2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/04189

 

 

 

 

 

 

 

 

2025  05  16

192/ШШ2025/04189

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ***** тоотод оршин суух, О ургийн овогтой Дын М /РД:*****/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ***** тоотод оршин суух, Б ургийн овогтой Дийн Г /РД:*****/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, *****-д байрлах А ГХОХХК /РД:*****/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 792,000,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 1,260,495,000 төгрөг,***** улсын дугаартай, Ланд Ровер Дефендер, ***** улсын дугаартай Лексус 470, ***** улсын дугаартай Ланд Ровер, ***** улсын дугаартай УАЗ Фургон, ***** улсын дугаартай Хайс Тоёота микро автобусыг нэхэмжлэгчийн эзэмшлээс гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Орчуулагч Лу Баон,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.

 

Хариуцагч шүүх хуралдаад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.М , хариуцагч Д.Г нар нь хариуцагч А ГХОХХК-д холбогдуулан 792,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1.1.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн тайлбар: Иргэн Д.М , Д.Г нар нь хамтран А ГХОХХК-ийн захирал З , гйцэтгэх захирал Ш нартай 2019 оны 3-р сарын 22-ны өдөр харилцан тохиролцож, өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ***** тоотод байрлах 1892 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай обьектыг түрээслүүлэхээр 10 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, зочид буудал, ресторанаа иж бүрэн тавилга, тоног төхөөрөмжийн хамт жагсаалтаар хүлээлгэж өгсөн. А ГХОХХК-ийн нярав М.Н гэдэг хүн Эд хөрөнгийг 2019-5-27-ний өдөр гарын үсэг зурж хүлээж авсан. Түрээслэгч тал гэрээ байгуулагдмагц өгөх ёстой эхний удаагийн төлбөрийг хуацаандаа өгөөд, гэрээний 4.1, 4.3, 6.2.1 -д тус тус заасны дагуу хуанлийн жил тутмын 4 сарын 1-ний дотор тогтмол төлж байх ёстой түрээсийн 264,000,000 төгрөгөө төлөхгүй 2020-4-1-нээс хойш хугацаа хэтрүүлж, сураггүй болсон тул манай нягтлан бодогч Байгалмаа тэдний орчуулагч, хуульч, нягтлан бодогч нартай утас, мессенжерээр удаа дараа холбогдож шаардлага тавьж байсны зэрэгцээ 2020 оны 9, 10 саруудад түрээслэгч компанийн нягтлан бодогч Д.Нямсүрэнгийн мессенжер чатаар албан бичиг илгээж, үүргээ гүйцэтгэхийг сануулж, шаардлага хүргүүлсэн боловч гэрээ байгуулсан захирал гүйцэтгэх захирал нар албан ёсоор ерөөсөө эргэж холбогдоогүй. Мөн түрээслэгч нь гэрээний 6.2.2, 6.2.3-д заасан үүргээ зөрчиж, түрээслэн авсан объектод ус алдуулснаас эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан. Энэ талаар мэдэгдэхэд ямарч арга хэмжээ аваагүйн зэрэгцээ цар тахлын үед хөл хорио тогтоогоогүй цаг хугацаануудыг болон үйл ажиллагаа явуулах бусад боломжуудыг огт ашиглахгүй, яагаад ажиллахгүй, түрээсээ төлөхгүй байгаа талаараа ямар нэгэн байдлаар хэлж мэдэгдсэн зүйлгүйгээр огт холбогдохгүй болсон. Гэвч түрээслүүлэгчийн хувьд түрээслэгчээ хүндэтгэн, 2 жил гаруй хугацаанд хүлээсэн боловч өмч хөрөнгийг ямар ч харуул хамгаалалтгүй эзэнгүй, цоожлоод орхисноос болж их хэмжээний ус алдаад, гадаа хаалгаар ус урсаад гарч байхад мэдсэн хүн ч байхгүй байсан , ус, дулаан, цахилгааны төлбөр зэргийг төлөхгүй орхисон зэргээс цаашид үр дүн гарахгүй, түрээслүүлэгчид улам их хохиролтой болох нь илт тодорхой болсон. Иймд өмч хөрөнгөө хамгаалахаас өөр аргагүй болж, объктоо хөлдөөж эрсдэлд оруулахгүйн тулд ус, дулаан, цахилгаан зэрэг бүх хэрэглээний төлбөрүүдийг өөрсдөө нөхөн төлж, шаардсаар байж 2022 оны 5 дугаар сард тулхүүрээ аваад, цаашид гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлахаа дахин мэдэгдээд, өөрсдийн зардлаар засвар хийж, 2022 оны 10 дугаар сард эмнэлэг оруулсан. Түрээслэгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхийнхээ дагуу тэдний үлдээсэн байсан автомашинуудыг өөрийн эзэмшилд байлгаж байгаа тул Ус алдуулснаас үүссэн хохирлыг арилгахад гаргасан засварын зардлаа хариуцагч талтай харилцан ярилцаж байж, тооцох бодолтой байгаа юм. Иймд 10 жилийн хугацаатай байгуулагдсан энэхүү түрээсийн гэрээг цуцалж, түрээслэгч тал гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс учирсан хохирол болох 792,000,000 төгрөгийг хариуцагч А ГХОХХК-аас /захирал З , гйцэтгэх захирал Ш гаргуулан өгнө үү гэсэн шаардлага гаргаж байна гэжээ.

