| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00341/И |
| Дугаар | 311/ШШ2025/00364 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 311/ШШ2025/00364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын ........ тоотод оршин суух хаягтай, Б.*******ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нарийн бичгийн дарга Н.Энхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.******* нь 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Худалдаа бэлтгэлийн Удирдах газарт хуваарилагдан худалдагчаар 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Яруу сумын дэлгүүрийн бөс бараа, бэлэн хувцасны тасагт худалдагчаар томилогдож тухайн худалдаа бэлтгэлийн ангийн нэршил өөрчлөгдөн Хэрэглээний хоршоо болж үйл ажиллагаа нь явагдаж байсан бөгөөд 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс худалдагчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан талаар бичилт хийгдсэн боловч Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас тухай хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн бичилт зөрчилтэй байгаа учир ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн юм. Нэхэмжлэлийн шаардлага: Иймд намайг Завхан аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Яруу сумын дэлгүүрийн бөс бараа, бэлэн хувцасны тасагт худалдагчаар, үргэлжлүүлэн Хэрэглээний хоршоонд 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэжлэгч Б.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын м01-нийг хүртэл Завхан аймгийн Яруу сумын Худалдаа бэлтгэлийн ангийн дэлгүүрийн бөс бараа, бэлэн хувцасны тасагт худалдагчаар,
-1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Яруу сумын Хэрэглээний хоршоонд худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн 308122 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Яруу сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаартай Худалдагч авч ажиллуулах тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч Б.*******ын өгсөн мэдүүлгийн: ...Би 1977 онд анагаахын сургууль төгсөж ирээд Яруу сумдаа хэсэг ажилгүй байж байгаад 1979 онд Завхан аймгийнм Яруу сумын нэгдсэн эмнэлэгт эх баригч эмчээр ажилд орсон юмаа. Тэгээд удаагүй аймагт төрөх тасагт ажиллахаар шилжсэн. Тэр 1984 он шиг санагдаж байна. Би хүүхдүүдээ төрүүлэх болгондоо Яруу суманд өөрийн гэртээ ирж төрдөг байсан. Ингээд 4 дэх хүүхдээ төрүүлэх гээд 1990 оны үед очиход ******* Худалдаа бэлтгэлийн ангийн Яруу сумын дэлгүүрт бөс бараа, бэлэн хувцасны тасагт худалдагчаар ажиллаж байсныг мэднэ. ...Юнрэнгийн Ренчин гээд манай ээжийн дүү тухайн үед худалдаа бэлтгэлийн ангийн дарга байсан. Одоо нас барчихсан. ... гэх хэсэг мэдүүлэгтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Б.*******ийн дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ...........1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын м01-нийг хүртэл Завхан аймгийн Яруу сумын Худалдаа бэлтгэлийн ангийн дэлгүүрийн бөс бараа, бэлэн хувцасны тасагт худалдагчаар,
-1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Яруу сумын Хэрэглээний хоршоонд худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