Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/22

 

 

Ш.*******, Михайлов Алексей *******

нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор: Т.Солонго /цахим/,

Яллагдагч Ш.*******ын өмгөөлөгч: Э.Наранцацрал,

Яллагдагч Михайлов Алексей *******ийн өмгөөлөгч: Ц.Баярмаа

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЗ/34 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Солонгын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ш.*******, Михайлов Алексей ******* нарт холбогдох 2329000000203 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Яллагдагч Оросын Холбооны улсын иргэн Михайлов Алексей ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 14-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-ийн туслах гүйцэтгэх ******* ХХК-ийн ажлын байранд Ш.*******тай үл ялих зүйлээр маргалдаж нүүр лүү 3-4 удаа цохиж, ор мөргүүлж, өшиглөсний улмаас Ш.*******ын биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамрын таславч мурийлт, хамар, 2 нүдний, дээд, доод зовхи, зүүн өвдөг, зүүн гуянд цус хуралт, зүүн гуя, дух, хамар, зүүн хацарт зулгаралт, хамар, 2 нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч ******* овогт *******гийн ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 14-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-ийн туслах гүйцэтгэх ******* ХХК-ийн ажлын байранд Михайлов Алексей *******тэй үл ялих зүйлээр маргалдаж эрүүл мэндэд халдсаны улмаас Михайлов Алексей *******ийн биед зүүн завжны салстад цусан хураа, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай гэмт хэрэг тус тус холбогджээ.

 

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь яллагдагч Ш.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Михайлов Алексей ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******, Михайлов Апексей ******* нарт холбогдох 2329000000203 дугаартай 1 /нэг/ хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,

Хэрэг прокурорт очтол яллагдагч Ш.*******, Михайлов Алексей ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тайлбартаа: Шүүгчийн захирамжийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан гэж дүгнэж, дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна.

Үунд: Нэг. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/34 дугаартай шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үгүйсгэх талаар:

1.1. Хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байх тул яллагдагчийн Өмгөөлөгч Ц.Баярмаагийн хүсэлтийг хүлээн авч, мөрдөн шалгах туршилт хийх, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулах шаардлагатай байна гэсэн дүгнэлтийн талаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал; үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах туршилт хийж болно” гэж заасан.

Хавтас хэрэгт цугларсан хохирогч Ш.*******, Михайлов Алексей *******ийн нарын мэдүүлэг, гэрч Ц.*******, Н.*******, Т.*******, Ц.*******, А., Борисович Климов нарын мэдүүлэг, Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11849 дугаартай шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 443 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон тул тодорхой нөхцөл байдлыг сэргээн дүрслэх шаардлагагүй байна.

Мөн мөрдөгч, прокурор нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад заасан нотлох баримтын тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянах, хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж нотолсон болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

1.2 Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны Өдрийн 11849 дугаартай шинжээчийн дүгнэлт мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 443 дугаартай шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1-д "Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон. эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ." гэж зааснаар бүрэн бус, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байх тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д "Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ." гэж зааснаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай байна гэсэн дүгнэлтийн талаар,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд хуулийн нэр томьёог хуульчлаад өгсөн байгаа. 1.4 дүгээр зүйлийн 1.21-т "тусгай мэдлэг" гэдгийг ямар зүйлийг хэлэх вэ мөн 1.29 дэх хэсэгт "шинжээч" гэдэг агуулгыг тус тусад нь тайлбарласан.

Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11849 дутаартай шинжээчиин дүгнэлт, Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 443 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд үндэслэлгүй, эргэлзээтэй бүхий байдал үүсээгүй байна.

Хэрэв шүүх дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дахин шинжээчийг шүүхийн шатанд томилж болох бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа болно.

Хоёр. Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх нь зүйтэй гэж үзлээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь захирамжид заагдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэж дүгнэсэн атлаа ямар үйл баримтыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй талаар шүүх тодорхойлж дурдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалт, хэрхэн зөрчигдсөнийг, мөн уг ажиллагааг ямар баримтаар үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхой дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүй байх хуулийн шаардлагад нийцэхгүй буюу хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг хуулийн зорилтыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад дээрх заалтыг зөрчин хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЗ/34 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив.

          Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүх шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллалаа гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэл бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар зүйлд заасан шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэрээс харахад өмгөөлөгчийн хүсэлтэд дурдагдаад байгаа шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүн шинжээч томилж дахин гаргуулах, бэхжүүлэх ажиллагааг шүүхийн шатанд гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, тодорхойгүй байна гэж үзэж байна. Мөн Монгол Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, нотлох баримтын хүрээнд үндэслэлгүй байдлыг тогтоох, шүүх хуралдааны шуурхай явуулах бэлтгэл ажлыг хангах зорилготой болж өөрчлөгдсөн. Шүүх үүнийг анхаарч хэргийг үндсэн шүүх хуралдаанд шилжүүлэх ёстой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нотлох баримтын хүрэлцэхүй байдал хангалттай тогтоогдоогүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тодорхой ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт даалгах ёстой. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЗ/34 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар буцааж туршилт хийлгэх, мэдүүлгийг газар дээр нь шалгуулах ажиллагаа явагдаж хэргийн бодит үнэнийг тогтоовол миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дээрдэх үү, доордох уу гэдэгтэй шалтгаант холбоо үүснэ. Прокурор эсэргүүцэл дээрээ хэргийн бодит нөхцөл байдал гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон гээд байгаа. Гэрчүүд юунаас болж муудаж маргалдсан гэдэг зүйлийг л мэдэж байгаа. Энэ дээр маргахгүй байгаа. Прокурор хэдэн гэрчийн мэдүүлгээр хэргийн гэм буруугийн асуудлыг шийдчих хангалттай хэмжээнд нотлогдсон гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна. Иймээс прокурорын эсэргүүцэлд дурдаад байгаа нөхцөл байдал хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрвээ шүүхээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгоод шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоолгох олон асуудал байгаа. Хэргийн хүрээнд *******ын барьсан байсан багаж түлхүүр зэргийг эд мөрийн баримтаар тооцож аваагүй. Хэргийн хүрээнд миний бие 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаагчид прокурорын эсэргүүцэлд дурдаад байгаа нөхцөл байдлыг шалгуулъя гэж гомдол гаргасан байгаа. Прокурор энэ байдлыг үндэслэлгүйгээр хангаагүй. Шүүхээс хангачихсан байхад прокурор эсэргүүцээд байгаа нь хэт намайг ялласан. Хүний гэм бурууг урьдчилсан байдлаар дүгнэж яллах гээд байгаа нь хуульд нийцэхгүй ажиллагаа явагдаж байна гэж үзэж байна. Иймээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт А.*******ийн биед учирсан гэх 443 тоот шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэсэн үндэслэлээр хүсэлт гаргасан. Үүний дагуу анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авч 2024/ШЗ/34 дугаар шүүгчийн захирамж захирамжаар прокурорт хэргийг буцаасан. Анхан шатны шүүхийн захирамж дээр шинжээчийн дүгнэлтээс гадна хэд хэдэн ажиллагаа явуулах эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байна гэж үзэж прокурорт буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Тиймээс анхан шатны шүүхээс гаргасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн 443 тоот шинжээчийн дүгнэлтээр гаргасан эргэлзээтэй бүхий үндэслэлээ анхан шатны шүүх хуралдаан дээр хангалттай ярьж тайлбарласан. Тиймээс прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзнэ байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Т.Солонгын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

         Анхан шатны шүүх “...хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байх тул яллагдагчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн хүсэлтийг хүлээн авч, мөрдөн шалгах туршилт хийх, мэдүүлгийг газар дээр нь шалгах, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11849 дугаартай шинжээчийн дүгнэлт мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 443 дугаартай шинжээчийн дүгнэлт нь бүрэн бус, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байх тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ.” гэж зааснаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх нь зүйтэй...” гэж үзэж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

         Давж заалдах шатны шүүх шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй байна гэж үзэв. Учир нь: 

 

          Өмгөөлөгч мэдүүлгийг газар дээр нь шалгах замаар туршилт хийлгэх шаардлагатай байна гэж үзсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.23 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хийх боломжтой ажиллагаа байна.

 

          Мөн шинжээчийн дүгнэлтүүдтэй холбогдуулан дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг гэм буруугийн хуралдаанаар шинжлэн судлаагүй, нотлох баримттай холбогдуулан талуудын мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй байхад шинжээчийн дүгнэлтүүдийг эргэлзээтэй, үндэслэлгүй гэх мэтээр дүгнэлт хийх боломжгүй юм.

 

          Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд нэмэлт болон дахин шинжилгээ хийх эрх шүүхэд олгогдсон тул шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаагаар хийх ажиллагаа биш гэж үзэв.

 

            Иймд хэргийг прокурорт буцаах тухай Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЗ/34 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

 

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн тохиолдолд тус хэсэгт заасан 17 асуудлын алийг нь хянан хэлэлцэж шийдвэр гаргаж байгаа нь тодорхой байх шаардлагатай тул хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг баримталж шийдвэрээ гаргах нь зүйтэй байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус    удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЗ/34 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хяналтын прокурор Т.Солонгын гаргасан эсэргүүцлийг хангасугай.

 

          2. Хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд очих хүртэл яллагдагч Ш.*******, Михайлов Алексей ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

          4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.