 

1.2.Хариуцагч А ГХОХХК нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар: Тус Ауфей Экспорт, импортын корпораци ХХК нь 100 хувь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болно. Уг хуулийн этгээдийн хувь эзэмшигчид болох БНХАУ-ын иргэн З ба Ш нар нь 2017 оноос Монгол Улсад хөрөнгө оруулагчаар ирж хууль ёсны бүртгэлтэй суудаг болно. 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Мөөлөн ХХК-тай Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршиптай ***** тоот гэрчилгээтэй ***** тоот улсын бүртгэлтэй А зочид буудлыг 15 жилийн хугацаатай түрээслэх гэрээг байгуулсан. Түрээсийн гэрээний төлбөрт 100,000,000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд эхний жилийн төлбөрийг байгуулагдсанаар төлсөн. Манай компани нь гэрээнд заасны дагуу уг А зочид буудлын дотор засал болон буудлын зориулалттай тоног хэрэгслийг бүгдийг шинэчлэн бүхий л г гаргасан болно. Одоогийн байдлаар нийт 200,000,000 орчим юаны зардлыг засвар болон буудлын ор, тохижилт, бусад хэрэгсэлд зарцуулсан. Гэтэл 2021 онд буудлыг өмчлөгч этгээд нь өөрийн дураар булаан авч буудлын манаачийг хөөж явуулсан. Ингэснээр буудлыг өөр этгээдэд түрээсэлсэн бөгөөд манай байгууллагын тухайн буудалд байсан бүхий л зүйлийг өөрийн эзэмшилдээ авсан болно. Тухайн буудлын хашаанд байсан 6 ш машиныг авсан бөгөөд одоо болтол буцаан хүлээлгэн өгөөгүй. А ХХК-ийн өмчлөлийн *****дугаартай, Ланд Ровер Дефендер марк, ***** Лексус 470 марк, ***** Ланд ровер марк, ***** УАЗ фургон марк ***** Хайс Тоёото микро автобус зэрэг тус тус машинууд төлбөрийн үлдэгдэлд гэж аваад байна. Тус машинуудын бичиг баримт нь машин дотроо байсан болно. Бид өөрийн нэр дээр байгаа машинаа буцаан авахаар хүсэлт гаргасан боловч аваагүй бид мэдэхгүй гэж хэлж өдийг хүрсэн. Гэтэл тухайн машины дугаар нь гадуур зарагдан явж байгаатай таараад байна. Компанийн эрх бүхий албан тушаалтнууд нь цагаан сарын баярын үеэр өөрийн нутаг орондоо очсон байх үед буюу 2019 онд ковид-19 дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсантай холбоотойгоор БНХАУ-ын хил хаагдаж Монгол улс руу зорчих боломжгүй болсон. Цар тахапын хугацаанд үйл ажилпагаа явагдаагүйн зэрэгцээ аялап жуулчлал зогссон бөгөөд зохих баримт нөхцөлийн талаар түрээслэгч таптай ярилцах боломжгүй байсан бөгөөд бидний зүгээс үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулна гэж хуулийн зөвлөх болон нягтлангаараа дамжуулан мэдэгдсэн боловч бидний саналыг хүлээн аваагүй. Түүнчлэн нэхэмжлэлд дурдсанчлан утсаа авахгүй, холбогдохгүй алга болсон зүйл байхгүй бөгөөд төлбөрийн нөхцөлийг хойшлуулах талаар мэдэгдсэн болно. 2023 оны 4 сард БНХАУ-ын хилээр орж гарах боломж бүрдсэний дагуу 2023 оны 5 сард Монгол улсад ирсэн. Гэтэл бидний түрээслэж байсан буудлыг Мөөлөн ХХК-ийн зүгээс өөр гуравдагч этгээдэд түрээслэн шилжүүлсэн байсан. Бидний түрээсийн гэрээний дагуу үүргийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас төлбөрийг төлөөгүй байдал болон өөрийн өмчлөлийн машиныг хүлээн авах тапаар Мөөлөн ХХК-ийн захирал М болон бусад этгээдүүдтэй уулзсан боловч гэрээг үргэлжлүүлэх тапаар сонирхол байхгүй, манай компанийн нэр дээрх машиныг буцаан өгөхгүй байсаар өнөөдрийг хүрээд байна. Мөөлөн ХХК-тай байгуулсан уг түрээсийн гэрээ нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрээ бөгөөд хэрхэн манай компанитай байгуулсан гэрээг цуцлан өөр этгээдтэй түрээсийн гэрээ дахин байгуулсан нь тодорхойгүй байгаа. Үүний зэрэгцээ түрээсийн гэрээг төлөх боломжгүй бодит нөхцөл байдал, зочид буудлыг түрээслэгч гэрээг цуцлалгүйгээр дур мэдэн өөрөө буцаан авсан байдал, түрээсийн гэрээгээр төлөх үнийн дүнгийн хэмжээ зэргийг харгалзан үзвэл нэхэмжлэлд заагдсан төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Бидний зүгээс гэрээний дагуу үүргээ биелүүлэхээс татгалзсан зүйл байхгүй бөгөөд Мөөлөн ХХК нь үүргээ биелүүлээгүйн зэрэгцээ бидний оруулсан хөрөнгө оруулалт болох дан шинэ тавилга, дахин хийсэн засвар дээр тулгуурлан илүү өндөр үнээр түрээслэх сонирхолтой байгаа гэж бид ойпгож байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

 

2.Хариуцагч А ГХОХХК нь нэхэмжлэгч Д.М , Д.Г нарт холбогдуулан 1,260,495,000 төгрөг, ***** улсын дугаартай, Ланд Ровер Дефендер, ***** улсын дугаартай Лексус 470, ***** улсын дугаартай Ланд Ровер, ***** улсын дугаартай УАЗ Фургон, *****Ч улсын дугаартай Хайс Тоёота микро автобус гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

2.1.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тайлбар: А ХХК нь иргэн Д.М , Д. Г нартай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр харилцан тохиролцон Баянгол дүүргийн ***** тоотод байрлах А зочид буудлыг 10 жилийн хугацаагаар түрээслэх гэрээг байгуулан ажиллаж ирсэн. Гэрээний дагуу түрээс төлбөрт 660,000,000 төгрөгийг алданги 330,000,000 төгрөгийг хамт нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргаж байгаа болно. Гэрээний дагуу буудалд оруулсан хөрөнгө оруулсан А ХХК нь Д. М , Д. Г нартай 2020 оны 4 сард харилцан тохиролцсоны дагуу А ХХК нь иргэн Д.М , Д.Г нартай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр харилцан тохиролцон Баянгол дүүргийн ***** тоотод байрлах А зочид буудлыг 10 жилийн хутацаагаар түрээслэх гэрээг байгуулан ажиллаж ирсэн. Гэрээнд дараах зүйлийг тохиролцсон. Үүнд А зочид буудлыг урт хугацаанд ашиглахын тулд тухайн зочид буудлын доторх эд зүйлсийг өөрийн хөрөнгөөр шинэчлэх, зочид буудлын дотор өөрийн хөрөнгөөр засвар хийн ашиглах, тухайн зочид буудлыг урт хугацаанд ашиглах тул өөрийн компанийн тус тус гэрээний гол тохиролцоог хийсэн. Үндсэн тохиролцооны дагуу Д. М , Д. Г нартай тохиролцсоны дагуу зохих ёсоор түрээсийн төлбөрийг шилжүүлэн зочид буудлыг хүлээн авч барилгыг засварын ажлыг 2020 оны 8 дугаар сард хийж гүйцэтгэсэн болно. Үүний зэрэгцээ тухайн зочид буудлыг бүхий л хэрэглэгдэхүүн болох ор түүний дагалдах зүйлс /орны давуу, бүтээлэг, гудас гэх мэт/, шүүгээ, шкаф, зурагт, сандал гэх мэт зүйлсийг бүгдийг нь шинэчлэн засвар хийсэн барилгын дотоод хэлбэрт тааруулж худалдан авсан мөн түүнчлэн гал тогооны хэрэгслүүдиг шинээр авч үйл ажиллагаанд оруулан одоогийн байгаа байдалд нь тус тус хүргэж өөрчилсөн. Барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн компанийн төлөөлөгчид ямаршуу байдалтай зочид буудлыг өөрчилсөн талаар ажлын актыг гаргаж өгч байгаа. Гэтэл эдгээр зүйлсийг нэхэмжлэгчдийн зүгээс манай өөрийн зүйлс мэт нэхэмжлэлийн шаардлагад лурдан нэхэмжилсэн нь үндэслэлгүй болно. Нийт засварын ажил болон шинээр авсан эд зүйлсийн зардалд нийт 2,700,000 орчим юаны хөрөнгө оруулалт оруулсан болно. Энэ мөнгөн дүнг сөрөг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол Банкны ханшаар тооцвол /2024 оны Зургаадугаар сарын 2-ны юаны ханш 466.85 төгрөгтэй тэнцүү байна/ нийт 1,260,495,000 төгрөгийн хөрөнгө оруулалт болж байна. Гэрээний тал нэг болох Д.М , Д.Г нар нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийг үл хүндлэн нэг талын санаачлагаар түрээслэгч А ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр түрээсийг эд хөрөнгийг хүч хэрэглэн булаан авч, бусдад түрээслэн манай компанийн оруулсан хөрөнгө оруулалтийг ашиглан өндөр үнээр түрээслэж байгаа тул гэрээний дагуу хариуцлага хүлээх ёстой юм. Мөн түүнчлэн оруулсан хөрөнгө оруулалтыг шүүхийн журмаар буцаан гарган өгч биднийг шхиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.2.Нэхэмжлэгч Д.М , Д.Г нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар: Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ цуцлагдсан. Гэрээний үүрэг хэрэгжээгүй, зогсон асуудал хариуцагч талаас шалтгаалсан. Ковид-19 цар тахлын үед ирэх боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч тухайн үед Монгол улс 79 хоног л хатуу хөл хорио тогтоосон. Бусад үед буудлыг тусгаарлалтын зориулалтаар ашиглах боломжтой байсан. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа хохирол тогтоогдохгүй байна. Зочид буудал хүлээлгэн өгөх үед иж бүрэн тохижилттой хүлээлгэн өгсөн. Тиймээс хохирлыг зөвшөөрөхгүй. Харин автомашинуудыг нэхэмжлэгч өөрийнхөө хохирлыг барагдуулах хүртэл түр саатуулан барьсан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа машинуудыг хариуцагч талд хүлээлгэж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэж тайлбарласан байна гэжээ.

 

3.Хэрэгт нэхэмжлэгчээс 2019 оны 03 сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээ /хх-ийн 8-13/, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 14/, Д.Г, Д.М нарын иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 15/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 16/, гадаад пасспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 17,18/, А зочид буудлын эд хөрөнгийн жагсаалт /хх-ийн 19-36/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2022/03569 дугаар шийдвэр /хх-ийн 37,38/, Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 09 сарын 27-ны өдрийн 28ё1-3/4661 тоот албан бичиг /хх-ийн 39/, шаардлага /хх-ийн 40, 41/, А  бүтээгдэхүүний дэлгэрэнгүй /хх-ийн 79-82/, Хятад хэлээр үйлдсэн баримт /хх-ийн 126-150/, зочид буудлын тохижилтын гэрээ /хх-ийн 155/, Хятад хэлээр үйлдсэн гэрээ /хх-ийн 156-158/, 2019 оны 05 сарын 21-ний өдрийн худалдан авах, худалдах гэрээ /хх-ийн 159/, төлбөрийн баримтууд /хх-ийн 209-2хх-ийн 30/, зарлагын баримт /2хх-ийн 68-189/, төлбөрийн баримтууд /2хх-ийн 192-217/, ажил гүйцэтгэх гэрээ /2хх-ийн 218,219/, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-ийн 56,57/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2хх-ийн 240/, шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 06 сарын 11-ний өдрийн 5/8004 тоот албан бичиг /хх-ийн 106-114/, Автотээврийн үндэсний төвийн 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 21 тоот албан бичиг /хх-ийн 116-120/, Д.Нгийн гэрчийн мэдүүлэг /хх-ийн 143-,144/, Г.Аийн гэрчийн мэдүүлэг /хх-ийн 145,146/, М.Уийн гэрчийн мэдүүлэг /хх-ийн 147/, В-ийн гэрчийн мэдүүлэг /хх-ийн 178-180/, үзлэгийн тэмдэглэл /183-208/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 сарын 10-ны өдрийн 9/12591 тоот албан бичиг /хх-ийн 37-41/, Д.Цийн гэрчийн мэдүүлэг /2хх-ийн 51-54/, Д.Бийн гэрчийн мэдүүлэг /2хх-ийн 55,56/, үзлэгийн тэмдэглэл /2хх-ийн 5767/, хавсралтаар хангагч-хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Д.М , Д.Г нар нэхэмжлэлийн үндэслэлээ ...Д.М , Д.Г нар нь "А " ГХОХХК-тай 2019 оны 03 сарын 22-ны өдөр харилцан тохиролцож, өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ***** тоотод байрлах, 1,892 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объектыг 10 жилийн хугацаатай түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулж, зочид буудал, ресторанаа иж бүрэн тавилга, тоног төхөөрөмжийн хамт жагсаалтаар хүлээлгэж өгсөн. А " ГХОХХК эд хөрөнгийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээж авч, 1 жилийн төлбөрийг хугацаандаа өгсөн. Гэрээний 4.1, 4.3, 6.2.1-д түрээсийн төлбөрийг жил бүрийн 04 сарын 01-ний дотор төлөх ёстой байсан ч түрээсийн төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлж, сураггүй болсон. Мөн түрээслэгч нь гэрээний 6.2.2, 6.2.3-д заасан үүргээ зөрчиж, түрээслэн авсан объектод ус алдуулснаас эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан. ...Яагаад ажиллахгүй, түрээсээ төлөхгүй байгаа талаараа ямар нэгэн байдлаар хэлж мэдэгдсэн зүйлгүйгээр огт холбогдохгүй болсон. Түрээслүүлэгчийн хувьд түрээслэгчээ хүндэтгэн, 2 жил гаруй хугацаанд хүлээсэн боловч өмч хөрөнгийг ямар ч харуул хамгаалалтгүй эзэнгүй, цоожлоод орхисноос болж их хэмжээний ус алдаад, гадаа хаалгаар ус урсаад гарч байхад мэдсэн хүн ч байхгүй байсан. Ус, дулаан, цахилгааны төлбөр зэргийг төлөхгүй орхисон зэргээс цаашид үр дүн гарахгүй, түрээслүүлэгчид улам их хохиролтой болох нь илт тодорхой болсон. Иймд 2022 оны 2022 оны 10 дугаар сард гэрээг цуцалж, гэрээ цуцлах хүртэл 2 жил 6 сарын хугацааны түрээсийн төлбөр 660,000,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 660,000,000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алданги тооцоход 330,000,000 төгрөг гарч байгаа боловч "Covid -19" цар тахлын үеийн нөхцөл байдлыг харгалзан зөвхөн хуанлийн 1 жилийн түрээсийн төлбөрийн үнийн дүнгээс алданги тооцож 132,000,000 төгрөг нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас 792,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч А ГХОХХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Д.М , Д.Г болон "А " ГХОХХК-ийн захирал З , гүйцэтгэх захирал Ш нар 2019 оны 03 сарын 25-ны өдөр Баянгол дүүрэг, ***** тоотод байрлах 1892 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай А зочид буудлыг 15 жилийн хугацаатай, жилийн 100,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Манай компани гэрээний дагуу Агара зочид буудлын дотор засал болон буудлын зориулалттай тоног хэрэгслүүдийг бүгдийг шинэчлэн тохижилт хийхэд 2,000,000 орчим юань зардал гаргасан. 2019 онд цар тахал гарсантай холбоотойгоор БНХАУ-ын хил хаагдаж, Монгол улс руу зорчих боломжгүй болсон. Цар тахлын хугацаанд үйл ажиллагаа явагдаагүй зэрэгцээ аялал жуулчлал зогссон. Бид түрээслүүлэгч талтай хуульч болон нягтлангаар дамжуулан үргэлжлүүлэн түрээслэх талаар мэдэгдсэн боловч саналыг хүлээж аваагүй. ...2021 онд буудлыг өмчлөгч этгээд өөрийн дураар булаан авч, өөр этгээдэд түрээсэлсэн. Тухайн буудлын хашаанд байсан 5 авто машин одоо болтол буцаан хүлээлгэж өгөөгүй. Шинэ тавилга, тохижилт зэргийг ашиглаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч А ГХОХХК сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...Д.М , Д.Г болон "А " ГХОХХК-ийн захирал З , гүйцэтгэх захирал Ш нар 2019 оны 03 сарын 25-ны өдөр Баянгол дүүрэг, ***** тоотод байрлах 1892 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай А зочид буудлыг түрээслэхээр тохиролцсон. Манай компани гэрээний дагуу Агара зочид буудлын дотор засал болон буудлын зориулалттай тоног хэрэгслүүдийг бүгдийг шинэчлэн тохижилт хийхэд 2,700,000 орчим юань буюу 1,260,495,000 төгрөгийн зардал гаргаж хөрөнгө оруулалт хийсэн. ...2021 онд буудлыг өмчлөгч этгээд өөрийн дураар булаан авч, өөр этгээдэд түрээсэлсэн. Тухайн буудлын хашаанд байсан 5 авто машин одоо болтол буцаан хүлээлгэж өгөөгүй тул буцаан гаргуулна. гэж тодорхойлсон.

 

5.Нэхэмжлэгч Д.М , Д.Г нар сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ цуцлагдсан. Гэрээний үүрэг хэрэгжээгүй, зогсон асуудал хариуцагч талаас шалтгаалсан. Ковид-19 цар тахлын үед ирэх боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч тухайн үед Монгол улс 79 хоног л хатуу хөл хорио тогтоосон. Бусад үед буудлыг тусгаарлалтын зориулалтаар ашиглах боломжтой байсан. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа хохирол тогтоогдохгүй байна. Зочид буудал хүлээлгэн өгөх үед иж бүрэн тохижилттой хүлээлгэн өгсөн. Тиймээс хохирлыг зөвшөөрөхгүй. Харин автомашинуудыг нэхэмжлэгч өөрийнхөө хохирлыг барагдуулах хүртэл түр саатуулан барьсан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа машинуудыг хариуцагч талд хүлээлгэж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэж тайлбарласан байна.

 

6.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

6.1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.06.11-ний өдрийн 5/8004 тоот лавлагаа, 2019 оны 03 сарын 22-ны өдрийн Түрээсийн гэрээ-ээр нэг талаас Д.Гэрэл, Д.М , нөгөө талаас А ГХОХХК-ийн хооронд Баянгол дүүрэг, ***** тоот, 1,892м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилгыг түрээслэх гэрээ байгуулагдаж, гэрээг нотариатаар гэрчлүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна. /1 дүгээр хавтас 8-18/

 

6.2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 183/ШШ2022/03569 дугаар шийдвэр, Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 09 сарын 27-ны өдрийн 28ё1-3/4661 дугаар албан бичгээр А ГХОХХК, төлөөлөгч З, төлөөлөгч Ш нарыг эрэн сурвалжилж, төлөөлөгч З, төлөөлөгч Ш нарын оршин суух хаягийг олж тогтоосон нь тогтоогдож байна. /1 дүгээр хавтас 37-38, 39/

 

7.Зохигч талуудын бичгээр гаргасан тайлбараар талууд Түрээсийн байгаалж, хариуцагч түрээсийн зүйлийг хүлээн авч, 2019- 2020 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн төлбөр төлөгдсөн, түүнээс хойш үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд төлбөр төлөөгүй тухайд маргаагүй байна.

 

8.Нэхэмжлэгч Д.М , Д.Г нарын нэхэмжлэлийн тухайд

 

8.1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ., 318.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4 дэх хэсэгт Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

 

8.2.Нэхэмжлэгч Д.Г Д.М болон хариуцагч А ГХОХХК-ийн нар эрхийн улсын *****дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ***** тоот, 1892м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилгыг 10 жилийн хугацаатай, зочид буудлын үйлчилгээ, зоогийн газрын зориулалтаар эзэмшиж ашиглуулахаар хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлийн газарт гэрээг бүртгүүлсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээг хуульд заасан хэлбэрээр байгуулсан тул хүчин төгөлдөр гэж дүгнэлээ.

 

8.3.Нэхэмжлэгч гэрээг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр цуцалж, 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 660,000,000 төгрөг, гэрээний 7.2-т зааснаар нийт 132,000,000 төгрөгийн алданги нийт 792,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

8.4.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-т түрээсийн гэрээний нэг сарын төлбөр 22,000,000 төгрөг, нэг жилийн төлбөр 264,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцов. Түрээслэгч тал жил бүр 100,000,000 төгрөгөөс тооцож нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг түрээслэгчид олгоно, 4.3-т ...Түрээсийн төлбөрийг жил бүрийн 03-р сарын 25-аас 04-р сарын 01-ний дотор түрээслэгчийн Хаан банкин дахь тоот дансаар буюу бэлнээр төлнө, 5.1.5-д Түрээслэгч нь түрээсийн талбайг зориулалт бусаар ашигласан, түрээсийн гэрээний хугацаа хэтэрсэн, ашиглалтын төлбөрийг 2 сар дараалан төлөөгүй, түүнчлэн түрээслэгчийн буруутай үйлдлийн улмаас түрээсийн талбайд онц их хэмжээний хохирол учирсан тохиолдолд энэхүү гэрээг цуцлахаар санал гаргах эрхтэй, 5.1.7-д Түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа түрээсэлсэн барилга байгууламжид нийлүүлсэн салгаж болох болон салгаж үл болох эд юмсыг харилцан тохиролцсон ёсоор өмчлөлдөө шилжүүлэн авах эртэй, 7.2-т Түрээслэгч нь энэхүү гэрээний 4.1-т заасан үүргээ биелүүлээгүй хурцаа хэтрүүлсэн тохиолдолд ийнхүү хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид төлж, 8.1.2-т түрээслэгч нь түрээсийн байрыг зориулалт бусаар ашигласан, түрээслэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас түрээсийн талбайд онц их хэмжээний хохирол учирсан тохиолдолд түрээслүүлэгчийн санаачилгаар, 8.3-т талууд зөвхөн гэрээний 8.2-т заасан үндэслэлээр гэрээ цуцлах тухай санал гаргах эрхтэй бөгөөд ийнхүү санал гаргасан тал нөгөө талдаа хуанлин 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ, 9.1-т талууд энэхүү гэрээг байгуулснаас хойш үүссэн гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал /үер, гал түймэр, газар хөдлөлт, бүх нийтийг хамарсан дайчилгаа болон бусад аюул, дайны болон онц байдал зарласан гэх мэт/ улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн биелүүлж чадахгүйд хүрвэл хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тохиролцсон байна.

 

8.5.Шүүхэд гэрч Д.Нямсүрэн ...А ГХОХХК-д нягтлан хийдэг байсан, 2018 оны 03 сарын 18-аас одоог хүртэл ажиллаж байгаа, 2019 онд завсар хийгээд яаж байгаад 2020 онд үйл ажиллагаа эхлээд яаж байсан чинь манай хоёр захирал урагшаа яваад сар болчхоод ирнэ гэж байсан удаагүй Ковид-19 гарсан. 2023 оны 06 сард ирсэн. 2020 оны 10 сард пар нь задраад пар сольсон. 24,000,000 төгрөг шилжүүлж байсан. ...үйл ажиллагаа явуулаагүй ч гэсэн урсгал зардал гардаг. Цог цахилгаан дулааны мөнгийг манайх төлж байсан. Харин түрээсийн төлбөрийн хувьд 4 дүгээр сараас эхлэн яах юм бэ гэж Ви чатаар асууж байсан. Тэгэхэд захирал өөдөөс бид нар удахгүй очино. Очихоороо түрээсийн төлбөрийг өгнө гэдэг байсан гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтас 143-144/ гэрч Г.Амгалан 2018 оноос энэ компанид хуулийн зөвлөх гэдэг орон тоон дээр ажил хийдэг байсан. гэрээтэй холбоотой зөвлөгөө өгдөг байсан. Дотоод асуудалд оролцдоггүй байсан. ...А зочид буудалтай 2019 оны 2, 3 дугаар сарын үед тохиролцоод гэрээ хийгээд удаан хугацаагаар 10 жилээр гэрээ хийе гэж ярьсан. Түрээсийн гэрээ хийж түүний дараа зочид буудлын байр саванд нь засвар хийсэн. Зунжин засвар хийгээд 9, 10 сард дууссан байх. 2019 оны 01 сард гүйцэтгэх захирал хил даваад явсан. ...2019 онд гэрээ байгуулахдаа нэг жилийнхээ төлбөрийг төлсөн. тэр дууссанаас хойш мөнгө юу болж байна, мөнгө өө авъя гэж ярьдаг байсан. Гүйцэтгэх захирал руу Ви чатаар ярьдаг байсан. Өвчин гарсан, хил гааль хаалттай надад ямар ч боломж байгаагүй. Очоод төлбөрөө төлнө гэж хэлдэг байсан. Сүүлд 2021 оноос ярьдаг давтамж нь ихсээд тиймэрхүү байсан. Би 2022 оноос нийгмийн даатгал төлүүлэхээ болиулаад больсон надад хамааралгүй болсон гэж хэлснээс хойш залгахаа байсан гэх мэдүүлэг өгсөн. /1 дүгээр хавтас 145-146/

 

8.6.Талуудын шүүхэд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөр төлөхийг хариуцагчид удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, 2 жил 6 сар хэтрүүлсэн, түрээсийн гэрээний хугацаанд үйл ажиллагааг хариуцагч хариуцан ажиллуулж байх хугацаанд зочид буудлын пар задарч, хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

 

8.7.Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Коронавируст халдвар /COVID-19/-ийг цар тахлын хэмжээнд хүрснийг зарлаж, Монгол улсын хувьд уг халдвар тархаж Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг-т шилжүүлсэн. Энэхүү шийдвэрийн дагуу бүх нийтийн хөл хорио тогтоосон. Мөн Монгол улс хилээ хаасан үйл баримт нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн юм. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд өртсөн тохиолдолд аливаа гэрээний үүрэгтэй холбоотой харилцаанд гэрээнд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлсийн талаар хэрхэн тусгасан нь ач холбогдолтой. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой талууд харилцан тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулах, хариуцлага буюу алданги төлөх үүргээс чөлөөлөх, гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах зэрэг боломжтой. Харин гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

8.8.Хууль зүйн зохицуулалтын хувьд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.

 

8.9.Дэлхий нийтээр Ковид-19 цар тахал гарч, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохилдсон ч хариуцагч гэрээний дагуу түрээсийн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгэх үүрэгтэй. Мөн энэ хугацаанд ус алдаж, хохирол учирсан хариуцлагыг хүлээх үндэслэлтэй.

 

8.10.Нөгөө талаар хариуцагч нь нэхэмжлэгч талд түрээсийн төлбөр төлж, гэрээг үргэлжлүүлэх талаар мэдэгдсэн ч улмаар нэхэмжлэгч тал гэрээ цуцалсан гэх хугацаанаас өмнө түрээсийн зүйлийг авч, өөр этгээдэд түрээсэлсэн гэх тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй.

 

8.11.Иймээс гэрээний 8.1.2-т тохиролцсон ...түрээслэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас түрээсийн талбайд онц их хэмжээний хохирол учирсан тохиолдолд түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээ цуцлах, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан зохицуулалтын дагуу түрээсийн төлбөр хугацаандаа төлөх үүргээ хариуцагч гүйцэтгээгүй, цаашид гүйцэтгэх нь эргэлзээтэй нөхцөлд байдал бодитоор үүссэн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээ цуцлах хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй.

8.12.Харин талууд гэрээнд алдангийн талаар тохиролцсон, уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийсэн байх хэдий ч гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн талаарх гэрээний 9.1-т тохиролцоонд талууд энэхүү гэрээг байгуулснаас хойш үүссэн гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал /үер, гал түймэр, газар хөдлөлт, бүх нийтийг хамарсан дайчилгаа болон бусад аюул, дайны болон онц байдал зарласан гэх мэт/ улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн биелүүлж чадахгүйд хүрвэл хариуцлагаас чөлөөлөгдөнө гэснээс үзвэл хохирол буюу алданги шаардах эрхгүй гэж үзлээ.

 

9.Хариуцагч А ГХОХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

9.1.Иргэний хуулийн 332 дугаар зүйлийн 32.3-т Түрээслэгч нь түрээслэн авсан эд хөрөнгийг анх хүлээн авах үеийнхээс илүү чанаржуулан үлдээхээр бол түрээслүүлэгчээс нөхөн төлбөр шаардах эрхтэй, 332.4-т Түрээсийн гэрээ дуусгавар болоход түрээслэгч нь салгаж болох засан сайжруулалтыг салгаж авах буюу түрээслүүлэгч нь зохих үнийг төлж өөртөө авч болно гэж заасан.

 

9.2.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1.7-д түрээсийн зүйлд засан сайжруулалт хийсэн бол нэхэмжлэгч талд үлдээхээр тохиролцсон байна. Мөн Талууд гэрээ байгуулж, нэхэмжлэгч тал түрээсийн зүйл болох зочид буудлын зориулалттай, тохижилт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн нь гэрээний хавсралтаар тогтоогдож байна.

 

9.3.Засан сайжруулалтын зөрүү төлбөр шаардаж буй тохиолдолд өмнөх байдлаас ямар хэмжээгээр сайжирсан нь тодорхой нотлогдсон байх учиртай. Хариуцагч түрээсийн зүйлд өрөөний болон болон бусад тохижилт, засан сайжруулалт хийсэн талаар шүүхэд гэрч Г.Амгалан, Д.Нямсүрэн нар гэрчилсэн боловч өмнөх тохижилт ямар хэмжээгээр сайжирсан, энэ засан сайжруулалт нь нэхэмжлэлд дурдсан 1,260,495,000 төгрөгийн хэмжээний зардал гасан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр засан сайжруулалт хийсэн гэх ор, сандал нэхэмжлэгч талын байранд хураагдсан байдалтай байгаа нь тогтоогдсон. Засан сайжруулалт хийсэн нь өмнөх байдлыг сайжруулсан байхыг ойлгох бөгөөд эд хөрөнгө өмнөх эд хөрөнгөөс үнэ цэнэ илүү нэмэгдэж, сайжирсан байдлыг нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Хэрэгт цугларсан баримтаар ямар байдлыг яаж засан сайжруулсан, хэдэн төгрөгийн үнэ нэмэгдсэн баримтгүй, тогтоогдохгүй байна.

 

9.4.Мөн салгаж болох засан сайжруулалтыг салгаж авах хуулийн зохицуулалттай бөгөөд салгаж болох эд хөрөнгийн үнийг гаргуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй.

 

9.5.Хариуцагч сөрөг нэхэмжлэлээр нэхэмжлэгч нараас ***** улсын дугаартай, Ланд Ровер Дефендер, ***** улсын дугаартай Лексус 470, ***** улсын дугаартай Ланд Ровер,***** улсын дугаартай УАЗ Фургон, ***** улсын дугаартай Хайс Тоёота микро автобус гаргуулахаар шаардсан.

 

9.6.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байдаг.

 

9.7.Нэхэмжлэгч нар ***** улсын дугаартай, Ланд Ровер Дефендер, ***** улсын дугаартай Лексус 470, *****А улсын дугаартай Ланд Ровер,***** улсын дугаартай УАЗ Фургон, ***** улсын дугаартай Хайс Тоёота микро автобусыг эзэмшилдээ байлгаж байгаа бөгөөд хариуцагчид буцаан шилжүүлэхийг зөвшөөрч маргаагүй болно.

10.Дээрхээс дүгнэвэл хариуцагч А ГХОХХК-аас 660,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М , Д.Г нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 132,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.М , Д.Г нараас ***** улсын дугаартай, Ланд Ровер Дефендер, ***** улсын дугаартай Лексус 470, ***** улсын дугаартай Ланд Ровер, ***** улсын дугаартай УАЗ Фургон, ***** улсын дугаартай Хайс Тоёота микро автобусыг гаргуулан хариуцагч А ГХОХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 1,260,495,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж үзэв.

 

11.Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,117,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,530,625 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч нараас 70,200 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 3,457,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу хариуцагч А ГХОХХК-аас 660,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М , Д.Г нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 132,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 332 дугаар зүйлийн 332.3, 332.4-т заасны дагуу нэхэмжлэгч Д.М , Д.Г нараас ***** улсын дугаартай, Ланд Ровер Дефендер, ***** улсын дугаартай Лексус 470, ***** улсын дугаартай Ланд Ровер, ***** улсын дугаартай УАЗ Фургон, ***** улсын дугаартай Хайс Тоёота микро автобусыг гаргуулан хариуцагч А ГХОХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 1,260,495,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.М , Д.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,117,950 төгрөг, хариуцагч А ГХОХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,530,625 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч нараас 70,200 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 3,457,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР