Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/24

 

 

Т.*******ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор: Т.Солонго /цахим/,

Шүүгдэгч: Т.******* /цахим/,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/68 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Т.Солонгын гаргасан эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Т.*******ад холбогдох 2429000380018 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч Т.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан 5 дугаар баг Цагаанхад суурьшлын бүсийн нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 19-26 ӨМЭ улсын дугаартай Шанхи маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг холбогджээ.

          Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Т.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Галт овогт Тогмидшийрэвийн *******ад холбогдох 2429000380018 дугаартай 1 /нэг/ хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг прокурорт очтол шүүгдэгч Т.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамжийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Шүүхийн шийдвэр хуулийн шаардлагыг хангаагүй талаар:

1.1. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухай: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг. Монгол Улсын Их хурлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд зөвшөөрсөн.

Прокуророос Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1.1-1.3- т заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй атлаа хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт буюу “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах тухай” заалтыг баримтлан прокурорт буцаасан нь шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэх үндэслэл болж байна.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, аль нэг нь хангагдаагүй, эсхүл шүүгдэгч хүсэлтээсээ татгалзвал 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах, эсхүл ердийн журмаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай ба хэрэв шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэвэл хэргийн үйл баримт, шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж шийдвэрлэх журамтай байтал прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болон яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэргийг шүүх хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байна.

Т.*******ад холбогдох хэрэгт хийгдвэл зохих нэмэлт ажиллагаа байхгүй, шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэрэгт цугларсан яллах, цагаатгах талын нотлох баримтыг харьцуулан, эх сурвалжийг нь магадлан шинжлэн судалснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой боловч шүүх улсын яллагчийн саналд тусгасан асуудал бүрт нотлох баримт, үйл баримтад тулгуурлан няцаалт өгөхгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй эсэхийг дүгнээгүй. Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй буюу шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж дүгнэх үндэслэл болж байна. 1.2. Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлийн талаар: Шүүх шийдвэртээ шинээр хуульчлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалт, түүний тайлбар, уг гэмт хэргийн шинж болон Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөөр хуульчилсан хугацааг тус тус дурдаж, улмаар “...2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээж байсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй.

Ийнхүү хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлтөөр гэмт үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй." гэж заасныг журамлан мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно." гэж заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй....” хэмээн дүгнэжээ.

Аливаа эрх зүй нь зүй бус, хууль бус үзэгдлийг ямагт хүлээн зөвшөөрч болохгүй бөгөөд түүнд хариуцлага хүлээлгэх асуудлыг эрэмбэлж, илэрч буй аюултай түвшин, зүй тогтлоос нь шалтгаалан эрүүлжүүлэх, хариуцлагыг хүндрүүлэх зарчим, бодлого цөөнгүй бөгөөд энэхүү ойлголт, ухагдахууныг хууль тогтоогч тооцож, шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг “согтуурсан” гэж ойлгохоор тайлбар хийн, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол....” эрүүгийн гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд мөн зүйлийн 5 дахь хэсгийн заалтыг нэмж хуульчилсан байна. Хууль тогтоогч ийнхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хийсэн аутентик тайлбарт мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” байхаар салаа утгагүйгээр хуульчилсан байхад шүүх гэмт хэргийн шинжийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлсон байх хууль ёсны зарчмыг зөрчиж, Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтыг гэмт хэргийн шинжид шууд хамаатуулж буруу дүгнэн, Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж байна.

Мөн шүүх хэргийг мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1,9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг буруу тайлбарласан. Тухайлбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1,9 дүгээр зүйл нь “Хууль буцаан хэрэглэх” талаарх заалт бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн хувьд хууль буцаан хэрэглэх нөхцөл үүсэхгүй бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалт шинээр хуульчлагдсан нь хууль буцаан хэрэглэх үндэслэл биш тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тайлбарлаж, хууль буруу хэрэглэсэн байна.

Тодруулбал, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэх заалтыг тайлбарлаж, шийдвэрийн үндэслэл болгохдоо хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүйд хүргэсэн ямар нөхцөл байдал үүссэн үндэслэл тодорхойгүйгээр шийдвэр гаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалт буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болно. 1.3. Шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн байна.

Учир нь: Шүүх шийдвэртээ: “.. .шүүгдэгч Т.*******ыг цагаатгаж болох үндэслэл тогтоогдсон....” гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийг цагаатгаагүй, гэм буруугүйд тооцсон эсэх нь тодорхойгүй, хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд зааснаар цагаатгах тогтоол бус харин хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн.

Түүнчлэн шүүхийн шийдвэрт: “....мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй...” гэж дурдсан боловч Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг дурдаж, хуулийн заалтаас зөрүүтэй байдлаар дүгнэн, хэргийг прокурорт буцаасан.

Мөн шүүхийн шийдвэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн болон шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар ажиллагаа байгаа болохыг тодорхойлж дүгнээгүй зэрэг нь шүүхийн шийдвэр хууль хэрэглээний нэгдмэл бодлогыг алдагдуулсан, хууль ёсны бус шийдвэр болсон гэж дүгнэх үндэслэл болж байна.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль заалт нь хангагдаагүй талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг: “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэх хуулийн зохицуулалтыг илт зөрчсөн шийдвэр болно.

2. Хэргийн үйл баримтын талаар: Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрханы 5 дугаар багийн Цагаанхад суурьшлын бүсийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуугаар 94-14 УБК улсын дугаартай тоёота приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож зам хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ирүүлсэн тухай тэмдэглэл, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоодох эрхээ хасуулсан тодорхойлолт буюу 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн жолоодох эрхээ хасуулсан тодорхойлолт /2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг эрх хасагдсан/. /хх-н 27-р тал/,

гэрч Ц.*******ын мэдүүлэг, яллагдагч Т.*******ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан.

