Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 115/ШШ2025/0021

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Г” ХХК,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж

Хариуцагч: Дорноговь аймгийн засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.О

Гуравдагч этгээд: П.Д нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “Г” ХХК-ийн захирал Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж, хариуцагч Дорноговь аймгийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, гуравдагч этгээд П.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан Сайншанд сумын 4-р багийн нутагт байрлах худалдаа, үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай 2653 м.кв газрыг П.Дид эзэмшүүлсэн Дорноговь аймгийн Засаг даргын ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/.... дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж байна.

 

2. Хэргийн нөхцөл байдлын талаар:

2.1. Дорноговь аймгийн Засаг даргын ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн А/.... дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Г” ХХК-д Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 1200 м.кв талбайг авто засвар үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн ба одоо нэхэмжлэгч компани нь эзэмшил газартаа авто засвар үйлчилгээний үйл ажиллагааг эрхэлж явуулж байна.

2.2. Дорноговь аймгийн Засаг даргын .... оны ... дугаар сарын ...-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/... дүгээр захирамжийн /хавсралтын 16/ дагуу мөн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/570 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зохион байгуулсан ба уг дуудлага худалдаанд гуравдагч этгээд П.Д ялагч болсон байна.

2.3. Дорноговь аймгийн Засаг даргын .... оны ... дугаар сарын ...-ны ... дугаар захирамжаар дуудлага худалдааны ялагч гуравдагч этгээд П.Дид эзэмшүүлсэн 2653 м.кв газар нь нэхэмжлэгчийн авто завсар үйлчилгээний барилга байгууламж бүхий Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх 1200 м.кв газрыг 4 талаар нь тойруулан “Г” ХХК-д орц, гарцгүйгээр төлөвлөгдсөн байна.

2.4. Нэхэмжлэгч “Г” ХХК нь П.Дид газар эзэмшүүлсэн Дорноговь аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн А/543 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Дорноговь аймгийн Засаг даргад 2025 олны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 тоот албан бичгээр хандсан ба, аймгийн Засаг даргаас асуудлыг судалж шийдвэрлэх чиглэл өгсний дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдтэй уулзалт зохион байгуулсан боловч зөвшилцөлд хүрээгүй.

2.5. Нэхэмжлэгчээс 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 115/ШЗ2025/0034, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШЗ2025/0041 дүгээр захирамжаар тус тус нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

 

3. Нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Засаг даргын ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/.... дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

3.1. Анх манай компанид аймгийн Засаг даргын 2011 оны А/319 дугаар захирамжаар 1200м2 газрыг эзэмшүүлсэн ба үйл ажиллагааг өргөжүүлэх шаардлагаар эзэмшиж буй газрынхаа хэмжээг сунгах тухай хүсэлтийг 2014 оноос хойш удаа дараа албан бичгүүдээр гаргаж байсан.

Сайншанд сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/2552 тоот албан бичгээр “... газар ашигласан хугацааны төлбөрийг ногдуулан Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтын дагуу газар эзэмшүүлэх дуудлага худалдаагаар олгож, шийдвэрлэхээр болсон тул холбогдох төлбөрийг 2017 оны 12 дугаар сард багтаан барагдуулсны үндсэн дээр сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах арга хэмжээг зохион байгуулахыг мэдэгдье" гэж хариу ирүүлсний дагуу газрын торгууль болох 5.200.000  төгрөгийг төлсөн.

3.2. Газрын дуудлага худалдаа зарлагдахыг 2 жил шахам хүлээсний эцэст Газрын Харилцаа, Барилга Хот Байгуулалтын газрын дарга Ц.Оюунсайханаас “газраа илүү гарган эзэмшсэн аж ахуй нэгж байгууллага, иргэний газрыг дуудлага худалдаа зохион байгуулахгүйгээр дуудлага худалдааны анхны үнээр тухайн газрыг олгох болсон тухай3 мэдэгдэж дуудлага худалдааны анхны үнэ болох 6,670,000  төгрөгийг 2019 ондоо багтаан төл гэсний дагуу төлбөрийг төлсөн.

Үүнээс хойш газрын захирамжаа 3 жил хүлээсэн, дуудлага худалдаа болохоос 3 хоногийн өмнө захирамжаа хүлээж буй газрыг дуудлага худалдаанд оруулж байгаа талаар олж мэдсэн ба аймгийн болон сумын газрын албанаас энэ талаар мэдэгдэл ирүүлээгүйгээр дуудлага худалдаа явуулсан ба захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас газраа эзэмших боломжгүй нөхцөл байдал үүссэн” гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Миний үйлчлүүлэгч “Г” ХХК-иас Засаг даргын гаргасан захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. “Г” ХХК нь 2011 оноос эхэлж Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт 1200 м2 талбайтай газрыг аж ахуй үйлчилгээ явуулах зориулалттайгаар эзэмшиж, ашиглаж байгаа.

2024 онд миний үйлчлүүлэгчийн хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа газрыг тойруулан орж гарах боломжгүй болгоод Дорноговь аймгийн Засаг дарга нь иргэн П.Дид А/543 тоот захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь нэгдүгээрт Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлсэн. Хоёрдугаарт газар олгохдоо миний үйлчлүүлэгчийн хууль ёсоор эзэмшиж байсан газрын орц, гарцыг хааж тойруулаад газар олгосон нь хууль зөрчсөн байгаа учраас нэхэмжлэлээ дэмжиж байна.

Захиргааны байгууллага гэдэг нь хуулийн дагуу түүнд нийцүүлж үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий байгууллага байгаа.

Захиргааны ерөнхий хуульд захиргааны үйл ажиллагааны зарчим гэж заасан. Энэ тохиолдолд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад үзэхээр захиргааны байгууллагаас миний үйлчлүүлэгчид 2019 оноос хойш итгэл төрүүлээд, хуурамч, бодит бус байдлыг бий болгоод 2024 он хүрсэн үйл баримтууд хэрэгт тодорхой авагдсан.

Захиргааны байгууллага нь өөрөө хууль зөрчөөд явсан гэдэг нь харагдаж байна. Мэтгэлцээний явцад ч хэллээ газрын зөрчлийг арилгуулах зорилгоор “Г” ХХК-д зориулаад дуудлага худалдаа зарласан ч тухайн компани нь өөрөө авч чадаагүй болохоор л асуудал үүсчхээд байна гэж байна.

Газрын тухай хуульд газрыг дуудлага худалдааны зарчмаар эсхүл төсөл хэрэгжүүлэх зарчмаар эзэмшүүлнэ гэж заасан. Тухайн газрыг олгоё л гэж байгаа бол төсөл хэрэгжүүлэх зарчмаар нь эзэмшүүлэх боломжтой л байсан байх.

Хоёрдугаарт аймгийн Засаг даргад тус газрыг олгох эрх хэмжээ байхгүй. Инженерийн шугам сүлжээгүй газар гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдана. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн Засаг дарга хэрэгжүүлэх гээд байгаа нь  Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан эрэмбэ дарааллаа зөрчөөд байна.

Ямар ашиг сонирхол байсан болоод аймгийн Засаг дарга ингэж голоор нь орж гүйгээд байдаг юм. Сумын Засаг дарга дуудлага худалдаагаа зарлах бүрэн эрх Газрын тухай хуулиар олгогдсон байгаа.

Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас эрх нь зөрчигдсөн байх ёстой байдаг. Захиргааны байгууллага газар олгохдоо нэхэмжлэгчийн газрыг нь тойруулаад өөр хүнд газар өгчихсөн байгаа.

Тэгэхээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд аль аль нь газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж байгаа. Газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болчихсон гэдэг нь тухайн газар эзэмшүүлэх процесс хуулийн дагуу явагдаагүй байна гэсэн үг.

Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа нь талуудын эрх ашгийг хөндөхгүй буюу нэхэмжлэх эрхгүй, эрх ашиг нь зөрчигдөөгүй байх хуулийн шаардлагыг хангасан байх ёстой.

Гэтэл газар авсан нь ч тэр, хөрш зэргэлдээ айлынх нь ч гэсэн эрх ашиг нь зөрчигдчихөөд байхад энэ захиргааны акт хууль ёсны хүчин төгөлдөр гэж маргаад өнөөдрийг хүртэл шүүх хуралдаан хийгээд явж байгаа нь үндэслэлгүй байна.

Захиргааны байгууллага өөрөө зөрчилтэй захиргааны акт гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөөд уг гаргасан актаа өөрчлөх, хүчингүй болгох эрх нь байгаа. Тухайн эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэж байна.

Мөн С.Зын газрыг ингээд П.Дийн газартай тулчихъя гэдэг санал тавьсан. Энэ нь яагаад боломжгүй байна гэхээр С.Зын газрын дуудлага худалдааны үнэ 70,000,000 гаруй төгрөг байдаг. Дашдоржийн авсан газар нь 10,000,000 гаруй төгрөг байдаг. Тэгэхээр 70,000,000 төгрөгөөр худалдаж авсан газраа 10,000,000 төгрөгийн газраар солино гэдэг нь зах зээлийн үүднээсээ аваад үзсэн ч гэсэн боломжгүй нөхцөл байдал үүсгэчхээд байна.

Тэгэхээр захиргааны байгууллага нэгэнт хууль зөрчөөд талуудын эрх ашгийг хөндөөд гаргачихсан захирамжаа өөрчилж, хүчингүй болгох боломжтой. Засаг дарга байтугай, Улсын их хурал ч гаргасан хуулиа өөрөө өөрчилж, хүчингүй болгож болдог эрх зүйн орчинтой улсад бид нар амьдарч байгаа.

Тэгэхээр эрх зүйн орчин байхгүй, шийдвэрлэх зохицуулалт байхгүй. Шүүх л шийднэ гэдэг нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн эрхийг сэргээж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: "Г" ХХК-аас Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан тухайлбал аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/543 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлд дараахь хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхэд баримтлах журам, журмыг хэрхэн хэрэгжүүлэх зохицуулалтыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь заалтад нарийвчлан тусгаж өгсөн.

 Дээрх эрхзүйн актад заасан бүрэн эрхийн хүрээнд аймгийн Засаг даргаас Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын "Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 2021 оны 07/04 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбогдуулан төлөвлөгөөнд тусгагдсан дуудлага худалдааны журмаар олгох газруудад 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/544 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага зохион байгуулах шийдвэрийг гарган, улмаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Монгол улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам"-ын дагуу дуудлага худалдааны зарыг Газрын цахим бирж болон байгууллагын цахим хуудсаар журамд заасан хугацаагаар олон нийтэд нээлттэй байршуулж, дуудлага худалдааг 2022 оны 09 дүгээр 23-ны өдөр цахимаар зохион байгуулсан.

 Дуудлага худалдааны явцад гомдол гарч, ажлын хэсгээс гомдлыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраар шалгуулан хариуг гомдол гаргагч иргэнд хүргүүлж, дуудлага худалдаанд ялсан ялагчтай байгуулсан гэрээний дагуу дуудлага худалдаанд ялагчид газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан.

2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д газрыг хуульд заасан зориулалт хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх ба хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Иймээс газар эзэмших эрх үүсээгүй, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй Г ХХК-ний эрх бүхий албан тушаалтын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эзэмшсэн газрыг тухайн компанид эзэмшил газар гэж үзэн, улмаар давуу эрх үүсгэн шууд олгох эрх зүйн үндэслэл Газрын тухай хууль тогтоомжид байхгүй тул тухайн компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж байна.

3. Аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа зохион байгуулах тухай А/544 дүгээр захирамж нь газар эзэмших, ашиглах эрх олгох дуудлага худалдааг тэгш, шударга оролцоог хангаж, нээлттэй ил тод явуулах зорилгоор гаргасан зохион байгуулалтын шинжтэй Бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, хязгаарласан зүйл байхгүй захиргааны акт юм.

Түүнчлэн Монгол улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам"-ын 7 дугаар хэсэгт тусгагдсан дуудлага худалдааны зарыг зарлан мэдээлэх зохицуулалтад зарыг иргэн, хуулийн этгээдэд тусгайлан мэдэгдэх талаарх зохицуулалт байхгүй тул Г ХХК-д дуудлага худалдааны зарыг мэдэгдээгүй, мэдээгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д "Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд. хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хүн захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Гэвч Г ХХК-ны гаргаж буй нэхэмжлэлд аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/544, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/543 дугаар захирамжуудыг Газрын тухай хуулийн аль заалтыг зөрчсөн, түүний улмаас тухайн компани ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн талаарх хүчингүй болгох үндэслэл, мөн дээрх захирамжууд нь тухай компанийн эрх зүйн байдалд нь ямар өөрчлөлт оруулах талаар тодорхой зааж өгөөгүй нь Г ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй, харин аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/544, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/543 дугаар захирамжууд нь хууль нийцэж гарсан захиргааны акт гэдгийг харуулж байна.

Иймд "Г" ХХК-аас Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан тухайлбал аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/543 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

          5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

          Хэрэгт авагдсан байгаа нотлох баримтад нэхэмжлэгчийн шаардлагад хариу өгсөн тайлбараа дэмжиж байгаа. Сумын Засаг даргын захирамжаар шийдэгдэх ёстой байсан асуудал аймгаар шийдэгдээд эрх хэмжээнээс хэтрүүлчихлээ гэсэн асуудлыг ярьж байна. Манай Сайншанд сум аймгийн төвийн сум, аймгийн Засаг даргын эрх үүрэг дээр бол Газрын тухай хуулийн 21.3.2-д заасны дагуу аймгийн төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой юм уу, холбогдохоор төлөвлөсөн газарт аймгийн Засаг дарга сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үндэслээд захирамжлах эрх нь байгаа.

          Энэ хэрэгт яригдаад байгаа энэ газар нэгдүгээрт сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан. Хоёрдугаарт яригдаад байгаа инженерийн шугам сүлжээ буюу төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон газар буюу цахилгааны найдвартай эх үүсвэрт холбогдсон ийм газар байгаа.

          Мэдээж хэрэг дулаан гэдэг юм уу, цэвэр, бохир усны мэргэжлийн байгууллагуудаас техникийн нөхцөл авсны үндсэн дээр тодорхойлогдоно. Тэгэхээр хууль зөрчсөн, эрх хэмжээгээ хэтрүүлсэн шийдвэр биш гэж үзэж байна.

          Энэ дээр би маш тодорхой хариу хэлчихье. Хатуу боловч үнэн үг. Юу гэхээр нэгдүгээрт “Г” гэдэг компани хүсэлтээ өгсөн. Хүсэлтийнх нь дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаад дуудлага худалдаагаар олголоо шүү гэдгийг иргэнд нь мэдэгдээд дуудлага худалдаагаа зохион байгуулсан байдаг. Магадгүй энэ орц, гарцын асуудал нэг ёсондоо зөвшөөрөлгүй ашигласнаараа дээрээс нь тэр газраа авъя гэж хүсэлт гаргаж байгаагаараа “Г” компани хариуцлагаа хүлээгээд явах ёстой буюу дуудлага худалдаанд ямар нэгэн байдлаар ялагч болох л ёстой. Үүнээс өөр энэ компанид сонголт байхгүй.[1]

          Тухайн газрыг дуудлага худалдаа зохин байгуулж олгохоос өөр сонголт байгаагүй. Хэрэг хэлэлцэж байх хугацаанд орц гарцын асуудал нэлээд хөндөгдлөө гэж харж байгаа. Аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 09-ний  А/543 дугаартай захирамж хууль тогтоомж зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй гэсэн тайлбараа дэмжиж байна гэв.

 

6. Гуравдагч этгээд П.Д шүүх бичгээр гаргасан болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Дорноговь аймгийн ГХБХБГазраас 2022 оны 09-р сард олон нийтэд нээлттэй зарлагдсан, газрын сонгон шалгаруулалт буюу цахим дуудлага худалдаанд оролцож, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р багын нутаг дэвсгэрт хамаарах "Г" ХХК -ний байрлах 0,2653 га /2653 мк/ гэх газрын ялагчаар тодорч 2022 оны 09 сарын 26-ны өдөр ГХБХБГазартай ялагчийн гэрээ байгуулан, Төрийн сан банкны ..../ тоот дансанд 10193700 төгрөг шилжүүлэн байршуулаад хүлээсэн боловч "Г" ХХК-ний гомдлын дагуу тухайн газрын дуудлага худалдааг дахин хянах шаардлага үүссэн тухай газрын мэргэжилтний хэлсэн мэдээллийг авч, миний бие төрийн байгууллагын шийдвэрт хүлээцтэй хандаж хоёр жил хүлээсний эцэст Дорноговь аймгийн Засаг даргын 2024 оны 07-р сарын 09-ний өдрийн А/543 дугаартай захирамжийн дагуу иргэн П.Д миний нэр дээр /0000343474/ дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ гарч ирснээр миний нэр дээрх газрыг хуулийн дагуу ашиглах эрхийн хүрээнд бүтээн байгуулалт хийх гэсэн боловч "Г" ХХК-ний төлөөлөгч гэх нэр бүхий иргэн янз бүрийн шалтаг гаргаж санаатайгаар тухайн газрыг маань чөлөөлж өгөөгүйн улмаар гомдол гарган бидний бизнес хийх боломжийг алдагдуулан саад хийсээр дахин нэг жил өнгөрөөж байна.

Иймд: Орон нутгаас хуулийн хүрээнд төлөвлөгдөж нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан нь тодорхой байх бөгөөд гомдол гаргасан гэх ААН болон иргэн нь тухайн үед дээрх газрын цахим дуудлага худалдаанд хүлээн зөвшөөрч өөрийн биеэр оролцоод ялагдсан бөгөөд, санаатайгаар олон шалтаг гаргаж маргаан үүсгэж энэхүү байдлыг бий болгож байгаад харамсаж байна.

Г” ХХК-ийн дуудлага худалдаагаар авсан гээд байгаа газрын кадастрын зургийг би харлаа. Эднийх мөн гаражаа өргөтгөөд хэмжээнээсээ давуулаад барьчихсан юм байна. Миний хувьд ч мөн тухайн газрыг үйл ажиллагаа явуулах гэж авсан. Яг залгаа газар учраас би таны ашиглаж байгаа газрыг заавал авна гээд яах вэ урд талын газраасаа миний энэ газрыг хэмжээгээр хэмжээд өгчих гэсэн саналыг тавихад зөвшөөрөөгүй. Би энэ газар олгох ажиллагааг хуулийн дагуу явагдсан л гэж бодож байсан. Энэ асуудлыг л хурдан шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Дорноговь аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/543 дугаар захирамжийн П.Дид Сайншанд сумын 4 дүгээр багийн нутагт байрлах худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай 2653 м.кв газрыг эзэмшүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон боловч маргаан бүхий 2024 оны А/... дугаар захирамжаар нэг иргэнд буюу П.Дид газар эзэмшүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг “Дорноговь аймгийн Засаг даргын ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/.... дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж тодруулах нь зүйтэй байна.

 

2. Шүүх нэхэмжлэлийг үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

3. Нэхэмжлэгчийн “Дорноговь аймгийн Засаг даргын ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/.... дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад хамаарах дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1. Анх нэхэмжлэгч “Г” ХХК-д Сайншанд сумын 4-р багийн нутаг дэвсгэрт Бөөний баазын байрны урд талд байрлалтай 1200 м.кв газрыг авто засварын үйлчилгээний        зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмшүүлсэн нь Дорноговь аймгийн Засаг даргын ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн А/.... дүгээр захирамж, газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газар эзэмшүүлэх гэрээ зэрэг холбогдох бусад баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 132 дахь тал, арын нүүр, 133-142 дахь тал/;

3.2. Нэхэмжлэгч “Г” ХХК нь 1200 м.кв газартаа Авто засварын үйлчилгээ эрхлэх барилга байгууламжийг барьж улмаар 1200 м.кв газраасаа илүү газрыг хашаажуулан үйл ажиллагаа явуулж байгаа болох нь шүүхээс явуулсан үзлэгийн тэмдэглэл, кадастрын болон сансрын зураг /2 дахь хавтаст хэргийн 163, 165-176 дахь тал/;

3.3. Нэхэмжлэгчээс эзэмшиж буй 1200 м.кв газрын хэмжээг 3500 м.кв газар болгож нэмэгдүүлэхээр хүсэлт гаргаж байсан, зөвшөөрөлгүй эзэмшсэн газрын зөрчлийг арилгаж 5.200.000 төгрөгийн торгуулийг төлсөн болох нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргаас “Г” ХХК-ийн захирал Б.Ст хаяглан хүргүүлсэн “... газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэмжээгүй, зөвшөөрөлгүй газар ашигласны төлбөр ногдуулан, төлбөрийг төлсний дараа газар эзэмшүүлэх дуудлага худалдаагаар шийдвэрлэхээр буцаасан, улмаар холбогдох төлбөрийг 2017 оны 12 дугаар сард багтаан барагдуулсны үндсэн дээр сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах арга хэмжээг 2018 оны 1 дүгээр сард багтаан зохион байгуулна” гэх агуулга бүхий 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/2552 дугаар албан бичиг, газрын төлбөр гэх утга бүхий 5.200.000 төгрөг төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар /1 дэх хавтаст хэргийн 12, 245 дахь тал/

3.4. Үүний дараа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас нэхэмжлэгч компанийн эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг газрын суурь үнэ төлүүлэх замаар шийдвэрлэхээр “Г” ХХК-иар 6.670.000 төгрөгийг төлүүлж, улмаар аймгийн Засаг даргад “... эрхийн зөрчилтэй газрын зөрчлийг арилгах зорилгоор “Г” ХХК-ийн илүү эзэмшиж байсан газрын хэмжээг тогтоож, газрын суурь үнэ болох 6670,0 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэх” саналыг хүргүүлсэн болох нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1227 дугаар албан бичиг, албан бичгийн хавсралт “Эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, хугацааг өөрчлөн баталгаажуулах байгууллагын жагсаалт” (нэхэмжлэгчийн бодитоор эзэмшиж байгаа газрын хэмжээг 2575 м.кв гэж тусгасан) гэх хүснэгт, “Г” ХХК-иас 6.670.000 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны Мөнгөн шилжүүлгийн баримтаар /2 дахь хавтаст хэргийн 3-6 дахь тал/

3.5. Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар 29-ний өдрийн 09/03 дугаар тогтоолоор сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулсан ба нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газар нь уг тогтоолын 1 дүгээр хавсралтын 9-д “Г ХХК-ийн урд талд, 2653 м.кв” гэж /1 дэх хавтаст хэргийн 179-180 дахь тал/;

3.6. Үүний дараа Дорноговь аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/554 дүгээр захирамжаар Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар 29-ний өдрийн 09/03 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн ба захирамжийн хавсралтын 16-д “нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газрын хэмжээг 2653 м.кв, дуудлага худалдааны анхны үнийг 7,693,700 төгрөг, дуудлага худалдаа явуулах өдрийг 2022 оны 09 дүгээр сарын 23” гэж /1 дэх хавтаст хэргийн 181, 183 дахь тал/;

3.7. Дорноговь аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/570 дугаар захирамжаар /1 дэх хавтаст хэргийн 184 дэх тал/ байгуулагдсан Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах ажлын хэсгээс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсан газрын дуудлага худалдаанд П.Д, С.З нар оролцож 10.193.700 төгрөгийн үнийн саналаар П.Д ялагч болсон нь дуудлага худалдааны явцын тэмдэглэл, дуудлага худалдааны программын фото зураг зэрэг баримтаар /1 дэх хавтаст хэргийн 185-189 дэх тал/;

3.8. Дуудлага худалдаанд оролцсон иргэн С.Заас дуудлага худалдааны явцын талаарх гомдлыг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гаргасныг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны  11 дүгээр сарын 07-ны өдрийн 07 тоот албан бичгээр Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газарт хүргүүлж, мөн газраас С.Зын гаргасан гомдлыг шалган хариуг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/1308 дугаар албан бичгээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын ирүүлсэн /1 дэх хавтаст хэргийн 196-210 дахь тал/

3.9. Цаашлаад Дорноговь аймгийн Засаг даргаас маргаан бүхий ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/.... дугаар захирамжийг гарган дуудлага худалдааны ялагч П.Дид Сайншанд сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Г” ХХК-ийн урд байршилтай 2653 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгэн 0000343474 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г /1 дэх хавтаст хэргийн 211-213 дахь тал/ П.Дид олгожээ.

3.10. Маргаан бүхий акт болох 2024 оны А/... дугаар захирамжаар гуравдагч этгээд П.Дид эзэмшүүлсэн 2653 м.кв газар нь нэхэмжлэгч “Г” ХХК-ийн эзэмшлийн 1200 м.кв газрын 4 талаар нь хашиж тойруулсан байршилтай буюу “Г” ХХК-д орц, гарцгүй байхаар төлөвлөгдсөн болох нь шүүхээс явуулсан үзлэг, газрын кадастрын зураг, сансрын зургаар /1 дэх хавтаст хэргийн 214, 2 дахь хавтаст хэргийн 163 дахь тал/

нэхэмжлэгч “Г” ХХК нь эзэмшил газартаа авто засварын үйлчилгээний барилга байгууламж, оффисын барилга зэргийг барьж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь ..., улмаар эзэмшил газраасаа илүү гарган бетон болон төмөр хашаа барьсан нь, хашаанд ёмкость, вагончик, контейнер, гэр зэрэг хөдлөх хөрөнгүүд байршсан, түүнчлэн авто засварын үйлчилгээний барилгаа өөрийн 1200 м.кв эзэмшил газраас 49.7 м.кв-аар илүү гарган барьсан болох нь шүүхээс явуулсан үзлэгийн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан фото зураг, газар барилгын хэмжилтийг өнгөөр ялган сансрын зурагт давхцуулсан зураг зэрэг баримтуудаар /2 дахь хавтаст хэргийн 165-176 дахь тал/ тус тус тогтоогдож байна.

 

4. Хэргийн оролцогчдоос дээр тогтоогдсон үйл баримтын талаар маргаагүйг дурдах нь зүйтэй ба нэхэмжлэгч “Г” ХХК-ийн захирал Б.С, түүний өмгөөлөгчөөс маргаан бүхий акт болох аймгийн Засаг даргын 2024 оны А/... дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… газрын суурь үнийг төлүүлж, газрыг эзэмшүүлнэ гэсэн итгэлийг төрүүлсэн учраас захирамжаа хүлээж олон жил болсон, газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх талаар мэдэгдээгүй, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгчийн газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломжгүй болгосон, уг газрыг сумын Засаг даргын эзэмшүүлэхээр хуульд заасан байхад хариуцагч өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн газраа зориулалтын дагуу эзэмших эрхийг зөрчсөн” гэх,

харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “…газрыг давуу эрхээр эзэмшүүлэх боломжгүй, нэхэмжлэгч нь газрын дуудлага худалдаанд оролцсон, ялагч болж газраа эзэмших байсан, Засаг даргаас маргаан бүхий газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн нь  хууль зөрчөөгүй, уг газар нь инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой, дэд бүтэцтэй газар” гэх агуулга бүхий тайлбараар тус тусын шаардлага, татгалзлаа үндэслэн маргасан.

Шүүх уг маргаанд хууль ёс итгэлийг хамгаалах зарчим хэрэглэгдэх эсэх, хариуцагч аймгийн Засаг даргаас маргаан бүхий актыг гаргаснаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд өмнөх хэсэгт нотлох баримтыг дүгнэснээр тогтоогдсон үйл баримтыг хэргийн оролцогчдын тайлбар, татгалзалтай дараах байдлаар харьцуулан дүгнэлт өглөө. Үүнд:

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... газрыг давуу эрхээр эзэмшүүлэх боломжгүй, нэхэмжлэгч газрын дуудлага худалдаанд оролцсон учраас ямар ч үнээр хамаагүй ялагч болж газраа эзэмших байсан” гэх агуулгатай татгалзлын тухайд:

Өмнө нь 3 дахь хэсгийн 3.7, 3.8-д дүгнэснээр 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсан газрын дуудлага худалдаанд иргэн П.Д, С.З нар оролцсон болох нь тогтоогдсон, С.Зын тухайд “Г” ХХК-ийн захирал Б.Сын төрсөн хүү бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, гэвч С.З иргэнийхээ хувьд дуудлага худалдаанд оролцсон байхад “Г” ХХК-ийг буюу хуулийн этгээдийг дуудлага худалдаанд оролцсон, ямар нэг байдлаар ялагч болох л ёстой байсан” гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас нэхэмжлэгчээр газрын суурь үнийг төлүүлснээр газрыг давуу эрхээр эзэмшүүлэхгүй” гэж, харин нэхэмжлэгчээс “... 1200 м.кв газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан учраас хэмжээнээс илүү хашаалж үйл ажиллагаа явуулж байсан, илүү эзэмшсэн газрын торгуулийг төлсөн, газрын суурь үнээр эзэмшүүлнэ гэснээр үнийг төлөн итгэж газар эзэмшүүлсэн захирамжаа хүлээж байсан” гэж тус тус тайлбарлан маргадаг.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.8. “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан ба хуулийн тайлбарт “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно” гэжээ.

Өмнөх 3.3, 3.4 дэх хэсэгт дүгнэснээр Сайншанд сумын Засаг даргын 2017 оны 1/2552 дугаар албан бичгийн дагуу “Г” ХХК нь газрыг зохих зөвшөөрөлгүй эзэмшсэн зөрчлийн үр дагаврыг арилгаж 5.200.000 төгрөгийн торгуулийг төлсөн, мөн албан бичгийн хавсралтад нэхэмжлэгчийн бодитоор эзэмшиж хашаалсан газрын хэмжээг 2575 м.кв тодорхойлж байсан, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа газрыг нь газрын суурь үнээр эзэмшүүлэхээр 6.670.000 төгрөгийг орон нутгийн төсвийн дансанд төлүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон.

Дээрх тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2017 онд зохих зөвшөөрөлгүй газар эзэмшсэн зөрчлийн үр дагавраа арилгаж 5.200.000 төгрөгийг төлснөөр газрын харилцааны асуудал эрхэлсэн захиргааны байгууллагаас газар эзэмшихийг зөвшөөрч, үйл ажиллагаа явуулсан нөхцөл боломжоор хангасан гэж үзэхээр байна.

Газрыг бодитоор эзэмшиж үйл ажиллагаа явуулж байсан, захиргааны байгууллагын санаачилгаар 2019 онд /дуудлага худалдаа зохион байгуулахаас 3 жилийн өмнө/ газрын суурь үнэ 6.670.000 төгрөгийг төлснөөр нэхэмжлэгч хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн, “үнийг төлснөөр газрыг эзэмшсэн” гэх итгэлийг нэхэмжлэгчид бий болгосон байх тул хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэглэгдэх үндэслэлтэй байна.

Иймээс “... захирамжаа хүлээж бай гэдэг байсан, газраа минийх болсон ойлгож, итгэж явсан” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах нь зүйтэй, харин хариуцагчаас “нэхэмжлэгчээр газрын үнийг төлүүлсэн атлаа дуудлага худалдаагаар газраа авч эзэмшиж чадаагүй” гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд нийцээгүй гэж дүгнэлээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... маргаан бүхий акт хуульд нийцсэн” гэж, харин нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “... орц, гарцгүй 4 талаар нь тойруулан хашиж гуравдагч этгээдэд газар эзэмшүүлснээр манай компанийн газраа зориулалтын дагуу эзэмших эрхийг зөрчсөн, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон” гэж маргадаг.

Өмнө нь 3.10 дахь хэсэгт дүгнэснээр маргаан бүхий актаар гуравдагч этгээд П.Дид эзэмшүүлсэн 2653 м.кв газар нь нэхэмжлэгч “Г” ХХК-ийн эзэмшлийн 1200 м.кв газрын 4 талаар нь хашиж тойруулсан байршилтай, “Г” ХХК-д орц, гарцгүй байхаар төлөвлөгдсөн нь тогтоогдсон.

Хариуцагчийн гаргасан маргаан бүхий 2022 оны А/543 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй байна.

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “маргаан бүхий газрыг эзэмшүүлэх асуудлыг нэхэмжлэгчийн хүсэлтээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан” гэж тайлбарлахын зэрэгцээ мөн газрыг зөвхөн нэхэмжлэгч “Г” ХХК-д эзэмших боломжтой байдлаар буюу нэхэмжлэгчийн эзэмшлийн 1200 м.кв газрын 4 талаар нь тойруулж, орц гарцгүй байхаар төлөвлөсөн гэдэгтэй маргаагүй.

Энэ тохиолдолд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны зорилго нь газрыг нэхэмжлэгч хуулийн этгээдэд эзэмшүүлснээр хангагдаж улмаар захиргааны акт нь бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцэхээр байна.

Гэтэл дээрх нөхцөл байдлыг мэдсээр атлаа хариуцагч түүний харьяаны газрын харилцааны асуудлыг эрхлэх захиргааны байгууллагаас гуравдагч этгээд П.Дид 2653 м.кв газрыг эзэмшүүлснийг маргаан бүхий захиргааны акт “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй” гэж үзнэ.

Нөгөө талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр А/187 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын[2] “Дөрөв”-ийн 4.2.1-4.2.4-т “хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, эрэмбэлэн, суурин судалгаа, хээрийн судалгаа хийх, шийдвэрийн төсөл боловсруулан”, 4.2.8-д “газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох”-оор эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дэс дарааллыг, журмын “Долоо”-ийн 7.2. “Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ”, 7.2.1. “Нэгж талбарын эргэлтийн цэгийн солбицлын утгыг тогтоож, тухайн газрыг шийдвэрийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг тодорхойлох”,

7.2.2. “Хүсэлтэд дурдсан газрын хил заагийг урьдчилсан байдлаар тогтоох”, 7.2.3. “Бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосон газартай давхцаж буй эсэхийг нягталж үзэх”, 7.2.5. “Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тодорхойлох” гэж тус тус заасан.

Дээрх журмын зохицуулалтаас үзвэл газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний албан тушаалтнаас гуравдагч этгээд П.Дид 2653 м.кв газрыг эзэмшүүлэх тухай хариуцагч аймгийн Засаг даргын шийдвэрийн төслийг боловсруулахаасаа өмнө “бусдын эзэмшилд олгосон газартай давхцаж буй эсэхийг нягталж, хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тодорхойлох”-оор байна.

Ийнхүү орц, гарцыг тодорхойлохгүйгээр гуравдагч этгээд П.Дид 2653 м.кв газрыг эзэмшүүлж, нэхэмжлэгч “Г” ХХК-ийг 4 талаараа орц, гарцгүй, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгосон, түүний хууль ёсоор эзэмшиж байгаа 1200 м.кв газраа “гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших” Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт заасан субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн нь тогтоогдож байх тул хариуцагчийн гаргасан маргаан бүхий 2024 оны А/... дугаар захирамжийг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй, маргаан бүхий акт хууль бус болжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар нь инженерийн шугам, сүлжээ бүхий газар биш иймээс сумын Засаг дарга эзэмшүүлэхээр хуульд заасан, гэтэл хариуцагч аймгийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж Газрын тухай хуулийг зөрчсөн, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн нь хууль бус” гэх, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Сайншанд нь аймгийн төвийн сум, маргаан бүхий газар төв зам дагуу, ус, найдвартай цахилгааны эх үүсвэрт холбогдсон буюу дэд бүтэцтэй, төвлөрсөн дулаанд холбогдох газар” гэж маргадаг.

Хариуцагчаас маргаан бүхий актадаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалтыг үндэслэл болгосон ба мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3. “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.3.2. “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ”, 21 дүгээр зүйлийн 21.4. “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.3. “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заажээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээд болон гуравдагч этгээдийн эзэмшил газар нь Дорноговь аймгийн төв Сайншанд сумын төв зам дагуу байршилтай бөгөөд нэхэмжлэгч “Г” ХХК нь төвийн цахилгаан хангамжийн эх үүсвэрт холбогдсон энэ асуудлаар хэргийн оролцогчид маргаагүй.

Мөн нэхэмжлэгчийн тухайд 2022 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр эрх бүхий этгээдэд хүсэлт гаргаснаар цэвэр ус татан авах техникийн нөхцөл авч, улмаар 2023 оны 4 дүгээр сараас цэвэр усны төвлөрсөн хангамжид холбогдсон нь Дорноговь аймгийн “Чандмань илч” орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 372 дугаар албан бичиг, албан бичигт хавсарган ирүүлсэн №2022/160 дугаартай “Техникийн нөхцөл”, бусад баримтаар /2 дахь хавтаст хэргийн 149-161 дэх тал/ тогтоогдож байна.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8. "барилга байгууламжийн техникийн нөхцөл" гэж барилга байгууламжийг дулаан, уур, хий, цэвэр, бохир ус, цахилгаан, харилцаа холбоо, дохиолол зэрэг эх үүсвэрт холбох эрх бүхий хуулийн этгээдээс гаргах шийдвэрийг”, 4.1.35. "инженерийн шугам сүлжээ" гэж ус хангамж, цахилгаан, дулаан, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, газрын тос болон төрөл бүрийн хий дамжуулах хоолой, харилцаа холбооны төвлөрсөн байгууламжийг” ойлгохоор тус тус зааснаас үзэхэд эрх бүхий этгээдээс техникийн нөхцөл олгосны үндсэн дээр ус хангамж, дулаан, бохир ус зайлуулах “инженерийн шугам сүлжээ” бүхий төвлөрсөн байгууламж бий болохоор байна.

Тодруулбал газар эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээд өөрөө хүсэлт гаргаагүй тохиолдолд эрх бүхий этгээдээс техникийн нөхцөл шууд олгохгүй байна. Иймээс “инженерийн шугам, сүлжээнд холбогдох боломжтой газар тул аймгийн Засаг даргаас дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй” гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... хариуцагч Засаг дарга өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж маргасан нь үндэслэлгүй байна.

 

7. Өмнөх 4, 5 хэсэгт дүгнэснээр хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/543 дугаар захирамж нь  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8. “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших” эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1. “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасныг үндэслэн  Дорноговь аймгийн Засаг даргын 2024 оны .....дүгээр сарын ....-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/... дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн ба хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй зарим баримтуудыг үнэлээгүйг;

Шүүхээс нэхэмжлэгч хуулийн этгээдийн орц, гарцгүй болсон нөхцөл байдлыг харгалзан захиргааны байгууллагаас шийдвэрлэх боломжтой эсэх талаар тодруулсан бөгөөд хэргийн оролцогчийн хэн аль нь нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, асуудлыг шийдвэрлэх боломжгүй талаар байр суурийг илэрхийлснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэг заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын 2024 оны .....дүгээр сарын ....-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/... дугаар захирамжийг хүчингүй болгож хүчингүй болгосугай.

           

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуу/ гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          С.ОТГОНТУЯА

 


[1] 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 115/ТМ2025/0030 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, 2 дахь хавтаст хэргийн  125 дахь тал хуудасны доод талаас сүүлийн догол мөр, 126 дахь тал хуудасны дээд тал эхний догол мөр,  131 дэх тал, дээрээсээ 5 дахь догол мөр

[2] Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/65 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон.