Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2025/0709

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Азбаяр даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч О.Батсүх, шүүгч Х.Нямдэлгэр, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х ТББ/ РД:/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Н.Б,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Х,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О,

Гуравдагч этгээд: К ХХК /РД:/,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Д.Н нарын хоорондын ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул, иргэдийн төлөөлөгч И.Түвшинтөр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Х ТББ-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн К ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тухай 257 дугаар тушаал нь хууль бус байсан болохыг үргэлжлүүлэн тогтоолгох-оор маргаж байна.

Хоёр.Маргааны үйл баримтын талаар:

2.1. Нэхэмжлэгч Х ТББ-ын үүсгэн байгуулагчдын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар баталсан дүрмийн 2 дугаар зүйлээр байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг ...уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн ашиглалт, менежментийн нөлөөллөөс хүрээлэн буй орчин, хүний эрхийг хамгаалах, сайн засаглалыг бүтээх үйл явцад иргэдийн оролцооны эрхийг хангах, чадавхыг бэхжүүлэх, нийтийн эрх ашгийн төлөө тогтвортой ажиллах гэж тодорхойлсон байна.

2.2. Нэхэмжлэгчээс үйл ажиллагааныхаа хүрээнд Д******* аймгийн Х******* сумын нутаг дэвсгэрт К ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлажээ.

2.3. Анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар шийдвэрээр К ХХК-д NM- дугаартай өргөдлийн дагуу Д******* аймгийн Х******* сумын нутаг дахь Ш******* уул нэртэй газар 2*******.******* гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байсныг К ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

2.4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр ашигт малтмалын ашиглалтын MV- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэртэй К ХХК-иас маргаж, тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/07 дугаар шийдвэрээр ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай дүгээр шийдвэрийн К ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

2.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2025/0095 дугаар магадлалаар ...анхан шатны шүүхийн 128/ШШ2024/07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ШХТ2025/0152 дугаар тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

2.6.Улмаар нэхэмжлэгч Х ТББ-иас 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 6888 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчээс тус шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: Х ТББ 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д. Б холбогдуулан хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Харин хариуцагч 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын дүгээр шийдвэрээр К ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах,-aap шийдвэрлэсэн байдаг. Гуравдагч этгээд К ХХК хариуцагчийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2025/0095 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Улмаар Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар К" ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан.

Х ТББ дүрэмд заасны дагуу уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн ашиглалт, менежментийн нөлөөллөөс хүрээлэн буй орчин, хүний эрхийг хамгаалах, сайн засаглалыг бүтээх үйл явцад иргэдийн оролцооны эрхийг хангах, чадавхыг бэхжүүлэх, нийтийн эрх ашгийн төлөө тогтвортой ажиллах эрхэм зорилготой. Энэхүү зорилгын хүрээнд манай төрийн бус байгууллага нь Д*******, Ө аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа хуульд заасны дагуу явуулж байгаа эсэх, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийн эрхийг хангах, хамгаалах, оролцоог нь дэмжих чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Бид өнгөрсөн хугацаанд олон нийтийн эрх ашгийг төлөөлөн хүрээлэн байгаа орчныг хамгаалах асуудлаар олон нэхэмжлэл гарган хянан шийдвэрлүүлсэн. Тухайлбал Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдох Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/ дугаар тушаалаар батлагдсан Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-ын 21, 2.2, 2.4, 6.1-д заасныг хүчингүй болгуулах-г хүссэн нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд энэхүү захиргааны хэргийг Улсын дээд шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 58 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн.

К ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын талбай нь говийн бага дархан цаазат газрын орчны бүсэд хамаардаг, Монгол орны ховор амьтны тоонд орсон хулан адуу, хар сүүлт зэрэг амьтдын гол бэлчээр нутаг, мөн түүнчлэн тухайн талбайд булгийн эх, соёлын өвийн олдворууд байдаг. Хулан адуу, хар сүүлт нь говийн эмзэг, экосистемийн гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тэдний тархац нутаг, нүүдлийн замыг хамгаалах нь нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллага, Засгийн газар болон төрийн захиргааны төв болон бусад байгууллагуудын нэн тэргүүний үүрэг юм. Манай төрийн бус байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэлд мөн хамаарч байна. К ХХК-н ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олгох хүсэлт гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хавсаргах ёстой баримтуудыг бүрэн хавсаргаагүй байсан. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, мөн зүйлийн 25.1.6- д заасан хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, мөн зүйлийн 25.1.7-д заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ-г тус тус хавсаргаагүй байдаг. Энэ нь хэргийн 1 дүгээр хавтасны 26 дугаар талд байх К ХХК-н 2020 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр гаргасан Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл-р тогтоогдоно. Мөн бусад байгууллагын шийдвэрээр давхар нотлогдоно. Энэ тохиолдолд хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1-д заасны дагуу хүсэлтийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Мөн Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ гэж хуульчилсан байдаг. Маргаан бүхий захиргааны актаар олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай нь Гын говийн сав газарт хамаарах бөгөөд тус сав газрын захиргаанаас санал аваагүй байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 241-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж хуульчилсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэд хавсаргаж өгөх баримт бичгүүд нь захиргааны шийдвэр гаргахад бодит нөхцөл байдлыг тогтоох ач холбогдолтой баримтууд юм. Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн 26 дугаар тогтоолоор нэр бүхий төрийн бус байгууллагуудын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд энэхүү тогтоолд ...нэхэмжлэгч нарын хувьд уг актыг хууль бус байсан болохыг тогтоолгох ашиг сонирхол байгаа буюу хариуцагчаас дахин ижил агуулга бүхий хууль бус захиргааны акт гаргуулахгүй байх ашиг сонирхол байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн 2 шатны шүүхийн шүүхийн шийдвэр зөв байна гэж дүгнэсэн байдаг. Иймд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн К ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай" 257 дугаар тушаал нь хууль бус байсан болохыг үргэлжлүүлэн тогтоож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Х ТББ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 257 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус MB- тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр К ХХК-д Д******* аймгийн Х******* сумын нутаг дэвсгэрт ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон. Х******* сумын нутаг нь тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хамаардаг. Энэ нутаг нь хар сүүлт, хулан, тахь гэсэн нэн ховор амьтдын гол бэлчээр бөгөөд Задгайтын булгаас ундаалдаг. Гэтэл хариуцагчаас тухайн нөхцөл байдлыг тодруулахгүйгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн үйлдэл юм. Түүнчлэн тухайн ашиглалтын талбайн ойр орчимд 60 гаруй, ашиглалтын талбайд 20 гаруй археологи, түүхийн олдворууд байдаг. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг зохих ёсоор хийгээгүй. Ерөнхий үнэлгээг хийлгэсэн боловч нарийвчилсан үнэлгээг хийлгээгүй гэж үзэж байгаа. Байгаль орчны ерөнхий үнэлгээнд хэдэн хэдэн заалтаар хүний амьдрах орчин, нөхцөл, байгаль орчин, ан амьтанд сөрөг нөлөөлөх магадлалтай учраас нарийвчилсан үнэлгээг заавал хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Байгаль орчны үнэлгээний тухай хуулиар нарийвчилсан үнэлгээг заавал хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн тохиолдолд нарийвчилсан үнэлгээг заавал хийлгэж, цаашид ашиглалтын зөвшөөрөл авах процесс хийгдэх ёстой. Гэтэл гуравдагч этгээд болох К ХХК-ийн зүгээс нарийвчилсан үнэлгээг хийлгээгүй гэж үзэж байгаа бөгөөд үүнтэй холбоотой баримт хэргийн материалд авагдаагүй. Энэ нь эхний үндэслэлтэй холбогдож байгаа бөгөөд байгаль орчинд сөрөг нөлөөтэй нөхцөл байдал илэрч байна гэж үзэж байгаа. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан процесс ажиллагааг зөрчиж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Учир нь хуулийн 5.1-д зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэгч нь тухайлан заасан баримтуудыг бүрдүүлж хүсэлтээ өгөх ёстой бөгөөд хүсэлт нь бүрдэл хангасан тохиолдолд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдох ёстой. Гэтэл гуравдагч этгээд нь 8 баримтыг хавсаргах ёстой байснаас 3 баримтыг хавсаргасан байх бөгөөд үлдсэн 5 баримтыг хавсаргаж өгөөгүй. Тухайлбал, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, хайгуулын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, түүнтэй холбогдох мэдээллүүд, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай төрийн захиргааны байгууллагын тушаал шийдвэрүүд, тухайн газрын зураг болон актууд, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай дүгнэлтүүд, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэрэг 5 баримтыг хавсаргаж өгөөгүй. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа зөрчил юм. Мөн Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал, Усны тухай хуулийн 17.2-т зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэгч нь тухайн сав газрын захиргаанаас дүгнэлт авч хавсаргасан байх ёстой. Ямар нөхцөл байдалтайгаар хүсэлт гаргаж байгаагаас үл хамааран ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн бол тухайн дүгнэлтийг заавал гаргуулах зохицуулалт юм. Гэтэл тухайн сав газрын захиргаанаас дүгнэлт авсан үйл баримт байхгүй. Дээрх үндэслэлүүдээр 257 дугаартай тушаалыг анхнаасаа хууль бусаар олгогдсон гэж үзэж байгаа. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг 1 удаа өөрчилсөн. Үүний талаар товч дурдвал нэхэмжлэгчээс 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.1-д зааснаар захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойш анхны тодорхойлсон 257 дугаар тушаал нь дараагийн дугаартай акт гарснаар хүчингүй болсон. Тийм учраас 257 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэжээ.

3.3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Х ТББ нь байгалийн нөөцийг хамгаалах, ашиглах бодлого болон түүнтэй холбоотой гарсан шийдвэр, менежментээс үүдэлтэй байгаль орчны болон хүний эрхийн зөрчлийг судлах, эдгээр зөрчлөөс сэргийлэх, хамгаалах, мөн байгаль орчныг хамгаалах, хүний эрхийг хамгаалах засаглалын үйл явцад олон нийтийн оролцоог хангах, чадавхжуулах чиглэлээр сургалт сурталчилгаа болон мониторинг, нөлөөллийн ажиллагаа явуулдаг ашгийн бус, нийгэмд үйлчилдэг байгууллага юм. Манай байгууллага нь 2006 онд байгуулагдсан бөгөөд 19 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц болон Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон багц хуулиудын хэрэгжилт, түүнийг хамгаалах замаар амьтан болон хүний эрх, хүрээлэн буй орчныг хамгаалах эрх, ашгийн хүрээнд шүүхийн болон шүүхийн бус замаар нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг. Үндэсний хууль тогтоомжийн зөрчлүүдийг итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан учраас үүнийг хамгаалах нь ямар ач холбогдолтой талаар тайлбарлая. Дэлхийн байгаль хамгаалах холбоо олон улсын холбоо байдаг. Гуравдагч этгээд болон К ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан талбайд аргаль, хулан, янгир, хар сүүлт зэрэг амьтдын бэлчээр, нүүдлийн бэлчээр, ундны ус байдаг бөгөөд аюулд өртөөд байгаа юм. Мөн Монгол Улсын нэгдэн орсон Нүүдлийн амьтдын зүйлүүдийг хамгаалах олон улсын конвенцоор хүлээсэн үүргээр ховордсон болон ховордож болзошгүй байгаа амьтдын уламжлалт амьдардаг орчныг хамгаалах, тухайн орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа хориглосон үйл ажиллагааг зогсоох үүргийг Засгийн газар хүлээсэн. Энэ конвенцын хүрээнд хүлээсэн үүргийн хэрэгжилт зөрчигдөх эрсдэл үүссэн. Мөн Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн 2023 онд хийсэн судалгаагаар маргаан бүхий уг газарт түүхийн 2 дурсгал орсон. Тийм учраас Соёлын өвийн болон Юнескод нэгдсэн үүргээ Засгийн газар зөрчихөд хүргэж байгаа. Үндэсний болон олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн амлалтуудад сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Манай байгууллага нь олон улсын гэрээ, конвенц болон үндэсний хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ, мониторинг хийдэг, Засгийн газар болон холбогдох төрийн байгууллагуудад сануулах, шаардлага хүргүүлэх, олон улсын гэрээ конвенцын хэрэгжилтийн тайланг гаргаж олон улсад тайлагнах гэсэн үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага нь манай байгууллагын эрх, ашиг сонирхолтой нийцэж байгаа гэж үзэж байна. Манайх энэ чиглэлээр нийт 5 удаагийн нэхэмжлэлийг гаргаж 3 хэрэгт ялж байсан. Үүний нэг нь захиргааны байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо Улсын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасныг хэрэглээгүй гэх шаардлага байсан гэжээ.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

4.1.Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон тухайд: Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах, 24 дүгээр зүйлийн 24.1 Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3.2 хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх гэж заасан. Хуулийн дээр дурдсан зохицуулалтын хүрээнд К ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай ҳхайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг АМТХ-ийн холбогдох зохицуулалтын хүрээнд хянан үзээд Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар шийдвэр ашигт малтмалын ашиглалтын MV- дугаартай тусгай зөвшөөрлийг олгож байсан байна. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг хуулиар тухайлан зохицуулсан онцлогтой. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т Захиргааны байгууллагын үйл ажиллагааr тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулнагэж хуульчилсан. Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд шүүлт хийхэд К ХХК-ийн эзэмшлийн Д******* аймгийн Х******* сумын нутагт Хуурай сайр нэртэй 2*******.******* гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын MV- дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь тусгай хэрэгцээний газар, нөөц газар, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хязгаарласан талбай болон стратегийн ордод хамаарах талбайтай тус тус давхцалгүй байдаг. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Төрийн захиргааны байгууллага хүлээн авч тус хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч К ХХК ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө төлөөгүй байх тул ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах гэж заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг хэсэгт заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл нэгэнт хүчингүй болсон байх тул түүнийг олгосон шийдвэрийг хууль бус байсныг тогтоолгох нэхэмжлэл гаргаж маргах нь хууль зүйн хувьд боломжгүй бөгөөд эрх зүйн ач холбогдолгүй, үр дагавар үүсгэхгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тухайд: Нэхэмжлэгч анх 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 27/23 дугаартай албан бичгээр К ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь буруу байх тул цуцлуулах тухай агуулга бүхий хүсэлт гаргадаг. Тус албан бичгийн хариуг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1/3112 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл тус актыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр маргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д "Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах нөхцөлүүдийг тусгайлан заасан бөгөөд хуулийн 54.1.3-т Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой, 54.1.3-т энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, 109 дүгээр зүйлийн 109.2 Энэ хуулийн 54.1-т заасан үндэслэл Хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна. Учир нь нэхэмжлэгч К ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосныг мэдсэн цаг үеэсээ буюу 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаар маргах боломжтой байсан, цаг хугацааг ямар нэгэн этгээд хязгаарласан, нөлөөлсөн зүйл байхгүй байна.

Нэхэмжлэгчийн болон нийтийн эрх ашиг хэрхэн хөндөгдсөн шүүхээр сэргэх эрх байхгүй тухайд: Шүүхэд нэхэмжлэл гаргаж буй этгээдийн хөндөгдсөн эрх ашиг нэхэмжлэл гаргах үед тодорхой байх хуулийн шаардлага тавигддаг бөгөөд мөн шүүхээр сэргэх хууль ёсны эрх, ашиг сонирхол байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 50/23 дугаартай нэхэмжлэлд К ХХК-д олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлөөс үүдэн байгаль, орчин хүрээлэн буй орчинд хэрхэн хохирол учруулсан, нэхэмжлэгчийн эрх хэзээ хэрхэн зөрчигдсөн талаар үйл баримт тодорхойгүй бөгөөд бүрхэг, хэрэгт энэ нэг ч баримт байхгүй байхад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэл түүний шаардлага тодорхой байхыг эцэст нь зөрчигдсөн эрх, ашиг сонирхол сэргэх боломжтой байх шаардлагыг хангасан эсэхийг шүүх нэн тэргүүнд хянан үзэх ёстой Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай хууль хэрэглээний албан ёсны тайлбарын ТАЙЛБАРЛАХ нь хэсгийн 5 дугаарт шүүхүүдийн хууль хэрэглээний алдааг засаж, хуулийн зохицуулалтыг хэрхэн нэг мөр ойлгох талаар маш тунгалаг тайлбарласан тайлбарыг батлан гаргаж мөрдүүлсэн.

Нэхэмжлэгч төрийн бус байгууллага нь нэхэмжлэл гаргax 3px бүхий этгээд мөн эсэх талаарх эрх зүйн байдлыг тогтоогоогүй тухайд: Энэхүү захиргааны маргааны тухайд нэхэмжлэгч нь Нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байхыг шаарддаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай тайлбарын ТАЙЛБАРЛАХ нь хэсгийн 2 дугаарт дээрх зохицуулалтыг бүхэлд нь маш тодорхой тайлбарласан. Тус захиргааны хэрэгт хуулийн тайлбарт дурдсан нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон буюу нэхэмжлэл гаргах эрх бүхий субъектийг нотолсон хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах дөрвөн үндсэн хүрээнд хамаарах зорилгыг тодорхойлсон бөгөөд уг дүрмийн зорилгын дагуу тогтвортой үйл ажиллагааг гурваас дээш жил явуулсан нь тогтоогдсон тохиолдолд, дүрэмд заасан зорилгын хүрээнд үйл ажиллагаа тогтвортой явуулсан гэдгийг шүүх тогтоохдоо хуульд заасан журмын дагуу татварын алба, улсын бүртгэлийн байгууллагад гарган өгсөн, хүргүүлсэн тайланг үндэслэнэ./ баримт нэг ч байхгүй байна. Гэтэл шүүхээс нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэхийг Монгол Улсын Дээд шүүхийн хууль хэрэглээний албан ёсны тайлбарт дурдсан үйл баримтын дарааллаар хянан нягталж тогтоолгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн нь, ажиллагаа хийж байгаа нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасныг баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн гаргасан хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч удаа дараа тайлбар, татгалзлын үндэслэл, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Тухайн тайлбар, татгалзлын үндэслэлийг тайлбарлая. Д******* аймгийн Х******* сумын газарт К ХХК 2008 оноос хойш хайгуулын тусгай зөвшөөрөл эрхэлж байсан. Хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан бөгөөд тухайн өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан бичиг баримтыг бүрэн гүйцэт бүрдүүлж өгсөн байсан. Захиргааны байгууллага тухайн өргөдлийг хүлээн авч өргөдлийн бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн. Улмаар хуульд заасан ажиллагааны дагуу дотоод хяналтын хуудас нээж зураг зүйн бүртгэл болон анхан шатны шүүлт, магадлан шалгах үйл ажиллагааг эхлүүлсэн. Тухайн маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбай нь хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан, мөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хориглолт болон давхацсан үйл баримт байхгүй. Нэхэмжлэгч талаас Задгайтын булаг, Хангийн булагтай ойрхон гэж тайлбарлаж байна. Сав газрын захиргааны албан бичигт дурдсанаар тодорхой хэмжээний зайтай болох нь тогтоогдсон бөгөөд хэрэгт авагдсан. Мөн ургамал, амьтанд сөргөөр нөлөөлж байна гэж тайлбарлаж байна. Үүнийг байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийсний үндсэн дээр буюу тусгай мэдлэгийн хүрээнд хортой эсэхийг тодорхойлох ёстой. Мөн гуравдагч этгээдээс баримт бичгийн бүрдлийг хангасан. Эхлээд дутуу материал ирүүлсэн байж болно. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай тухай хуульд өргөдөл гомдлыг авах бөгөөд өргөдлийг шийдвэрлэх явцдаа бүрдүүлбэрийг хангаж, дутуу баримт материалыг бүрэн гүйцэт бүрдүүлж авсны үндсэн дээр шийдвэрлэх ёстой гэж заасан. Үүний дагуу баримт материалыг бүрэн гүйцэд ирүүлсэн бөгөөд татгалзах үндэслэл байхгүй байсан учраас тусгай зөвшөөрлийг тус компанид 2008 онд олгосон. Усны тухай хуульд 2012 онд шинэчилсэн найруулга хийсэн бөгөөд уг газар нь усан сан бүхий газартай давхцалгүй газар. Мөн төсөл хэрэгжүүлэхээс өмнө буюу ашиглалтад авахаас өмнө ерөнхий үнэлгээ хийлгэдэг бөгөөд нарийвчилсан үнэлгээг дараагийн шатанд хийлгэдэг хуулийн зохицуулалттай. Одоогоор тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр уг тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Тав. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, үндэслэл:

5.1.Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Манай компанид 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257-р шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV- дугаартай тусгай зөвшөөрөл хуульд нийцүүлэн тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн. Гэвч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07-р сарын 19-ны өдрийн -р шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байтал тусгай зөвшөөрөл олгосон шийдвэртэй маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.2.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасан шаардлагыг хангаагүй хуулийн этгээд гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасан нийтийн эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийн тухайд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд төрийн бус байгууллага үйл ажиллагааны санхүүгийн тайланг өгөх үүргийг хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгчийн үйл ажиллагааны тайлан хэрэгт авагдаагүй байна. Харин хэн хийсэн нь мэдэгдэхгүй мэдээллийн чанартай баримтуудыг өгсөн байгаа нь Төрийн бус байгууллагын тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дүрмийн зорилгын дагуу тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх гэдэг шаардлагыг хангахгүй. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаад 5 хэргийг шийдвэрлэсэн учраас манайх тогтвортой үйл ажиллагаа явуулдаг гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн дүрэмд заасан үйл ажиллагаа ганцхан шүүхэд нэхэмжлэл гаргахаар хязгаарлагдахгүй. Мөн байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа шууд эдийн засгийн суурь дээр суурилж явагдана. Гэтэл нэхэмжлэгч нь Х тайлантай. 2, 3 хүнд цалин өгсөн хувь хүний орлогын албан татварын тайлангаас өөр ямар ч тайлан байдаггүй. Ямар мөнгөөр яаж байгаль орчныг хамгаалах, олон улсын гэрээ конвенцын хэрэгжилтийг хангаж ажиллах нь тодорхойгүй. Нэхэмжлэгчээс амьтан, ургамал, байгаль орчинд нөлөөлж байна гэж тайлбарлах боловч өөрсдөө зардал гаргаж судалж тогтоосон, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлан байдаггүй. Харин хэн хийсэн нь мэдэгдэхгүй хэдэн хүний өргөдөл, гомдол байгаа. Сүүлийн 3 жил дүрмийн зорилгод нийцсэн, тогтвортой үйл ажиллагаа гэдэг нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн үйл ажиллагааны тайлан болоод санхүүгийн тайлан, татварын тайлангаар нотлогдоно. Гэтэл нэхэмжлэгчийн тайланг харахад ямар ч зарлага гаргаагүй байх бөгөөд зарлага гаргахгүйгээр байгаль орчныг хамгаалсан гэж харагдаж байна. Тийм учраас нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг баримтлан нэхэмжлэл гаргаад 106.3.3 болгож өөрчилсөн. Энэ хэргийг өнөөдрийг хүртэл 3 дахь удаагаа хэлэлцэж байна. Давж заалдах шатны шүүхээс 2 удаа буцсан бөгөөд уг 2 удаагийн буцсан магадлал дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 болгож өөрчилсөн үндэслэлийг тодруул гэсэн байдаг. Гуравдагч этгээдийн зүгээс нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэл гаргаж байгаа этгээд хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-аар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх боломжгүй гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн онцгой эрх байгаа нөхцөлд нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 болгож өөрчлөх бөгөөд Дээд шүүх тэгж шийдэж байгаа. Нэхэмжлэгчийн онцгой эрх нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн уялдаж байгаад нэхэмжлэгч тайлбар өгдөггүй. Мөн олон улсын конвенцод нэгдсэн, шүүхэд 5 удаагийн нэхэмжлэл гаргасан гэдгээс өөр тайлбар гаргадаггүй бөгөөд өөр баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагааг үгүйсгээгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд тайлбарыг гаргаж байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах онцгой эрхтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсанчлан гуравдагч этгээд нь 2008 оноос хойш зардал гаргаж хайгуул хийж, нөөц тогтоосон бөгөөд 2020-2021 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар хандсан. Нэхэмжлэгчийн зүгээс байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй гэж байна. Ашигт малтмалын тухай хуульд нарийвчилсан ба ерөнхий үнэлгээ гэж ялгаж заагаагүй бөгөөд нөлөөлөх байдлын үнэлгээ хавсаргана гэж заасан. Гуравдагч этгээд нь нөөцөө батлуулаад ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль журмын дагуу авсан, нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй. Усны тухай хуулийг зөрчсөн талаар тайлбар гаргаж байна. Усны тухай хуульд сав газрын захиргааны саналыг авах зохицуулалт байгаа боловч уг зохицуулалт нь зөвхөн тухайн усны сав газарт хамаарах газарт тусгай зөвшөөрөл олгоход хамаарна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар сав газартай давхцалгүй, хамгаалалтын бүстэй давхцалгүй, Хангийн булаг, Задгайтын булгаас зайтай байна гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт ирсэн. Тийм учраас Усны тухай хуульд заасны дагуу сав газрын захиргааны зөвшөөрлийг авахгүй. Өөр маргаан дээр Усны тухай хуулийг баримтлаагүй байна гэж шийдсэн учраас өнөөдрийн маргааныг Усны тухай хуулиар шийд гэж тулгаж байгаа нь боломжгүй юм. Өөр шүүхийн маргааныг энэ шүүхэд тулгавал шүүхэд нөлөөлөх оролдлого болно. Мөн нэхэмжлэгчээс түүх соёлын дурсгалт зүйлс, археологи, палеонтологийн олдворын талаар тайлбар гаргаж байна. Маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбайд түүх соёлын дурсгалт зүйл байгаа нь үнэн. Үүнийг 2020 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулиар гуравдагч этгээд К ХХК-ийн захиалгаар археологи, палеонтологийн судалгааг хийлгэсэн. Соёлын яам болон холбогдох соёлын өвийг хамгаалах газраас энэ газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа дээрх судалж тогтоон бүртгэлд авсан соёлын өвийг хадгалах, хамгаалах, гэмтээхгүй байх талаар онцгой анхаарч ажиллаарай, соёлын өвийг хамгаалдаг байгууллагаас байнгын зөвлөгөө авч ажиллаарай гэх дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл ашиглалтын талбайд 20 гаруй, талбайн гадна 30 гаруй хиргисүүр, булш байгаа бөгөөд үйл ажиллагаа явуулахдаа тухайн соёлын өвийг хөндөхгүй байх боломжтой гэж судлаачид тогтоосон. Тийм учраас энэ нь үйл ажиллагаа явуулахад хориглох зохицуулалтад хамаарахгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

5.3.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар хуудаст 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Х ТББ-ын дүрэм авагдсан байна. Үйл ажиллагааг чиглүүлэхэд эрхэм зорилго, уур амьсгалын үүрэгт байгалийн нөөцийн ашиглалт, менежмент, хүрээлэн буй орчин, хүний эрхийг хадгалах, сайн засаглалыг бүтээх үйл явцад иргэдийн оролцооны эрхийг хангах, чадавхыг бэхжүүлэх, нийтийн эрх ашгийн төлөө тогтвортой ажиллах явдал гэсэн байна. Монгол Улсын Засгийн газрыг олон улсын конвенцын өмнө хүлээсэн үүргийг биелүүлсэн эсэх хяналтын системийг хийдэг эрхтэй байгууллага гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч танилцуулсан. Гэтэл дүрмээс энэ эрхийг олж харсангүй. Мөн зорилго нь хүний эрхийг хамгаалах, сайн засаглалыг бүтээх үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал болохоос Тэргүүн Н.Б очоод Монгол Улсын Засгийн газраас буюу Улсын Их Хурлаас баталж байгаа хууль тогтоомж олон улсын гэрээ хэлэлцээртэй нийцэж байгаа эсэхэд дүгнэлт, мониторинг хийж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Олон улсын олон талт гэрээний хэрэгжилтийг хангах үүрэг нь Олон Улсын гэрээ хэлэлцээрийн тухай хуульд заадаг болохоос иргэн Н.Б очиж мониторинг хийгээд, шүүхэд нэхэмжлэл гаргах нь миний эрх ашиг мөн гэх асуудал яригдахгүй болов уу гэж үзэж байна. Мөн Ашигт малтмал, газрын тосны газар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зөв олгосон эсэхийг хянадаг байгууллага нь төрийн бус байгууллага байна гэсэн зохицуулалтыг олж харахгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа гуравдагч этгээд нь нарийвчилсан үнэлгээ гаргах ёстой байсан боловч гаргаагүй гэж тайлбарлаж байна. Тэгвэл энэ хяналт тавьж нэхэмжлэл гаргадаг субъект нь дүрмийн зорилт дээрээ тусгасан эсэх нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч нь 2 жилийн хугацаанд нарийвчилсан үнэлгээ хийгээгүй байна гэх хяналтыг иргэдийн өмнөөс хүсэлт тавьж байгаа юу, эсхүл эрх зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа юу? Хэчнээн иргэн Х ТББ-д Ашигт малтмал, газрын тосны газрын албан тушаалтнууд баримтын бүрдүүлбэр хангуулж аваагүй байна гэж ямар өргөдөл, гомдол гаргасан бэ? Эдгээр эрхүүд төрийн бус байгууллагын дүрмээр нэхэмжлэгчид олгогдоогүй байна. Төрийн бус байгууллагын тухай хуульд нийтийн эрх, ашиг сонирхлын асуудал яригдах ёстой. Харин явцуу эрх ашгийн асуудал яригдах ёсгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туухай хуульд заасны дагуу шүүхээс нотлох баримт бүрдүүлэхээр Татварын байгууллага руу албан тоот хүргүүлж, татварын байгууллагаас холбогдох тайлангуудыг ирүүлсэн. Хавтаст хэргийн 210 дугаар талд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 065822 тоот Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариу ирүүлсэн албан бичиг, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 17279 дугаар албан бичиг байна. Уг албан бичигт К ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай булгийн эхтэй давхцалгүй байна гэсэн байна. Үүнийг үгүйсгэсэн баримт байдаггүй. Гэтэл нэхэмжлэгчээс шүүхэд давхацсан гэх тайлбар гаргаж байна. Усны тухай хуульд зааснаар сав газрыг зохицуулах эрх бүхий албан тушаалтан нь Төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнууд юм. Өөрөөр хэлбэл, Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 гадаргын болон газрын доорх уснаас ашиглах боломжит нөөцийн дээд хязгаар усны сав газар бүрээр байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно гэж заачихсан. Гэтэл төрийн бус байгууллага энэ бол сав газар гэж нэхэмжлэлдээ дурдаж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 218 дугаар хуудаст Г*******ын говийн сав газрын захиргаа 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгээр К ХХК-ийн газар нь Хангийн булаг, Задгайтын булгаас 44 км зайтай гэсэн бөгөөд хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнийг үгүйсгэсэн баримт байхгүй. Манай Монгол Улсад улаан номд орсон олон төрлийн амьтад байдаг. Гэхдээ энэ талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож, олборлолт хийснээр тухайн амьтадад хэр хэмжээний хохирол учрах, тоо толгойд хэрхэн нөлөөлөх талаар хийсэн судалгаа, түүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт байдаггүй. Мөн нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагаатай холбоотой тодруулга хэлье. 2023 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Х ТББ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 тоот тушаалын К ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. 2 удаагийн Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр магадлалаар,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн магадлал /5 дугаар хавтасны 243 хуудас/-д шүүхээс Х ТББ-ын нэхэмжлэлийн шаардлага тодруулах гээд тодорхой заасан. Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн магадлалд нэхэмжлэгч төрийн бус байгууллагын хувьд нийтийн эрх ашгийн төлөөлөл нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх, байгаль орчныг хамгаалах зорилгыг үндэслэн гуравдагч этгээдийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас маргаан бүхий тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор нэхэмжлэлийн шаардлага хууль бус байсан болохыг тогтоолгох хэмээн өөрчилсөнтэй холбогдуулан нэхэмжлэгч ямар онцгой ашиг сонирхол байгаа болох, мөн нийтийн эрх ашигт төлөөлөн нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү өөрчлөн гаргах хууль зүйн боломжтой эсэх зэрэг асуудлыг бүрэн тодруулах шаардлагатай байна. Энэ шаардлагаа тодруулаач гэж 2 удаа илэрхийлчихсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг тодруулах гэж бичээд өмнө нь буюу 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хууль зүйн үндэслэл бичиж ирсэн. Шаардлагаа Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн К ХХК-д Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 257 дугаар тушаал хууль бус байсан болохыг үргэлжлүүлэн тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан шийдвэр гаргаж өгнө үү гэсэн байна. Үргэлжлүүлэн тогтоох гэдгээр 2018 онд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр орсон шүүхийн шийдвэрийг үндэслэл болгож байна. Энэ нь Шүүхийн тухай хуульд заасны дагуу тухайн ижил төрлийн маргааныг, эсхүл аль нэг шийдвэрийг шүүхэд санал болгох зарчмаар шийдэхийг даалгаж байгаа нь нөлөөллийн асуудал яригдаж байна. Мөн нэхэмжлэгчээс 3, 4 шийдвэрийг эш татаж байна. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Улсын Дээд шүүх Үндсэн хуулиас бусад хууль тогтоомжийн тайлбарыг нэг мөр гаргана гэсэн байдаг. Шүүхийн тухай хуульд заасны дагуу Улсын дээд шүүхийн тайлбарыг Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж даган мөрдөх үүрэгтэй. Өмнө нь шийдэж байсан хэргүүдтэй холбоотойгоор Улсын Дээд Шүүх 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолыг гаргасан. Уг тогтоолыг гаргах болсон үндэслэл нь төрийн бус байгууллагууд өмнө нь шийдэгдсэн хэргүүдийг үндэслэж хүссэн юмаа хийгээд байгаа учраас Дээд шүүх нэг мөр нийтийн ашиг сонирхол, онцгой ашиг сонирхол гэдгийг тайлбарласан бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн уг журмыг дагаж мөрдөхөөр болсон. Өөрөөр хэлбэл онцгой ач холбогдол гэдгийг заавал нотлох ёстой гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгчээс ямар онцгой ач холбогдолтой гэдгийг нотолж чадахгүй байна. Мөн нэхэмжлэгч нь тогтвортой үйл ажиллагаа явуулсан гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.4-д заасныг зөрчсөн баримтуудыг гаргаж өгсөн. Төрийн бус байгууллагын тухай хуульд заасны дагуу Хууль зүйн яаманд бүртгэлтэй байгаа тохиолдолд жил бүр хаанаас орлого олсон, хэдэн төгрөгийн хандив авсан, хаанаас хандив авсан, ямар үйл ажиллагаанд зарцуулсан зэрэг тайланг гаргаж өгөх үүрэгтэй. Гэтл нэхэмжлэгчээс эдгээр тайланг гаргаж өгөөгүй. Нотлох баримт шинжлэн судлах шатад няцаалт гарч ирэх байх. Өөрийн үйлчлүүлэгчийн тайлбарласан тайлбар дээр нотлох баримт эш татах байдлаар дээрх байдлаар хууль зүйн дүгнэлтийг танилцуулж байна гэжээ.

Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргасан дүгнэлтдээ: ...Нэхэмжлэгч шаардлагаа зөв тодорхойлж нэхэмжлэл гаргаж чадсангүй гэж үзлээ. Ямар ч тооцоо үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл тухайн газар хэчнээн тооны ан амьтан бэлчээрлэдэг, өсөлт, үржлийн талаарх тооцоо судалгаа харагдахгүй байна. Гуравдагч этгээд К ХХК-ийн зүгээс сайхан, сайхан тайлбар гаргаж байна. Гэхдээ анхнаасаа төрийн бус байгууллагатай зөвлөлдөөгүй гэж харлаа. Өнөөдөр шүүх хуралдаан дээр хуулийн зүйл заалтуудыг эш татан тайлбарлаж байна. Гэхдээ түүнийг нь би ойлгохгүй байна. Анхнаасаа төрийн бус байгууллагатай зөвлөлдсөн байсан бол өнөөдрийн түвшинд хүрэхгүй байх байсан байх гэж дүгнэлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Х ТББ-аас анх тус шүүхэд 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан ...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар тушаалын К ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.1.К ХХК нь 2008 оноос хойш Д******* аймгийн Х******* сумын нутаг дахь Ш******* уул нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан ба 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг өргөдөл бүртгэлийн NМ- дугаарт бүртгэгдэж, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар шийдвэрээр тус компанид 2*******,******* гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ.

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасан хугацаанд гуравдагч этгээд К ХХК нь 2023 оны ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр шийдвэрээр тус компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын МҮ- дугаар бүхий тусгай зөвшөөрлийг цуцалсан.

1.3.Гуравдагч этгээд К ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр шийдвэрийн К ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/07 дугаар шийдвэрээр ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай дүгээр шийдвэрийн К ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

1.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2025/0095 дугаар магадлалаар ...анхан шатны шүүхийн 128/ШШ2024/07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ШХТ2025/0152 дугаар тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

2.Нэхэмжлэгч Х ТББ-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өөрчлөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилсөн бөгөөд өөрчилсөн шаардлагыг хүлээн авч, тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0295 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2024/0381 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр шийдвэрээр К ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МҮ- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан буюу маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон байхад нэхэмжлэгчээс ямар эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн гүйцэт тодруулаагүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх болсон үндэслэл буюу К ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэртэй холбоотой маргаж байгаа энэ тохиолдолд дээрх захиргааны хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч Х ТББ-ын нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг шүүх хүлээн авах эсэх асуудал хөндөгдөхөөр байна гэж дүгнэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

3.Мөн энэхүү хэргийг тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/1022 дугаар шийдвэрээр ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2025/0237 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2024/0381 дүгээр магадлалд заасан ажиллагааг явуулалгүй хэргийг шийдвэрлэсэн, ...нэхэмжлэгч төрийн бус байгууллагын хувьд нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийн шаардлагыг хангаж байгаа эсэх, байгаль орчныг хамгаалах зорилго, үндэслэлээр гуравдагч этгээдийн ашиг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас маргаан бүхий тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор нэхэмжлэлийн шаардлагаа Хууль бус байсан болохыг тогтоолгох хэмээн өөрчилсөнтэй нь холбогдуулан нэхэмжлэгчид ямар онцгой ашиг сонирхол байгаа болох, мөн нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж буй энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү өөрчлөн гаргах хууль зүйн боломжтой эсэх зэрэг асуудлыг бүрэн тодруулах шаардлагатай гэж дүгнэжээ.

