Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/23

 

 

Э.*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор: Т.Солонго /цахим/,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/26 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор Т.Солонгын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Э.*******т холбогдох 2429000400020 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч Э.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сум******* 5 дугаар баг Цагаанхад суурьшлын бүсийн нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 16-ны орой ******* ӨМЕ улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Э.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******т холбогдох эрүүгийн 2429000400020 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Бунь овогт Эрдэнэбатын *******ийг цагаатгаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэргийг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэг бүртгэлтэд буцааж,

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

          Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тайлбартаа: ...Шүүхийн цагаатгах тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: 1. Анхан шатны шүүх шүүгдэгч Э.*******т холбогдох хэргийг шинэ болон хуучин хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, улмаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь цагаатгах тогтоол хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь: Монгол улсын Их хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь мөн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр хуульчлагдсан бөгөөд хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хийсэн аутентик тайлбарт мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” байхаар салаа утгагүйгээр хуульчилсан байхад шүүх “Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон тул “уг өдрөөс эхлэн” тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3 дахь заалтад зааснаар хасуулсан хүн уг зөрчлийг давтсан тохиолдолд гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуулийг тайлбарлаж хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу ойлгож тухайн зүйл, заалтын агуулга, аутентик тайлбараас өөр нэмэлт нөхцөлийг дурдаж, хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо гэмт хэрэг, түүний шинжийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлсон байх хууль ёсны зарчмыг зөрчиж, Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдаж байсан хэм хэмжээг гэмт хэргийн шинжид шууд хамаарах ойлголт мэтээр дүгнэж, Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Шүүгдэгч Э.*******ийн хувьд өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, уг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан хугацаа дуусаагүй болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон буюу дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 4 хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, ....бол...” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 2. Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг журамлаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл нь “Хууль буцаан хэрэглэх” талаарх заалт бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгийн заалтад заасан хууль буцаан хэрэглэх тухай ойлголт нь шинээр батлагдан хэрэгжиж эхэлсэн хууль нь өмнө үйлчилж байсан хуультай харьцуулахад үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд шинэ хуулийг урьд өмнө буюу хуучин хуулийн үйлчлэлийн үед гарсан гэмт хэрэгт буцаан хэрэглэх явдал юм.

Шүүгдэгч Э.*******ийн холбогдсон хэргийн хувьд хууль буцаан хэрэглэх дээрх нөхцөл үүсэхгүй бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалт шинээр хуульчлагдсан нь хууль буцаан хэрэглэх үндэслэл биш тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг журамлаж хэргийг шийдвэрлэснээр хууль буруу хэрэглэсэн байна.

Шүүх хэргийн талаар шийдвэр гаргахдаа шүүгдэгчийн эрх зүйн байдалд тухайн хуулийн зүйл, хэсэг, заалтын үзүүлэх нөлөөллийг тодорхойлон дүгнэж болох хэдий ч шүүгдэгч Э.*******ийн холбогдсон хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тайлбарлах байдлаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Тодруулбал, прокуророос эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэх болон шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо шүүгдэгч Э.*******т холбогдох хэрэгт эрх зүйн байдлыг нь дордуулсан хуулийг буцаан хэрэглэхээр, мөн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэх, хэрэглэхгүй талаар ямар ч санал, дүгнэлт гаргаагүй байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэх заалтыг тайлбарлаж, уг заалт зөрчигдсөн мэт дүгнэлт хийсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болно.

Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т зааснаар мөн хуулийг ноцтой зөрчсөн, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба “Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж үзэх үндэслэл болно.

Шүүх дээрх байдлаар дүгнэн хуулийг буруу хэрэглэж, гэмт хэрэгт холбогдсон этгээдэд ял завшуулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй болно.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/26 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.          

 

Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 заасныг ноцтой зөрчсөн бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5.1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлд хамаарч байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/26 дугаартай  цагаатгах тогтоолыг хүчингүй болгож болгож өгнө үү. 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Т.Солонгын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Э.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******т холбогдох эрүүгийн 2429000400020 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Бунь овогт Эрдэнэбатын *******ийг цагаатгаж шийдвэрлэснийг үндэслэлгүй байна гэж үзэв.

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбарлажээ.  

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 3 дугаар сарын сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллээр тодорхойлогдсон /хх-28/ ба тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 1 жилийн хугацаа 2024 оны 03-р сарын 23-ны өдөр дуусгавар болохоор байна.

Э.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал тогтоогдож шүүх энэ талаар дүгнэж бичсэн байна.

Анхан шатны шүүх “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж бол согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг давтан үйлдлээр жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл байна. Эхний үйлдлийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан; эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3 дахь заалтуудын аль нэгээр шийтгэл хүлээж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх урьдчилсан нөхцөлийг хууль тогтоогч тодорхойлжээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй. Тодруулбал дээрх Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон тул уг өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3 дахь заалтад зааснаар хасуулсан хүн уг зөрчлийг давтан гаргасан тохиолдолд гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Эрүүгийн хуулиар согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн давтан үйлдлийг гэмт хэрэгт тооцдоггүй Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж байсан. Иймд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан; эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжид хамаарахгүй юм. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл хүлээж байсан хүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжид хамааруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн үйлдэл юм... гэж хууль зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Э.*******т холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн, анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэв.

Учир нь: Зөрчлийн тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, эсхүл зөвшөөрлийг хүчингүй болгохыг эрх хасах шийтгэл гэнэ...гэснээс үзэхэд зөрчлийн хэрэгт холбогдсон этгээдийн,  тухайлбал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасч болохоор хуульчилсан байна.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл /8 жил хүртэл/, эсхүл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ”.

/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "тохиолдолд" гэсний дараа "тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл, эсхүл" гэж нэмэлт оруулжээ/

Мөн зүйлийн 3 дахь хэсэгт: Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно... гэж хуульчилснаас үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял 12 жил хүртэл /өмнө нь 8 жил хүртэл байв/ байхаар, хорих ял дээр нэмж оногдуулсан бол хорих ялаа эдэлж дууссаны дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тоолж эхлэхээр байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тайлбарласан ба согтуурсан мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шийтгэл хүлээж  улмаар эрхээ хасуулсны улмаас эрх хасах шийтгэл нь хугацааны хувьд тоологдож байгаа  этгээдийг ойлгохоор байна. 

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө шийтгэл хүлээсэн хүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамааруулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үндэслэл болно гэж тайлбарлажээ. 

Шүүхийн энэхүү хууль зүйн дүгнэлтээр 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд  дээр дурдсан үндэслэлээр 1-8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан цаашлаад хорих ялаа эдэлж дууссаны дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тоолж эхлэх, зөрчлийн шийтгэл болон шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг эдэлж байгаа этгээдүүд энэ хугацаандаа дахин согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол эрүүгийн болон зөрчлийн хэргийн ямар ч шийтгэл, хариуцлага хүлээхгүй байх, энэхүү шийтгэлийг эдэлж буй этгээдүүд дахин энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг үйлдэхэд хууль үйлчлэхгүй мэт сөрөг үр дагаврыг үүсгэхээр байна.

Учир нь: Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчлийн талаар хуульчилсан ба эдгээр зөрчлийн хэргийн субъект нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн байх тул “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол хүчин төгөлдөр үйлчилж буй Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээх хуулийн зохицуулалт байхгүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт нь дээр дурдсан эрх хасах шийтгэл эдэлж байгаа, эрх хасах нэмэгдэл ял эдэлж байгаа, цаашид эрх хасах ялыг нэмэгдэл ялын чанартайгаар эдлэх ялтан этгээдүүд дахин согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол Эрүүгийн хууль болон Зөрчлийн хууль үйлчлэхгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр болжээ.  

Нөгөөтээгүүр Монгол улсын хэмжээнд Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг согтуурсан буюу мансуурсан байдалтайгаар үйлдсэний улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирч буйн улмаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор хууль тогтоох байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай анги болон Зөрчлийн тухай хуулиудад холбогдох нэмэлт өөрчлөлт оруулсныг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан журмын дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэхдээ мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталж 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтож байгаагаас дүгнэхэд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр тогтож,  яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаанаа хялбаршуулсан журмаар явуулж, улмаар дахин ердийн журмаар шийдвэрлэх шийдвэр шүүх хуралдааны явцад гаргах зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй байна.

          Анхан шатны шүүхийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай /хх-74/, хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай /хх-83/ шүүгчийн захирамжууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шийдвэрийн бүтэцтэй байгааг анхаарах нь зүйтэй.

          Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно, мөн зүйлийн 2-т “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэснийг баримтлан “Хууль үйлчлэх цаг хугацаа”-г тодорхойлох нь зүйтэй гэж үзэж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/68 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хяналтын прокурор Т.Солонгын гаргасан эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/26 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хяналтын прокурор Т.Солонгын гаргасан эсэргүүцлийг хангасугай.

2. Хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд очих хүртэл шүүгдэгч Э.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.