2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/04814

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025  04  30

192/ШШ2025/03537

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ***** тоотод оршин суух, Х ургийн овогтой Дийн Г /РД:*****/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ***** тоотод оршин суух, Боржигин ургийн овогтой Сийн О /РД:*****/-д холбогдох,

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 174,157,000 төгрөг гаргуулах,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 0418 тоот Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А

Хариуцагч С.О,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч С.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 174,157,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна.

Д.Г миний бие хариуцагч С.Отэй 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, 116,105,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн. Зээл олгохдоо 66,105,000 төгрөгийг эхнэр Т.Бын эзэмшлийн хаан банкны ***** тоот данснаас бэлэн бус гүйлгээгээр шилжүүлж, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээний 3.1-т заасны дагуу зээлийн төлбөрөө төлж дуусах хугацаа 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр боловч зээлдэгч нь өнөөдөр, маргааш гэж хойшлуулж явсаар өнөөг хүрээд байна. Иймд хариуцагч С.Оюунгэрэлээс зээлийн үндсэн төлбөр болох 116,105,000 төгрөг, алданги 58,052,500 төгрөг нийт 174,157,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагч С.О нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна.

Р.О, Д.Г нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Р.О миний Хас банкны дансаар 50,000,000 төгрөг шилжүүлэн авсан. Мөн 16,105,000 төгрөгөөр миний Хас банканд барьцаанд байсан байрыг чөлөөлж, байрны эрхийн бичгийг Д.Г од барьцаа болгон үлдээсэн. Би Р.От байрны гэрчилгээ авах 16,105,000 төгрөгийг өгсөн. Д.Г од өргүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өнгө үү гэжээ.

 

3.Хариуцагч С.О нь нэхэмжлэгч Д.Г од холбогдуулан 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 0418 тоот Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж, сөрөг нэхэмжлэл дараах байдлаар тайлбарласан байна.

Анх гэрээ байгуулахад Р.О нь Д.Г гэж хүнтэй гэрээ байгуулж 50,00,000 төгрөг зээлэх зорилготой байсан юм. Миний байрыг Д.Гд барьцаалах зорилгоор Хас банкны зээлийн үлдэгдэл 16,105,00 төгрөгийг мөн Д.Гоос зээлж авч байраа барьцаанаас чөлөөлсөн. Ингээд байрны гэрчилгээг Д.Г од барьцаалахаар тохиролцсон. Гэтэл нотариат дээр намайг өөрөө гэрээ байгуулах ёстой гэж хэлсэн. Ингэхдээ хүүгүй, нэмэлт төлбөргүй гэж итгээд зээлийн гэрээг байгуулсан. Нотариат дээр гэрээ байгуулахад бэлнээр 50,000,000 төгрөг өгсөн гэж гэрээнд бичүүлсэн ч 50,000,000 төгрөг өгөөгүй. Иймээс намайг хуурч зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж байна. Иймд энэ гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тооцуулахаар шаардаж байна.

 

4.Нэхэмжлэгч Д.Г сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.

Д.Г миний бие хариуцагч С.Отэй 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, 116,105,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээний хугацаа сунгуулахаар хүсэлт гаргаж байсан. Дараа нь ч 50,000,000 төгрөг зээлэх хүсэлт тавьж байсан баримт нь байгаа. Дахин дахин мөнгө зээлэх хүсэлт гаргаад байсан байж одоо энэ гэрээг хүчингүй гэх нь зохимжгүй. Одоог хүртэл зээл төлөөгүй 2 жил болж байна. Бид энэ мөнгийг ашиглаж амьдарч байна гэжээ.

 

5. Хэрэгт нэхэмжлэгчээс Д.Г ын иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 3/, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 4/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 5/, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 6/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 170/,2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 179/, Д.Г ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 180/, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн барьцааны гэрээ /хх-ийн 181/, төлбөрийн баримт /хх-ийн 182/, хариуцагчаас С.Оийн иргэний үнэмлэхийн нотариатаар хуулбар /хх-ийн 11/, дансны хуулга /хх-ийн 18/, дансны хуулга /хх-ийн 47-67/, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 295 тоот албан бичиг /хх-ийн 94/, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 30ж2-3/1858 тоот албан бичиг /хх-ийн 95/, дансны хуулга /хх-ийн 96-98/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ГХ2023/01730 дугаар гүйцэтгэх хуудас /хх-ийн 141/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-ийн 142/, мэдэгдэл /хх-ийн 143/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2024/01199 дугаар магадлал /хх-ийн 144,145/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 152/, Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 7/779 тоот албан бичиг /хх-ийн 201/, шүүхээс Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2ж/321 тоот албан бичиг /хх-ийн 70/, Хаан банк ХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 5114/01/383 тоот тодорхойлолт /хх-ийн 129/, зээл төлөх мэдэгдэл /хх-ийн 130/, дансны хуулга /хх-ийн 131/, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 30ж3-3/5842 тоот албан бичиг /хх-ийн 151/, баталгаа /хх-ийн 153/, Р.Оээс гаргасан баталгаа /хх-ийн 188,189/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2555 дугаартай дүгнэлт /хх-ийн 190-192/, прокурорын тогтоол /хх-ийн 193-195/, Хаан банк ХК-ийн тодорхойлолт /хх-ийн 198/, Н.О, Р.О, Т.У нарын гэрчийн мэдүүлэг /хх-ийн 222-228/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Миний бие хариуцагч С.Отэй 2023 оны 02 сарын 08-ны өдөр 0418 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, 116,105,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн. Зээлээс 66,105,000 төгрөгийг эхнэр Т.Бын эзэмшлийн Хаан банкны ***** тоот данснаас шилжүүлж, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээний 3.1-д заасны дагуу зээлийн төлбөр төлж дуусах хугацаа 2023 оны 03 сарын 10-ны өдөр боловч зээлдэгч нь өнөөдөр, маргааш гэж хойшлуулсаар өнөөдрийг хүрээд байна. Иймд хариуцагч С.Оээс зээл 116,105,000 төгрөг, алданги 58,052,500 төгрөг нийт 174,157,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон байна.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...2023 оны 02 сарын 08-ны өдөр Р.О, Д.Г нар харилцан тохиролцсоны үндсэн дээр миний Хас банкны дансаар дамжуулж 50,000,000 төгрөг, 16,105,000 төгрөгийг тус тус авч, миний Хас банканд барьцаанд байсан байрыг чөлөөлж байрны эрхийн бичгийг Д.Г од барьцаа болгон үлдээсэн. Би Р.От байрны гэрчилгээ авах 16,105,000 төгрөгийг өгсөн, харин Д.Г од өргүй гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...Анх гэрээ байгуулахад Р.О нь Д.Г гэж хүнтэй гэрээ байгуулж 50,00,000 төгрөг зээлэх зорилготой байсан юм. Миний байрыг Д.Год барьцаалах зорилгоор Хас банкны зээлийн үлдэгдэл 16,105,00 төгрөгийг Д.Гоос зээлж байраа барьцаанаас чөлөөлсөн. Гэтэл нотариат дээр зээлийн гэрээг намайг өөрөө байгуулах ёстой гэж хэлсэн. Ингэхдээ хүүгүй, нэмэлт төлбөргүй гэж итгээд зээлийн гэрээг байгуулсан. Нотариат дээр гэрээ байгуулахад бэлнээр 50,000,000 төгрөг өгсөн гэж гэрээнд бичүүлсэн ч 50,000,000 төгрөг өгөөгүй. Иймээс намайг хуурч мэхлэн зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж байна. Иймд энэ гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардаж байна. гэж тайлбарласан.

 

5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Д.Г миний бие хариуцагч С.Отэй 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, 116,105,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээний хугацааг сунгуулахаар хүсэлт гаргаж байсан, баримт нь байгаа. Дахин дахин мөнгө зээлэх хүсэлт гаргаад байсан байж одоо энэ гэрээг хүчингүй гэх нь зохимжгүй гэж тайлбарласан байна.

 

6.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1. Нэхэмжлэгч Д.Г , хариуцагч С.О нарын хооронд 2023 оны 02 сарын 08-ны өдөр байгуулагдсан 0418 тоот Зээлээн гэрээ, 0419 тоот Барьцааны гэрээ, Т.Бын Хаан банкин дахь ***** тоот дансны хуулга, Д.Г , Т.Б нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Оийн Хас банкин дахь ***** тоот дансны хуулга, үл хөлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хам банкны төлбөрийн баримт,

 

6.2.нэхэмжлэгч Д.Г , хариуцагч С.О нар 2023 оны 02 сарын 08-ны өдөр 0418 тоот Зээлээн гэрээ, 0419 тоот Барьцааны гэрээ-г тус тус бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч С.От 2023 оны 02 сарын 08-ны өдөр Хаан банкин дахь данснаас 5 удаагийн шилжүүлгээр нийт 66,105,000 төгрөг шилжүүлж, хариуцагч Д.О зээлийн 16,105,651 төгрөгөөр Хас банкны зээл хааж, хариуцагч С.Оийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ***** тоот хаягт байршилтай, 26.07м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг нэхэмжлэгч барьцаалсан үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 4-6,180-181, /