3.1.Дээрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалуудад дурдсаны дагуу анхан шатны шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1/4553, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/4994 дүгээр албан бичгүүдээр нэхэмжлэгч төрийн бус байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан ирүүлэхийг шаардсаны дагуу нэхэмжлэгч Х ТББ-аас 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 48/25 дугаар албан бичгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т ...захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж заасны дагуу онцгой ашиг сонирхолоо говийн эмзэг экосистемд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо монгол орны ховор, нэн ховор амьтадын гол тархац нутаг, ундаалах цэг, нүүдлийн замыг хамгаалах, орон нутгийн иргэдийн оролцоог дэмжиж, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны улмаас хүрээлэн байгаа орчныг зүй бус доройтлоос урьдчилан сэргийлэх, нутгийн иргэдийн амьдрах орчныг хамгаалах, тусгай зөвшөөрлийг олгохыг хүссэн бүрдүүлбэр хангаагүй өргөдлийг хүлээн авч, хоёр жилийн хугацаанд бүрдүүлбэр хангуулан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон үйлдэл нь хууль зөрчсөн болохыг тогтоолгож дахин хууль зөрчсөн үйлдлийг гаргуулахгүй байх гэж тодорхойлсон байна.

4.Нэхэмжлэгчээс ...К ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын талбай нь говийн бага дархан цаазат газрын орчны бүсэд хамаардаг, Монгол орны ховор амьтны тоонд орсон хулан, хар сүүлт зэрэг амьтдын гол бэлчээр нутаг, мөн түүнчлэн тухайн талбайд булгийн эх, соёлын өвийн олдворууд байдаг. Хулан, хар сүүлт нь говийн эмзэг, экосистемийн гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тэдний тархац нутаг, нүүдлийн замыг хамгаалах нь нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллага, Засгийн газар болон төрийн захиргааны төв болон бусад байгууллагын нэн тэргүүний үүрэг юм. К ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох хүсэлт гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хавсаргах ёстой баримтуудыг бүрэн хавсаргаагүй, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөө дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэргийг хавсаргаагүй, мөн Усны тухай хуульд заасны дагуу Галба-өөш-Долоодын говийн сав газрын захиргаанаас санал аваагүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...К ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн тул онцгой эрхийнх нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан үзээд Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар шийдвэр гаргаж, ашигт малтмалын ашиглалтын МV- дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон гэж, гуравдагч этгээдээс ...нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол байгаа вэ гэдэг талаар нэхэмжлэгч тодорхойлох ёстой. Энд нийтийн эрх ашиг сонирхол гэсэн агуулга тус хуулийн 106.3.3-т байдаггүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Иймд энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч Х ТББ-аас нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т ...захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж заасны дагуу нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж буй төрийн бус байгууллагын зүгээс хамгаалагдах онцгой ашиг сонирхол байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Тав.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийн талаар:

5.1. Нэхэмжлэгч Х ТББ нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр үүсгэн байгууллагдаж, 2018 оны 07 дугаар сарын 09-ний байгууллагын дүрмийг шинэчилж, бүртгүүлсэн байх ба дүрмийн 2-т байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг ...уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн ашиглалт, менежментийн нөлөөллөөс хүрээлэн буй орчин, хүний эрхийг хамгаалах... гэж тодорхойлсон байна.

5.2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг, 18 дугаар зүйлийн 18.3-д Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна: 18.3.1-т ...нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх, 18.3.2-т ...дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх гэж тус тус заажээ.

5.3.Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн бус байгууллага нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх, дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байхыг шаардахаар байна.

5.4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т ...Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, 54.1.5-т ...нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч төрийн бус байгууллага нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үүсгэн байгуулагдаж, дүрмийн 2 дугаар зүйлээр байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг ...уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн ашиглалт, менежментийн нөлөөллөөс хүрээлэн буй орчин, хүний эрхийг хамгаалах... гэж тодорхойлж, 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулсан болох нь Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тогтоогдож байх тул шууд тус шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй юм.

5.5.Түүнчлэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 30 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д ...нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэж зааснаас Хангалтай сонирхол гэдгийг нэхэмжлэл гаргаж буй асуудал нь энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх төрийн бус байгууллагын хувьд дүрмийн зорилгод нийцсэн, тухайн зорилгын хүрээнд 3-аас дээш жил үйл ажиллагаа тасралтгүй явуулсан гэдгээ илэрхийлсэн байх хүрээнд ойлгох-оор тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч Х ТББ дээрх хуулийн шаардлагыг хангасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул энэ талаарх гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбар үндэслэлгүй.

Зургаа.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж буй Х төрийн бус байгууллагын зүгээс хамгаалагдах онцгой ашиг сонирхол байгаа эсэх тухайд:

6.1.Нэхэмжлэгчээс хамгаалагдах онцгой ашиг сонирхолоо говийн эмзэг экосистемд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо монгол орны ховор, нэн ховор амьтадын гол тархац нутаг, ундаалах цэг, нүүдлийн замыг хамгаалах, Орон нутгийн иргэдийн оролцоог дэмжиж, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны улмаас хүрээлэн байгаа орчныг зүй бус доройтлоос урьдчилан сэргийлэх, нутгийн иргэдийн амьдрах орчныг хамгаалах, тусгай зөвшөөрлийг олгохыг хүссэн бүрдүүлбэр хангаагүй өргөдлийг хүлээн авч, хоёр жилийн хугацаанд бүрдүүлбэр хангуулан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон үйлдэл нь хууль зөрчсөн болохыг тогтоолгож дахин хууль зөрчсөн үйлдлийг гаргуулахгүй байх, шүүх хуралдааны явцад тухайн байршилд дахин ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулахгүй гэж тодорхойлсон.

Долоо.Нэхэмжлэгчээс тодорхойлсон ...тухайн байршилд дахин ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулахгүй ашиг сонирхолын тухайд:

7.1.Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т ...Ашигт малтмалын асуудлаар Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 8.1.5-т ...Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачлагчаар тодорхой нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг, эсхүл хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарлах буюу хориглох 9 дүгээр зүйлийн 9.1-т ...Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 9.1.3-т ...улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх, 9.1.11-т ...геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын болон энэ хуулийн 24.1-т зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх 10 дугаар зүйлд Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, 10.1.3-т ...ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, 10.1.7-т ...ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журам батлах, бүтээгдэхүүний стандартыг боловсруулж батлуулах, 10.1.19-т ...Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гүйцэтгэнэ, 10.3-т ...Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах үүрэг бүхий сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална, 11.1.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 11.1.16.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг өргөдлийг хүлээн авч бүртгэх гэж тус тус зааснаас үзэхэд Улсын Их Хурлаас Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачлагаар тодорхой нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг, эсхүл хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарлах буюу хориглохоор, Засгийн газраас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэхээр, Төрийн захиргааны төв байгууллага нь ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, бүртгэх, үнэлгээ өгөх чиг үүргийг хэрэгжүүлэхээр тус тус хуульчилжээ.

7.2.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс тухайн байршилд дахин хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгуулахгүй байх ашиг сонирхолтой байгаа бол Улсын Их Хурал болон Засгийн газарт хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгосноор маргаан бүхий газарт дахин ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шууд шийдвэрлэх боломжгүй байна.

7.3.Түүнчлэн нэхэмжлэгчээс өмнө нь нэр бүхий төрийн бус байгууллагаас гаргасан Хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч шийдвэрлэж байсан гэж тайлбарлан маргаж байх бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 26 дугаар тогтоолоор ...нэхэмжлэгч нарын хувьд уг актыг хууль бус байсан болохыг тогтоолгох ашиг сонирхол байгаа буюу хариуцагчаас дахин ижил агуулга бүхий хууль бус захиргааны акт гаргуулахгүй байх ашиг сонирхол байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн 2 шатны шүүхийн шүүхийн шийдвэр зөв байна гэж дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

7.4.Харин энэхүү маргааны үйл баримт, Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 26 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн үйл баримтуудаас өөр болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, нэр бүхий төрийн бус байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Хурдан морины бүсийн уралдааны 2017 оны хуваарийг тогтоох тухай 63 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Хаврын төвийн бүсийн хурдан морины Дүнжингарав уралдааныг 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд, бүсийн хурдан морины уралдааныг Хөвсгөл, Говь-Алтай аймагт 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулах хуваарийг баталсан. Нэр бүхий төрийн бус байгууллагуудын зүгээс онцгой ашиг сонирхлоо ...хүүхдийн тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлэхээс сэргийлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өвөл, хаврын /хүйтний улиралд/ хурдан морины уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх, уралдаан зохион байгуулах тухай Засгийн газраас шийдвэр гаргуулахгүй байх гэж илэрхийлсэн байна.

Дээрх маргааны хувьд Монгол Улсын Засгийн газар нь Хурдан морины бүсийн уралдааны хуваарийг тогтоох эрх хэмжээг хуулиар олгогдсон, дараа дараагийн жилүүдэд өвөр, хаврын улиралд хурдан морины уралдаанд хүүхдүүдийг оролцуулахгүй байх, уралдаан зохион байгуулах тухай Засгийн газраас шийдвэр гаргуулахгүй байх ашиг сонирхлыг илэрхийлж байсныг энэхүү маргааны хувьд адилтган үзэх боломжгүй юм.

Найм.Мөн нэхэмжлэгчээс тодруулсан тусгай зөвшөөрлийг олгохыг хүссэн бүрдүүлбэр хангаагүй өргөдлийг хүлээн авч, хоёр жилийн хугацаанд бүрдүүлбэр хангуулан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон үйлдэл нь хууль зөрчсөн болохыг тогтоолгож, дахин хууль зөрчсөн үйлдлийг гаргуулахгүй байх онцгой ашиг сонирхлын тухайд:

8.1.Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т ...Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: 25.1.1-т ...хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, цахим шуудангийн хаяг, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг тусгасан тодорхойлолт, 25.1.2-т ...тухайн этгээд энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт, 25.1.3-т ...энэ хуулийн 24.3-т заасны дагуу хийгдсэн талбайн зураг ба тухайн зураг дээр тэмдэглэсэн уг талбай байрших аймаг, сум, дүүргийн нэр, 25.1.4-т ...энэ хуулийн 10.1.4-т заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт, 25.1.5-т ...хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, 25.1.6-т ...хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, 25.1.7-т ...байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, 25.1.8-д ...улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн талбайд энэ хуулийн 24.2-т заасан сонгон шалгаруулалт явуулсан байгууллага, албан тушаалтны шийдвэр зэргийг хавсарган ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаж, Төрийн захиргааны байгууллагаас өргөдөл, түүнд хавсаргасан баримтуудыг судлан өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан хүсэлтийг хүлээн авахаас татгалзах эсхүл уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэхээр заажээ.

8.2.Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд К ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргаж, NM- дугаарт бүртгэгдсэн байх бөгөөд хавсаргах шаардлагатай материалуудаас Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр хүлээн авсан хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн нөөцийн дэвсгэр зураг дээр ашиглалтын тус зөвшөөрөл хүссэн талбайн хилийг буулгасан зураг, хайгуулын ажлын явцад Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан баримт, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэргийг хавсаргаж өгөөгүй болох нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн К-02 дугаар өргөдлийн маягтаар тогтоогдож байна.

8.3.Улмаар Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар шийдвэрээр К ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь Ашигт малтмалын тухай хуульд заасан өргөдлийг хянан шийдвэрлэх хугацааг хэтрүүлэн шийдвэрлэсэн байх боловч дээрх шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоосноор дахин сонгон шалгаруулалт явуулахгүй байх, дахин хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг хязгаарлаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

9.Нэхэмжлэгчээс мөн онцгой ашиг сонирхлоо ...говийн эмзэг экосистемд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо монгол орны ховор, нэн ховор амьтадын гол тархац нутаг, ундаалах цэг, нүүдлийн замыг хамгаалах, орон нутгийн иргэдийн оролцоог дэмжиж, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны улмаас хүрээлэн байгаа орчныг зүй бус доройтлоос урьдчилан сэргийлэх, нутгийн иргэдийн амьдрах орчныг хамгаалах гэж тодорхойлсон байх бөгөөд энэ талаарх хүсэлтээ Засгийн газарт гаргаж, цаашид тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгуулахгүй байх хүсэл сонирхлоо илэрхийлж, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, эсхүл Улсын Их Хурлаас тухайн талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон шийдвэр гаргуулах замаар шийдвэрлэх боломжтойг тэмдэглэв.

10.Иргэдийн төлөөлөгөчөөс ...нэхэмжлэгч Х ТББ-аас нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлж нэхэмжлэл гаргаж чадсангүй гэж үзлээ. Ямар ч тооцоо үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл тухайн газар хэчнээн тооны ан амьтан бэлчээрлэдэг, өсөлт, үржлийн талаарх тооцоо судалгаа харагдахгүй байна гэж дүгнэснийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд дээр дурдсан нөхцөлийг нэгтгэн дүгнээд Х ТББ-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан ...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3, 9.1.11, 10.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х ТТБ-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 257 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Э.АЗБАЯР

ШҮҮГЧ О.БАТСҮХ

ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР