэл зээл дээрээ 1.000.000 төгрөг нэмж авсан ” гэх тайлбараар нотлогдож байна.   Эдгээр нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг гэх 19.057.103 төгрөг нь  зөвхөн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн  “Зээлийн  гэрээ”-ний  гүйцэтгээгүй үүрэг гэж үзэх боломжгүй байна.   

2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төлөгдсөн гэх зээлийн төлбөр  7.228.888 төгрөгийг анх  хэн, хэзээ, хэрхэн зээлээр авсан, тухайн зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр хичнээн төгрөг байсан, мөн тухайн зээлийг хариуцагч нар хамтран хариуцах үндэслэлтэй эсэх талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн түүнчлэн зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт  хэзээ, хэдэн төгрөг төлсөн талаархи баримт хэрэгт авагдаагүй буюу хэргийн үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т  заасантай нийцээгүй. Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудыг хэрхэн үнэлж байгаа талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаагүй  нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Ийнхүү маргаанд ач холбогдол бүхий хэргийн үйл баримт, нөхцөл байдлууд тодорхойгүй байхад анхан шатны шүүх “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт хангалттай бүрдсэн” гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д нийцээгүй гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дгийн давж заалдах журмаар гаргасан :Шүүх хариуцагч Б.Б, Ч.О нараас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 19.064.103 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ хэн нь хэдэн төгрөг хариуцахыг тодорхой дурьдаагүй нь шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй гэж үзэж байна” гэх гомдол үндэслэлтэй  байна.

Хариуцагч нарыг банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг хамтран хариуцах үндэслэлтэй гэх шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслээгүйгээс гадна хариуцагч Б.Б, Ч.О нар зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш буюу Увс аймаг дахь Сум дундын иргэний анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан, мөн гэрээний үүргийн талаар хариуцагч нар маргаантай байх тул үүргийн гүйцэтгэлийг хамтран хариуцах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийн хэмжээг хууль болон гэрээнд зааснаар тодорхойлж, шүүхийн шийдвэрт тусгаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, биелэгдэх боломжтой байх шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.    

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэх болон  хэргийн талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1. 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 340 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдсугай.  

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.ЖАМБАЛСҮРЭН                       

 

                 ШҮҮГЧИД                                             Л.АЛТАН

  

                                                                            Н.МӨНХЖАРГАЛ