| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2025/00137/И |
| Дугаар | 192/ШШ2025/05819 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/05819
| 2025 07 09 | 192/ШШ2025/05819 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ***** тоотод оршин суух, Н ургийн овогтой Тйн Д /РД:*****/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.С ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э
Хариуцагч хариуцагч Т.Д ,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Т.Д д холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд Г.С миний биө 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шүүхээр Т.Д гаас гэрлэлтээ цуцлуулсан. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2024/01662 дугаар магадлалаар гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан болох Баянгол дүүргийн *****3 тоот хаягт байрлах 40 мкв талбайтай 3 өрөө эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Г.С д шилжүүлэхийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ут даалгаж, хариуцагч Г.С гаас 62 250 000 төгрөггийг гаргуулж нэхэмжлэгч Т.Д д олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Т.Д өнөөдрийг хүртэл дээрх орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаагаас миний орон сууцыг өөрийн үзэмжээр захиран зарцуулах, өмчлөх эрх зөрчигдөж байгаа болно. Иймд Баянгол дүүргийн ***** тоот хаягт байрлах 40 мкв талбайтай, 3 өрөө эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай орон сууцнаас Т.Д г албадан гаргуулж өгнө үү гэжээ.
1.2.Хариуцагч хариу тайлбартаа: Би орон сууц чөлөөлж өгч чадахгүй. 2 хүүхдийн хамт орох орон байр байхгүй. Энэ байрыг зараад мөнгийг нь 2 хувааж авмаар байна. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу 62,250,000 төгрөгөө өгөөгүй байгаа. Мөн 2 хүүхдийг эхийн асрамжид үлдээсэн. Байрыг албадан чөлөөлснөөр Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхдийн эрхийн конвенц, Гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдийн эрх зөрчигдөнө, Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэжээ.
2.Хэрэгт нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 3/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 4/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/03624 дугаар шийдвэр /хх-ийн 5-10/, Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2024/01428 дугаар тогтоол /хх-ийн 11/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2024/01662 дугаар магадлал /хх-ийн 12-15/, хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 17/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Г.С нэхэмжлэлийн үндэслэлээ ...Хариуцагч Т.Д нь шүүхэд гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгө хуваах нэхэмжлэл гаргасан. Шүүхээс Баянгол дүүрэг, ***** тоот хаягт байрлах, 40м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг миний өмчлөлд үлдээж, надаас 62,250,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэвч хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхгүй, миний өмчлөх зөрчигдөж байна. Би орон сууцаа зөвхөн Т.Д гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардаж байгаа. Хүүхдүүдээс орон сууц чөлөөлж өгөхийг шаардахгүй гэж тодорхойлсон.
3.Хариуцагч Т.Д нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ Би орон сууц чөлөөлж өгч чадахгүй. 2 хүүхдийн хамт орох орон байр байхгүй. Энэ байрыг зараад мөнгийг нь 2 хувааж авмаар байна. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу 62,250,000 төгрөгөө өгөөгүй байгаа. Мөн 2 хүүхдийг эхийн асрамжид үлдээсэн. Байрыг албадан чөлөөлснөөр Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхдийн эрхийн конвенц, Гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдийн эрх зөрчигдөнө, Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж тайлбарлажээ.
4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улмын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/03624 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2024/01662 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШТ2024/01428 дугаар тогтоолоор Г.С , Т.Д нарын гэрлэлтийг цуцалж, С.Ганзоригт, охин С.Ганболор нарыг эх Т.Д гийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2022 оны 08 дүгээр сарын 02-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Т.Д , Г.С нарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн ***** орон сууцыг өөрийн эзэмшилдээ буцаан авах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Уранбилэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, эрхийн улсын бүртгэлийн *****2 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн *****тоот, 40м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Г.С д шилжүүлэхийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ут даалгаж, хариуцагч Г.С гаас 62,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Д д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 6-15/
5.Хариуцагч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд хүүхдүүдийн хамтаар оршин сууж байгаа болохоо зөвшөөрч маргаагүй.
6.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
7.Хариуцагч нь шүүхийн шийдвэрээр магаан бүхий орон сууцнаас ногдох хэсэгт 62,250,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч, зах зээлийн үнээр худалдан борлуулж, төлбөрийг нэхэмжлэгтэй хуваан авахаар маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу орон сууцны ногдох хэсэг, өмчлөгчийн талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
8.Шүүхийн шийдвэрийг аливаа этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрхтэй. Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Т.Д д шүүхийн шийдвэрийн дагуу 62,250,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй нь хариуцагчид орон сууц эзэмших, чөлөөлж өгөхөөс татгалзах эрх үүсгэхгүй.
9.Мөн Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, хувийн мэдээлэл, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь орон сууцнаас хүүхдээ албадан чөлөөлүүлэхээр шаардаагүй. Түүнчлэн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг төр, эцэг, эх хуульд заасан үндэслэл журмын дагуу хамгаалах үүрэг хүлээнэ. Ийнхүү хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг хэрэгжүүлэхдээ бусдын хууль ёсны эрхийг зөрчиж болохгүй.
10.Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдсон. Хариуцагч уг хөрөнгийг хууль ёсоор эзэмших, ашиглах эрхтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч хуульд заасан эрхийн дагуу хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй байна.
11.Иймд нэхэмжлэгч Г.С гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ***** тоот, 40м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Т.Д гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэв.
12.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн *****3 тоот, 40м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Т.Д гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Д гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР