Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 315/ШШ2025/00206

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, шүүгч Н.Баярбаатар, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,                                  

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 25 дугаар хорооны Алтай хотхоны 21 дүгээр байрны ... дугаар орцны ... тоотод оршин суух,  *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн .... тоотод оршин суух,  Сүхбаатарын *******,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн 307 тоотод оршин суух, утас 94480000, 94481111, *******ийн ******* нарт холбогдох

гэмт хэргийн улмаас учирсан хохиролд (цалин, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү) хариуцагч нараас тус бүр 49,437,500 төгрөг нийт 98,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.*******, түүний өмгөөлөгч Б.Энхчимэг (цахимаар)

Хариуцагч: В.*******, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Цээсүрэн,

Хариуцагч: С.******* (шүүх хуралдаанд оролцоогүй)

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жамъяндорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******, В.******* нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд (цалин, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү) хариуцагч нараас тус бүр 49,437,500 төгрөг нийт 98,875,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б.******* миний бие нь өөрийн талийгаач нөхөр Х.тай 2008 онд гэрлэсэн. 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдөр охин *******, 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүү Г.******* нар төрсөн. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр миний нөхөр Х. нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боомтод ажил үүргээ гүйцэтгэж яваад хамтран ажиллаж байсан Н.*******ын автомашинд дайруулж нас барсан. Талийгаач нөхөр минь Бичигт боомтод ажиллаж байхдаа сарын 2,500,000-3,000,0000 төгрөгийн цалин авдаг байсан. Тиймээс талийгаачийн дундаж орлогыг 2,500,000 төгрөгөөр тооцож насанд хүрээгүй хоёр хүүхдэд оногдох хэсэг 1,250,000 төгрөгөөс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасаад үлдэгдэл 875,000 төгрөгөөр тооцсон. Хүү Г.*******ыг 18 насанд хүрэх хүртэл хугацаанд буюу 2018 оны 12 сараас 2029 оны 3 сар хүртэл 113 сарын хугацааны төлбөрт 98,875,000 төгрөгийг хариуцагч С.*******, В.******* нараас тус бүр 49,437,500 төгрөгийг нэхэмжилж байна. Н.*******ын ажил олгогч нь В.*******, С.*******, Н.*******ын барьж явсан автомашины өмчлөгч нь В.******* тул энэ хоёр хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Тэжээгчээ алдсаны тэтгэмжид одоо 397,000 төгрөг авдаг гэв. 

2. Хариуцагч С.*******, В.******* нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.******* миний бие 2018 онд ачаа тээвэрлэх зориулалттай авто машинаар Бичигт боомтод нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед Н.******* гэдэг залуу NORTH BENZ маркийн ******* СҮА улсын дугаартай ачааны машиныг хариуцан тээвэр хийх үедээ осол гаргаж хүний амь нас хохироосон харамсалтай үйл явдал болсон. Тухайн үед би өөрөө Улаанбаатар хотод ажилтай яваад эзгүй байсан учир миний хүү С.******* осол гарсны дараа талийгаачийг БНХАУ руу эмчлүүлэхээр авч явсан боловч хилээр ороод нас барсан. Н.*******ын жолоодож байсан тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд миний хүү С.*******гийн хувьд надаас тусдаа үйл ажиллагаа явуулдаг байсан учир энэ нэхэмжлэлтэй ямар нэгэн холбоогүй. Мөн миний хувьд тухайн ослын дараа Улаанбаатар хотоос ирж талийгаачийн буяны ажилд оролцож 10,950,000 төгрөгийн эд материалын болон мөнгөн тусламж үзүүлсэн. Харин нэхэмжлэгч Б.******* нь тухайн осол гаргаж гэмт хэрэгт холбогдон ял шийтгэгдсэн Н.*******ыг хариуцагчаар таталгүй хүү бид хоёрыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагаа буруу гаргасан байна. Иймд Н.******* нь учруулсан гэм хорын хохирлыг өөрөө төлж барагдуулах учиртай гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх 2018 онд компани байгаагүй. Талийгаачид 4-11 сарын хугацаанд 2-3 удаагийн цалин олгогдсон. Талийгаачид цалин олгож байсан данс нь манай хүү С.******* бид хоёрын дундын данс байгаа юм. Н.*******ын ажил олгогч нь С.******* биш би байгаа юм. Талийгаач тогтмол цалингүй, тээвэрлэх ачаа гарвал явдаг, ачаа байхгүй үед тээвэрлэлтдээ явдаггүй байсан. Тээвэрлэлт хийсэн тоогоороо цалин авдаг байсан. Тухайн үед ойрын тээвэр 150,000 төгрөг, холын тээвэр 300,000 төгрөгийн үнэ ханштай байсан. Цалинг нь би олгодог байсан гэв.

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Х., Б.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Г.Дөлгөөн (РД:УЖ11240415), ******* (РД:УЖ09261907) нарын төрсний гэрчилгээний хуулбар, Г.Дөлгөөн, ******* нарын суралцаж байгаа тухай тодорхойлолт, Х.Гантулгын нас барсны гэрчилгээний хуулбар, Б.*******гийн ХААН банк, Хас банкны дансны хуулга, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг,

4. Хариуцагч талаас нэхэмжлэлийн хариу тайлбар зэргийг шүүхэд нотлох баримтаар тус тус гаргаж ирүүлсэн байна.

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Х.Гантулгын ХААН банкны дансны хуулга зэргийг холбогдох байгууллагаас гаргуулж авсан болно.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч В.*******, С.******* нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд (цалин, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү) хариуцагч нараас тус бүр 49,437,500 төгрөг нийт 98,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Н.******* 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа миний нөхөр талийгаач Х.Гантулгын амь насыг нь хохироосон. Авто аваарын гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч миний бие бага насны 2 хүүхэдтэй үлдсэн. Н.*******ын ажил олгогч нь С.*******, түүний эзэмшиж байсан машины өмчлөгч нь В.******* тул талийгаачийн дундаж цалин орлогыг 2,500,000 төгрөгөөр тооцож насанд хүрээгүй 2 хүүхдэд оногдох 1,250,000 төгрөгөөс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасаад үлдэгдэл 875,000 төгрөгөөр тооцож бага хүү Г.*******ыг 18 насанд хүрэх хүртэл хугацаанд буюу 2018 оны 12 сараас 2029 оны 3 сар хүртэл 113 сарын хугацааны төлбөрт 98,875,000 төгрөгөөр тооцож хариуцагч С.*******, В.******* нараас тус бүр 49,437,500 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласныг,

1.2. Хариуцагч С.*******, В.******* нар “...нэхэмжлэгч Б.******* нь тухайн осол гаргаж гэмт хэрэгт холбогдон ял шийтгэгдсэн жолооч Н.*******ыг хариуцагчаар таталгүй миний хүү С.******* бид хоёрыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй үндэслэлгүй байна. Хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Жолооч Н.******* нь учруулсан гэм хорын хохирлоо төлж барагдуулах учиртай гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Н.******* нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт гэх газарт 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн орчимд ******* СҮА улсын дугаартай North Benz маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн хийхдээ нэхэмжлэгчийн хууль ёсны нөхөр талийгаач Х.Гантулгыг дайрч амь насыг нь хохироосон болох нь  Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай шийтгэл тогтоолоор тогтоогдож байна.

3.2. Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

4. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”, 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт “Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.”, 520.1.1-д “Нас барагчийн нөхөр, эхнэр, ...” гэж зааснаар тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг талийгаач Х.Гантулгын эхнэр Б.******* шаардсан байна.

5. Тус гэмт хэргийг Н.******* үйлдсэн болох нь тогтоогдсон байхад хохирол төлбөрийг биднээс нэхсэнийг зөвшөөрөхгүй гэж маргасан тул хариуцагч нараас уг хохирлыг шаардах эрхтэй эсэх, тус хохирлыг хариуцан барагдуулах үүрэгтэй эсэх тухай байх тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх нь зүйтэй.

5.1. Нэхэмжлэгчийн талийгаач нөхөр Х.Гантулгыг дайрч амь насыг нь хохироосон Н.******* нь хариуцагч В.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч цалин хөлс авахаар тохиролцон В.*******ы өмчлөлийн ******* СҮА улсын дугаартай North Benz маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, хийсэн ажлынхаа үр шимээс хамааран цалинжиж ажилладаг байсан болох нь В.*******ы Н.*******т холбогдох эрүүгийн хэрэгт гэрчээр өгсөн. “...Н.******* 2018 оны 09 дүгээр сараас эхлэн жолоочоор ажиллах болсон. Тээвэрлэлт хийсэн тоогоор цалинжиж байсан. Жолооч Н.*******тай аман гэрээ хийж ажиллуулж байсан. Холын замд 300,000 төгрөг, ойрын замд 150,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан.” гэх мэдүүлэг, В.*******ы “..Н.*******ын ажил олгогч нь миний хүү С.******* биш, ажил олгогч нь би байсан. ******* СҮА улсын дугаартай North Benz маркийн машин миний өмчлөл, эзэмшлийн машин байсан.” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна. (хх 95-96х)

5.2. Тэдний хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч Н.******* нь хариуцагч В.*******ы санал болгосон тээвэрт явж, В.*******аас цалин хөлс авч байсан байх тул В.*******ыг ажил олгогч, мөн  ******* СҮА улсын дугаартай North Benz маркийн машины өмчлөгч, эзэмшигч гэж шүүх үзлээ.

5.3. Харин хариуцагч С.******* нь тус хэргийн хариуцагч болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх түүнийг тус хэргийн хариуцагч гэж үзээгүй болно.

5.4. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.”, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч В.*******аас тус гэмт хэргийн хохирлыг шаардсан нь хуульд нийцсэн байна.

6. Нэхэмжлэгчийн талийгаачийн дундаж цалин хөлс нь 2,500,000 төгрөг байсан тул насанд хүрээгүй 2 хүүхдэд оногдох хувь 1,250,000 төгрөгөөс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасаад 875,000 төгрөгөөр тооцож бага хүүхэд Г.*******ыг 18 насанд хүрэх хүртэл хугацаанд буюу 2018 оны 12 сараас 2029 оны 03 сар хүртэл 113 сарын хугацааны төлбөрт 98,875,000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах шаардлагын тухайд:

6.1. Нэхэмжлэгч Б.******* нь талийгаач Х.тай 2006 онд гэрлэлтээ батлуулж, хамтран амьдарч 2009 оны 06 дугаар сарын 19-нд охин *******, 2011 оны 04 дүгээр сарын 04-нд хүү Г.******* нарыг төрүүлсэн байна. (хх-9-11х)

6.2. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т “гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй”, 508.3.-т “төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн, төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан.

7. Нэхэмжлэгчийн талийгаач нөхөр Х.Гантулгын дундаж цалин хөлс нь 2,500,000 төгрөг байсан гэж 2,500,000 төгрөгийн тооцооны шаардлагаа нотлохоор ирүүлсэн талийгаачийн болон нэхэмжлэгч Б.*******гийн дансны хуулга, тус хуулгад балаар зурж тэмдэглэсэн мөнгийг миний нөхрийн найз нь “Оч” гэсэн гүйлгээний утгатайгаар над руу шилжүүлдэг байсан нь миний нөхрийн цалин гэснийг, хариуцагч В.******* бид талийгаачийн цалинг өөр хүнд шилжүүлдэггүй байсан, өөрийнх нь дансанд хийдэг байсан гэх тайлбар, талийгаач Х.Гантулгын дансны хуулга зэргийг үндэслэн талийгаачийн сарын дундаж цалин орлогыг шүүх тогтоох боломжгүй байна. (хх 14-40х)

7.1. Талийгаач Х. нь тогтмол цалин авдаггүй, ажлын үр дүнгээс хамаарч цалинждаг байсан ба нэхэмжлэгч нь талийгаачийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон цалингийн цэс, ажил олгогчтой цалин хөлсний талаар тооцоо нийлсэн баримтуудыг шүүхэд ирүүлээгүй.

8. Иймд шүүх Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон 03 дугаартай тогтоолыг үндэслэн нас барагчийн орлогыг 792,000 төгрөгөөр тооцож гэр бүлийн 4 гишүүнд хуваахад 1 хүнд 198,000 төгрөг байх ба насанд хүрээгүй 2 хүүхдэд оногдох 396,000 төгрөг гэж тооцоод үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн нэхэмжлэгчийн хэлж байгаа 397,000 төгрөгийн тэтгэмжийг хасаж тооцоход зөрүү гарахгүй байх тул хариуцагчаас гаргуулах төлбөргүй гэж тооцлоо.

 9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 653,525 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн хариуцагч В.*******, С.******* нараас тус бүр 49,437,500 төгрөг нийт 98,875,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 653,525 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.БОЛОРМАА

                                              ШҮҮГЧ                               Н.БАЯРБААТАР

                                                                                         Э.ХОСБАЯР