| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2021/01619/И |
| Дугаар | 192/ШШ2025/03537 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/03537
| 2025 04 30 | 192/ШШ2025/03537 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *****байрлах, Х банк ХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, *****т байрлах, Т ХХК /РД:*****/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ***** тоотод оршин суух, С ургийн овогтой Лийн О /РД:*****/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ***** тоот хаягт оршин суух, Са ургийн овогтой Цийн В /РД:*****/,
Хариуцагч: Баянгол дүүрэг,***** тоот хаягт оршин суух, С овогт Оийн Б /РД:*****/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 343,855,002.53 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г
Хариуцагч О.Б ,
Хариуцагч Т ХХК, Ц.В нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Т ХХК, Л.О , Ц.В , О.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 343,855,002.53 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг гаргасан байна.
2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: Т ХХК, Лхүндэв овогтой О нар нь Х банк ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр №ЗГ201843937640 тоот Зээлийн гэрээ, мөн тус өдөр №БГҮ201843937640 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 250,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай уг зээлийг авсан бөгөөд зээлийн барьцаанд Л.О , Ц.В , О.Б нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн *****4 дугаартай Баянгол дүүргийн ***** тоот хаягт байршилтай 432 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг, мөн Ц.В , О.Б нарын өмчлөлийн нэгж талбарын ***** дугаартай Баянгол дүүрэг, *****тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул Банкны зүгээс хариуцагч нарт зээлээ төлөх тухай мэдэгдэл бичгээр өгч, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөөгүй. Ковид-19 цар тахлын хязгаарлалтын үед зээлдэгч хүслэт гаргасан тохиолдолд хүү зогсоох зэргээр арга хэмжээ авч байсан боловч хариуцагч тал энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй болно. Зээлдэгч нар нь 2023 оны 02 сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 196,771,571 төгрөг 19 мөнгө, зээлийн хүүгийн төлбөрт 137,904,516 төгрөг 10 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,178,915 төгрөг 24 мөнгө нийт 343,855,002 төгрөг 53 мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлдэгч нар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй, төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгө болох Л.О , Ц.В , О.Б нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн *****4 дугаартай Баянгол дүүргийн ***** тоот хаягт байршилтай 432 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Ц.В , О.Б нарын өмчлөлийн нэгж талбарын №***** дугаартай Баянгол дүүрэг, *****тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэрэг хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Т ХХК, Л.О нар нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох зээлийн гэрээний талаар маргахгүй, Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нар анх 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдөр зээл авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Дэлхий даяар "корона вирус"-ын халдвар эрчимтэй тархаж, компаниудын үйл ажиллагааг зогсоосон. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30 хүртэлх хугацаанд "Т" ХХК нь үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Мөн 2019 оны сүүлээр хариуцагч болох Л.О ийн төрсөн ахын бие илт муудаж, эм тариа болон эмчилгээний зардалд их хэмжээний мөнгийг хариуцагч нь зарлагадаж байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээ 2021 онд дуусах ёстой байсан боловч зээлийн гэрээний үүргийг зөрчиж эхэлсэн үеэс нэхэмжлэгч "Х банк" ХХК нь зээлийн гэрээний 6.1-т "Банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана" гэх эрхээ хэрэгжүүлээгүй учраас хариуцагч нарын зүгээс 2019 оны 12 дугаар сараас хойших зээлийн хүү. нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт "Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ" гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүргээ шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ зээлдэгчийн эрхийг зөрчихгүйгээр, үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байна. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндсэн зээлд нийт 50,146,294 төгрөгийг төлсөн учраас үндсэн зээлийн төлбөрөөс хасагдах ёстой. Иймд зээлийн хэмжээ болон нэмэгдүүлсэн хүүг бууруулж өгнө үү. Талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан учраас энэ талаар маргахгүй. Хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээний тооцоололтой холбоотой тайлбар гаргаж байна. Үндсэн зээлийн төлбөрөөс төлсөн мөнгө нь хасагдаж, үлдэгдэл төлбөр болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бууруулах үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал зээлийн төлбөрийг шаардах эрхээ хугацаандаа хэрэгжүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
4.Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-4/, итгэмжлэл /хх-5-7/, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №ЗГ/201843937640 дугаар зээлийн гэрээ /хх-8-9/, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь /хх-10/, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №БГҮ/201843937640 дугаар барьцааны гэрээ /хх-11-12/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-13-14/, Х банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-15/, Х банк ХХК-ийн зээл төлөх мэдэгдэл /хх-16-19/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-20-23/, зээлийн бүртгэлийн карт /хх-24-25/, Л.О ийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-26/, Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нотариатаар батлуулсан гэрчилгээ /хх-27/, Т ХХК-ийн дүрэм /хх-28-30/, итгэмжлэл /хх-41, 159-161/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-202-203/, зээлийн бүртгэлийн карт /хх-204/, зээлийн дансны хуулга /хх-205-208/, итгэмжлэл /хх-223/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-239/, зээлийн бүртгэлийн карт /хх-240-241/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-242-245/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-246/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-156/, нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /2хх-157/, нас барсны бүртгэлийн лавлагаа /2хх-158/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
5. Хариуцагч талаас хэрэгт итгэмжлэл /хх-45-46/, хариу тайлбар /хх-64-65/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-72/, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/265 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-7375/, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/616 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-76-77/, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/930 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-78-79/, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/1241 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-80-81/, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1242 дугаар захирамж /хх-82-83/, Хязгаарлалт тогтоохгүй хуулийн этгээд, үйл ажиллагааны жагсаалт /хх-84, 87, /, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1320 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-85-86/, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/87 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-88-89/, 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/161 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-90-91/, 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/221 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-92-93/, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-94-95/, Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хязгаарлалт тогтоох үйл ажиллагааны чиглэл /хх-96/, 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/313 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-97-99/, хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагааны жагсаалт /хх-100-102/, 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн А/108 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-102/, үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл /хх-103/, 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/25 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-104/, 222021 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн А/06 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-105-106/, 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/365 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-107/, Хязгаарлах үйл ажиллагааны жагсаалт /хх-108-109/, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/357 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-110-112/, үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл /хх-113/, 2020 оны 3 дугаар сарын 330-ны өдрийн А/436 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-114-115/, 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн TtB/22/6309 дугаар талбайн түрээсийн гэрээ /хх-248-2хх-1/, иргэний эрүүл мэндийн төв /2хх-22/, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн барьцааны гэрээ /2хх-23-24/, №11-1294074 дугаар барьцаалбар /2хх-25-26/, зэрэг баримтыг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Х банк ХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч Т ХХК, Л.О нар нь Х банк ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр №ЗГ201843937640 тоот Зээлийн гэрээ, №БГҮ201843937640 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 250,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд Л.О , Ц.В , О.Б нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн *****4 дугаартай Баянгол дүүргийн ***** тоот хаягт байршилтай 432 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг, мөн Ц.В , О.Б нарын өмчлөлийн нэгж талбарын ***** дугаартай Баянгол дүүрэг, *****тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул Банкны зүгээс хариуцагч нарт зээлээ төлөх тухай мэдэгдэл бичгээр өгч, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөөгүй. Ковид-19 цар тахлын хязгаарлалтын үед зээлдэгч хүсэлт гаргасан тохиолдолд хүү зогсоох зэргээр арга хэмжээ авч байсан боловч хариуцагч тал энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй. Зээлдэгч нар нь 2023 оны 02 сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 196,771,571.19 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 137,904,516.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,178,915.24 төгрөг нийт 343,855,002.53 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлдэгч нар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй, төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж шаардаж байна гэж тодорхойлсон.
3.Хариуцагч Т ХХК, хариуцагч Д.О нар нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Бид Х банк ХХК-аас 250,000,000 төгрөг зээлийн гэрээний дагуу авсан нь үнэн. Мөн барьцааны гэрээг байгуулсан бөгөөд эдгээр гэрээний талаар маргахгүй. Гэвч гэрээний хугацаа 2021 онд дууссан. Энэ хугацаанд Ковид-19 цар тахал гарч бид зээлийн төлбөр төлөх боломжгүй байдалд хүрсэн. Нэхэмжлэгч тал гэрээний хугацаа дууссанаас хойш Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргээ биелүүлэхийг шаардаж байгаагүй. Үндсэн зээл 196,771,571.19 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү. Барьцааны гэрээний дагуу хуульд заасан журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл бий. Зөвшөөрч байна. гэж тайлбарласан.
4.Хариуцагч Ц.В , О.Б нар нь нэхэмжлэлд тайлбар, нолох баримт гаргаагүй болно.
5.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1.Х банк ХК болон Т ХХК, Л.О нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/201843937640 тоот зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч Х банк ХК-аас хариуцагч хариуцагч Т ХХК, Л.О нарт 250,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр буцаан төлөх нөхцөл тохиролцож шилжүүлсэн байна.
5.2.Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор нэхэмжлэгч Х банк ХК болон хариуцагч Л.О , Ц.В , О.Б нар нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр БГҮ/201843937640 тоот Барьцааны гэрээг бичгээр байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлжээ. Тус гэрээгээр хариуцагч Л.О , Ц.В , О.Б нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн *****4 дугаартай, Баянгол дүүргийн ***** тоот хаягт байршилтай 432 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Ц.В , О.Б нарын өмчлөлийн нэгж талбарын ***** дугаартай Баянгол дүүрэг, *****тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг барьцаалсан байна.
5.3.Хариуцагч Т ХХК, Л.О нар нь зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Х банк ХК-аас зээл 250,000,000 төгрөгийг хүлээн авч, зээлээс 197,473,171.19 төгрөг, хүүгийн хамт гэрээнд заасан хугацаанд нь төлөөгүй, барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрч маргаагүй.
6. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасан хэлбэрээр, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан тул хүчин төгөлдөр байна.
7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, хариуцагчид зээл 250,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гэрээнд зааснаар үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.
8.Хариуцагч гэрээний дагуу төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн үеэс зээлийн гэрээг нэхэмжлэгч тал цуцлах боломжтой байсан гэж тайлбарласан боловч хариуцагч Л.О зээл төлөх хугацаа олгохыг хүссэн өргөдөл өгч байсан нь гэрээг цуцлах хүсэл зориг байгаагүй хариуцагчийн хүсэг зоригтой холбоотой байна. Мөн хариуцагч зээлд 50,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан хэдий ч зээлийн гэрээний 4.2.1-т заасан дансанд уг мөнгийг хийгээгүй. Харин Л.О нь өөрийн хугацаагүй хадгаламжийн дансанд орлого байдлаар байршуулсан байх тул зээлд 50,000,000 төгрөг төлөгдсөн гэх татгалзал үндэслэлгүй.
9.Түүнчлэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлаар Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрүүдээр өмчийн хэлбэр үл харгалзан зарим хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоосон ч тэдгээрийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөхөөр хуулиар тухайлан зохицуулаагүй. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн учир цар тахлын байдалтай холбогдуулан зохигч харилцан тохиролцоогүй, хууль зөрчсөнөөс бусад нөхцөлд шүүх хариуцагч нарыг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй.
10.Харин зээлийн гэрээний хугацаа 2021 оны 10 сарын 18-ны өдөр дуусгавар болох байсан хэдий ч нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчлийг бус гэрээний үүргийг бүхэлд нь буцаан шаардаж 2021 оны 05 сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2022 оны 09 сарын 27, 2023 оны 02 сарын 09-ний өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа мөн хугацаанд тооцож зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож шаардсан.
11.Зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд хариуцагч зээлийг төлөөгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Зээлийн гэрээний 5.1.5, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хугацаанаас өмнө гэрээг цуцалсан гэж үзнэ.
12.Гэрээг цуцалснаар гэрээний үүрэг дуусгавар болох тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага буюу гэрээг цуцалснаас хойш хугацаанд тооцсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй болно.
13.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч гэрээ цуцалж хариуцагч нараас үндсэн зээл 196,771,571.19 төгрөг, хуримтлагдсан хүү 68,444,122.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 424,790.64 төгрөг нийт 266,342,084.16 төгрөгийг шаардах эрхтэй.
14.Нэхэмжлэгч барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох хариуцагч Л.О , Ц.В , О.Б нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн *****4 дугаартай, Баянгол дүүргийн ***** тоот хаягт байршилтай 432 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Ц.В , О.Б нарын өмчлөлийн нэгж талбарын ***** дугаартай Баянгол дүүрэг, *****тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.
15.Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох зохицуулалттай.
16.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан.
17.Хариуцагч зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.
18.Иймд хариуцагч Т ХХК, Л.О нараас 266,342,084.16 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 77,512,910.37 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т ХХК, Л.О нар нь 266,342,084.16 төгрөг төлөх үүргээ сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Л.О , Ц.В , О.Б нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн *****4 дугаартай Баянгол дүүргийн ***** тоот хаягт байршилтай 432 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Ц.В , О.Б нарын өмчлөлийн нэгж талбарын ***** дугаартай Баянгол дүүрэг, *****тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь нь зүйтэй гэж дүгнэв.
19.Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Х банк ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,263,329 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК, Л.О , Ц.В , О.Б нараас 1,559,860 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Т ХХК, Л.О нараас 266,342,084.16 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 77,512,910.37 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК, Л.О нар нь шүүхийн шийдвэрийн дагуу 266,342,084.16 төгрөг төлөх үүргээ сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Л.О , Ц.В , О.Б нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн *****4 дугаартай Баянгол дүүргийн ***** тоот хаягт байршилтай 432 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Ц.В , О.Б нарын өмчлөлийн нэгж талбарын ***** дугаартай Баянгол дүүрэг, *****тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага /Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/-д даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Х банк ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,263,329 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК, Л.О , Ц.В , О.Б нараас 1,559,860 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР