| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00088/И |
| Дугаар | 315/ШШ2025/00204 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 315/ШШ2025/00204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Боловсрол хорооллын .... тоотод оршин суух, *******гийн *******,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Нарлаг хорооллын .... тоотод оршин суух, *******ын ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт байрлах, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох
үйлдвэрлэлийн ослын нөхөн олговорт тус бүр 3,300,000 төгрөг нийт 6,600,000 (Зургаан сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ш.*******, Э.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Хүдэр,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг, хууль ёсны төлөөлөгч АНЭ-ийн ерөнхий эмч Д.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жамъяндорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.*******, Э.******* нь хариуцагч Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан үйлдвэрлэлийн ослын нөхөн олговорт тус бүр 3,300,000 төгрөг буюу нийт 6,600,000 төгрөг гаргуулах төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн их эмч Ш.*******, яаралтай тусламжийн сувилагч Э.******* нар нь жолооч Г.*******гийн хамт 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4 сартай У.Хүсэл-Од хүүхэд биеийн байдал хүнд өвчтөнийг эрчимт эмчилгээний тасгаас шатлал ахиулж эцэг эхийн хамт Улаанбаатар хот руу тээвэрлэх ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа Мөнххаан сум Хэнтий аймгийн дунд цаг агаарын аюултай хүнд нөхцөлд осолд орж гэмтсэн. Толгой хүзүү, нурууны гэмтлийн зовуурьтай учраас үргэлжлүүлэн эмийн эмчилгээг хийлгэж, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орсон. Гэтэл манай байгууллагын хувьд бид бүхний үйлдвэрлэлийн ослыг тодорхойлсон эсэх нь тодорхойгүй учир нийгмийн даатгалаас үйлдвэрлэлийн ослын даатгалаа авъя гэхээр байгууллага 1 сарын үндсэн цалинг эмнэлэгт хэвтсэн хугацаанд ажилласнаар олгосон учраас өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Гэтэл байгууллага нь сарын цалин биш нөхөн төлбөрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдагдсаны хувиас шалтгаалан олгох байсан атал бид бүхэнд 1 сарын цалинг ажилласнаар өгсөн нь үйлдвэрлэлийн ослын даатгалыг авах боломжгүй, нөхөн төлбөр ч авах боломжгүй байдлуудыг үүсгэсэн.
Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Засгийн газрын 2015 оны 269 тоот тогтоолыг үндэслэж Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1 дэх хэсэгт “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан бол тав дахин... хөдөлмөр хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн тэмцэх хэмжээгээр нөхөн олговор олгоно” гэж хуульчилсны дагуу Ш.*******, Э.******* нарт тус бүр хуульд зааснаар нөхөн олговрыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 3,300,000 төгрөг нийт 6,600,000 төгрөгийг олгуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид осол болсны дараа өөрийн ажилтнуудыг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзлэг шинжилгээнд бүрэн хамруулж, эмнэлгийн анхны тусламж үзүүлсний дараа 2024 оны 10 дугаар сарын 21-30-ны өдрийг хүртэл 10 хоног Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлж эмчлэн, үргэлжлүүлэн ажил олгогчийн санаачилга, зардлаар Улаанбаатар хотод эмчийн хамт хүргэж, өндөр өртөгтэй шинжилгээнүүдэд бүрэн хамруулсан. Ингэхдээ байгууллагаас буудал, хоол, шинжилгээ, оношилгооны төлбөр зэрэг бүх зардлыг хариуцан 835,000 төгрөгийг зарцуулсан. Дахин 2024 оны 11 сарын 05-13-ны өдрийг дуустал 7 хоног аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлсэн. Дээрх эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хугацаанд албан тушаалын цалин хөлсийг бүрэн олгож, татвар шимтгэлийг төлсөн. Ш.*******, Э.******* нар 2024 оны 11 сарын 15-ны өдрөөс нэг сарын хугацаанд 2024 оны ээлжийн амралтыг эдэлсэн.
2024 оны 11 сарын 05-13-ны өдрийг дуустал 7 хоног хэвтэн эмчлүүлэхдээ ердийн өвчин буюу М47.22 оношны кодтой хэвтсэн нь цахимд бүртгэгдэж, *******д байгууллагаас 5 хоногийн тэтгэмж 337.581 төгрөг, нийгмийн даатгалын сангаас 2 хоногийн тэтгэмж 135.032 төгрөг, нийт 472.614 төгрөг, Э.*******т байгууллагаас 5 хоногийн тэтгэмж 315.476 төгрөг, нийгмийн даатгалын сангаас 2 хоногийн тэтгэмж буюу 126,190 төгрөг, нийт 441.667 төгрөг тус тус олгогдсон. Ингээд нийт дүнгээр Ш. *******д 3,340,105 төгрөг, Э.*******т 1,507,235 төгрөг олгосон байна.
Ажил олгогчийн санаачлаагаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх “Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчнийг судлах, бүртгэх орон тооны бус комисс”-ын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, хүн тус бүр дээр Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг тогтоолгож, хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагчид хүргүүлэн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр актыг баталгаажуулсан.
Зам тээврийн ослын улмаас Ш.*******, Э.******* нарын биед хөнгөн гэмтэл учирсан, ажил олгогчийн зүгээс бүх төрлийн шинжилгээ оношилгоонд хамруулан, эмчлэн эдгэрүүлэх арга хэмжээг бүрэн авсан, хэвтэн эмчлүүлэх, шинжилгээ оношилгоонд хамруулах хугацаанд албан тушаалын цалин хөлсийг бүрэн олгож, шимтгэлийг төлсөн бөгөөд цалин хөлсөөр хохироогүй, эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролд мэргэжлийн байгууллагаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон акт гараагүй зэрэг шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 120,550 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгч нарын Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороонд 2025.01.06-нд гаргасан өргөдөл, түүний хариу, Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт (ҮОТА), Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос АНЭ-ийн даргад хүргүүлсэн албан бичиг, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, Хэргийн газарт үзлэг хийсэн 2024.10.20-ны өдрийн тэмдэглэл, Ш.*******гийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024.11.04-ний өдрийн 391, 393 дугаартай дүгнэлт, Э.*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг, Ш.*******, өмгөөлөгч Т.Хүдэр нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудыг,
4. Хариуцагч талаас нэхэмжлэлийн хариу тайлбар, Хэнтий аймгийн Прокурорын газрын 2025.01.21-ний өдрийн 79 дугаартай мэдэгдэх хуудас, Ш.*******, Э.******* нарын улсын III эмнэлэгт үзүүлсэн тасалбар, Ш.*******, Э.******* нарын цалингийн карт, Ш.*******, АНЭ нарын хооронд 2023.10.10-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2019.07.01-ний өдрийн Б/77 дугаартай, 2023.10.09-ний өдрийн Б/194 дугаартай тушаал, Үйлдвэрлэлийн осол тогтоосон 2024.10.22-ны өдрийн акт, Ш.*******, АНЭ нарын хооронд 2022.05.09-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2025.01.22-ны өдрийн илтгэх хуудас, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025.01.30-ны өдрийн 34 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 11, 12-р саруудын ажилчдын цагийн тооцоо, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмч, сувилагч нарын 10-12 дугаар сард ажилласан цагийн бүртгэл, Э.*******т ээлжийн амралт олгох тухай 2024.11.08-ны өдрийн 306 дугаартай мэдэгдэл, Ажилчдад олгосон цалинтай чөлөө болон тэтгэмжийн тооцоо, Ш.*******, Э.******* нарт 2024.11.19-нд олгосон цалингийн хүснэгт, Э.*******, Ш.******* нарын хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн тооцоо, Э.*******, Ш.******* нарт 2024.10.21-ний өдрөөс 2025.12.13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй үед олгосон цалин хөлс, бусад зардлын тооцоо, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024.10.20, 2024.10.31-ний өдрүүдийн томилолтоор ажилласан тухай тэмдэглэл, Э.*******ыг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх тухай 2024.10.21-ний өдрийн бичиг, Э.*******т үзлэг хийсэн Яаралтай тусламжийн эмчийн 2024.10.21-ний өдрийн хуудас, Ш.*******г эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх тухай 2024.10.22-ны өдрийн бичиг, Ш.*******д үзлэг хийсэн Яаралтай тусламжийн 2024.10.22-ны өдрийн хуудас зэргийг шүүхэд нотлох баримтаар тус тус гаргаж ирүүлсэн байна.
5. Хариуцагчийн хүсэлтээр Хэнтий аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэргийн салбар архиваас Шинжээчийн дүгнэлтийг Ш.*******, Э.******* нарт танилцуулсан баримт, Мөрдөгчийн 2024.12.20-ны өдрийн 13 дугаартай магадлал, Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 00550446 дугаартай шийтгэлийн хуудас зэргийг гаргуулан авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ш.*******, Э.******* нар нь Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан үйлдвэрлэлийн ослын нөхөн олговорт тус бүр 3,300,000 төгрөг буюу нийт 6,600,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч Ш.*******, Э.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Нэхэмжлэгч Ш.******* нь Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн их эмчээр, нэхэмжлэгч Э.******* нь яаралтай тусламжийн сувилагчаар тус тус ажиллаж байсан. Тус өдөр хүнд өвчтөнийг эрчимт эмчилгээний тасгаас шатлал ахиулж Улаанбаатар хот руу тээвэрлэх ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа авто осолд орж гэмтсэн. Үйлдвэрлэлийн осолд орж бид хоёр хоёулаа хөнгөн зэргийн гэмтэл авсан тул Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгээс үйлдвэрлэлийн ослын нөхөн олговорт тус бүр 3,300,000 төгрөг буюу нийт 6,600,000 төгрөгийг гаргуулна” гэжээ.
4. Хариуцагч Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “...Зам тээврийн ослын улмаас Ш.*******, Э.******* нарын биед хөнгөн гэмтэл учирсан, ажил олгогчийн зүгээс бүх төрлийн шинжилгээ оношилгоонд хамруулан, хэвтэн эмчлүүлэх, шинжилгээ оношилгоонд хамруулах хугацаанд албан тушаалын цалин хөлсийг бүрэн олгож, шимтгэлийг төлсөн бөгөөд цалин хөлсөөр хохироогүй, эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролд мэргэжлийн байгууллагаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон акт гараагүй зэрэг шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж татгалзжээ.
5. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/194 дугаартай Ажилд авах тухай тушаалд: ...Нэхэмжлэгч Ш.*******г Яаралтай түргэн тусламжийн тасгийн яаралтай тусламж судлалын их эмчээр томилсон байна.
5.2. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/77 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаалд: ...Нэхэмжлэгч Э.*******ыг яаралтай түргэн тусламжийн тасгийн сувилагчаар томилсон байна.
5.3. Нэг талаас Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг, нөгөө талаас Ш.******* нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ, нэг талаас Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг, нөгөө талаас Э.******* нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ тус тус байгуулагджээ.
5.4. Нэхэмжлэгч яаралтай тусламжийн эмч Ш.*******, сувилагч Э.******* нар нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж, Сүхбаатар аймгийн төвөөс Улаанбаатар хот руу өвчтөн хүргэж явах замдаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын Баянхутаг сумын 1-р баг, Бор хоолой гэх газар зам тээврийн осолд орж, ослын улмаас тус бүр хөнгөн зэргийн гэмтэл авсан байна.
5.5. Ажил олгогчийн гаргасан шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нар албан томилолтоор дээд шатлалын эмнэлэг рүү өвчтөн хүргэх замдаа осолдсон ослыг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйлдвэрлэлийн осол тогтоох комисс 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үйлдвэрлэлийн осол болохыг тогтоож, Аймгийн хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр баталгаажуулж, албан үүргээ гүйцэтгэж явахдаа үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн болохыг тогтоожээ.
6. Тус ослын улмаас нэхэмжлэгч нар тус бүр хөнгөн зэргийн гэмтэл авсан болох нь Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №391, №393 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон.
7. Зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй.
8. Хариуцагчийн маргаж байгаа зүйл нь үйлдвэрлэлийн осол болсон даруйд байгууллагын зүгээс бүхий л арга хэмжээ авсан, тусалж, дэмжсэн, ажилгүй байх хугацааны цалин хөлсийг олгосон, эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролд мэргэжлийн байгууллагаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон акт гараагүй тул манай байгууллага давхардуулан нөхөн олговор олгох үндэслэлгүй гэж маргасан.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1 дэх хэсэгт “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан бол нэг сарын дундаж цалин хөлсийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгохоор заажээ.
10. Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаар тушаалаар баталсан Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5-10 хувиар тогтонги алдагдсан бол хөнгөн зэрэгт хамааруулахаар тогтоожээ.
10.1. Иймд нэхэмжлэгч нарын тус үйлдвэрлэлийн ослын улмаас хөнгөн зэргийн гэмтэл авсан нь хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
10.2. Ажилтанд олгох олговрын хэмжээ өмнө нь авч байсан цалин хөлсний дунджаар тодорхойлогдох учир Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох олговор, нөхөн төлбөрийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны 6 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасны дагуу мөн журмын 1 зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч нарын цалингийн картны лавлагаагаар дундаж цалин хөлсийг дараах байдлаар тооцов.
Үүнд: Нэхэмжлэгч Ш.*******гийн 2024 оны 7-12 сарын цалинг тооцоход 11,530,714₮:6сар=1,921,785₮ (1 сарын дундаж цалин) байх ба 5 дахин нэмэгдүүлэн тооцоход 9,608,925 төгрөг, нэхэмжлэгч Э.*******ын 2024 оны 7-12 сарын цалинг тооцоход 11,068,698₮:6=1,844,783₮ (1 сарын дундаж цалин) байх ба 5 дахин нэмэгдүүлэн тооцоход 9,223,915 төгрөг болж байна. Нэхэмжлэгч нар нь өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт тус бүр 3,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нийт 6,600,000 төгрөгийг хариуцагч Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулж нэхэмжлэгч нарт тус бүр 3,300,000 төгрөг олгож шийдвэрлэх нь зүйтэй.
11. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгээс 120,550 төгрөгийг гаргуулж, хариуцагч нарт хувь тэнцүүлэн олгуулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.1, 125 дугаар зүйлийн 125.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгээс 6,600,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******д 3,300,000 төгрөг, нэхэмжлэгч Э.*******т 3,300,000 төгрөг олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгээс 120,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч тус бүрт 60,250 төгрөгийг олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА