Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 00042

 

    Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

Шүүгдэгч Т.Э , Х.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Э , Х.З нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1815000200013 дугаартай, 163/2018/0044/Э индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаан чулуут багт оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Т.Э

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух, ял шийтгэлгүй, Д овогт Х.З

Холбогдсон хэргийн талаар:

     Яллагдагч Т.Э , Х.З нар нь бүлэглэн Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн нутаг “Бухын даваа” гэх нэртэй газраас 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Э  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Х.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

1815000200013 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч С.Х өгсөн: ...Х.З нь надаас мод бэлтгэх гоожин авч байгаагүй. Тухайн мод бэлтгэсэн газарт бол талбай тусгаарлалт хийгдээгүй. Ер нь тэндээс ямар нэг байдлаар мод, түлээ бэлтгэж болохгүй тийм учраас гоожин бичих нөхцөл байхгүй гэх мэдүүлэг /хх-31-32 тал/

Гэрч О.О өгсөн:2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ахлах дэслэгч Буян-Өлзий дэд ахлагч З.Мөнх-Очир нарын хамт Даваат багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад Даваат баг Ундрам дэлгүүрийн доод талын замын баруун талаас цагаан өнгийн портер маркийн автомашин гарч ирж төв замтай нийлж хойшоо явсан ба зогсоож шалгахад уг авто машинд  ямар нэгэн зөвшөөрөлгүй баримт бичиггүй мод тээвэрлэсэн явсан. Хаана мод бэлтгэсэн талаар асуухад Даваат ундараа 3 дугаар гудамжаас танилынхаа хашаанаас авсан гэж хэлсэн ба цуг явсан алба хаагч нарын хамт аавынх нь хашаанд очиж үзэхэд ямар нэгэн мод ачсан ул мөр байхгүй байсан. Гэтэл 07-56 ОРО улсын дугаартай автомашины жолооч З гэх залуу уг модыг тухайн өдөр Орхон аймгаас 46 км хойшоо Булган аймгийн нутаг Сэлэнгэ сумын замаар явж байхад уулын модруу орж ачсан. Би тухайн үед өөрийн танил Э  гэх ахтай хамт явж ачсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-36-37 тал/

Гэрч Ч.Б өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Даваат багийн нутаг дэвсгэрт дэд ахлагч Мөнх-Од, олон нийтийн цагдаа Одмаа нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Даваат багт байдаг Ундарга дэлгүүрийн доод талын гудамжнаас цагаан өнгийн портер машин модтой дээшээ өгсөхөөр нь зогсоож шалгасан. Шалгахад 07-56 ОРО дугаартай цагаан өнгийн портер машинд түлээний мод ачсан байсан бөгөөд модны гоожин, гарал үүсэл байхгүй байсан. Би түүнээс хаанаас мод ачсан юм бэ гэхэд Орхон аймгаас хойш 45 км зайд ингэт уулнаас бэтгэсэн гэж хэлсэн. Тэгээд тэр машиныг жижүүрийн шуурхай албанд хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх-38 тал/

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №01 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээний акт /хх-40-41 тал/, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 18/37 дугаартай “Тольдох Оюуны өгөөж”  ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-46-51 тал/, гэмт хэргийн гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12 тал/, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-15 тал/ Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-18 тал/ эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 19-22 тал/, эд мөрийн баримт хураан авах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23-27 тал/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70-72 тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Э , Х.З нар  бүлэглэж  2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн нутаг “Бухын даваа” гэх нэртэй газраас 57 ширхэг буюу 2,2336м3 хэрэглээний модыг  бэлтгэж, тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.    

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э , Х.З нарын хэргээ хүлээн мэдүүлсэн...2017 оны12 дугаар сарын 21-ны өдөр  Булган аймаг Ингэт сумын нутаг Орхон аймгаас хойш 40 км орчим яваад  ууланд гарч  унасан хуурай болон ургаа модноос хөрөөдөж машиндаа ачаад Эрдэнэт рүү ороод “Даваат” багийн орчим явж  байгаад цагдаад баригдсан .Уг модоо хөрөөдөж авахдаа ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэх мэдүүлэг /хх-33-34 тал/, хохирогч С.Хүрэлбаатарын өгсөн...Х.З нь надаас мод бэлтгэх гоожин авч байгаагүй. Тухайн мод бэлтгэсэн газарт бол талбай тусгаарлалт хийгдээгүй. Ер нь тэндээс ямар нэг байдлаар мод, түлээ бэлтгэж болохгүй тийм учраас гоожин бичих нөхцөл байхгүй гэх мэдүүлэг /хх-31-32 тал/, Гэрч З.Мөнх-Очир:...2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ахлах дэслэгч Буян-Өлзий олон нийтийн цагдаа О.Одмаа нарын хамт Шанд багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад 22 цаг өнгөрч байхад гудамжнаас цагаан өнгийн портер машин мод ачсан явсан. Тэгэхээр нь би бууж зогсоож шалгахад автомашин болон жолооний үнэмлэх байсан бөгөөд модны гоожин, гарал үүсэл байхгүй байсан. Тэгээд тухайн машиныг Баян-Өлзий байцаагчид хүлээлгэн өгч журмын хашаанд аваачсан гэх мэдүүлэг /хх-35 тал/, Гэрч О.Одмаа, Ч.Буян-Өлзий нарын өгсөн...2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ахлах дэслэгч Буян-Өлзий дэд ахлагч З.Мөнх-Очир нарын хамт Даваат багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад Даваат баг Ундрам дэлгүүрийн доод талын замын баруун талаас цагаан өнгийн портер маркийн автомашин гарч ирж төв замтай нийлж хойшоо явсан ба зогсоож шалгахад уг авто машинд  ямар нэгэн зөвшөөрөлгүй баримт бичиггүй мод тээвэрлэсэн явсан гэх мэдүүлэг /хх-36-38 тал/,  2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №01 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээний акт, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 18/37 дугаартай Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байгаа ба шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.

 Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.  

 Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч  Т.Э , Х.З нар бүлэглэж хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Тэдгээрийн  гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 63658 төгрөгийн  шууд хохирол учирч,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 190974 төгрөгийг төлөх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э , Х.З нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаль экологид учруулсан 63658 төгрөгийн  шууд  хохирлыг нөхөн төлсөн баримтаа ирүүлсэн байх тул мод бэлтгэснээс учирсан хохиролын 127316 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж Булган аймгийн Сэлэнгэ сумын тамгын газарт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Э , Х.З нарын  ойд хууль бусаар бэлтгэсэн 57 ширхэг буюу  2,2336 м3 модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хюндай Портер маркийн 07-56 ОРО улсын дугаартай авто машиныг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улбар шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг хураан авч хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Э , Х.З нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Энэ хэрэгт шүүгдэгч Т.Э , Х.З нар нь цагдан хоригдсон хоноггүй,  хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

             ТОГТООХ нь:

1. Б овогт Т.Э, Дархчуул овогт Х. З нарыг бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э, Х. З нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тус тус тэнсэж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

3. Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э , Х.З нар нь оршин суух газар, ажил, сургууль өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.       

5. Энэ хэрэгтээ шүүгдэгч Т.Э , Х.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй  болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөгчийн 57 ширхэг 1.4 метр урттай шинэс мод, Хюндай Портер маркийн 07-56 ОРО улсын дугаартай авто машины бүтүүмжлэлийг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч нараас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх,  БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улбар шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг хураан авч хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.    

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар  Т.Э , Х.З нараас 127316 төрөгийг гаргуулж Булган аймгийн Сэлэнгэ сумын Тамгын газарт олгосугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Э , Х.З нарын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн  өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ЦЭРЭНДУЛАМ