| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/08144/И |
| Дугаар | 192/ШШ2025/05906 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/05906
| 2025 07 23 | 192/ШШ2025/05906 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ***** тоот хаягт байрлах, Э ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, *****давхарт байрлах, А ХХК /РД:*****/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 420,000,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан 420,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Манай Э ХХК нь өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр А ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянгол дүүрэг, 5-р хороо, А апартмент ХХК-д 62.04 мкв бүхий үйлчилгээний зориулалттай талбайг 280,000,000 төгрөгөөр худадцан авахаар тохирч орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлд барилгыг гүйцэтгэгч 2023 оны 08 дугаар сард хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож уг гэрээг байгуулсан боловч өнөөдрийг хүртэл барилга ашиглалтад ороогүй. Бид дээрх асуудлаар удаа дараа холбогдож уулзалт зохион байгуулж байсан боловч бодит үр дүнд хүрээгүй. Хуульд заасны дагуу нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй мөн талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гэрээний 14.С-Д зааснаар хоног тутамд 0.5 хувийн алдангийг захиалагчид төлнө гэсний дагуу 0.5*280,000,000*453 хоног=634,200,000 төгрөгийн алданги өнөөдрийн байдлаар үүссэн боловч Иргэний хуулийн 232.4-т зааснаар алдангийн хэмжээг бууруулан 140,000,000 төгрөг болгон нийт 420,000,000 төгрөгийг иргэний хуулийн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зөрсөн этгээдээр гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч А ХХК-тай 2023 оны 06 сарын 20-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, 62.04м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 280,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, төлбөр төлөгдсөн. Аманай компани нь эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн газар дээр барилга бариулахаар иргэнтэй гэрээ байгуулсан. Гэвч энэ гэрээ биелэх боломжгүй байдалд хүрсэн. Үүнд манай талаас шалтгаалах зүйл байгаагүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 14д заалтад гэрээг цуцалсан бол өөр худалдан авагчид худалдаж, үнийг төлөхөөр тохиролцсон. Иймээс дараагийн худалдан авагчид үл хөдлөх эд хөрөнгө зарсны дараа 280,000,000 төгрөгийг өгөх боломжтой. ...Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж байгаа учир Иргэний хуулийн 232 дүгээр зүйлд заасны дагуу алданги шаардах эрхгүй, хэрэгт хохирол учирсан нь баримтгүй тул хохирол 140,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.
3.Хэрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 3/, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ /хх-ийн 4-7/, мэдэгдэл /хх-ийн 12/, А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 8,9/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч А ХХК-тай 2023 оны 06 сарын 20-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, 62.04м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 280,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, төлбөрөө бүрэн төлсөн. Гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг 2023 оны 08 сард хүлээлгэн өгөх байсан ч хугацаандаа хүлээлгэж өгөөгүй. Бид удаа дараа уулзаж, нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гараагүй. Гэрээнээс татгалзаж, төлбөр 280,00,000 төгрөгийг гэрээний 14с-д тохиролцсон алдангийн тохиролцооны дагуу хохирол 140,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилж байна. гэж тайлбарласан.
3.Хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ ...Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч А ХХК-тай 2023 оны 06 сарын 20-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, 62.04м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 280,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, төлбөр төлөгдсөн. Аманай компани нь эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн газар дээр барилга бариулахаар иргэнтэй гэрээ байгуулсан. Гэвч энэ гэрээ биелэх боломжгүй байдалд хүрсэн. Үүнд манай талаас шалтгаалах зүйл байгаагүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 14д заалтад гэрээг цуцалсан бол өөр худалдан авагчид худалдаж, үнийг төлөхөөр тохиролцсон. Иймээс дараагийн худалдан авагчид үл хөдлөх эд хөрөнгө зарсны дараа 280,000,000 төгрөгийг өгөх боломжтой. ...Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж байгаа учир Иргэний хуулийн 232 дүгээр зүйлд заасны дагуу алданги шаардах эрхгүй, хэрэгт хохирол учирсан нь баримтгүй тул хохирол 140,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч А ХХК-ийн хооронд 2023 оны 06 сарын 20-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ бичгээр байгуулагдсан байна. Тус гэрээгээр хариуцагч А ХХК нь Баянгол дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай ***** тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай 62.04 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьж, ашиглалтад оруулан нэхэмжлэгч Э ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь үнэ 280,000,000 төгрөгийг хариуцагчид төлөөр харилцан тохиролцсон байна.
5.Зохигч талууд 2023 оны 06 сарын 20-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ бичгээр байгуулагдсан, нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний дагуу төлбөр 280,000,000 төгрөг төлсөн, үл хариуцагч гэрээний дагуу үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа боловч бүрэн ашиглалтад оруулаагүй бөгөөд нэхэмжлэгч талаас нэмэлт хугацаа тогтоож, шаардсан боловч үүргийн гүйцэтгэл биелэгдээгүй байгаа талаар маргаангүй байна.
6.Дээрх гэрээний агуулгаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэн байна гэж үзэв.
7.Талууд 2023 оны 06 сарын 20-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний 6 дахь хэсэгт ...Барилгыг гүйцэтгэгч 2023 оны 08 дугаар сард хүлээлгэн өнгө гэж тохиролцсон хэдий ч гүйцэтгэгч буюу хариуцагч тал тохиролцсон хугацаанд үүргээ гүйцэтгэж, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гараагүй байна.
8.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-дд Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.
9.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, төлбөрт шилжүүлсэн 280,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
10.Хариуцагч гэрээний 14б-д Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн хувийг буцаан олгохгүйгээр уг гэрээг гүйцэтгэгч тал дангаар цуцлах бөгөөд тухайн захиалсан байрыг өөр худалдан авагч худалдан авч, төлбөрөө төлсөн тохиолдолд үлдэгдэл төлбөрийг захиалагч талд эргүүлэн олгоно гэж тохиролцсоны дагуу захиалагчийн төлбөрийг гуравдагч этгээдэд худалдсаны дараа төлбөрөөс 5 хувийг суутгаж төлнө гэж тайлбарласан. Гэвч гэрээний дээрх зохицуулалтын агуулга захиалагч буюу нэхэмжлэгч тал гэрээний үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой үүсэх хариуцлага тодорхойлогдсон байна.
11.Нэхэмжлэгч гэрээний 14С-д Гүйцэтгэгч нь барилгыг гэрээгээр тохиолцсон хугацаанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг захиалагчид төлнө гэх нөхцөлийн дагуу алданги шаардсан хэдий ч үүргийн гүйцэтгэлийг хангах анзын зохицуулалт гэрээний хүчинтэй хугацаанд буюу гэрээ хэрэгжиж буй нөхцөлд үйлчилнэ. Тодруулбал гэрээг цуцалснаар гэрээний тохиролцоо мөн цуцлагдах юм.
12.Мөн нэхэмжлэгч 140,000,000 төгрөгийн алдангийн шаардлагаа Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирол гэж тайлбарласан хэдий ч хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй. Нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь нотлох баримтаар тогтогдохгүй байна.
13.Иймд хариуцагч А ХХК-аас 280,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 140,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
14.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,557,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу хариуцагч А ХХК-аас 280,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 140,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-аас 1,557,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР