| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/04065/И |
| Дугаар | 191/ШШ2025/05007 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/05007
2025 06 03 191/ШШ2025/05007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Б овогт Аийн Н /РД: ****/,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Б овогт Цийн А /РД: ****/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Б овогт Нын Н /РД: ****/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 87,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.А,
Нэхэмжлэгч А.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,
Хариуцагч Н.Н
Хариуцагчийн өмгөөлөгч Л.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгч Ц.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие муудаад хотод байсан. Уг байрны эзэн нь би, охиныгоо хамтран эзэмшигчээр оруулсан. Намайг дуудах байтугай өмгөөлөгч надтай уулзаагүй. Би н.Е гэх хүнтэй уулзах гээд чадаагүй, сүүлд нь н.Ө гэх хүнтэй уулзах гэтэл та энд ямар ч хамаа байхгүй, А.Нээр тооцоо хийлгэнэ гээд, А.Нтэй явсан би яагаад ингэж байгаа юм гэсэн чинь н.Э гэх залуу би багшийгаа байцаахгүй ээ гэж хэлсэн. Н.Н байрыг ирж авахдаа эгчтэйгээ хоёулаа ирж авсан. Тэгээд би хэргийн материалтай танилцмаар байна гээд охиныгоо дагуулж ороод хэргийн материалтай танилцахад мэдэхгүй хүмүүс очиж гэрчээр мэдүүлэг өгчихсөн байсан. Би байцаагч болон прокуророос асуусан. Үндсэндээ миний байр, мал, хөрөнгөөр тоглочихсон, би гомдолтой байна. Би хавдартай, биеийн байдал маш муу, бүх бие хавантай явж байгаа. Хариуцагч нь миний эд хөрөнгөөр тоглосон одоо миний амь насаар тогловол би өлсгөлөн зарлана гэж өөрт нь хэлсэн. Би түрээсийн байр гуйгаад зарим үедээ айлын хашаа гуйгаад явж байна. Болдог бол би гэрт нь очиж өөрийгөө асруулмаар байна. гэв.
2. Нэхэмжлэгч А.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь **** тоот хаягт байрлах, 42 м.кв бүхий 2 өрөө орон сууц болон гадна талдаа 6:7 харьцаатай үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчилдөг. Улмаар 2018 онд уг хоёр өрөө орон сууцаа худалдахаар зар тавьсан боловч зарагдаагүй. Ингээд 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр А.Нийн найз болох н.Дтай холбогдож байраа зарах талаар түүнтэй ярилцахад байрыг чинь хямд үнээр авах боломжтой хүн байгаа гэж Н.Нтай утсаар холбогдсон. Тэгээд Н.Нтай холбогдоход хариуцагч нь өөрийгөө танилцуулахдаа уул уурхайн компани ажиллуулдаг, гадаадаас хөрөнгө оруулалт орж ирнэ, тийм учраас байрыг чинь еврогоор худалдаж авах санал тавьсан. Нэхэмжлэгч нарын хувьд тухайн байрыг зарах гээд зар тавьсан боловч зарагдаагүй, улмаар хариуцагч байрыг өндөр үнээр худалдаж авах санал тавихад саналыг хүлээн авч байрыг худалдахаар болсон. Ингээд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Н.А Улаанбаатараас хотоос Дархан-Уул аймагт очоод нэхэмжлэгч нар нь хариуцагчтай анх удаа уулзсан. Тэгээд аймгийн улсын бүртгэлийн хэлтэс дээр очиж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, байрыг шилжүүлэхээр болсон. Ингэхдээ тухайн тоот хаягт байрлах байрыг тохирсон үнээр биш 20,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Энэ нь ямар учиртай вэ гэвэл хариуцагч нь хэлэхдээ татвар бага төлөх учраас 20,000,000 төгрөгөөр тооцчихъё гэдэг байдлаар санал тавьж татвар бага төлөх зорилгоор худалдахаар тохиролцсон. Төлбөрийг 2018 оны 6 дугаар сарын 01-ний дотор гадаадаас хөрөнгө оруулалт ирэхээр төлнө гэсэн байдлаар тохиролцсон байдаг. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр болоход ямар ч төлөлт хийгдээгүй. Харин хариуцагчийн зүгээс гадаадаас мөнгө орж ирээгүй байна, манай уул уурхайн компанид мах хэрэгтэй байна гэх санал тавьж утсаар холбогдоод танайх мах зарах уу гэж асууна. Нэхэмжлэгч А.Нийн хувьд мал аж ахуй эрхэлдэг малтай учраас хариуцагч нь А.Нт ийм санал тавьдаг. Улмаар нэхэмжлэгч А.Нийн зүгээс 35 тонн үхрийн махыг 25,000,000 төгрөгөөр худалдаж авах санал тавьсан. Үүний дагуу 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өөрийн мал болох 35 ширхэг үхэр буюу 5 тугалтай үнээ, 1 бүдүүн шар үхэр, 20 ширхэг шүдлэн, 4 бярууг амьдаар нь туугаад авч явсан. Мөн ажилчдын хоолны мах хэрэгтэй байна гээд худалдан борлуулах гээд бэлтгэсэн байсан 2 гулууз махыг 1 килограммыг 6,500 төгрөгөөр нийт 1,800,000 төгрөг болж Улаанбаатар хотоос ачиж авч явсан. Эдгээр төлбөрүүдийг байрны үнэ дээр нэмээд төлчихье гэж хэлсэн учраас мах болон байраа өндөр үнээр зарах гэсэн итгэл үнэмшилд итгэж хүлээцтэй хандсан. Гэвч огт төлбөр төлөгддөггүй. Яагаад төлбөр төлөгддөггүй вэ гэхээр гадаадаас хөрөнгө оруулалт орж ирээгүй байна гэдэг шалтаг хэлж, утсаа авахгүй алга болсон. Тухайн цаг үед цар тахалтай байсан учраас Цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр залилуулаа гэх байдлаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт өргөдлийг нэхэмжлэгч А.Нийн зүгээс гаргасан. Ингээд мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа гомдлыг хааж шийдвэрлэх явцад сэргээгээд ажиллагаа явуулж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хөрөнгө болон малын үнэлгээг хийлгэсэн байдаг. Ингээд 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Капитал зууч гэх компанийн үнэлгээгээр хоёр өрөө орон сууц 60,000,000 төгрөг, 35 тонны үхэр 25,000,000 төгрөг, гулууз мах 1,800,000 нийт 86,800,000 төгрөг гэж тус тус гарсан. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 8 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гарсан. Үндэслэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Залилан мэхлэх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, гэмт хэргийн шинжгүй байна гэх агуулгаар хааж шийдвэрлэсэн. Улмаар нэхэмжлэгч А.Нийн хувьд уг тогтоолд гомдлыг гаргаж Улсын ерөнхий Прокурор хүртэл явсан. Харин Улсын ерөнхий прокуророос гэмт хэргийн шинжгүй гэх байдлаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулж гэмт хэргийн шинжтэй байна, хэлэлцүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь хуульд нийцэж байна, харин хохирол төлбөр төлөгдөөгүй байна байна гэх байдлаар дүгнэлт хийсэн. Энэ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж харж байгаа. Ингэхдээ тухайн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой татвар 400,000 төгрөгийг нэхэмжлэгч А.Нийн зүгээс төлсөн байдаг. Харин хариуцагч төлөх талаар шаардлага тавихад мөнгө байхгүй байна гэж шалтаг хэлдэг. Үүнийгээ нэхэмжлэлд оруулаад нийт 87,200,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгч нарын хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Тийм учраас 87,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан . гэв.
3. Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 12 дугаар сард гадаадын брокерын талаар мэдээлэл авч н.Э, н.Г гэх хоёр захирлын сургалтад суусан. Энэ бизнесийн хөрөнгө оруулалтын зарчим нь хөрөнгө оруулагчийнхаа өмнөөс 21 улсын брокерын компаниуд зэрэг ажиллаад 7 хоног бүр оруулсан хөрөнгийн 5 хувийг ногдол ашиг болгож авдаг зарчмаар ажилладаг гэсэн сургалт авсан. Тухайн бизнесийг судлаад явж байхад Монголоос энэ бизнесийг хийж байсан хүмүүс ихэнхдээ Орос спонсоруудтай байдаг, электрон мөнгө нь данс хоорондоо шилжиж болдог учраас Оросуудаас мөнгө худалдаж аваад өөрсдөөр нь төлүүлбэл арай хямдхан ногддог. Харин Монголоос евро худалдаж аваад компани руу шилжүүлэхэд арай үнэтэй тусдаг гэсэн мэдээллийн дагуу би өөрөө Орос руу наймаа хийдэг байсан учраас Орос улсад байдаг танилуудаас ийм төрлийн бизнес хийдэг хүн байна уу гэж асуусан. Тэгээд н.Д гэх эмэгтэй ийм бизнес хийдэг юм байна гэхэд нь манай спонсорууд надад оросоос дотоод сүлжээгээрээ электрон мөнгө зээлээр авах боломжтой, зээлээр авчих, 7 хоног болгон 5 хувиар аккаунтад чинь бонус маягаар ногдол ашиг чинь орох учраас эргээд төлөхөд амар байдаг гэж зөвлөсний үүднээс н.Д гэх хүнээс анх 100,000 евро зээлж тухайн бизнесийг эхлүүлсэн. Ингээд энэ бизнесийг хоёр найзтайгаа эхлүүлээд явж байхад 7 хоног болгон 5 хувийн ногдол ашиг электрон мөнгө хэлбэрээр дансанд байршаад байсан учраас болдог юм байна гэж ойлголттой яваад ногдол ашгийнхаа олсон мөнгөөр аав, ээж, ах дүү нарыгаа оруулаад явж байсан. Гэтэл нэг өдөр манай спонсорууд болох н.Д, н.Э, н.Д нар нь оффис дээр дуудаад яваад очиход нэхэмжлэгч А.Н гэх хүн ирчихсэн байсан. Тэгээд энэ хүн н.Д гэх хүний багт орох гэж байгаа, энэ хүнд зарах орон сууц байгаа юм байна гээд орон сууцыг электрон мөнгөөр авах санал тавьсан. Тухайн үед би үнийн саналыг сонсоод зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл би өөрөө Дархан-Уул аймагт өссөн, 2 дугаар байр гэдэг нь хуучин фермийн байр, ийм өндөр ханшаар би буцаагаад зарж борлуулж чадахгүй учраас тухайн өдөр би зөвшөөрөөгүй, гараад явсан. Гэтэл над руу н.Д, н.Э гэх спонсорууд залгаад энэ хүнд нэмээд өгөх үхрүүд болон зарахаар бэлтгэсэн мах байгаа юм байна гэж хэлсэн. Тэгээд үхрийг орон сууцтай нийлүүлээд тухайн үед аккаунт нь задгай мөнгөөр биш, 810,000-300,000 евро хүртэл аккаунт үүсгэдэг байсан. Тухайн үед 24,000, 25,000,000 төгрөгийн багц байдаг байсан. Ингээд энэ багцад нь орон сууц болон үхрүүд нэмж өгөөд наймаагаа тохиролцъё гэсэн би зөвшөөрсөн. Тэгээд надаас н.Д, А.Н нар нь багцынхаа еврог шилжүүлж авсан. Би өөрөө компьютерын мэдлэггүй учраас спонсоруудаараа дотоод сүлжээг хийлгэдэг байсан. 2018 оны 05 дугаар сард орон сууцны гэрчилгээг очиж шилжүүлж авахад нэхэмжлэгч Ц.А эгчтэй нэг удаа, А.Нтэй 2 дах удаагаа тааралдсан. Тухайн үед орон сууцны 2 хувийн төлбөрийг зарж байгаа тал нь төлөх ёстой байдаг. Харин үхэр малын хувьд нэгдүгээрт надад аваачиж тавих газар байхгүй, хоёрдугаарт дөнгөж тугалсан тугалууд нь тамиргүй байгаа гэж А.Н хэлсэн учраас би дараа авъя гээд 8 дугаар сард малын ченж нартай ярьж байгаад аавыгаа явуулж авсан. Мөн А.Н удаа дараа цагдаагийн байгууллагад худлаа мэдүүлэг өгч, надад орон сууцаа зээлээр өгсөн, намайг гадаадын уул уурхайд ажилладаг гэх мэтээр буруу мэдээлэл өгсөн байсан. Тэгээд нүүрэлдүүлэн байцаалтад хүртэл би малчин хүн, интернэт хэрэглэж мэдэхгүй гэж мэдүүлснийг нь би олон улсын бизнесийг Монгол улсад хийж байсан н.Э, н.Д нарын групп чатуудыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч А.Н нь спонсорууд нь зохион байгуулсан хандив, аяныг уриалж оруулж байсан. Мөн манай спонсорууд миний аккаунтыг мэддэг байсан учраас надад хэлэхгүй миний данснаас хандив авсан байсан. Тийм учраас уг бизнесийг надаар дамжуулж биш манай спонсоруудтай танилцаж надтай өөрөө холбогдож, өөрийн хүсэлтээр бизнесийг хийсэн. Гэтэл одоо намайг өөрийг нь энэ бизнест уруу татаж оруулсан мэтээр яриад байгаад нь гомдолтой байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч А.Нээс гадна олон олон хүмүүс ашиг олох шуналаасаа болж бүгд хохирсон. Мөн энэ бизнесийн талаар сургалт, мэдээлэл өгч байсан спонсорууд бүгд Америк улс руу гараад зугтаачихсан. Иймээс намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг нь үндэслэлгүй. Би энэ бизнесээс хойш бүх дансаа хаалгаад өр ширэнд орсон. Тэрнээс би мөнгө хожсон, авсан зүйл байхгүй. гэв
4. Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ойлгосонгүй. Гэрээний эрх зүйтэй холбоотой баримтаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа 4 жил тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй ямар тохиолдол байна гэхээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хуулийн заалт байна. Тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хэргийн оролцогчид хэргийн талаар үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч тал энэ үүргээ хэрэгжүүлэхгүй хэрэгт авагдсан нотлох баримтаас тэс өөр яриад байна. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн захирамжаар Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас баримт ирсэн. Гэтэл Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт А.Н гомдол гаргасан. Гомдол гаргахдаа би хөдөөгийн малчин хүн, ямар нэгэн фейсбүүк, интернэт орж мэдэхгүй гэсэн боловч удаа дараагийн мэдүүлэг болон хэрэг бүртгэлтийн хэрэг шалгагдаж дууссаны дараагаар асуусан асуултад хариулахад сүлжээний бизнест элссэн, карт чинь хэзээ ирэхийн гээд мэдлэгтэй, мөн спонсоруудтай найз нөхдийн харилцаатай нөхцөл байдал харагдаж байна. Энэ талаар хохирогчид хэлж байгаа. Мөн Н.Нын хэлээд байгаа тайлбар нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа буюу н.Дгийн Н.Н над руу утасдаад А.Нийн төлбөрийг аккаунтынх нь данс руу хийчихсэн гэж мэдүүлсэн. Гэтэл А.Н нь би 35 тонн үхрийг н.Д гэх хүнтэй 25,000,000 төгрөгөөр тохиролцсон, Н.Н гэх хүн над руу ярьж байгаагүй, залгаж байгаагүй, би энэ бизнесийн талаар н.Д, н.Э, н.Д гэх хүмүүсээс авсан, ашиг олдог гэдгийг мэдсэн гэж мэдүүлдэг. Тэгэхээр хариуцагчаас 86,800,000 төгрөгийн хохирол нэхэмжлэх эрхгүй, яагаад гэвэл 2018 оны цаг үеийн үнэлгээ явдаг. Гэтэл 2020 оны үнэлгээгээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна, яагаад нэхэмжлээгүй юм гэсэн асуултад хариулахдаа зарим хүмүүс нь олдохгүй байсан гэж байна. Зарим хүмүүс гэж хэнийг хэлээд байгаа юм. Алга болсон хүмүүс нь Америкийн нэгдсэн улс руу гараад явчихсан гэж ярьдаг. Тэгэхээр хариуцагч ч гэсэн адил эдгээр хүмүүст итгэсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч А.Н гэх хүн сүлжээнд байсан уу, байсан, данс нээлгүүлсэн, групп чатад байж байсан. Өөрөө хүсэж уг сүлжээнд орсон, тэгээд өөрийнхөө шуналаар орчхоод одоо энэ бизнес нь хаагдчихсан, үр дүнгүй болсон нөхцөл байдал оронгуутаа би хохирчихлоо гэдэг асуудал үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
5. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
5.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр А.Нээс О.Бд олгосон 0288 дугаар Итгэмжлэл /хх-5-6/, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ц.Аээс Б.Б, О.Б нарт олгосон 0434 дүгээр итгэмжлэл /хх-7/, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 671 дүгээр Худалдах, худалдан авах гэрээ /хх-8/, А.Нийн хаан банк дахь *****тоот дансны хуулга /хх-11/, Мал, амьтны эрүүл мэндийн 21693 дугаар гэрчилгээ /хх-12/, Мал, амьтны эрүүл мэндийн 21697 дугаар гэрчилгээ /хх-13/, Мал, амьтны эрүүл мэндийн 21696 дугаар гэрчилгээ /хх-14/, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр А.Нийн Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх15/, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-16/, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчоос авсан мэдүүлэг /хх-17-18/, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хохирогч А.Нээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-19-20/, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хохирогч А.Нээс дахин мэдүүлэг авсан мэдүүлэг /хх-22-23/, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-24/, Дархан-Уул аймгийн прокурорын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 178 дугаар тогтоол /хх-25-26/, Дархан-Уул аймгийн прокурорын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 19 тоот тогтоол /хх-28/, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-30/, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хохирогч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-31-33/, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-34-35/, 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-36/, Ү2003008359 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-37, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн материал танилцуулсан баримт /хх-38/, Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 08 дугаар тогтоол /хх-39-41/, Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 37 тоот хариу мэдэгдэх хуудас /хх-42/, Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/935 дугаарт хариу мэдэгдэх хуудас /хх-43-44/,
5.2 Хариуцагчаас нотлох баримтаар: хариу тайлбар /хх-57-58/,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-16/, Шинэ гарц ХХК-ийн дүрэм /хх-17-18/, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 25/06 дугаар Итгэмжлэл /хх-19/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШЗ2025/06273 дугаар захирамж /хх-31/, /, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШЗ2025/10789 дүгээр захирамж /хх-32-33/зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2024/19025 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд, тус шүүгчийн захирамжийн дагуу, Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 03/733 тоот албан бичиг /хх-70-91/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШЗ2025/08743 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд тус шүүгчийн захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/187 дугаар албан бичиг /хх-103-149/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.Н, Ц.А нар нь хариуцагч Н.Над холбогдуулан 87,200,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Нэхэмжлэгч А.Н, Ц.А нар нь, хариуцагч Н.Наас ***** тоот хаягт байрлах **** дугаарт бүртгэгдсэн 42 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ 60,000,000.00 төгрөг, 35 тооны үхрийн үнэ 25,000,000.00 төгрөг, 2 ширхэг үхрийн гулууз махны үнэ 1,800,000.00 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татварт төлсөн 400,000.00 төгрөг нийт 87,200,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргаж байна.
2.1 Хариуцагч Н.Н нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон 35 тооны малын үнийг FWAMолон улсын хөрөнгийн оруулалтын компаний эрхээр 24,000.00 еврод тооцож төлбөрийг төлсөн, 2 ширхэг гулууз махыг наймаа амжилттай болсонд баярлаж бэлэглэсэн, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан татвар орлого олж байгаа тал хуульд зааснаар төлдөг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна./х.х-ийн 57, 58 дугаар тал/
3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.
3.1 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч А.Н, Ц.А нар нь, хариуцагч Н.Нтай 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 671 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-гээр ***** тоот хаягт байрлах **** дугаарт бүртгэгдсэн 42 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 20,000,000.00 төгрөгөөр, 35 тооны малыг тус тус худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон байна./х.х-ийн 12-26 дугаар тал/
Ингэхдээ үнийг ***** тоот хаягт байрлах **** дугаарт бүртгэгдсэн 42 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 35 тооны малыг FWAMолон улсын хөрөнгийн оруулалтын компаний эрхээр буюу 27,000.00 еврогоор худалдахаар тохиролцсон боловч 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 671 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-нд 20,000,000.00 төгрөгөөр талууд тохиролцож өмчлөх эрхийг хариуцагч Н.Над шилжүүлсэн байна.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч А.Н, Ц.А нар нь, ***** тоот хаягт байрлах **** дугаарт бүртгэгдсэн 42 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 35 тооны үхэр, 2 ширхэг үхрийн гулууз махыг хариуцагчид шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татварт 400,000.00 төгрөг төлсөн үйл баримттай талуудын хэн аль нь маргаагүй ба харин үл хөдлөх эд хөрөнгө болон 35 тооны үхрийн үнийг еврогоор төлсөн, гулууз махыг бэлэглэсэн, татвар төлөх үүрэг нэхэмжлэгч хүлээх ёстой хэмээн хариуцагч маргаж байна.
Энэ тохиолдолд талуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч орон сууцны үнийг 43,000.00 еврогоор, 35 тооны үхрийн үнийг 25,000,000.00 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон гэх боловч хариуцагч 24,000.00 еврогоор худалдан авахаар харилцан тохиролцсон тухай татгалзал тайлбараа шүүхэд ирүүлсэн.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь ***** тоот хаягт байрлах **** дугаарт бүртгэгдсэн 42 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 35 тооны үхэр, 2 ширхэг үхрийн гулууз махыг хариуцагч хүлээн авсан байна. Тиймээс Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.2-т Дараах тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гээд 111.2.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр гэж зааснаар нэхэмжлэгч А.Н, Ц.А нар нь, худалдан авагч буюу хариуцагч Н.Над худалдах, худалдан авах гэрээний зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлсэнд тооцно.
Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
3.2 Нэхэмжлэгч А.Н, Ц.А нар нь, хариуцагч Г.Ныг худалдах, худалдан авах гэрээний зүйлийг хүлээн авсан боловч үнийг төлөөгүй гэж маргасан.
Улмаар, нэхэмжлэгч нар 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн, Дархан сумын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гомдлыг тус аймгийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 178, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 19, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 08, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 17 тоот тус тус хэрэг бүртгэлийг хэргийг хаах тухай тогтоолыг Монгол Улсын ерөнхий прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/935 тоот хариу мэдэгдэх хуудсаар хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 08 тогтоолд гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлийг өөрчилж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна./х.х-ийн 25, 28, 29, 39, 42-43 дугаар тал/
Ингэхдээ Н.Н нь маргаан бүхий орон сууц, 35 тооны үхрийн үнийг FWAMолон улсын хөрөнгийн оруулалтын компанийн дансаар 27,000.00 еврог төлсөн гэх боловч баримт авагдаагүй, FWAMсүлжээ нь Монгол улсад бүртгэлгүй, уг сүлжээний цахим мөнгө нь албан ёсны төлбөрийн хэрэгсэл биш, эд хөрөнгийн төлбөр бодитой төлөгдөөгүй гэх үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.
Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-т Худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно. гэж зааснаар нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шинжээч Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн ***** тоот хаягт байрлах **** дугаарт бүртгэгдсэн 42 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ 60,000,000.00 төгрөг, 35 тооны үхрийн үнийг 25,000,000.00 төгрөгөөр тооцож тус тус нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй юм./х.х-ийн 34, 35 дугаар тал/
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа эрүүгийн хэргийн улмаас учирсан гэм хор, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодорхойлох боловч Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бий болсон дээрх тогтоол нь хариуцагчийн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэсэн үйл баримт биш тул нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой ба тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үнэ 27,000.00 еврог төлсөн гэх татгалзал, тайлбараа баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг 243.1-т зааснаар орон сууц, 35 тооны үхрийн үнийг төлөх үүрэгтэй.
4. Нэхэмжлэгч нь үхрийн 2 ширхэг гулууз махны үнэ 1,800,000.00 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татварт төлсөн 400,000.00 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн ба хариуцагч уг махыг бэлэглэсэн, мөн худалдагчийн төлөх татварыг худалдан авагч хүлээх үүрэггүй тухай эс зөвшөөрч маргасан.
Худалдах, худалдан авах гэрээ нь тодорхой үнээр илэрхийлэгдэх буюу хариу төлбөртэйгөөр бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх үндсэн шинжийг агуулдаг ба гэрээний 2 талын хэн алинд эрх, үүрэг үүсгэдэг.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар уг махыг хариу төлбөртэй шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотлоогүй ба үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан буюу орлого олсон этгээд хуульд зааснаар татвар төлөх учиртай тул 2 ширхэг гулууз махны үнэ 1,800,000.00 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн татварт төлсөн 400,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 60,000,000.00 төгрөг, 35 тооны үхрийн үнэ 25,000,000.00 төгрөг нийт 85,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 2,200,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 593,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 582,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг үндэслэн хариуцагч Н.Наас 85,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Н, Ц.А нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,200,000.00 төгрөгт холбогдох хэсгийн хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 593,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 582,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА