| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2018/0028/э |
| Дугаар | 00030 |
| Огноо | 2018-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 00030
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн даргаД.Одончимэг,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Хохирогч Х.М ,
Шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д холбогдох эрүүгийн 1715002100083 дугаартай, 163/2018/0028/э индэкстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багт оршин суух, Б овогт С.Д
Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Д нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багт байрлах Соёлын төвд хохирогч Х.М ийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д ийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажил дээр байхад М гаднаас нөхөртэйгөө орж ирсэн. Тулга ах микрофон ав гэсэн гэхээр намайг байхгүй гэхэд М манайхан хийх ёстой ажлаа л хийх ёстой. Илүү дутуу юм яриад гэсэн. Тэгээд бид 2 маргалдсан. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа ирэхэд цуг ажилладаг хүн чи юунд гадуур хов, жив яриад яваад байгаа юм гэхээр нь би одоо тэгээд яах ёстой вэ гэхэд өргөдлөө өгөөд ажлаасаа гар гэсэн. Өмнө наадмаар бас хувцас индүүдэж өгсөнгүй гэж олон хүмүүсийн хажууд арчаагүй царайлчаад, баарны бүжигчин гэж намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Ер нь байнга надад ажлын байрны дарамт үзүүлдэг. М ийн нөхөр байнга агсам тавьж зоддог хүн байдаг. Тэр өдөр ажлын байран дээрээ байгаагүй гаднаас орж ирсэн. Тухайн үед би халамцуу байсан. 4 ширхэг пиво уусан. Би даргатай яриад зогсож байтал М ташаагаа тулсан инээчихсэн зогсож байсан. Тухайн үед би сэтгэл зүйн хямралд ороод энэ хүнээс болж ажлаасаа халагдаж гэж бодоод “наашаа хүрээд ирдээ” гэж хэл амаар доромжилсон. Тэгээд хүрээд ирэхэд нь цохих гэтэл хүмүүс салгасан. Салахдаа гэдэс рүү нь өшиглөсөн байх. Би энэ хүнийг цохьсон нь миний буруу. Гэхдээ түүний биед учирсан гэмтлийг би учруулаагүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.М ийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажил дээр манай нөхөр согтуу орж ирэхээр нь би гараад явчихсан. Тэгж хэрүүл, маргаан болоогүй. 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээс болж маргалдсан чинь Д над руу салаавч өгөөд янхан минь чиний цалин авах надаас шалтгаална шүү гэхээр би болъё гээд гарсан. Хүнээс хол зайтай очоод “та яагаад намайг янхан” гэж хэлээд байгаа юм гэхэд чамайг байтугаа 2 хүүхдээ янхан гэж хэлдэг гэхээр нь “Та үнэхээр аймар хүн юм” гэж хэлээд явсан. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн үед эмч нарт бүжиг зааж өгч байхад өрөөгөө шагайчихаад явсан. Би Д эгч нэлээн юм уучихсан байна гэж бодож байсан. Тэгээд удалгүй тайзан дээр гартал “Муу янхан гичий минь хүрээд ир” гэсэн. Очих гэтэл Нэргүй эгч “яах гэсэн юм наадах чинь танхай шүү” гэхэд гайгүй байлгүй гээд очиход нүүр лүү цохиод элэг рүү өшиглөсөн. Тэгээд хүмүүс салгаад байж байтал араас дахиж ирээд толгойтой үснээс зулгаагаад өшиглөж тархи руу цохьсон. Энэ яагаад ингээд үгүйсгээд байгааг мэдэхгүй. Би энэ хүнд уучлалт гуйх хугацаа өнгөрөөсөн гэж бодож байгаа. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зодуулчихаад 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүх эмнэлгээр явсан. Тэгэхэд энэ хүн над дээр ирээд уучлалт гуйгаагүй. Бид 2 наадмаар хэрэлдсэн нь үнэн тэгээд би улаан нүүр лүү нь харж байгаад уучлалт гуйсан. Би энэ хүнээс болж ажлаасаа гарсан. Ажилдаа очих ямар ч нүүргүй болсон. Сэтгэл санаа маш тогтворгүй. Салгалдаг өвчтэй болсон. Жоохон л хөдөлгөөн хийхээр цавьны булчирхай овоож гарч ирдэг болсон. Удаан суухаар ууцны зүүн тал нэлээн янгинаж өвддөг болсон гэх мэдүүлэг,
171500000087 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Х.М ийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 05-ны өглөө Соёлын төвд үйлчлэгч Дэрмээтэй хэрүүл хийсэн. Шалтгаан нь нэг нэгнийхээ урдуур орж ажил хийхгүй байвал зүгээр гэж би Дэрмээд хэлсэн. Тэгэхэд өөдөөс салаавч гаргаж чиний бүтэн цалин авах эсэх чинь надаас шалтгаална гэж хэлсэн. Тэгээд л маргалдаад өнгөрсөн. Маргааш өглөө нь ажлын үүдэнд Дэрмээтэй зөрөхөд хүйтэн цустай хүүхнээс хүүхэд гардаг юмуу гэхээр нь гаргаад хөтлөөд явж байгаа юм бишүү гэж хэлээд зөрсөн. Орой 21 цагийн үед Дэрмээ согтуу орж ирээд намайг дуудаад байхаар нь очих гэхэд Нэргүй эгч, Одноо эмч нар очоод яах юм гэсэн. Тэгэхээр нь би хөгжмийн өрөөнөөс гараад тайзан дээр гарахад Дэрмээ миний элэгрүү тийрсэн. Тэгээд цавьруу өшиглөөд үснээс чирч газар унагаасан. Тэгээд хүмүүс салгасан. Миний зүүн хөл гуяа дагаж янгинаж өвдөж байна. Мөн нуруу бөөр өвдөж байна. Би гомдолтой байна гэх мэдүүлэг /хх 10-11 тал/,
Гэрч Ч.Гөгсөн: 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн үед Дэрмээ халамцуу орж ирсэн. Тэгтэл тайзан дээр хүмүүс хашгираад Хуягаа ах салгаарай гэхэд Дэрмээ нь бүжгийн багш М тэй зууралдаад зогсож байсан. Тэгэхээр нь би салгасан. Хэсэг хугацааны дараа Дэрмээ нь Хонгорзултай заамдалцаад зогсож байхаар нь ахиад салгасан гэх мэдүүлэг /хх 14 тал/,
Гэрч Б.Б өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр сумын соёлын төвд манай эмч ажилчид урлагийн үзлэгт бэлдэж байсан. Орой Дэрмээ эгч халамцуу орж ирээд тайзан дээр бүжгийн багш Мөөгий эгчтэй зууралдаж зодолдсон. Тэгтэл Туул эмч, Ариунаа эмч нар салгасан гэх мэдүүлэг /хх 15 тал/,
Гэрч П.Х өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ байж байхад манай үйлчлэгч Дэрмээ ганцаараа согтуу орж ирсэн. Тэгээд надаас ажлаас халагдсан тушаалаа авье гэхээр нь өнөөдөр гаргаагүй байна маргааш эрүүл үедээ ирж ав гэсэн. Тэгтэл бүжгийн багш М гаднаас орж ирсэн. Тэгтэл Дэрмээ М ийн гуяруу нь өшиглөсөн. Тэгээд бид нар салгасан гэх мэдүүлэг /хх 16 тал/,
Гэрч Ө.А өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 20 цагийн үед сумын соёлын төв дээр эмнэлэгийн ажилчдын хамт урлагийн үзлэгт бэлдээд байж байсан. Тэгтэл үйлчлэгч Нэргүй ирээд Дэрмээ нь М ийг зодчихлоо үзээд өгөөч гэхээр нь тайзны зүүн талд М ийг үзэхэд умдагны ойролцоо нь хөхрөөд цус хураад хавдсан байсан. Тэгэхээр нь би гэртээ харьж жин тавиад хэвт гээд явуулсан гэх мэдүүлэг /хх 17 тал/,
Б.Н гэрчээр өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад ажилчдын хамт урлагийн үзлэгт бэлдэх гээд цугласан. Тэгээд байж байтал Дэрмээ нь согтуу орж ирээд М хаана байна гаргаад ир гээд орилоод байсан. Удалгүй М гаднаас орж ирсэн. Тэгээд Дэрмээгийн хажууд очиход Дэрмээ М ийг үсдэж газар унагасан. Босоод ирэхээр нь М ийн салтааруу нэг удаа өшиглөсөн. Тэгтэл М сандалруу явж суусан гэх мэдүүлэг /хх 18 тал/,
Гэрч Б.Б өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр сумын соёлын төвд манай эмнэлэгийн ажилчид урлагын үзлэгт бэлдэх гээд ирцгээсэн байсан. Тэгтэл манай ажилчид М ийг Дэрмээ зодчихлоо гэхээр нь тайзан дээр гарахад Дэрмээ согтуу байсан бөгөөд Хонгорзулруу дайрч давшлаад байсан гэх мэдүүлэг /хх 19 тал/,
Гэрч М.Э өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр сумын соёлын төвд урлагийн үзлэгт бэлдэж байсан. Орой Дэрмээ халамцуу орж ирээд М хаана байна би уулзмаар байна гээд байсан. Удалгүй М орж ирэхэд Дэрмээ нь хэл амаар доромжлоод байсан. Хүмүүс боль боль гээд татахад Дэрмээ нь М ийг өшиглөж байсан гэх мэдүүлэг /хх 22 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 04 дугаартай
1. Х.М ийн биед бэлгийн их уруул, зүүн гуянд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх 39 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 130 дугаартай
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1, 2 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 5 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 6 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53 тал/, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх 56 тал/, эмчийн тодорхойлолт /хх 57, 58 тал/, гэрэл зураг /хх 59, 60 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Д нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багт байрлах Соёлын төвд хохирогч Х.М ийн биед хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүгдэгч С. Д ийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Х.М , гэрч Ч.Ганхуяг, Б.Балжинням, П.Хонгорзул, Ө.Алтанзул, Б.Нэргүй, Б.Бадрах, М.Эрдэнэчимэг нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 04 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 130 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д нь хохирогч Х.М ийг цохьсон буруутай үйлдэл байгаа боловч түүний гуяа руу нь өшиглөж хөнгөн гэмтэл учруулаагүй гэж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч хохирогч Х.М ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн мэдүүлэг нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр сумын соёлын төвд эмч ажилчид урлагийн үзлэгт бэлдэж байсан, тухайн цаг хугацаанд болсон үйл баримтыг харсан гэх гэрч Ч.Ганхуяг, Б.Балжинням, П.Хонгорзул, Б.Нэргүй, Б.Бадрах, М.Эрдэнэчимэг нарын мэдүүлэг, тухайн өдөр хохирогчийн биед үзлэг хийсэн гэх гэрч Ө.Алтанзулын өгсөн...Үйлчлэгч Нэргүй ирээд Дэрмээ нь М ийг зодчихлоо үзээд өгөөч гэхээр нь тайзны зүүн талд М ийг үзэхэд умдагны ойролцоо нь хөхрөөд цус хураад хавдсан байсан. Тэгэхээр нь би гэртээ харьж жин тавиад хэвт гээд явуулсан гэх мэдүүлэг, ... 2017.12.14-ний өдрийн шинжээч эмч Б.Мөнх-Оюуны №4 тоот дүгнэлт нь үндэслэлтэй байна. Х.М ийн биед бэлгийн их уруул, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хохирогч Х.М т үүссэн гэмтэл нь 2017.12.06-ны өдөр учирсан байх боломжтой. Цус хурах хавдах шинж тэмдэг нь зодуулсан даруйд, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 04 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 130 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Харин түүний хохирогчийн биед бэлгийн их уруул, зүүн гуянд өшиглөж гэмтэл учруулсан болох нь хохирогч Х.М ийн мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн... Орой 21 цагийн үед Дэрмээ согтуу орж ирээд намайг дуудаад байхаар нь очих гэхэд Нэргүй эгч, Одноо эмч нар очоод яах юм гэсэн. Тэгэхээр нь би хөгжмийн өрөөнөөс гараад тайзан дээр гарахад Дэрмээ миний элэгрүү тийрсэн. Тэгээд цавьруу өшиглөөд үснээс чирч газар унагаасан. Тэгээд хүмүүс салгасан. Миний зүүн хөл гуяа дагаж янгинаж өвдөж байна. Мөн нуруу бөөр өвдөж байна. Би гомдолтой байна гэх мэдүүлэг /хх 10-11 тал/, Гэрч Б.Балжиннямын өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр сумын соёлын төвд манай эмч ажилчид урлагийн үзлэгт бэлдэж байсан. Орой Дэрмээ эгч халамцуу орж ирээд тайзан дээр бүжгийн багш Мөөгий эгчтэй зууралдаж зодолдсон. Тэгтэл Туул эмч, Ариунаа эмч нар салгасан гэх мэдүүлэг /хх 15 тал/, Гэрч П.Хонгорзулын өгсөн:... Бүжгийн багш М гаднаас орж ирсэн. Тэгтэл Дэрмээ М ийн гуяруу нь өшиглөсөн. Тэгээд бид нар салгасан гэх мэдүүлэг /хх 16 тал/, Гэрч Ө.Алтанзулын өгсөн: ...Үйлчлэгч Нэргүй ирээд Дэрмээ нь М ийг зодчихлоо үзээд өгөөч гэхээр нь тайзны зүүн талд М ийг үзэхэд” умдагны” ойролцоо нь хөхрөөд цус хураад хавдсан байсан. Тэгэхээр нь би гэртээ харьж жин тавиад хэвт гээд явуулсан гэх мэдүүлэг /хх 17 тал/, Гэрч Б.Нэргүйгийн өгсөн:..Дэрмээ нь согтуу орж ирээд М хаана байна гаргаад ир гээд орилоод байсан. Удалгүй М гаднаас орж ирсэн. Тэгээд Дэрмээгийн хажууд очиход Дэрмээ М ийг үсдэж газар унагасан. Босоод ирэхээр нь М ийн салтааруу нэг удаа өшиглөсөн. Тэгтэл М сандалруу явж суусан гэх мэдүүлэг /хх 18 тал/, Гэрч М.Эрдэнэчимэгийн өгсөн:.. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр сумын соёлын төвд урлагийн үзлэгт бэлдэж байсан. Орой Дэрмээ халамцуу орж ирээд М хаана байна би уулзмаар байна гээд байсан. Удалгүй М орж ирэхэд Дэрмээ нь хэл амаар доромжлоод байсан. Хүмүүс боль боль гээд татахад Дэрмээ нь М ийг өшиглөж байсан гэх мэдүүлэг /хх 22 тал/ зэргээр нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Д ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Д ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.М ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирол нэхэмжилсэн баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул энэ хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогч нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С. Д ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Д ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Д нь торгуулийн ялыг сар бүр 50000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 9 /есөн/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч Х.М нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