Шүүгдэгч Т.*******ын согтуурлын зэрэг 0,81 хувьтай гарсан болох нь жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдсон ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

Шүүхийн гаргасан дээрх хууль хэрэглээний алдаа, зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 б-д заасан ноцтой зөрчил бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/68 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.          

 

Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 заасныг ноцтой зөрчсөн бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5.1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлд хамаарч байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/68 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож болгож өгнө үү. 

 

          Шүүгдэгч Т.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх тайлбар байхгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Т.Солонгын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

        Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Т.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

        Анхан шатны шүүх: Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл тогтоогдсон гэх үндэслэлээр  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Т.*******ад холбогдох 2429000380018 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэснийг үндэслэлгүй байна гэж үзэв.

 

         Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбарлажээ.  

 

        Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.

 

        Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллээр тодорхойлогдсон ба уг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 1 жилийн хугацаа 2024 оны 11-р сарын 14-ний өдөр дуусгавар болохоор байхад 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал тогтоогдож шүүх энэ талаар дүгнэж бичсэн байна.

 

       Шүүх Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3 дахь заалтын аль нэгээр шийтгэл хүлээж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх урьдчилсан нөхцөлийг хууль тогтоогч хуульчилжээ...гэж хууль зүйн үндэслэлээ тайлбарласан байна.

 

       Түүнчлэн анхан шатны шүүх Т.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө буюу 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шийтгэл хүлээсэн хүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамааруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй юм. ...Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн тул уг өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3 дахь заалтад заасны дагуу хасуулсан хүн уг зөрчлийг давтан гаргасан тохиолдолд гэмт хэрэгт тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байна... гэж үзэн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэнтэй холбогдуулан дараах үндэслэлээр анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв. Үүнд:      

                                          

        Зөрчлийн тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, эсхүл зөвшөөрлийг хүчингүй болгохыг эрх хасах шийтгэл гэнэ...гэснээс үзэхэд зөрчлийн хэрэгт холбогдсон этгээдийн,  тухайлбал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасч болохоор хуульчилжээ.    

 

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл /8 жил хүртэл/, эсхүл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ.

 

        /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "тохиолдолд" гэсний дараа "тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл, эсхүл" гэж нэмэлт оруулсан/

 

         Мөн зүйлийн 3 дахь хэсэгт: Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно...гэж хуульчилснаас үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял 12 жил хүртэл /өмнө нь 8 жил хүртэл байв/ байхаар, хорих ял дээр нэмж оногдуулсан бол хорих ялаа эдэлж дууссаны дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тоолж эхлэхээр байна.

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тайлбарласан ба согтуурсан мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шийтгэл хүлээж  улмаар эрхээ хасуулсны улмаас эрх хасах шийтгэл нь хугацааны хувьд тоологдож байгаа  этгээдийг ойлгохоор байна. 

 

        Анхан шатны шүүх Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон 2024 оны 1-р сарын 1-ний өдрөөс өмнө шийтгэл хүлээсэн хүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамааруулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үндэслэл болно гэж тайлбарлажээ. 

 

       Шүүхийн энэхүү хууль зүйн дүгнэлтээр 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд  дээр дурдсан үндэслэлээр 1-8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан цаашлаад хорих ялаа эдэлж дууссаны дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тоолж эхлэх, зөрчлийн шийтгэл болон шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг эдэлж байгаа этгээдүүд энэ хугацаандаа дахин согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол эрүүгийн болон зөрчлийн хэргийн ямар ч шийтгэл, хариуцлага хүлээхгүй байх, энэхүү шийтгэлийг эдэлж буй олон мянган этгээдүүд дахин энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг үйлдэхэд хууль үйлчлэхгүй мэт сөрөг үр дагаврыг үүсгэхээр байна. Учир нь:

 

           Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчлийн талаар хуульчилсан ба эдгээр зөрчлийн хэргийн субьект нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн байх тул “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол хүчин төгөлдөр  үйлчилж буй Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээх хуулийн зохицуулалт байхгүй байна. 

 

         Анхан шатны шүүхийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэдэгт  Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн тул уг өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3 дахь заалтад заасны дагуу хасуулсан хүн уг зөрчлийг давтан гаргасан тохиолдолд гэмт хэрэгт тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байх тул цагаатгах үндэслэл тогтоогдож байна...” гэх хууль зүйн дүгнэлт нь дээр дурдсан эрх хасах шийтгэл эдэлж байгаа, эрх хасах нэмэгдэл ял эдэлж байгаа, цаашид эрх хасах ялыг нэмэгдэл ялын чанартайгаар эдлэх ялтан этгээдүүд дахин согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол Эрүүгийн хууль болон Зөрчлийн хууль үйлчлэхгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр болжээ.  

 

        Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно, мөн зүйлийн 2-т “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэснийг баримтлан “Хууль үйлчлэх цаг хугацаа”-г тодорхойлох нь зүйтэй гэж үзэв.

 

           Давж заалдах шатны шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/68 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хяналтын прокурор Т.Солонгын гаргасан эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус    удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 2024/ШЗ/68 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хяналтын прокурор Т.Солонгын гаргасан эсэргүүцлийг хүлээн авахаар тогтсугай.

 

           2. Хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд очих хүртэл шүүгдэгч Т.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

            4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.