 

7.Нэхэмжлэгч хариуцагч нар хэн аль нь 2023 оны 02 сарын 08-ны өдөр 0418 тоот Зээлээн гэрээ, 0419 тоот Барьцааны гэрээ-г тус тус бичгээр байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн тухайд, хариуцагч зээлийн гэрээний дагуу дансаар 66,105,000 төгрөг хүлээн авч, 16,105,000 төгрөгөөр Хас банкин дахь зээл хааж, өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгчид барьцаалсан, зээлийн төлбөр нэхэмжлэгчид төлөөгүй талаар маргаагүй байна.

 

8.Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч С.Оийн өмчлөлд 116,105,000 төгрөг шилжүүлэн өгөх, хариуцагч шилжүүлэн авсан 116,105,000 төгрөгийг 1 сарын хугацаанд буцаан төлөх тохиролцоо хийгдсэн үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

9.Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу зээл 116,105,000 төгрөг, алданги 58,052,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний дагуу 66,105,000 төгрөг шилжүүлэн авсан, харин үлдэх 50,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй, энэ гэрээ хуурч мэхэлсэн хүчин төгөлдөр бус гэж тооцох хэлцэл хийгдсэн гэж маргасан.

 

10.Шүүхэд гэрч Н.О: ...Д.Г , С.О гэж хүн байсан өөр хүн байсан талаар санахгүй байна. Зээлийн гэрээ хийхдээ бичсэн зүйл, мөнгө өгсөн зүйл байхгүй. Барьцаа хөрөнгийн өмчлөгч өөрөө орж ирээд барьцааны гэрээ хийгээд гарсан. Гэрээнд С.О өөрөө гарын үсэг зурсан. 50,000,000 төгрөг өгсөн, авсан талаар хоёр тал зөвшөөрөөд гэрээнд бичүүлсэн гэх, гэрч Т.У: ...Д.Г той бизнесийн харилцаатай. Мөнгө зээлж байсан. Би Д.Г той С.О, Р.О хоёрыг танилцуулж байсан. Энэ 2 хүн хоёулаа надад хүсэлт тавьсан. Урьд өдөр нь байраа барьцаанд тавих гээд явж байсан юм билээ. Би та нарын 3 өрөө байрыг мэдэхгүй. Байр барьцаанд тавьж мөнгө зээлмээр байна гэж хэлсэн учир би Д.Г той танилцуулж өгсөн. Р.Отэй сүлжээний бизнест ажилладаг. Р.О, С.О хоёр байнга хамт явдаг байсан. Хамт явж байгаад надад байр барьцаанд тавих хүн байна уу гэж асуусан. С.О өөрөө зөвшөөрөөгүй байхад би өөрөө мэдээд барьцаанд байр тавих боломжгүй. Р.О, С.О бид гурав Вултима гээд койн сүлжээнд хамт суудаг байсан. С.О банканд байсан байраа чөлөөлүүлж аваад барьцаанд тавьсан гэх, гэрч Р.О: С.О Р.Г той нотариат дээр гэрээ хийсэн. Би 16,000,000 төгрөг авч байгаа. Д.Г гэж хүнийг би танихгүй. С.Отэй хамт сүлжээний ажилд хамт ажиллаж байсан. Би том юм хийж байгаа гэхэд байраа тавиад 50,000,000 төгрөгийн зээл авч оруулахаар тохиролцсон. Т.У хамт ажилладаг байсан. Д.Г ыг зуучилж өгсөн. Би Д.Г ыг танихгүй. С.О бид хоёр нэмж мөнгө зээлээд хамтарч ажиллахаар тохиролцоод Д.Г оос С.О 50,000,000 төгрөг зээлж гэрээ байгуулж авсан. Би тэр мөнгийг авсан. Дараа нь бид хоёр дахин зээл авахаар очиж уулзаж байсан. Үүнд нь би дахиж оролцоогүй гэх мэдүүлэг тус тус өгсөн байна. /хх-ийн 222-228/

 

11.Дээрх үйл баримтаас үзвэл хариуцагч С.О нь Т.Уээр дамжуулан нэхэмжлэгч Д.Г той танилцаж, зээлийн гэрээг байгуулахаар харилцан тохиролцсон нь тогтоогдож байна. Харин зээлийн гэрээний 3.4 дэх хэсэгт ...50,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тусгасан байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 50,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн өгсөн нь тогтоогдохгүй байна.

 

12.Гэрч Т.У, Р.О нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн ...Р.О, С.О нарыг өмнө танихгүй гэх тайлбар, нэхэмжлэгчийн ...Анх гэрээ байгуулахад Р.О нь Д.Г гэж хүнтэй гэрээ байгуулж 50,00,000 төгрөг зээлэх зорилготой байсан юм. Миний байрыг Д.Год барьцаалах зорилгоор Хас банкны зээлийн үлдэгдэл 16,105,00 төгрөгийг Д.Гоос зээлсэн 16,105,000 төгрөгөөр барьцаанаас чөлөөлсөн. Гэтэл нотариат дээр зээлийн гэрээг намайг өөрөө байгуулах ёстой гэж хэлсэн гэх тайлбар зэргээр хариуцагч С.О нь Р.Отэй хамтран бизнес хийх зорилгоор 50,000,000 төгрөг, барьцаа хөрөнгө чөлөөлж барьцаалах зорилгоор байр барьцаанаас чөлөөлөхөд шаардлагатай 16,105,000 төгрөг нийт 66,105,000 төгрөгийн хөрөнгө бий болгох зорилгоор Д.Г той харилцан тохиролцсоны дагуу 2023 оны 02 сарын 08-ны өдөр 116,105,000 төгрөгт зээлийн гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

13.Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй. гэж заасан.

 

14.Хууран мэхэлсэн хэлцэл гэдэгт хэлцлийн нөгөө тал санаатайгаар хэлцэл хийх үндэслэлд хамаарах нөхцөл байдлын талаар худал хэлэх, худал мэдээлэл өгөх, эсхүл мэдэгдэх ёстой нөхцөл байдлын талаар мэдэгдээгүй байхыг ойлгоно.

15.Хэрэгт байгаа баримтаас үзвэл зээлийн гэрээг 116,105,000 төгрөгт байгуулахаар нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн зөвшөөрч гэрээний дүнг тодорхойлсон нь тогтоогдож байна. Энэ үйл баримт 2023 оны 05 сарын 04-ний өдөр Миний бие Д.Г од 5 сард өгөх байсан 116,105,000 төгрөгийг 1 сарын хугацаатай сунгаж өгөхөөр баталгаа гаргаж байна. Жич: маргаан хийж үл ойлголцолд хүрэхгүй байх болно гэх Баталгаа-г С.О бичгээр гаргаж байсан баримт давхар нотлогдож байна. /хх-ийн 153/

 

16.Талуудын хооронд 2023 оны 02 сарын 08-ны өдөр 116,105,000 төгрөгт зээлийн гэрээ байгуулагдсан байх боловч зээл 66,105,000 төгрөг шилжүүлж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг 116,105,000 төгрөг болгон төлөхөөр тохиролцож хэлцэл хийсэн нь хууран мэхлэх, бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулсан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Иймээс 2023 оны 02 сарын 08-ны өдөр байгуулагдсан 0418 тоот зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна гэж үзэв.

 

17.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

18.Хариуцагч зээлийн гэрээний 3.1 дэх хэсэгт заасны дагуу зээл 66,105,000 төгрөгийг 2023 оны 03 сарын 10-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн. Энэ үүргээ биелүүлсэн нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч зээл 66,105,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

 

19.Мөн Зээлийн гэрээний 3.7 дахь хэсэгт талууд алдангийн талаар тохиролцсон байх бөгөөд энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад нийцсэн байна. Алдангийн хэмжээн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

 

20.Нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссанаас хойш зээл 66,105,000 төгрөгөөс хоног тутам 0.5 хувийн алданги тооцож, 50 хувиас хэтрүүлэхгүй дүнгээр 33,052,500 төгрөгийн алданги шаардах эрхтэй.

 

21.Иймд хариуцагч С.Оээс 99,157,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г од олгож, нэхэмжлэлээс үлдэх 74,999,500 төгрөгт холбогдох хэсэг, нэхэмжлэгч Д.Г од холбогдох 2023 оны02 сарын 08-ны өдрийн 0418 тоот Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хариуцагч С.Оийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

22.Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,028,735 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 738,475 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 653,737 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дүгээр зүйлийн 232.4-т заасны дагуу хариуцагч С.Оээс 99,157,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г од олгож, нэхэмжлэлээс үлдэх 74,999,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Д.Г од холбогдох 2023 он 02 сарын 08-ны өдрийн 0418 тоот Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хариуцагч С.Оийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,028,735 төгрөг, хариуцагч С.Оээс сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 738,475 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 653,737 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР